| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 101/2015/05521/И |
| Дугаар | 210/ма2020/01492 |
| Огноо | 2020-07-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 210/ма2020/01492
| 2020 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 210/МА2020/01492 |
Ж- ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/01348 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н- ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 638 516 497 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 840 950 004 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинбаяр, Т.Туяацэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Н- ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх 11/10 тоот гэрээ байгуулан хамтран ажилласан. Гэрээт ажлыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар хүлээлгэн өгснөөс хойш 12 сарын дараа үлдэгдэл 5 хувийн санхүүжилтийг олгохоор заасан хэдий ч өнөөдрийг хүртэл санхүүжилт хийгдэхгүй байна.
Гэрээнд заасны дагуу 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2013/575 дугаар бүхий Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актыг үндэслэн үлдэгдэл төлбөр 107 294 028 төгрөг, мөн батлагдсан зургийг өөрчлүүлэн хийлгэсэн нэмэлт ажлын төлбөр болох 100 528 247 төгрөг, нийт 207 822 275 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 9.1-д захиалагч нь графикт хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөх ёстой төлбөрийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутамд төлөхөөр зохицуулсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэрээт ажлыг гүйцэтгэгч нь бүрэн дуусгаж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч акт үйлдсэн. Гэрээний 3.2-т нийт үнийн дүнгийн 5 хувийг барилгын чанарын баталгаа болгон 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр барьцаалахаар зохицуулсан. Үүний дагуу Н- ХХК нь 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр төлөх ёстой байтал төлөөгүйн улмаас шүүхэд хандсан. Нэгэнт төлбөр төлөх хугацаа болоод өнгөрсөн тул гэрээний 9.1-д заасан зохицуулалт үйлчилж эхэлсэн. Нэхэмжилсэн үнийн дүн гэрээний дагуу Ж- ХХК-д төлөх төлбөр учраас уг дүнгээс алдангийн хэмжээг тооцвол хоногт 1 039 110 төгрөг болж байна. 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш тооцож үзвэл нийт алдангийн хэмжээ нь 249 386 400 төгрөг болсон ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 103 911 130 төгрөгийн алдангийг нэхэмжилж, нийт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ 311 733 405 төгрөг болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг 339 407 600 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үндэслэл нь 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр СХГ-10/01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай зүгээс Н- ХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамжинд байрлах Наран Молл их дэлгүүрийн барилгын ажлыг иж бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөх, захиалагч нь тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлөх харилцааг зохицуулахаар тохиролцсон. Ж- ХХК нь барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн Улсын комисс ажиллуулж 2012 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 128/2012 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт гарч Н- ХХК нь хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр нийт ажлын төлбөр нь 2 800 000 ам.доллар байхаар тохиролцсон бөгөөд гэрээний 3.2-т нийт үнийн дүнгийн 5 хувийг гүйцэтгэлийн баталгаа болгон Н- ХХК нь суутган авч барилгын чанарын баталгаат хугацаа дууссаны дараа манай компанид олгохоор тохиролцсон. Барилгын чанарын баталгаат хугацааг гэрээний 8.1-д 3 жил байхаар тохиролцсон. Барилгын чанарын баталгаат хугацаа 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр буюу Улсын комиссын акт гарснаас хойш 3 жилийн дараа дуусгавар болсон.
Уг хугацааны дотор талуудын санхүү хариуцсан этгээд буюу нягтлан бодогч нар төлбөр тооцоог харилцан тохиролцож 140 000 ам.доллар буюу 5 хувийн баталгааны төлбөрийг Н- ХХК төлөхийг харилцан зөвшөөрсөн. Гэвч Н- ХХК нь өнөөдрийг хүртэл хугацаанд барилгын баталгааны төлбөрийг манай компанид төлөхгүй байгаа болно. Энэхүү 5 хувь нь төгрөгт шилжүүлэн тооцвол нийт 339 407 600 төгрөг болж байгаа бөгөөд энэхүү төлбөрийг Н- ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн. Ж- ХХК-ийн тус шүүхэд хандан Н- ХХК-д холбогдуулан гаргасан 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ болон 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн тодруулбал
2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн СХГ-10/01 тоот гэрээний 8.1, 3.2 болон 2012 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 128/2012 тоот акт, талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үйлдсэн Тооцоо нийлсэн актыг үндэслэн үлдэгдэл төлбөр болох 134 792 ам.доллар буюу 326 783 092 төгрөг,
2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Агуулахын барилгын тооцоо нийлсэн акт, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2013/575 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, мөн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1, нэмэлт гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг үндэслэн барилгын ажлын үлдэгдэл төлбөрт 107 294 028 төгрөг, нэмэлтээр хийсэн ажилд 100 528 247 төгрөг, эдгээр төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алдангид 103 911 130 төгрөг, нийт 638 516 497 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар 11/10 тоот гэрээний үнийн дүнгийн 5 хувь болох 107 294 028 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Гэрээний 3.2 дахь заалтад ...барилгын чанарын баталгаа болгож 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр барьцаална гэсэн байгаа. Гэтэл Наран бөөний төвийн агуулахын шал чанарын шаардлага хангаагүй. Энэ тухай захиалагч шаардлага хүргүүлж шалны цутгалтын ажлыг зогсоосон байдаг. 2012 оны 10 сарын 26-ны өдрийн №215 тоот Шалны ажилд баталгаа гаргаж өгөх тухай гэсэн албан бичгийг захиалагч талд хүргүүлснээр ажлыг цааш үргэлжлүүлсэн ч баталгаа гаргаж өгсөн шал нь чанарын шаардлага хангахгүй болохыг Барилга архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лаборатори 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шинжилгээ хийн дүгнэлт гаргасан байгаа. Баталгаа гаргаж өгсөн ажил нь шаардлага хангаагүй байхад барьцаанд үлдээсэн гэрээний үнийн дүнгийн 5 хувь яригдах ёсгүй. Мөн пандусыг дутуу орхиж явсан. Эдгээр ажил нийлээд хэдэн төгрөгийн зардалтай болохыг тогтоосны дараа баталгаанд үлдээсэн гэрээний үнийн дүнгийн 5 хувиас тооцож болно. Дээрх 5 хувиас 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №238 тоот албан бичгээр 8 600 000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №223 тоот албан бичгээр 5 000 000 төгрөг, 2013 оны 11 сарын 11-ний өдрийн №289 тоот албан бичгээр 17 600 000 төгрөг, 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн гүйцэтгэх захирал П.Мөнх-Эрдэнийн хүсэлтээр 25 000 000 төгрөг, нийт 56 200 000 төгрөгийг урьдчилаад авсан. Одоо тооцоо ёсоор 5 хувиас суутгаж авсан 56 200 000 төгрөгийг хасвал 63 975 900 төгрөг үлдэж байна. Гэрээний хугацаа хэдийгээр дууссан ч барилгын баталгаат хугацаа дуусаагүй тул 107 294 028 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
Батлагдсан зургийг өөрчлүүлэн хийлгэсэн нэмэлт ажлын төлбөр болох 100 528 247 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Энэхүү нэмэлт ажил хийгдэж агуулахын 3 дугаар давхрын өрөөнүүдийн тоог нэмсэн байгаа. 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх 2011 оны 11/10 тоот гэрээнд нэмэлт оруулах тухай нэмэлт гэрээний 2.1-д Энэхүү гэрээний дагуу нийт өртөг 2 403 518 000 төгрөг. Уг үнэд НӨАТ, цалин, хэв хашмалын материал зэрэг энэхүү барилга угсралтын ажлын бүхий л ажлын зардлууд багтсан болно. Энэхүү нийт өртөг үнэд дахин өөрчлөлт хийхгүй эцсийн үнэ болно гээд хатуу заачихсан. Хэрэв захиалагч талаас зургийг өөрчлөх, нэмэлт ажил хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд нэмэлт ажлын төсвөө гүйцэтгэгч тал зохион захиалагчаар батлуулах ёстой. Ингэж төсөв батлуулаагүй тохиолдолд энэхүү нэмэлт ажлын хөлс нь гэрээний 2.1-д заасан үнэд шингэсэн. Иймд 100 528 247 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж байна. Алдангид 103 911 130 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх 2011 оны 11/10 тоот гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээнд урд нь байгуулсан 2011 оны 11/10 тоот гэрээнд талууд харилцан тохиролцож гэрээний нөхцөлдөө өөрчлөлт оруулсан байна. Гэрээний гол нөхцөл болох үнэ, хугацаа, төлбөр тооцоо, талуудын хүлээх хариуцлагад өөрчлөлт оруулсан байдаг. Энэхүү нэмэлт гэрээний 5.1-д захиалагч төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлсэн бол төлөх ёстой төлбөрийн 0,5 хувьтай тэнцэх торгууль төлнө гэж заасан. Гэрээний үнийн дүнгийн 5 хувь болох 120 175 900 төгрөгөөс гүйцэтгэгч талын суутгуулан авсан 56 200 000 төгрөгийг хасвал 63 975 900 төгрөг үлдэнэ. Гэрээ ёсоор бол алданги 319 879 төгрөг болно. Гэхдээ барилгын баталгаат хугацаанд доголдлыг арилгаагүй учир энэхүү алдангийг авах эрх үүсээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Технологийн горим зөрчиж чанаргүй хийсэн ажлыг засуулах 180 676 848 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлсэн торгууль 4 807 016 төгрөг, нийт 185 483 864 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Манай 2 компанийн хооронд 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн № СХГ-10/01 тоот, 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар 11/10 тоот үндсэн 2 гэрээ хийгдэж хамтран ажиллаж эхэлсэн. 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн № СХГ- 10/01 тоот гэрээний ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсний улмаас барилгын баталгаат хугацаанд доголдол гарч уг доголдлыг арилгуулахаар удаа дараа албан бичиг хүргүүлсэн боловч доголдлыг арилгаагүй. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2013 оны 4 сарын 29-ний өдөр дүгнэлт гаргуулахаар албан бичиг хүргүүлсэн. Энэ албан бичгийн дагуу 2013 оны 6 дгаар сарын 5-ны өдрийн 02-07- 78/429 тоот Чанаргүй ажлыг засах тухай актыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч А.Мягмаржав гаргасан. Энэ актын дагуу доголдлыг Ж- ХХК арилгаагүй учир 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 02-02/1005 тоот Албан шаардлагын биелүүлэлтийн тухай актыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандорж гаргасан боловч доголдлыг арилгаагүй. Технологийн горим зөрчиж чанаргүй хийсэн ажлыг засуулахаар Алтан Ус ХХК-аас үнийн саналыг нь авсан. Уг компанийн гаргаж өгсөн тооцоогоор засварын ажилд 180 676 848 төгрөгийн засвар орохоор байсан. 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар 11/10 тоот гэрээний нэмэлт оруулах тухай 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 12/03/29 тоот гэрээний 1.4-т барилгын түлхүүр гардуулж өгөх хугацааг 2012 оны 8 дугаар сарын 20-ныг хүртэл гээд тодорхой заачихсан. Гэтэл барилгыг 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байнгын ашиглалтад өгөв гээд Барилга, байгууламжийн чанарт гүйцэтгэгч байгууллагаас гаргасан баталгаа гэдэг баталгаан дээр Ж- ХХК тамгаа дарсан байдаг. Гэрээнд заасан 2012 оны 8 дугаар сарын 20-ноос ашиглалтад оруулсан 2013 оны 7 дугаар сарын 31-нийг хүртэл нийт 345 хоногийн хугацааг гүйцэтгэгч тал хэтрүүлсэн. Гүйцэтгэгч компанийн захирал Г.Мөнхбатын 2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр баталсан агуулахын барилгын заслын графикийг харах юм бол заслын ажил 100 хувь хийгдээгүй байсан. Энэхүү заслын ажил нь нэмэлт гэрээ ёсоор нийт ажлын 40 хувь буюу 961 403 200 төгрөгийн ажил байсан. Гэрээний 3.3-т зааснаар 961 403 200 төгрөгийн 0,5 хувийн алданги нь 4 807 016 төгрөг болсон. Иймд Ж- ХХК-аас технологийн горим зөрчиж чанаргүй хийсэн ажлыг засуулах 180 676 848 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлсэн торгууль 4 807 016 төгрөг, нийт 185 483 864 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/10 тоот гэрээний нэмэлт оруулах тухай 2012 оны 3 дугар сарын 29-ний өдрийн 12/03/29 тоот гэрээний 1.4-т барилгын түлхүүр гардуулж өгөх хугацааг 2012 оны 8 дугаар сарын 20-ныг хүртэл гэж заасан. Гэтэл барилгыг Барилга байгууламж ашиглалтад оруулах комисс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээж авсан байдаг. Барилга хүлээн авсан комиссын актан дээр 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр барьж дуусгасан гэж тэмдэглэгээ хийсэн байна. Уг барилгыг барьж дууссан хугацаа нь гэрээний дуусах хугацаанаас нийт 263 хоногоор хэтэрсэн. Гэрээний 9.1 дэх хэсэгт зааснаар дутуу хийсэн ажлын үнийн дүн 2012 оны 08 сарын 20-ны өдрийн байдлаар 952 469 200 төгрөг байсан. Үүнээс барьцааны 5 хувь болох 127 729 000 төгрөгийг хасвал 824 740 200 төгрөг болж байна. 824 740 200 төгрөгийн 0.5 хувь нь 4 123 701 төгрөг. Энэ нь 1 хоногт тооцогдох алданги юм. 1 хоногийн алданги 4 123 701 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн 263 хоногт үржүүлбэл 1 084 533 363 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь нь 412 370 100 төгрөг болж байна. 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргахдаа 4 807 016 төгрөгийг алдангид нэхэмжилсэн байсан тул 412 370 100 төгрөгөөс 4 807 016 төгрөгийг хасч нийт 407 563 084 төгрөгийг гэрээний хугацааны алдангид нэмэгдүүлэн шаардсан. ШУТИС-ийн Барилга архитектурын сургууль, Барилгын инженерийн салбарын шинжээчдийн 2015 оны Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар агуулахын шалыг дахин хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийн хавсралт ёсоор шалны ажил хийхэд нийт 30 036 034 төгрөгийн зардал гарахаар тооцсон. Энэ ажлыг гэрээ ёсоор Ж- ХХК хийж өгөх үүрэгтэй боловч барилгын шалны доголдлыг арилгаагүй тул доголдол арилгах төлбөрийг нэхэмжлэх эрх гэрээ ёсоор манай компанид бий. Иймд агуулахын шалны доголдол арилгах үнэд 30 036 034 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Наран молл худалдааны төвийн шилэн фасадыг технологийн горим зөрчиж чанаргүй хийсэн, үүнийг засуулахад 180 676 848 төгрөг шаардлагатай гэж нэхэмжилсэн. Бодит байдал дээр доголдлыг арилгахад 184 134 842 төгрөгийн зардал гарсан. Үнийн зөрүү 3 457 994 төгрөг болж байсан тул фасадны засварын зөрүү 3 457 994 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 28167 тоот захирамжаар 2 барилга дээр шинжээч томилогдон ажилласан. Энэхүү шинжээчийн зардалд манай компаниас 3 275 000 төгрөгийг ШУТИС-ийн 499001482 тоот дансанд шилжүүлсэн тул шинжээчийн төлбөрт төлсөн 3 275 000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Ингээд Ж- ХХК-аас сөрөг нэхэмжлэлээр 185 483 864 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагаараа 444 332 112 төгрөг, нийт 629 815 976 төгрөгийг гаргуулахаар шаардаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Дээр дурдсан 629 815 976 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дор дурдсан үндэслэлээр, дор дурдсан хэмжээгээр нэмэгдүүлсэн. Н- ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу Барилгын төсөвчдийн холбооны 2019 оны 01 сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд өмнө сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан нэмэлт ажлын зардал нэмэгдсэн, сөрөг нэхэмжлэлийн агуулгад дурдагдаагүй доголдлын талаар дүгнэлт гарсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа технологийн горим зөрчиж чанаргүй хийсэн ажлыг засуулах нэхэмжлэлийн шаардлагаа 46 665 399 төгрөгөөр, агуулахын шалны доголдол арилгах нэхэмжлэлийн шаардлагаа 160 468 629 төгрөгөөр, шинжээчийн төлбөрт төлсөн зардлын нэхэмжлэлийн шаардлагаа 4 000 000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийт нэхэмжлэлийн шаардлагаа 211 134 028 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Иймд хариуцагч Ж- ХХК-аас нийт 840 950 004 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: Наран моллтой холбоотой шинжээч дүгнэлт гаргасан. Дахин шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гарсан боловч Наран моллтой холбоотой асуудал бүрэн нотлогдоогүй. Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлтүүдэд Наран молл дээр шинжээч ажиллах үед засвар үйлчилгээний ажлууд хийгдсэн, анхны үүрэг гүйцэтгэгчид хамаагүй, засвар хийсэн газар доголдлыг хариуцах ёстой гэж дүгнэсэн байдаг. Хаяг реклам тогтоосноос болж ус гоожсон зэрэг асуудал байна гэдэг дүгнэлт бий. 230 800 241 төгрөгийг ямар үндэслэлээр гаргаж ирээд байгаа нь ойлгомжгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр Н- ХХК-ийн өөрийн ашиглалттай холбоотой болон өөр бусад этгээдийн ажлын гүйцэтгэлтэй холбоотой асуудал байгааг дурдаж тооцоо гаргасан тул Наран моллтой холбоотой шаардлагыг зөвшөөрөхгүй. Алдангид анх 4 807 016 төгрөг шаардсан байдаг. Гэхдээ гэрээний 3.3 дахь заалтад алдангийн талаарх зохицуулалт байхгүй. Нэмэлт гэрээний 3.3 дахь заалтад анзын талаарх зохицуулалт байгаа боловч энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасанд нийцдэггүй. 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргахдаа торгууль гэсэн үг үсэгтэй заалтыг үндэслэн алданги нэхэмжилсэн байдаг. Алдангитай холбоотой заалт нь уг гэрээний 5 дугаар зүйлд байгаа бөгөөд 3.3-т байхгүй. Хариуцагчийн төлөөлөгч нь торгуультай холбоотой заалтыг үндэслэн 4 807 016 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүх хэргийг шийдвэрлэх үед шүүгч хариуцагчийн төлөөлөгч Сайнбаяраас энэ талаар тодруулахад уг шаардлагаас татгалзсан байдаг. Энэ нь уг шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт бичигдсэн, уг шаардлагаас хариуцагч татгалзсан тул энэ талаар нэхэмжлэл гаргахгүй. Энэ шаардлагаа байгаа гэж үзээд алданги нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр алдангид 407 563 084 төгрөгийг нэхэмжилсэн. Гэрээгээр 2012 оны 8 дугаар сарын 20-нд ажлыг хүлээлгэн өгөх байсан бөгөөд тооцоо нийлэх актаас харвал санхүүжилт гүйцэтгэгчээс биш захиалагчаас хийгдэх байсан нь тодорхой харагдана. Ажлын гүйцэтгэлийн хугацаа хэтэрсэн нь санхүүжилттэй холбоотой. Алданги тооцож буй үнийн дүн нь мөн тодорхой бус. 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 1 300 000 000 төгрөгийн санхүүжилт хийгдсэн байсан тул барилгын ажил явахгүй. Алданги шаардахад мөн хөөн хэлэлцэх хугацааг ярих ёстой. Сөрөг нэхэмжлэл хэзээ гарсан, 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг барьсан эсэхийг нягтлах ёстой. 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс алданги шаардах эрх нь үүссэн байна гэж шүүх өмнө нь дүгнэж байсан. 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Энэ хооронд алдангийн асуудлыг тавьж байгаагүй бөгөөд 2017 оны 7 сард алдангийн шаардлагыг гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг 1 жил 2 сараар хэтрүүлж гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Алданги тооцож буй үнийн дүн тодорхойгүй, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, мөн гэрээ дуусах үед үнийн дүнгийн 50 хувийг шилжүүлсэн байсан атлаа алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Агуулахын барилгатай холбоотой 190 504 663 төгрөгийг нэхэмжилсэн. 2017 оны 7 дугаар сар болон 2020 оны 3 дугаар сард гаргасан 2 шаардлагын нийлбэр гэсэн. 2020 оны 160 000 000 төгрөг гэдэг нь шинжээчийн дүгнэлтэд туссан дүн. Шинжээчийн дүгнэлтэд энэ дүнд 3 дугаар давхрын шалны асуудал орсон байдаг ба 3 дугаар давхрын шалтай холбоотой гомдлын шаардлага гарч байгаагүй. Хариуцагч 2 дугаар давхрын шалтай холбоотой бичиг ирүүлж байсан. 2 дугаар давхрын баруун жигүүрийн шалны бетоныг сольсон гэж нэхэмжлэгч хэлдэг. Хариуцагч үгүй гэдэг. Шинжээч 2 давхрын шалтай холбоотой 30 000 000 төгрөгийн дүн бүхий дүгнэлт гаргасан ба 3 давхрын шаланд асуудалгүй гэсэн дүгнэлт бий. 160 000 000 төгрөгийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа, гомдлын шаардлага гаргах эрх нь хэзээ үүссэн нь тодорхойгүй тул уг шаардлагыг зөвшөөрөхгүй. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой зардлыг нэхэмжилсэн. Н- ХХК-ийн хүсэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлттэй холбоотой зардлууд тул өөрсдөө шинжээчийн зардлыг хариуцах ёстой гэж үзэж уг шаардлагыг мөн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Н- ХХК-аас 434 077 120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж- ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 204 439 377 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Ж- ХХК-аас 262 175 703 төгрөгийг гаргуулан хариуцагч Н- ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 578 774 300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 1 197 062 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 78 980 төгрөг, мөн өдөр төлсөн 598 531 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 1 855 000 төгрөг, нийт 3 729 573 төгрөгийн 3 729 556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 17 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н- ХХК-аас 2 328 336 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж- ХХК-д олгож, хариуцагч Н- ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр урьдчилан төлсөн 1 085 370 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 2 379 620 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр төлсөн 1 213 650 төгрөг, нийт 4 678 640 төгрөгийн 4 678 601 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 39 төгрөгийг улсын орлогоос, нэхэмжлэгч Ж- ХХК-аас 1 468 829 төгрөгийг тус тус гаргуулан хариуцагч Н- ХХК-д олгож, шинжээчийн зардалд 3 788 200 төгрөгийг Ж- ХХК-аас гаргуулж Н- ХХК-д, 2 800 000 төгрөгийг Н- ХХК-аас гаргуулж Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагаас шүүх 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний дагуу нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажилд 100 528 247 төгрөг, уг гэрээнд заасны дагуу төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алдангид 103 911 130 төгрөг нийт 204 439 377 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, Ж- ХХК нь барилга угсралтын ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгэж дуусаж байх үед Н- ХХК-ийн зүгээс 3 дугаар давхрын зохион байгуулалтыг өөрчлөн өрөө тасалгаа нэмүүлж ажлын хэмжээг өөрчилсөн бөгөөд өөрчлөгдсөн зураг төсөл дээр Н- ХХК-ийн инженер техникийн албаны дарга Т.Туяацэцэг гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд энэ тухайгаа шүүхэд тайлбарлан Ж- ХХК- ийн хийсэн нэмэлт ажлыг хүлээн зөвшөөрдөг. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гарган 3 давхрыг хэрхэн өөрчилсөн талаар үзлэгийг хийж тэмдэглэл болон фото зургаар баталгаажуулсан. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох 103 911 130 төгрөгийн алданги шаардсан хэсэг хангагдах бүрэн үндэслэлтэй. Шүүхийн үнэлсэн шинжээчийн дүгнэлт нь анх 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гарсан бөгөөд уг дүгнэлтийг гаргасан шинжээч 2019 оны 12 дугаар сард нэмэлтээр төсөвтэй холбоотой тооцоог гаргасан. Өөрөөр хэлбэл үндсэн маргаан бүхий фасадны талаар шинжээчийн хувьд 2017 онд дүгнэлтээ гаргасан бөгөөд уг дүгнэлтэд шилэн фасадын хувьд сүүлд засвар хийсэн байгууллага хариуцах бөгөөд анхны гүйцэтгэгчид хамааралгүй гэдгийг маш тодорхой дүгнэсэн байдаг. Өөрөер хэлбэл ашиглалтаас үүдэлтэй фасадны доголдол байсныг Н- ХХК нь өөр бусад этгээдээр засвар үйлчилгээ хийлгэсэн болохыг шинжээчид тодорхойлсон юм. Шүүхийн үнэлсэн дүгнэлт нь зөвхөн ажлын тоо хэмжээ өгөх замаар төсөв гаргасныг хэрэглэсэн учраас шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нөгөө талаар учирсан хохирол гэх зүйл нь бодит байдал дээр бүрэн хэмжээгээр нотлогдох ёстой байтал Н- ХХК-ийн зүгээс хохирлын хэмжээгээ тодорхойлж нотолж чадаагүй. Шинжээчийн төсөв гаргахдаа ашигласан баримт нь Мон вакум цонх ХХК болон Хос Ур ХХК-ийн Н- ХХК-тай байгуулсан гэрээ байх бөгөөд энэ нь хохирлын хэмжээг тогтоох боломжгүй баримт болно. Мөн уг төсөвт анхнаасаа зураг төсөлд байхгүй даравч гэх зүйлийг нэмэлтээр хийлгэж байгаа болон урсгал завсартай холбоотой хийгдсэн үйлчилгээний гэрээ байгааг шүүхээс анхаарч үзээгүй. Шинжээч нь 2017 онд гаргасан доголтой холбоотой дүгнэлтэд зарим нэг өртгийг хасаж тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан. Харин 2019 онд ирүүлсэн төсөвт уг хасах ёстой дүгнэлтээс өөрчлөгдөж хасах ёстой өртөгөө оруулцуулан тооцсон нь төсөв үндэслэл бүхий гэхэд эргэлзээ төрүүлж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 онд хийгдсэн шинжээчийн дүтнэлтээр барилгын 1 болон 3 дугаар давхрын шаланд асуудал байхгүй гэж дүгнэгдсэн. Н- ХХК нь барилгын 3 дугаар давхартай холбоотой шаардлагыг 2020 онд анх шүүхэд гаргасан бөгөөд энэ нь барилгыг улсын комисс хүлээн авч баталгаат хугацаа дууссанаас хойш 5 жилийн дараа гаргаж байгаа болно. Иймд уг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа мөн дууссан болохыг шүүх анхаарч шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй болно. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон 204 439 377 төгрөгийг хангаж, сөрөг нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 262 175 703 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Наран Моллын Барилга угсралтын ажил гүйцэтгэх СХГ-10/01 тоот гэрээт ажил болох барилга угсралтын ажпын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тооцоо нийлсэн акт нь барилгын ажпын гүйцэтгэл болон төлбөр, баталгаат хугацааны барьцааны эцсийн тооцоо нийлсэн акт биш бөгөөд барьцааны 5 хувиас бусад 95 хувийн санхүүжилт буюу 2 660 000 ам.доллараас 2 665 207 ам.долларын санхүүжилт хийгдэж 5 207 ам.долларын илүү төлөгдсөн болохыг нотолсон тооцоо нийлсэн акт юм. Энэ нь барьцааны 5 хувь болох 140 000 ам.доллараас 5 207 ам.доллар санхүүжилтэд илүү олгосныг хасаад 134 792 ам.доллар үлдсэн. Уг баталгаат хугацааны барьцаа 5 хувь болох 140 000 ам доллар нь захиалагч талд барилгыг доголдолгүй актаар хүлээлгэн өгмөгц олгогдох, зөрчил дутагдал, буруу дутуу хийсэн ажпаа гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр засч өгөх үүргийг гэрээний 6.2.2-т тодорхой заасан байтал Ж- ХХК-ийн хүсэлтээр барьцааны 5 хувиас Гүйцэтгэгчийн чанаргүй хийсэн ажлууд засах, бараа материалын төлбөрийг санхүүжүүлж байсан болно. Шатны ирмэгний үнэ 189 420 төгрөг, Наран Моллын төв хаалганы цоож сольсон 81 400 төгрөг, дээвэр давхарлаж хийсэн зардалд Ган-Эрдэнэ Констракшин ХХК-д 18 180 000 төгрөг, 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №37/11 тоот автомашины санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 103 690 600 төгрөгийг Ж- ХХК-аас ирсэн 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 76 тоот албан бичгээр Монгол Глобал ХХК-д шилжүүлж бартерийн тооцоогоор хааж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн 103 690 600 төгрөгийг барьцааны 5 хувиас суутгаж тооцсон. Энэ албан тоот нь 2014 оны 11 дүгээр сарын 17-ны тооцоо нийлсэн актнаас хойш ирсэн албан хүсэлт. Захиалагч талаас тодорхой тайлбарласаар байхад нотлох баримтуудыг шинжлэн судлаж, үнэлэлт дүгнэлт өгөхгүй хувийн барыдааны үлдэгдэл болох 134 792 ам.доллараас хасч тооцоогүйд гомдолтой.
Ж- ХХК нь барьцааны 5 хувийн үлдэгдэл ам долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Монгол банкны ханшаар 1 ам.доллар 2 424 төгрөгөөр тооцсон нь буруу, төлбөр тооцоо хийгдэж байх үе буюу 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Монгол банкны албан ханш болох 1984 төгрөгөөр тооцох ёстой. Наран Моллын барилга угсралтын №СХГ-10/01 тоот гэрээний ажлын хувьд гүйцэтгэгчийн чанаргүй хийгдсэн хаалга, цонх, шилэн дээвэр, шилэн фасад нь чанарын шаардлага хангахгүй байгаа талаар сөрөг нэхэмжпэлийн үндэслэлээ тодорхойлж шаардлага гаргасан. Уг чанаргүй ажпуудыг захиалагчийн зүгээс аваар осол гарахаас сэргийлж, Мон-Вакум ХХК, Алтан-Ус ХХК, Хос-Ур ХХК-иудтай гэрээ байгуулан үе шатчилан засвар хийж аюулгүй болгосон бөгөөд шүүх шилэн фасадтай ямар ч холбоогүй тусдаа парпедний ажлыг хольж хутган нэг хийцлэл мэтээр ойлгож, хоёр тал хоёулаа буруутай гэж үзэж харицлагыг 50 хувиар тогтоосонд гомдолтой.
Зөвхөн шилэн фасад чанаргүй хийгдснийг Улсын мэргэжпийн хяналтын ахлах байцаагчийн дүгнэлт дээр тодорхой зааж өгсөн ба уг дүгнэлтэд парпедний талаар юу ч дурьдаагүй бөгөөд захиалагчийн зүгээс ч гомдол гаргаагүй болно. Байцаагчийн дүгнэлтэнд шилэн фасадны алдааг барилга байгуулалтын зурагт тусгагдсан хучилтын гадагш илүү гарч буй хэсгийн төмөр бетон хийц болон нүүрэлгээний шиллэгээ хоорондын чигжээс муу уснаас хамгаалах хаялага төмөргүйгээс нүүрэлгээг дагаж доош урссан ус, хучилтын замаска эмульс болон дүүжин таазны элементүүдийг норгож халтартуулан хөгц мөөгөнцөр үүссэн. Шилэн нүүрэлгээний жижиг хэмжээтэй хэсгүүдийг Монголд багцлахдаа шилний наалтуудыг барьцалдалт муутай, найрлага тохироогүй цавуугаар хийлгэснээс нийт 5 ширхэг жижиг багцын гадна талын шил унасан. Мөн 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр гаргасан Нийслэлийн мэргэжпийн хяналтын газрын албан шаардлагад Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчилийг өөрийн зардалаар арилгах-ыг заасан байдгийг танд сануулахын хамт эрх бүхий байгууллагаас өгсөн эрх зүйн актыг биелүүлээгүйн улмаас үүсэх хариуцлагыг хуулийн дагуу танайх хүлээх болно гэдгийг онцгой анхааруулж байна гэж Ж- ХХК-ийн Захирал Баатар-т албан шаардлага хүргүүлсэн байдаг.
Мөн Ж- ХХК нь чанаргүй хийсэн ажлыг засахад шаардлагатай зардлын тооцоог гарган Захиалагчаас баталгааны 5 хувиас авах албан хүсэлтийг ирүүлж байсан.
Баталгааны 5 хувь барьцаа нь тухайн ажил чанаргүй муу хийснийг засах мөнгө биш барилга дээр чанарын ямар нэгэн асуудал гарахгүй бол олгогдох хэлбэрээр гэрээнд тусгасан. Гэтэл Ж- ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй, Мэргэжлийн Хяналтын Газрын хоёр удаагийн Албан шаардлагыг хүлээн авсан боловч чанаргүй хийсэн ажпыг өөрийн хөрөнгөөр аюулгүй байдал, барилгын чанарыг бүрэн хангасан шилэн фасад болгон засч Мэргэжлийн Хяналтын Газрын албан шаардлагыг биелүүлж, Захиалагчид хүлээлгэн өгөх ёстой байсан. Гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тул Захиалагч тал Алтан-Ус ХХК, Мон Вакум ХХК, Хос-Ур ХХК-иудтай гэрээ байгуулан үе шатчилан засваруудыг Ж- ХХК-ийн барьцааны үлдэгдэл төлбөрөөс гарган засуулсан бөгөөд гэрээ, төлбөр төлсөн баримт бүгд хэргийн материалд байдаг.
Шүүхийн шийдвэрт Наран Моллын барилгын гадна нүүрний шиллэгээний ажлыг Ж- ХХК нь ИЗМНЭГ ХХК-тай гэрээ байгуулан хийлгэсэн бөгөөд Туслан Гүйцэтгэгч компани чанарын шаардлага хангахгүй ажил гүйцэтгэсэн гэдгийг Ж- ХХК хүлээн зөвшөөрч, 80 178 ам долларын үнэлгээтэй чанаргүй ажлуудыг засахаар Хятадаас багцалсан шил захиалах 2 875 ам.доллар, таг даравч захиалах 12 816 ам.доллар, салхивчний онгойлтыг өөрчлөхөд шаардагдах материал буюу шил, нугас, төмөр бэлдэц зэргийг захиалах 9 892 ам.доллар, гааль, тээврийн зардал 6 395 ам доллар, ажпын хөлс- 48 200 ам доллар нийт 80 178 ам доллар болж байхад зөвхөн ажлын хөлсний 48 200 ам.доллар гэж тооцон оруулсан нь тооцооллын алдаа гарсан. Тус алдааны тооцоонд оруулаагүй зөрүү нь 31 978 ам доллар болж байна.
Наран Агуулахын Барилга угсралтын ажил гүйцэтгэх 11/10 тоот анхны гэрээнд 2012 оны 3 дугаар сарын 29-нд нэмэлт өөрчлөлт оруулж 12/03/29 дугаартай гэрээ байгуулсан. Уг гэрээний 5.2-т Захиалагч алданги нэхэх эрхтэй гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр Захиалагч талыг хугацаандаа санхүүжилтийг хийсэн байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж алданги нэхэмжилснийг хангаагүйд гомдолтой.
Гэрээний 3.2-т Захиалагч нь барилга угсралтын ажил гүйцэтгэх график, хэрэглэгдэж байгаа материалын чанар, орцонд хяналт тавьж шаардлага хангахгүй жлын үр дүн доголдолтой гэж үзвэл гүйцэтгэгчийн зардлаар уг доголдыг арилгах эсвэл шинээр гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Гэрээний 3.3-т гэрээний дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг барилгын технологийн дагуу шалгах, заасан хуваарийн дагуу барих гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжүүлэх бөгөөд зураг төсөл зөрчиж. Барьсан тул чанаргүй хийсэн ажпыг засах, гүйцээж хийхийг шаардах, уг шаардлагыг биелүүлэх хүртэл санхүүжилтийг зогсоож графикийн дагуу хийгдэх ёстой ямар ажил байсан ажлын ногдох өртөг үнийн 0,5-р торгууль оногдуулах эрхтэй гэж заасан байдаг. Дээрхи заалтыг баримтлан санхүүжилтийг цаг хугацаанд нь хийж байсан. Зургийн дагуу В1 давхарын ханын зузаан 40 см байх ёстойг Захиалагч талд мэдэгдэлгүйгээр дур мэдэн 30 см болгон 10 см-ээр хасч хийсэн байсныг Захиалгчийн Хяналтын инженер мэдэж 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ажлыг зогсоосон. Талбайн улаан журналд барилгын зураг төсөлд захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд зураг төслийн талаар үл ойлголцох байдал үүсч ажпыг түр зогсоолоо гэж Ж- ХХК-ийн талбайн инженер Батгэрэл тэмдэглэсэн байдаг.
Гэрээний 1.4-т 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр барилга бүрэн дуусахаар заасан боловч техникийн давхарын дам нурууны арматур зангидсан тухай тэмдэглэл нь төлөвлөгөөт хугацаанаасаа хоцорч байсныг гэрчилж байна.
Барилга угсралтын ажил удааширалттай, захиалагчийн хяналтын инженерийн өгсөн үүрэг даалгавар биелэгдэхгүй, ажиллах хүч дутмаг, графикт хугацаанаас хоцорч, угсралтын ажлууд чанаргүй хийж байгаа талаар захиалагчаас удаа дараа албан бичиг өгч, анхааруулж, графикт хугацааг нь шахах арга хэмжээ авдаг байсан боловч барилга хүлээлгэн өгөх хугацаанаас 263 хоног хоцорсон нь төлбөрийг цаг хугацаандаа төлөөгүйгээс биш ажпын гүйцэтгэлийн алдаа болон хоцрогдолттой холбоотой.
Гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс барилгыг ашиглалтанд өгөх хугацаа олон хоногоор саатаж удааширсан тул захиалагч талаас дотор заслын ажпын явцад оролцож туслан гүйцэтгэгч нэмэлтээр олж өгч байж ажпыг дуусгасан талаар Ж- ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Мөнх-Эрдэнэ шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн.
2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Улсын комисс барилгыг хүлээж авсан. Тэгэхэд Захиалагчаас 2012 оны 12-р сард багтааж барилга угсралтад шаардлагатай санхүүжилт болох 95 хувийг бүрэн төлж дуусгасан байсан. Үүнийг батлах 2013 оны 2 дугаар сарын 8-нд Гүйцэтгэх Захирал П.Мөнх-Эрдэнийн хүсэлтээр баталгааны 5 хувиас 2012 оны 12 дугаар сарын цалинд 7 947 077 төгрөг олгосон нь санхүүжилтийг цаг хугацаанд буюу барилгын ажпын гүйцэтгэлтэй уялдуулаад зогсохгүй түрүүлж санхүүжилт хийж байсныг нотолж байна.
2012 оны 12 дугаар сараас 2013 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд Ж- ХХК нь дотор засал болон барилгын цахилгааны газардуулга, инженерийн шугам сүлжээний зарим нэг дутуу ажлуудыг хийж дуусгасан. 2013 оны 5 дугаар сараас 7 дугаар сар хүртэл хугацаанд чанаргүй хийгдсэн шалны ажпыг дахин хийх байсан боловч хийгээгүй. Захиалагч болон гүйцэтгэгч Улсын комиссыг 2013 оны 7 дугаар сард ажиллуулсан боловч, гүйцэтгэгч комиссын үүрэг даалгаврыг биелүүлэхгүй орхиж явсан, Захиалагч биелүүлэгдээгүй үүрэг даалгаврыг Ж- ХХК-ийн өмнөөс хийж мөн захиалагч өөрөө аргагүйн эрхэнд 2013 оны 12 дугаар сард дахин комисс ажиллуулж барилгыг хүлээлгэн өгсөн.
Шүүх Ж- ХХК-ийн нягтлан бодогч Дэлгэрэхжаргалын гаргасан захиалагч талтай тооцоо нийлээгүй, хоёр тал гарын үсэг зурж баталгаажаагүй тооцоогоор 107 294 028 төгрөгний үлдэгдэлтэйгээр хангасанд гомдолтой.
Хариуцагчийн хувьд хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудыг үнэлж дүгнэж шийдвэр гаргана гэсэн хүлээлттэй байсан учраас санхүүгийн шинжээч томилуулах хүсэлтээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй. Шүүх зөвхөн Ж- ХХК-ийн хүсэлтийг хангаж Н- ХХК-ийн хэргийн материалд гаргаж өгсөн санхүүгийн анхан шатны нотлох баримтуудыг болон бусад нотлох баримтуудыг үнэлж дүгнэхгүй шийдвэр гаргасан учир санхүүгийн шинжээч томилуулж үнэн зөв санхүүгийн дүгнэлт гаргуулах хүсэлттэй байна.
Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрт Ж- ХХК-ийн гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Н- ХХК- ийн гаргасан сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Ж- ХХК нь хариуцагч Н- ХХК-д холбогдуулан 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн СХГ-10/01 тоот гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 134 792.6 ам.доллар буюу 326 783 092 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 107 294 028 төгрөг, нэмэлт ажлын хөлс 100 528 247 төгрөг, дээрх төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алдангид 103 911 130 төгрөг, нийт 638 516 497 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Хариуцагч нь Наран молл худалдааны төвийн барилгын ажлын доголдол арилгахтай холбоотой зардалд 230 800 241 төгрөг, Наран бөөний төв оффис агуулахын барилгын ажлын доголдол арилгахтай холбоотой зардалд 190 504 663 төгрөг, алдангид 412 370 100 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 7 275 000 нийт 840 950 004 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.
Талуудын хооронд 2010,2011,2012 онуудад тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Дээрх 2012 оны гэрээ нь 2011 оны гэрээнд өөрчлөлт оруулсан агуулгатай байна. /1-р хх 12-15/
Нэхэмжлэгч нь 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн СХГ-10/01 тоот гэрээгээр гэрээт ажлаа 2010 оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 8 сарын хугацаанд гүйцэтгэхээр үүрэг хүлээж, 2011 оны 12 дугаар сарын 5-нд ажлыг дуусгаж, 2012 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. /1-р хх 236-238/ Хариуцагч 2 665 207.4 ам.доллар төлж, үлдэх 5 хувийн төлбөрийн зарим хэсэг болох 134 792.6 ам.долларыг төлөөгүй, талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн. /1-р хх 239/
Ажил гүйцэтгэгч нь 2012 оны /2011 оны гэрээнд өөрчлөлт оруулах гэрээгээр/ нь 4 давхар оффисын барилгын ажлыг түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгээр нийт 2 554 580 000 төгрөгөөр 2012 оны 8 дугаар сарын 20-ний дотор гүйцэтгэхээр үүрэг хүлээж, 2013 оны 5 дугаар сарын 13-нд дуусгаж, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. /1-р хх 17-20/ Уг ажлын хувьд захиалагч буюу хариуцагч нь 5 хувийн төлбөрийн зарим хэсэг болох 107 294 028 төгрөгийг төлөөгүй. Энэ талаар тооцоо нийлэх акт үйлдсэн. /1-р хх 96/
Хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын хөлсөнд 56 200 000 төгрөг төлсөн, 63 975 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тайлбарласан боловч энэ талаар баримт гаргаагүй. Түүнчлэн хариуцагч нь ажлыг чанаргүй гүйцэтгэсэн, баталгаат хугацаа дуусаагүй гэж татгалзжээ.
Нэхэмжлэгч нь 2 гэрээний дагуу хариуцагчийн барьж авч үлдсэн 5 хувийн барьцааг буцаан төлөхийг шаардсан. Нэгэнт нэхэмжлэгч нь барилгын ажлыг гүйцэтгээд улсын комисст хүлээлгэж өгсөн тул 5 хувийн барьцааг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосныг нь агуулгын хувьд зөв бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.
Дээрх 134 000 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцсон нь нэхэмжлэлийн үнийг тодорхойлохтой холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт заасан журамд нийцжээ.
Анхан шатны шүүхээс нэмэлт ажлын хөлс 100 528 247 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ. Учир нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дах хэсэгт зааснаар гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Талууд нэмэлт ажлын талаар тохиролцсон гэх баримтгүйгээс гадна Намсрайгийн гаргасан төсвөөс өөр баримт гаргаагүй гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг буруутгах боломжгүй.
Нэхэмжлэлийн шаардлагаас анхан шатны шүүх алдангийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч барилгыг Улсын комисст хүлээлгэн өгсөн боловч өөрөө хугацаа хэтрүүлсэн, ажилд доголдол илэрсэн үйл баримт тогтоогдсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар анз нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх мөнгөн төлбөр юм. Доголдол, хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор төлбөрийг хойшлуулсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч няцааж чадаагүй.
Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дах хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор анз авах эрхээ алдах юм. Захиалагч, ажил гүйцэтгэгч нарын харилцан уялдаа холбоотой шаардлагуудын хувьд хэн хэнийхээ өмнө харилцан үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч болох ёстой.
Сөрөг нэхэмжлэлээр хариуцагч нь шилэн фасадны болон бетон шалны гэх 2 янзын доголдолтой холбогдуулан хохирол шаардсан. Хариуцагч доголдол үүссэн эсэх болон хохирлын хэмжээг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан. /6-р хх 14-47/
Шинжээч зардлын тооцоо нийт 230 800 241 төгрөг гэж тогтоосон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд ажлын үр дүнд доголдол илэрсэн гэх үйл баримтыг нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхээс аль аль тал эрсдэлээ 50:50 хувийн харьцаатайгаар даах ёстой гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Харин шинжээчийн дүгнэлтээр гарсан зардлын 50 хувь нь 71 671 040 төгрөг гэж анхан шатны шүүхээс буруу тооцоолон тооцооллын алдаа гаргажээ. Дээрх зардлын тооцоо нь 230 800 241 төгрөгийн 50 хувь буюу 115 400 121 төгрөг болох юм.
Мөн бетон шалны доголдолд 190 504 663 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцсэн. Дээрх 190 504 663 төгрөг дээр 115 400 121 төгрөгийг нэмбэл 305 904 738 төгрөг болох бөгөөд уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Сөрөг нэхэмжлэлээр шаардсан анзын хувьд хариуцагч санхүүжилтээ цаг тухайд нь хийж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй, өөрөөс хамааралтай хийх ёстой үйлдлийг хийгээгүй үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг. Хариуцагч нь мөнгөн төлбөр төлөх үүргийн хувьд үүрэг гүйцэтгэгч, ажлын үр дүнг хүлээн авах үүргийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгч болох юм. Өөрөө хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана. Шүүх аль аль талыг гэрээний үүрэг зөрчсөн, харилцан уялдаатай нөхцөлдсөн үүргийн хувьд анз шаардах эрхгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.
Шинжээчийн зардлыг хуваан төлсөн талаар талууд хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт орсонтой холбоотойгоор холбогдох улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд өөрчлөлт орно.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын бусад хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/01348 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 262 175 703.5 гэснийг 305 904 783 гэж, 578 774 300 гэснийг 535 045 221 гэж
- тогтоох хэсгийн 2 дахь заалтын 1 468 829 гэснийг 1 687 474 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын бусад хэсгийг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 491 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдаж журмаар гаргасан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 222 210 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ш.ОЮУНХАНД