Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2018/0359

 

 

 

 

 

 

 

   


 

А.М нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0259 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, А.М нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч А.М 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Б/319 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0259 дүгээр шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.3, Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6, 271.6.4, 271.6.9, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.5, 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.3-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Б/319 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий А.М нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч А.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Би газрын даргын дарамт шахалтад сэтгэл зүйн хувьд тэвчихээргүй болж өргөдөл гаргасан.

2. Би хөгжлийн бэрхшээлтэй 15 настай (хараагүй, сонсголгүй) охиноо зайлшгүй ээлжит эмчилгээг нь хийлгэх шаардлагатай байсан учраас 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 7 дугаар сарын 28-ны өдрийг дуустал цалинтай чөлөө олгож өгөх хүсэлтийг зарчмын дагуу газрын дарга С.Б цохолт хийлгэж Татварын ерөнхий газрын дарга надад уг чөлөөг олгосон. Тухайн үед дарга С.Б дургүйцэж байж цохолт хийж өгсөн. Энэ бол Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байгууллагаас надад олгосон чөлөө юм.

3. Эмчилгээ хийлгэсний дараа хүүхдээ би өөрийн гараар зайлшгүй асрах явцад миний бие өвдөж эмчид үзүүлж 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 10 хоног ядарч өвдөж байсан нь үнэн.

Тухайн үед С.Б мэдэгдэж байсан, гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Х.С нар шүүхэд болон шүүх хуралд гаргасан тайлбартаа С.Б даргын удаа дараа дарамталж байсныг ор тас үгүйсгэж харин ч дээрх хоёр асуудлыг зөвхөн С.Б дарга А.М үргэлж дэмжиж тусалж байсан мэтээр шүүхэд үнэнч бусаар хандаж тайлбарласныг нь шүүх шийдвэрийнхээ гол дүгнэлт болгож миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4. Газрын дарга С.Б зарим дарамтаас дурдахад “Ажлаа өг, дүүргийн татварын хэлтэст очиж ажилла, Баянзүрх дүүргийн орлогын тасагт яг одоо хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ бөглө” гэж шаардаж байсан, бүх дүүргийн ахлах байцаагч нарын хурал болж байхад хүртэл өргөдлөө бич зайл, 5 давхраар яваад үзээрэй чи гэж доромжилж байсныг бүгд хараад сонсож байсан. Үүнийг би баримт болгож шүүхэд материал цуглуулж тэднээс авч өгөөгүй.

5. С.Б даргын надад яаж хандаж доромжилж байсныг нотолж 2017 оны 11 дүгээр сард Төрийн захиргаа удирдлагын газрын ахлах байцаагч Т.М, Л.Н нар намайг дуудаж “...чи өргөдлөө бичиж өг. С.Б дарга чамтай хамтарч ажиллахгүй гэсэн. Чи ажлаа өг” гэсэн. Би “...энэ оны ээлжийн амралтаа авч байгаад өргөдлөө бичиж өгье” гэж хэлээд гарч байсан. Гэтэл намайг доромжлуулж дарамтлуулж байсаныг мэддэг Т.М, Л.Н нар С.Б дарга тийм үг яриа хэлж байгаагүй мэтээр шүүхэд тайлбарлахад шүүх “...таныг дарамталсан байдал нотлогдохгүй байна” гэж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй.

6. Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн тушаалаар батлагдсан Татварын ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 4.13 дугаар зүйлд албан хаагч өөрийнх нь хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөхөд холбогдох материалыг судалж шийдвэрлэнэ гэсний дагуу би татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид ажлаас чөлөөлөгдөх өргөдөлдөө С.Б даргын зүй бус дарамт төрийн албан хаагчийн ёс зүйгүй харьцаа дарамтын талаар тодорхой бичсэн байхад уг заалтын дагуу шалгаж судлаагүй намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

Шүүх хуралдаанд Б.Б тайлбарлахдаа “...А.М ганц хуудас өргөдөл байсан хавсаргасан материал юу ч байгаагүй” гэж байсан. Журмынхаа дагуу шалгаж материалжуулах асуудал бол байгууллагын удирдлагуудын үүрэг. Л.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...А.М өргөдлийг үзээгүй” гэж байсан. Энэ бүхнээс үзэхэд миний өргөдлийг шийдвэрлэхдээ зөвхөн дээрх байгууллагууд шалгаад чөлөөлж өгнө гэж өргөдлөө бичээд байхад түүнийг шалгалгүй ажлаас чөлөөлсөн юм.

Гэтэл анхан шатны шүүхээс маргаан бүхий 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Б/319 дүгээр тушаалыг өргөдлийн дагуу гаргасан нь үндэслэлтэй зөв гэж дүгнэж миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж үзэж байна

Иймд миний татварын байгууллагад тасралтгүй 13 жил шахам ажилласан эрх зөрчигдөж хувийн амьдралд асар их хохирлыг учруулж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0259 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, мөн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу төлөөлөх бөгөөд энэ хуулийн 27.7 дахь хэсэг хамаарахгүй гэж заасан байдаг.

Гэтэл шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1696 дугаар захирамжаар үүсгэсэн А.М нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт дээрх хуульд заасны дагуу хариуцагчаас олгогдсон итгэмжлэлгүй буюу түүнийг төлөөлөх эрхгүй этгээд болох Б.Б, Х.С нарт нэхэмжлэлийг хувийг гардуулж, эрх, үүрэг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулж, түүнчлэн нэхэмжлэлд холбогдох бичгийн тайлбар авч хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хэргийн оролцогч, бусад оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөх, өмгөөлөх бүрэн эрхийг шалгах үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, хууль журмын дагуу авагдсан нотлох баримтыг үнэлээгүй зэргээр процессийн зөрчил гаргажээ.  

Өмнө нь шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1153 дугаар захирамжаар товлосон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг хүндэтгэх шалтгаангүйгээр 2 удаа ирээгүй гэсэн үндэслэлээр А.М нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцааснаар уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон, өөрөөр хэлбэл А.М нэхэмжлэлээр дахин үүсгэсэн одоогийн захиргааны хэрэг нь өмнөх буцаасан хэргийн үргэлжлэл болохгүй юм.

Үндсэндээ өмнөх хэргээс зөвхөн холбогдох нотлох баримтуудыг хуулбарлан авч үнэлэх боломжтой болохоос бус хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэрийг хуулбарлан авч хийсэн ч энэ нь хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэлд тооцогдохгүй.

Иймд энэхүү процессийн алдааг тус шүүх давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэх явцдаа зөвтгөх боломжгүй тул уг зөрчлийг арилгасны дараа дахин хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Нэгэнт хэргийг анхан шатны журмаар дахин хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нотлох баримт цуглуулах ажиллагааг бүрэн хийх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь маргаан бүхий актаар өөрийнх нь хүсэлтийг үндэслэн А.М үүрэгт ажлаас чөлөөлсөн, анхан шатны шүүх ч энэ хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэл болон давж заалдах гомдлын агуулгаас тус тус үзэхэд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах болсон үндэслэлээ Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын дарга С.Б байнгын дарамт шахалтаас шалтгаалан цаашид албан үүргээ гүйцэтгэх ямар ч боломжгүй болсонтой холбогдуулж тайлбарладаг, тухайн үед гаргасан бичгийн хүсэлтдээ ч энэхүү нөхцөл байдлыг шалгасны үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх асуудлыг хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхийг хүсчээ.

Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.13.1-т “Татварын ерөнхий газрын дарга албан хаагчийг өөрийнх нь хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөхөд холбогдох материалыг судалж шийдвэрлэнэ” гэж заасан, иймд зөвхөн нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт өгөх бус харин уг хүсэлтийн үндэслэл болсон нөхцөл байдлыг дээрх журамд заасны дагуу хариуцагчийн зүгээс шалгаж тодруулсан, судалсан эсэх талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0259 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН