Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 259

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Мийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТЕГ-ын даргад холбогдох

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/319 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л. нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...А овогтой М би ТЕГ-ын даргын 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст Татварын улсын байцаагчаар анх томилогдон ажилласан бөгөөд 2013 оноос ТЕГ-ын Татварын хяналт шалгалт арга зүйн газарт татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад 2015 онд тус газарт татварын улсын байцаагчаар томилогдон ажилласан. Энэ байгууллагад тасралтгүй 12 жил ажиллахдаа Төрийн албаны хууль тогтоомж, байгууллагын дотоод журмыг дагаж мөрдөн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж хариуцсан ажлаа алдаа дутагдалгүй биелүүлж, төрийн захиргааны албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ тогтмол А үнэлгээтэй дүгнэгдэж байсан.

2015 оны 12 дугаар сард ТЕГ-ын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргаар С.Б томилогдсоноос хойш удаа дараа намайг ажлаа өг, дүүргийн татварын хэлтэст очиж ажилла, Баянзүрх дүүргийн орлогын газарт гээд яг одоо хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглө гэж шаардан дэргэд харж зогсох зэргээр байнга дарамтлан ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй болсон. 2017 оны 11 дүгээр сард ТЗУГ-ын ахлах байцаагч Т.М, Л.Н нар дуудан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг, хар цагаан нийлэхгүй, Б дарга чамтай хамтарч ажиллахгүй гэсэн чи ажлаа өг гэсэн. Тэгэхэд нь би энэ оны ээлжийн амралтаа авч байгаад өргөдөл бичиж өгөе дөө гэж хэлээд гарсан. С.Бгийн дарамт шахалт улам ихсэж 2016 оны 01 дүгээр сард 6 дүүргийн ахлах байцаагч нарын дэргэд намайг хулгайчаа зайл өргөдпөө бич гэж хашхирч 5 давхраар яваад үзээрэй гэж загнасан.

С.Б, ахлах байцаагч Т.М нарын энэ мэт ёс зүйгүй байдал нь миний сэтгэл санаанд маш хүндээр тусч тэсвэрлэхэд бэрх болсон учир аргагүйн эрхэнд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Занданбатад ээлжийн амралтаа аваад дараа нь чөлөөлөгдье гэж бичиж өгсөн. Гэтэл ТЕГ-ын удирдлага ажлын байрны дарамт шахалт байнга үзүүлж ёс зүйгүй авирлаж байсан С.Бгийн алдаа дутагдлыг шалган тогтоолгүй надад ээлжийн амралт өгөлгүйгээр 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 6/319 тоот тушаалаар төрийн албан хаагч намайг хууль бусаар ажлаас чөлөөлж дээрх тушаалыг гаргасан юм. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт дурдагдсан мөн Агентлагийн болон Татварын ерөнхий хуулийн заалтыг барьж ажлаас чөлөөлсөн нь чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслээгүй, ТЕГ-ын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.13.1-д “Албан хаагчийг өөрийнх нь хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөхөд холбогдох материалыг судалж шийдвэрлэнэ” гэсэн заалтын дагуу миний гаргасан өргөдлийг судалж үзээгүй, хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу намайг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагаа явуулаагүй миний өргөдөлд дурдсан нөхцөл байдлыг судлаагүй шууд шийдвэрлэсэн ба тус хуулийн 47.3 "Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна."-р, заасны дагуу ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.З-ын 2017 оны Б/319 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслээгүй тул хууль бус эрх зүйн актаар намайг ажлаас халсан гэж үзэж байна. Би ажлаас чөлөөлөгдсөн шийдвэрээ гардаж авсны дараа Төрийн албаны зөвлөлд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу төрийн албан хаагчийн хувьд эрх зөрчигдсөн маргааныг шийдвэрлүүлэхээр гомдлоо гаргасан боловч тус тушаалд төрийн албаны хуулийн зүйл заалт бариагүй тул Захиргааны хэргийн шүүхэд хандах нь зүйтэй гэсэн 2017.11.29-ны өдрийн 1329 тоот албан бичгээр хариу өгсөн.

Миний бие хөгжлийн бэрхшээлтэй охинтой байнгын эмчилгээ шаардлагатай байдаг. Гэтэл ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан энэхүү хууль бус шийдвэр нь татварын байгууллагад тасралтгүй 12 жил ажилласан миний эрх зүйн байдлыг дордуулсан, амьдралд маань их хохирол учрууллаа. Иймд Аюушжавын М намайг үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоож, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэж өгнө үү. гэсэн нэхэмжлэлээ хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд гаргасан байна.

Захиргааны хэргийн анхан шатны Шүүх нь нэхэмжлэгчийг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг 2018 оны 2-р сарын 15-ны өдөр гаргасан байтал 2-р сарын 20-ны өдрийн өглөөний 08.00 цагт шуудан хүргэгчид өгч, мөн өдрийн 11.00 цагт шүүх хурлыг хийсэн нь Шүүгчийн захирамжаар нотлогдож байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Х.С нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "... 2015 оны 12 дугаар сард ТЕГ-ын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргаар С.Б томилогдсоноос хойш удаа дараа намайг ажлаа өг дүүргийн татварын хэлтэст очиж ажилла, Баянзүрх дүүргийн орлогын газарт гээд яг одоо хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглө гэж шаардан дэргэд харж зогсох зэргээр байнга дарамтлан ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй болсон” гэсэн байна. Гэтэл Хяналт шалгалт, арга зүйн газрын дарга С.Б татварын улсын байцаагч А.Мийн 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэж 92 “А” буюу “Маш сайн” гэж дүгнэж байсан байна.

Татварын улсын байцаагч А.Мээс 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус газрын Төрийн захиргааны удирдлагын газарт хандан “ ... 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 07 дугаар сарын 28-ны өдрийн өдрийг дуусталх хугацаанд цалинтай чөлөө олгож тусална уу” гэсэн хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлт дээр Хяналт шалгалт, арга зүйн газрын дарга С.Б “Ар гэрийн гачигдлыг харгалзан өргөдлийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн цохолт хийн гарын үсэг зурсан байх бөгөөд хүсэлтийн дагуу ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/170 дугаар тушаалаар АМд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цалинтай чөлөө олгосон байна. /ТЕГ-ын ТЗУГ-т А.Мийн 2017 оны 05 сарын 24-ний өдөр гаргасан өргөдөлд Хяналт шалгалт, арга зүйн газрын дарга С.Б дэмжин цохсон байгаа хувийг, ТЕГ- ын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 05 сарын 29-ний өдрийн Б/170 дугаар тушаалыг нотлох баримтын шаардлага ханган хавсаргав/

Мөн татварын улсын байцаагч А.М нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох цагийн бүртгэлээр ажлын 10 өдөр өвчтэй байсан гэж Хяналт шалгалт, арга зүйн газрын дарга С.Б хянан гарын үсэг зурж Төрийн захиргааны удирдлагын газарт ирүүлсэн байна. /ТЕГ-ын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын албан хаагчдын 2017 оны 08 дугаар сарын цагийн тодорхойлолтыг нотлох баримтын шаардлага ханган хавсаргав/. Гэтэл А.М-ийг өвчтэй байсан гэдгийг нотлох баримт бичиг байхгүй бөгөөд Хяналт шалгалт, арга зүйн газрын дарга С.Б нь нотлох баримтгүй байхад өвчтэй гэж баталгаажуулан ТЗУГ-т хүргүүлж байснаас үзвэл газрын дарга нь “...ажлаа өг, дүүргийн татварын хэлтэст очиж ажилла...” гэж дарамталж байсан бус харин ч татварын улсын байцаагч А.Мийг дэмжин ажиллаж байсан нь нотлогдож байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.А, Л.Н нар нь гэж шаарддаг байсан. 2017 оны 11 I сард УГ-ын ахлах байцагч Т.М, Л.Н нар дуудан ажлаас чөлөөлөгдөх З^сэлтээ өг, хар цагаан нийлэхгүй Б дарга чамтай хамтарч ажиллахгүй гэсэн чи ажлаа өг гэсэн” гэснээ нотлох үүрэгтэй боловч нотлоогүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Аюушжав овогтой М нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ТЕГ-ын дарга Д.З хандан “Сүүлийн үед газрын дарга намайг ажил хийдэггүй, ажлаа тасалдаг, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй гэж элдвээр дарамталж шахалт үзүүлж байгаа нь ажил хийхэд хүндрэлтэй, сэтгэл санааны дарамт ихтэй байна. Иймд 2017 оны ээлжийн амралтаа эдлээгүй байгаа тул 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа эдлээд цаашид татварын албанаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдлийг гаргасан. ТУБ А.Мийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид гаргасан өргөдлийг нотлох баримтын шаардлага ханган хавсаргав. 

Уг хүсэлтийн дагуу ТЕГ-ын Хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч А.Мийг Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.6 дугаар хэсгийн 271.6.9 дэх заалтад үндэсний татварын албаны ажилтныг томилох, чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэж ажиллуулах, шагнаж урамшуулах”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн 8.3.5 дахь заалтад “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” гэж тус тус | заасны дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр А.Мийн Улаанбаатар банкны 2611196183 дугаар дансанд ээлжийн амралтын 1,160,530 /нэг сая нэг зуун жаран мянга таван зуун гуч/ төгрөгийн олговрыг олгосон. /холбогдох баримтыг хавсаргав.

ТЕГ-ын Хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч А.Мийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн өргөдөлд "... татварын албанаас чөлөөлөгдөх хүсэлтэй ...” гэж хүссэний Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.6 дахь хэсгийн 271.6.9, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн 8.3.5 заалтуудыг үндэслэн албан тушаалаас нь чөлөөлсөн. Гэтэл нэхэмжлэгч А.Мийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлд "...Агентлагийн болон Татварын ерөнхий хуулийн заалтыг барьж ажлаас чөлөөлсөн нь чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслээгүй... хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна” гэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэлдээ Татварын ерөнхий хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг албан тушаалаас чөлөөлсөн тушаалд үндэслэсэн нь аль хуулийн заалтыг зөрчсөн ямар үндэслэлээр чөлөөлөх үндэслэл болохгүй гэдгээ тодорхой тусгаагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсгийн 52.2.4 дэх заалтад “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”-ийг нэхэмжлэлд тусгана гэж заасныг зөрчсөн байна. Иймд А.Мийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 52 дугаар зүйлийн 52.2, 52.2.4-д заалтыг тус тус зөрчсөн байх тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14-д “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэв

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох ТЕГ-ын даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/319 дүгээр тушаалаар нэхэмжлэгч А.Мийг өөрийнх нь гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн ТЕГ-ын Хяналт шалгалт удирдлага арга зүйн газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 24.1.3-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж заасны дагуу нэхэмжлэгч А.М нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “... 2017 оны ээлжийн амралтаа эдлээгүй байгаа тул 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа эдлээд цаашид татварын албанаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна” гэх хүсэлтийг ТЕГ-ын дарга Д.Занданбатад гаргаж, улмаар дээрх хүсэлтийг шийдвэрлэж түүнийг төрийн албанаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч А.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “ТЕГ-ын удирдлага ажлын байрны дарамт шахалт байнга үзүүлж ёс зүйгүй авирлаж байсан С.Бгийн алдаа дутагдлыг шалган тогтоолгүй төрийн албан хаагч намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан гэрч ТЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Н, ТЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах байцаагч Т.М нарын тайлбараар үгүйсгэгдэж байна. 

Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалыг эрхэлж байгаа төрийн захиргааны албан хаагч бүхий төрийн байгууллага бүрт төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын, орон тооны бус Ёс зүйн хороо  ажиллана” гэж зааснаар А.М нь өөрийн удирдлага болох С.Бгийн үг хэлээр доромжлон дарамталдаг байсан талаар Ёс зүйн хороондоо гомдол гаргах эрх нь нээлттэй байтал уг эрхээ хэрэгжүүлээгүй болно.

Мөн нэхэмжлэгчээс “Ажлын чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт дурдагдсан мөн Агентлагийн болон Татварын ерөнхий хуулийн заалтыг барьж ажлаас чөлөөлсөн нь чөлөөлөх үндэслэлгүй” гэж тайлбарлажээ. 

Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6-д “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь татварын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан татварын улсын байцаагчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 271.6.4-д “татварын хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргах”, 271.6.9-д “үндэсний татварын албаны ажилтныг томилох, чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэж ажиллуулах, шагнаж урамшуулах”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8 дугаар зүйлийн 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах”, 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж тус тус заажээ. 

Дээрх хуулийн заалтуудаар хариуцагч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ТЕГ-ын даргад татварын албаны ажилтныг томилох, чөлөөлөх эрхийг олгосон байх бөгөөд хэдийгээр маргаан бүхий захиргааны акт болох ТЕГ-ын даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/319 дүгээр тушаалыг гаргахдаа тухайн харилцааг нарийвчилсан зохицуулалт болох Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй боловч холбогдох заалтуудыг баримтлаагүй нь маргаж буй захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй шүүх үзлээ. 

Нэхэмжлэгчээс “Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу намайг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахаас өмнө сонсгох ажиллагаа явуулаагүй” гэж тайлбарлах боловч мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.3-д “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримт болох А.Мийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ТЕГ-ын даргад Д.Занданбатад хандан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан, түүний уг хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчид сонсох ажиллагаа хийх шаардлагагүй байна. 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр ТЕГ-ын даргад холбогдуулан гаргасан “ТЕГ-ын даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/319 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий А.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.3, Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6, 271.6.4, 271.6.9, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.5, 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.3-д заасныг тус тус баримтлан ТЕГ-ын даргад холбогдуулан гаргасан “ТЕГ-ын даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/319 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий А.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Ц.ОДМАА