Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 129

 

“Н л” ХХК-ийн гомдолтой,

Санхүүгийн зохицуулах хороонд

холбогдох зөрчлийн хэргийн

тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                      Б.Мөнхтуяа

                                                      Д.Мөнхтуяа

                                                      П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Гомдлын шаардлага: “Н л” ХХК-д оногдуулсан 0129028 дугаартай 1,000,000 /нэг сая/ төгрөгийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0005 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 177 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, Э.Л,

Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.30-ны өдрийн 128/ШШ2020/0005 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Н л ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, “Н л” ХХК-д оногдуулсан 0129028 дугаартай 1 000 000 /нэг сая / төгрөгийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 177 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Ш.Ганхуягийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0129028 дугаартай шийтгэлийн хуудсаар "Н л" ХХК-д оногдуулсан 1000.000 төлбөрийн торгуулиас 500,000 төгрөгийг хасч, шийтгэлийн хуудасны бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч хариуцагч Ш.Ганхуяг “Н л” ХХК-ийн байранд үзлэг хийхээр очиход компанийн эрх бүхий ажилтнууд үзлэг хийлгэхээс татгалзсаныг төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэхээр байна.” гэж огт үндэслэлгүй, зөрчлийг хувийн хэрэг, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, анхан болон давж заалдах шатны шүүхэд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад амаар гаргасан тайлбарт үндэслээгүй дүгнэлт хийсэн байна.

4. Учир нь “Н л” ХХК нь СБД, 6-р хороо, Их тойруу, “Өег” ХХК-ийн 300 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Зөрчлийн хувийн хэрэгт улсын байцаагчийн хүсэлтээр авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын лавлагаа зэргээр тогтоогдож байгаа болно. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчид тус компанийн байранд үзлэг хийхээр ирээгүй болох нь Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Л.Бадралтын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай зөвшөөрөл, болон хэрэгт нотлох баримтаар авагдсан дараах баримтуудаар нотлогдож байна.

5. Тухайлбал, 2019.01.03-ны өдөр эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл №1, 2019.01.03-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 012928 дугаартай "Шийтгэлийн хуудас”-ны ОЛСОН хэсэг, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл 2\02-ийн “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал (тодорхой бичих) хэсэг”, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (Шийтгэлийн хуудсыг холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай), 2019.01.03-ны өдрийн 03 дугаартай үзлэг хийсэн тэмдэглэл, 2019.01.03-ны өдрийн 04 дугаартай Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл.

6. Мөн дээрх баримтуудаас үзэхэд үзлэг ажиллагааны явцад, “Н л” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал Д.Ангар, болон тус компанийн ажилчид байгаагүй болох нь тодорхой байхад давж заалдах шатны шүүх уг нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр “...тухайн үед “Н л” ХХК биш, ажилтнууд нь биш гэж тайлбарлаагүй, маргаагүй байх тул хариуцагчийг “Н л” ХХК-д үзлэг хийхээр очсон эсэх, үзлэгийн тэмдэглэлд туссан компанийн ажилтнууд аль компанийн ажилтан болохыг тодруулаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна” дүгнэлт хийсэн буруу байна. Үзлэгийн тэмдэглэлүүдэд үзлэгийн явцад байсан гэх ажилчид "Новел лизинг” ХХК-ийн ажилчид болохыг тодорхой тусгасан байгаагаас үзэхэд зөрчил гаргасан гэх хүмүүсийн хувийн байдлыг буюу ямар компанийн ажилчид болохыг тодруулсан болох нь тодорхой байна.

7. Дээр дурдсанчлан “Новел лизинг” ХХК-ийн ажилчид болох А.Цэнгэлбаяр, Д.Түвшинтөгс, Б.Номуун нарын үзлэг хийхээс татгалзсан гэх үйлдэл 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0129027 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу “Новел лизинг” ХХК-г торгосон атлаа, яг ижил үндэслэлээр буюу нэг үйлдэлд дахин “Н л” ХХК-г 0129028 дугаар “Шийтгэлийн хуудас”-аар 1,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүх улсын байцаагч уг хууль бус үйл ажиллагаанд дүгнэлт хийлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. “Н л” ХХК болон “Новел лизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал нэг хүн буюу Д.А бөгөөд энэ нөхцөл байдал нь нэг компанид ногдуулсан шийтгэлийн хуудсыг нөгөө компанид автоматаар ногдуулах үндэслэл болохгүй.

8. Дээр дурдсан үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 177 дугаартай магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын гаргасан тайлбарыг үнэн зөв үнэлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

10. Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Ш.Ганхуягийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0129028 дугаар шийтгэлийн хуудсаар “... прокурорын зөвшөөрлийн дагуу үзлэг хийхэд саад учруулсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг баримтлан “Н л” ХХК-д 1,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан, уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргагчаас “... зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрт гомдол гаргаж, эцсийн байдлаар шийдвэрлэгдэж дуусаагүй байгаа талаар мэдэгдэж, үзлэг хийлгэхээс татгалзсан нь “үзлэг хийхэд саад учруулсан” гэх үндэслэл биш, ... хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй” гэж шүүхэд маргажээ.

11. “Н л”, “Новел лизинг” ХХК-иудад холбогдуулан хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Ш.Ганхуягийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1801000030 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн тогтоолд эдгээр компанийн гүйцэтгэх захирал Д.Ангараас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасан гомдлыг эрх бүхий прокурор хянаж, хангахаас татгалзаж, энэ тухай 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13/1 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн ба гомдол гаргагч нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “үзлэг” хийлгэхээс татгалзахдаа “дээд шатны прокурорт дахин гомдол гаргах тул үзлэг хийлгэхгүй” гэсэн үйл баримт тогтоогджээ.

12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, “Н л”, “Новел лизинг” ХХК-иудын гүйцэтгэх захирал Д.Ангар нь тайлбар, мэдүүлэг өгөхөөс, холбогдох бичиг баримт гаргаж өгөхөөс татгалзсан гэх үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх улсын байцаагч нь эдгээр компанийн байранд үзлэг хийх саналыг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр прокурорт гаргасан, прокурор нь мөн өдөр зөвшөөрөл өгснөөс үзвэл, орон байранд үзлэг хийх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 1, 2, 3-т заасныг зөрчөөгүй байна.

13. Мөн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ”, 2-т “орон байранд прокурорын зөвшөөрлөөр үзлэг хийнэ”, 11-д “эрх бүхий албан тушаалтны шаардлагаар үзлэг хийлгэхээс татгалзсан, эсэргүүцэл үзүүлсэн бол үзлэгийг албадан гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаас үзвэл, “үзлэг” нь албадлагын шинжтэй арга хэмжээ байх тул зөрчилд холбогдогчоос “үзлэг хийлгэхээс татгалзах” эрхгүй гэж үзэхээр байна.

14. Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар 1-д “оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болно” /энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, 6-д “прокурор шаардлагатай гэж үзвэл гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж болно” гэж заасан, энэ тохиолдлын хувьд “эрхгүй этгээд хууль бусаар зөрчлийн хэрэг нээсэн” гэх “Н л”, “Н л” ХХК-иудын гүйцэтгэх захирал Д.А-ын гомдлыг эрх бүхий прокурор хянаж, “... хуулиар харьяалуулсны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч зөрчлийн хэрэг нээх, шалгах эрхтэй” талаар тодорхой хариу өгсөн, эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрт прокурорт гомдол гаргах, доод шатны прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргах нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх буюу уг зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэхэд шаардлагатай “үзлэг”-ийг хийхгүй байх, түүнийг зогсоох үндэслэл болохгүй юм.

15. Анхан шатны шүүх, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ, зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчилд холбогдогчийн “үзлэг хийлгэхээс татгалзах эрх”-ийн талаар огт дүгнээгүй, “дээд шатны прокурорт гомдол гаргасан учраас зөрчлийн хэрэг нээсэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1801000030 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй” гэх болон баримтаар нотлогдоогүй буюу “хураан авах” шаардлага тавьсан мэтээр буруу дүгнэлт хийсэн; үзлэгээр шаардлагатай бичиг баримтыг хураан авах нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 6-д “үзлэг хийхэд хугацаа шаардагдах, эсхүл бусад үндэслэл байвал эрх бүхий байгууллага дээр хийж болно” гэж заасан хүрээнд байж болохыг анхаараагүй; мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-т “холбогдогч дараахь үүрэгтэй: ...3.2.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх; ...3.3.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх;”-аар заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлаж хэрэглээгүй нь буруу.

16. Түүнчлэн, зөрчлийн хэргийг “Н л”, “Новел лизинг” ХХК-д холбогдуулан нээсэн, эдгээрийн гүйцэтгэх захирал Д.А-аас прокурорт гомдол гаргасан, прокурорын зөвшөөрлөөр “үзлэг” хийх ажиллагаа нь тус компаниудын аль алинд хамааралтай, “үзлэг” хийх ажиллагааны үеэр тухайн байранд /албан өрөөнд/ байсан ажилтнууд нь “Н л” ХХК-д ажилладаг болон “Н л” компани нь өөр өрөөнд байрладаг гэх үйл баримтууд нь “үзлэг” хийлгэхээс татгалзсаныг зөвтгөх үндэслэл биш, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

17. Мөн, зөрчлийн хэрэг нээсэн тогтоол, прокурорын “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тухай” зөвшөөрлөөр бие даасан хуулийн этгээдүүд болох 2 компанид холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан, энэ тохиолдлын хувьд “үзлэг” хийлгэхээс татгалзаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан зөрчил “Н л” ХХК-д хамааралтай, тусдаа зөрчил тогтоогдсон байна.

18. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Н л” ХХК-ийн өмгөөлөгч Э.Б-ы анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр хяналтын журмаар гаргасан “... “Н л” компани нь ... 300 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг, тус компанийн байранд үзлэг хийхээр ирээгүй, ... үзлэгийн явцад байсан ажилтнууд нь “Н л” компанийн ажилтнууд болох нь тодорхой байхад “тодруулаагүй”-г буруутгах үндэслэлгүй гэж буруу дүгнэсэн, ... нэг үйлдэлд дахин торгосон” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 177 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Билэгсайханы гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Ч.ТУНГАЛАГ