Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0177

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Н л” ХХК-ийн гомдолтой

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Ш.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Н л” ХХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар  Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Н л” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, “Н л” ХХК-д оногдуулсан 0129028 дугаартай 1000.000 төгрөгийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...”Н л” ХХК-ны гомдолтой Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0123027 дугаар шийтгэлийн хуудсыг хучингүй болгуулах тухай захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0005 дугаар шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

“Н л” ХХК-ийн Улсын Прокурорын Ерөнхий Газрын Хяналтын прокурор Л.Бадралтад гаргасан гомдлыг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 13/1 тоотоор хүлээн авах боломжгүй гэж хариу өгсөн талаар прокуророос мэдэгдсэн учир, үзлэг хийх 01 тоот зөвшөөрлийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хяналтын прокуророос авч 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус компани дээр (Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу, “Ө” ХХК-ийн байр 204, 300 тоотод байрлах байр) үзлэг хийхээр очсон. Үзлэг хийхээр очиход тус компанийн гүйцэтгэх захирал Д.А нь Бүгд Найрамдах Солонгос Улсад байгаа, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс нааш ирэхгүй талаар мэдэгдсэн ба тухайн үед тус компанийн үйл ажиллагааг үйл хариуцсан захирал Х.Ц, дотоод хяналт шалгалт хариуцсан захирал Д.Т, харилцагчийн менежер Б.Н нар нь хариуцаж байсан.

“Н л” ХХК-ийн үйл ажиллагаанд Хорооны эрх бүхий албан тушаалтнууд прокурорын зөвшөөрлийн дагуу үзлэг хийх гэсэн боловч дээрх хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтнууд болох үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Ц, дотоод хяналт шалгалт хариуцсан захирал Д.Т, харилцагчийн менежер Б.Н нар нь “Н л” ХХК-д үзлэг хийлгэхээс татгалзаж саад учруулсан, тул Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу хуулийн этгээд болох “Н л” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.3-т “төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 500 нэгж, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3/4611 тоот албан бичиг болон 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 9/4735 тоот албан бичгүүдээр 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дотор ирж мэдүүлэг өгөхөөс татгалзсан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д “төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” заасны дагуу 500 нэгж нийт 1000 нэгж буюу 1 сая төгрөгөөр торгох шийтгэлийг “Н” ХХК-д хялбаршуулсан журмаар 0129027 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хуулийн этгээдээр торгосон нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн түүнчлэн үзлэг хийлгэхээс татгалзаж саад учруулсан тул ямар нэгэн эд зүйлсийг хураан авч битүүмжлээгүй. Зөрчил үйлдсэн эсэхийг нотлох баримтыг гаргуулах шаардлага байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, эд зүйл, зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, уналга, эсхүл зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авна” гэж заасны дагуу дээр дурдсан зөрчлийн хэрэгт ач холбогдол бүхий баримт материалыг хураан авч болох талаар мэдэгдсэн болохоос аливаа баримт материалыг хураан авах шаардлага тавиагүй, үзлэг хийх ажиллагаа тул баримт материалуудыг үзлэг хийх шаардлага тавьсан болно. Мөн хураан авах ажиллагаа хийгдээгүй.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “...үзлэг хийх зөвшөөрөл олгосон байхад хураан авах шаардлага тавьсан нь үндэслэлгүй ... мөн санкци нь 500 нэгж байхад 1000 нэгжээр торгосон гэсэн нь үндэслэлгүй байна.

Дээр дурдсанчлан тус компани дээр үзлэг хийхээр очиход үзлэг хийлгэхээс татгалзаж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд саад учруулсан нь илт тодорхой үйл баримт байх бөгөөд мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3/4611 тоот албан бичиг болон 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 9/4735 тоот албан бичгүүдээр 2018 оны 12 дугаар сарын 19-ний дотор ирж мэдүүлэг өгөхийг шаардахад ирж өгөхгүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 2-т “Мэдүүлгийг тухайн хүнийг эрх бүхий байгууллагад ирүүлэн авч болно” гэж заасныг зөрчсөн нь илтэд тодорхой байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан журмыг баримтлан шийтгэл оногдуулсан.

Д.А нь БНСУ-д явж байгаа, бусдад ямар нэгэн эрх мэдэл, чиг үүрэг өгөөгүй нь үндэслэл бүхий нөхцөл байдлын улмаас гэдэг үндэслэл болохгүй.

Үзлэг хийх зөвшөөрлийн дагуу үзлэг хийх нөхцөлийг хангаагүй, үзлэг хийгдээгүй, үзлэг хийхэд саад учруулсан нь хангалттай нотлох баримт гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 128/ШШ2020/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Гомдол гаргагч “Н л” ХХК-иас “... зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрт гомдол гаргаж, хянан шийдвэрлэж байх хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Прокурорын зөвшөөрлөөр манай компанийн байранд үзлэг хийхээр ирсэн учир бид зөрчлийн хэрэг нээсэн асуудал маргаантай байгаа талаар тайлбарлаж, үзлэг хийлгэхээс татгалзсан боловч 1000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй” гэж маргажээ.

Хариуцагч “... “Н л” ХХК, “Н” ХХК-иуд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр бусдад болон өөртөө хөрөнгө зуучлах, иргэдээс хөрөнгө татах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 11.6, 11.10 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарч байх магадлалтай байсан учир 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан ... гүйцэтгэх захиралд удаа дараа утсаар ирж мэдүүлэг өгөхийг шаардсан боловч ирэхгүй байсан учир 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр компанийн байранд мэдүүлэг авахаар очиход шалгуулахгүй гэж татгалзаж, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхгүй зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд саад учруулж байсан учир прокуророос үзлэг хийх зөвшөөрлийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр авч 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Өег” ХХК-ийн байранд байрлах 204 тоот тус компанийн байранд үзлэг хийхээр очсон ... компанийн үйл ажиллагааны захирал А.Ц, дотоод хяналт хариуцсан захирал Д.Т, харилцагчийн менежер Б.Н нар нь үзлэг хийхэд саад учруулсан тул Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3-д заасны дагуу тус компанид торгууль ногдуулсан” гэж тайлбарласан байна.

Анхан шатны шүүх “...зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол ... хуулийн хүчин төгөлдөр болоогүй Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы ... 13/100 дугаар “хариу мэдэгдэх хуудас”-аар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад нэхэмжлэгч компанид үзлэг хийлгэх шаардлага тавьсан, нөгөө талаар Прокурорын зөвшөөрөлд ... үзлэг хийх зөвшөөрөл олгосон байхад “хураан авах” шаардлага тавьсан нь үндэслэлгүй тул уг шаардлагыг төрийн албан хаагчийн “хууль ёсны шаардлага” гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-т “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болно”, 6-д “Прокурор шаардлагатай гэж үзвэл гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж болно” гэж заажээ.

Зөрчлийн хэрэг нээх тухай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1801000030 дугаар тогтоолоор “Н л” ХХК, “Н” ХХК”-иуд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг нээсэн, Хяналтын прокурор Л.Бадралтын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг 30 хоногоор сунгасан байна.

“Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А-аас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Л.Бадралтад хандаж Санхүүгийн зохицуулах хорооны Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд гомдол гаргасан байх боловч Прокурорын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13/1 дүгээр хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 6-д “Прокурор шаардлагатай гэж үзвэл гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж болно” гэж заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээгүй байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл Хяналтын прокурор Л.Бадралтын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Н л” ХХК, “Н” ХХК-иудын байранд үзлэг хийхийг зөвшөөрсөн 01 дүгээр Прокурорын зөвшөөрлийн /2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 08 хүртэл хугацаанд хийх/ дагуу санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч хариуцагч Ш.Г “Н л” ХХК-ийн байранд үзлэг хийхээр очиход компанийн эрх бүхий ажилтнууд үзлэг хийлгэхээс татгалзсаныг төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэхээр байх тул уг зөрчилд хариуцагчаас шийтгэл  оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Харин Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-т заасан зөрчлийг гаргасан хуулийн этгээдийг зөвхөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль оногдуулахаар байхад мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1000.000 төгрөгөөр торгосон нь буруу байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу төлбөрийн хэмжээг хуульд нийцүүлэн багасгах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчаас “шийтгэлийн хуудсаар үзлэг хийхэд саад болсон, дуудсан хугацаанд ирж тайлбар өгөөгүй гэсэн тус тусдаа зөрчилд нь нэгтгэж арга хэмжээ авсан” гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж байх боловч Шийтгэлийн хуудаст “үзлэг хийхэд саад учруулсан” гэх зөрчлийг тэмдэглэсэн байх тул тус зөрчилд зөвхөн шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “... бол ... хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаас үзвэл 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил тус бүрт торгууль оногдуулахаар заагаагүй байгааг дурдах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл нэг шийтгэлийн хуудсаар хуулийн этгээдийг нэг удаа зөвхөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах боломжтой байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Н л” ХХК өөр байранд байрладаг, хариуцагч тус компанийн ажилтнуудад үзлэг хийх талаар танилцуулаагүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь, “Н л” ХХК, “Н” ХХК-иудын аль алиныг нь төлөөлөн гүйцэтгэх захирал Д.А гомдол, тайлбар гаргаж байсан, мөн тус компаниудын асуудлыг нэгтгэсэн байдлаар 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын туслах прокурорт гомдол гаргаж байсан, үзлэгийн тэмдэглэл[1]-д “Н л” ХХК, “Н” ХХК-иудын аль алинд нь үзлэг хийхээр очсон талаар тэмдэглэгдсэн, тухайн үед “Н л” ХХК биш, ажилтнууд нь биш гэж тайлбарлаагүй, маргаагүй байх тул хариуцагчийг “Н л” ХХК-д үзлэг хийхээр очсон эсэх, үзлэгийн тэмдэглэлд туссан компанийн ажилтнууд аль компанийн ажилтан болохыг тодруулаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан үзлэг хийх зөвшөөрөл олгосон Прокурорын зөвшөөрөл, үзлэгийн тэмдэглэлүүдээс үзвэл эрх бүхий албан тушаалтнууд гомдол гаргагчийн үйл ажиллагаа явуулдаг байранд үзлэг хийх шаардлага тавьсан гэж үзэхээр байх тул зөвхөн үзлэг хийх зөвшөөрөл олгогдсон байхад баримт бичиг хураан авах шаардлага тавьсан гэж буруутгах үндэсгүйг, мөн хэрэгт “Н” ХХК-иас зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд гомдол гаргасан талаарх баримт[2] авагдсан, “Н л” ХХК-иас хяналтын прокурорт гомдол гаргасан талаарх баримт авагдаагүй, гомдол гаргагчаас энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Ш.Г-ийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0129028 дугаартай шийтгэлийн хуудсаар “Н л” ХХК-д оногдуулсан 1000.000 төлбөрийн торгуулиас 500,000 төгрөгийг хасч, шийтгэлийн хуудасны бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

                           ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

                           ШҮҮГЧ                                                                      Н.ХОНИНХҮҮ 

 

 


[1] Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас