Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02340

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02340

 

 

 

Ц.Цолмонгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2017/02220 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Цолмонгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/02004 дүгээр шийдвэрээр Ц.Цолмон, Б.Дэлгэрмаа нараас 35 177 144 төгрөг гаргуулж Монголын санхүүгийн групп ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 26 дугаар байрны 95 тоот орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлгээ тогтоосныг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ирсэн мэдэгдлээр 59 000 000 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дах хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргаж байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 26 дугаар байрны 95 тоот орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 102/ШШ2016/02004 дугаартай шийдвэрээр Ц.Цолмон, Б.Дэлгэрмаа нараас З5 177 144 төгрөг гаргуулж Монголын санхүүгийн групп ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 26 дугаар байрны 95 тоот, 18 м.кв талбай бүхий орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16/32 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17/11 тоот тогтоолоор хураан авсан. Хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнэлгээг тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Цолмон, Б.Дэлгэрмаа, хамтран өмчлөгч Г.Алтанцаг, Ц.Цогтбаатар, Ц.Одхүү нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3/2300, 3/2301, 3/2297, 3/2298, 3/2299 тоотоор хүргүүлэхэд Ц.Цолмон үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг 200 000 000 төгрөгөөр үнийн санал гаргаж бусад өмчлөгч үнийн санал гаргаагүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, 37 дугаар зүйлийн 37.2.2 дах хэсгүүдэд зааснаар шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилсон, шинжээч 59 000 000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу анхны албадан дуудлага худалдааны доод үнийг шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь буюу 41 300 000 төгрөгөөр тогтоох болохыг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу ажиллагаа хийх мэдэгдлүүдийг төлбөр төлөгч, хамтран өмчлөгч нарт 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 3/20003, 3/2000, 3/20005, 3/20006, 3/20007 тоот албан бичгүүдээр хүргүүлж шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлсөн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 26 дугаар байрны 95 тоот, 18. м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 59 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ц.Цолмонгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 A Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 61 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Цолмон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол, Сонгинохайрхан, Хан Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2004 дугаартай захирамжаар Ц.Цолмон, Б.Дэлгэрмаа нараас 35 177 144 төгрөг гаргуулж, Монголын санхүүгийн групп ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болно.

Уг захирамжийн дагуу Ц.Цолмон миний өмчлөлийн Сонгино хайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 26 дугаар байрны 95 тоот байрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлгээ тогтоосныг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ирсэн мэдэгдлээр 59 000 000 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдлээ.

Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.3-т зааснаар Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө. Мөн хуулийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсний дагуу миний өмчлөлийн байрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээний талаар гомдол гаргасан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй, шүүх үнэлгээг хуульд заасны дагуу тогтоосон эсэхэд хяналт тавиагүй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184\ШШ2017\02220 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, миний үндсэн нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Цолмон нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2004 тоот шийдвэрээр Ц.Цолмон, Б.Дэлгэрмаа нараас 35 177 144 төгрөгийг гаргуулж Монголын санхүүгийн групп ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. /хх.5-6/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 26 дугаар байрны 95 тоот, 18. м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 16/32 тоот актаар битүүмжилж, 2017 оны 01 дуүгээр сарын 13-ны өдөр 17/11 тоот актаар хураажээ. /хх.35-36, 43-44/

Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээ буюу 59 000 000 төгрөгийн 70 хувь болох 41 300 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй, төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзэж нэхэмжлэгч Ц.Цолмонгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн 53 дугаар талд авагдсан бичгийн баримтаас үзвэл төлбөр төлөгч Ц.Цолмонгоос дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авахад тэрээр 200 000 000 төгрөгөөр үнэлэх санал өгсөн байх ба уг үнийн саналыг төлбөр авагч Монголын санхүүгийн групп ББСБ ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул мөн хуулийн заалт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон ажиллагаа нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Цолмон нь шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбар, гомдлоо нотлох баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан журмаар үнэлгээ тогтоосныг хариуцагч байгууллага өөрөө үнэлгээ тогтоосон гэж үзэхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2017/02220 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Цолмонгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Б.НАРМАНДАХ