Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2017/02220

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Ц

Хариуцагч: НШГА. Хаяг: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, үндсэн хуулийн гудамж, өөрийн байр

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азбилэг нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 102/ШШ2016/02004 дугаартай шийдвэрээр Б.Ц, Б.Д нараас 35 177 144 төгрөг гаргуулж “Монголын санхүүгийн групп” ББСБ-д олгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу минйи өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 26 дугаар байрны 95 тоот орон сууцыг НШГА-аас үнэлгээ тогтоосныг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ирсэн мэдэгдлээр 59 000 000 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дах хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргаж байна. Иймд НШГА-наас Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 26 дугаар байрны 95 тоот орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 102/ШШ2016/02004 дугаартай шийдвэрээр Б.Ц, Б.Д нараас 35 177 144 төгрөг гаргуулж “М с г” ББСБ-д олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 26 дугаар байрны 95 тоот, 18 м.кв талбай бүхий орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16/32 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 17/11 тоот тогтоолоор хураан авсан. Хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны  анхны үнэлгээг тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагаа явуулж төлбөр төлбөгч Б.Ц, Б.Д, хамтран өмчлөгч Г.А, Ц.Ц, Ц.О нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 3/2300, 3/2301, 3/2297, 3/2298, 3/2299 тоотоор хүргүүлэхэд Б.Ц үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг 200 000 000 төгрөгөөр үнийн санал гаргаж бусад өмчлөгч үнийн санал гаргаагүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 31 дүгээр зүйл, 37 дугаар зүйлийн 37.2.2 дах хэсгүүдэд зааснаар шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилсон, шинжээч 59 000 000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу анхны албадан дуудлага худалдааны доод үнийг шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь буюу 41 300 000 төгрөгөөр тогтоох болохыг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 62 дугаар зүйлд заасны дагуу ажиллагаа хийх мэдэгдлүүдийг төлбөр төлөгч, хамтран өмчлөгч нарт 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 3/20003, 3/2000, 3/20005, 3/20006, 3/20007 тоот албан бичгүүдээр хүргүүлж шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлсөн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                       

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч НШГА холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 26 дугаар байрны 95 тоот, 18. м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 59 000 000 /тавин есөн сая/  төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь НШГАнаас томилсон шинжээч орон сууцыг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж тайлбарладаг бол хариуцагч НШГА нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр Б.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 102/ШШ2016/02004 дугаартай шийдвэрээр Б.Ц, Б.Д нараас 35 177 144 төгрөг гаргуулж “Монголын санхүүгийн групп” ББСБ-д олгож шийдвэрлэсэн байна.

НШГАнаас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 26 дугаар байрны 95 тоот, 18. м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16/32 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 он 1 дүгээр сарын 13-ны өдрийн 17/11 тоот тогтоолоор хураан авчээ.

Дээр дурдсан орон сууцыг  П.Ц /РД: ЧТ59042813/, дундаа хамтран хамтран өмчлөх эрхтэй Г.А /РД: ЧС58040708/, Ц.О /РД: ЧС83040915/, Б.Ц /РД: ЧС86020410/ нарын өмчлөлд бүртгэж Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос 1997 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 0050043 тоот гэрчилгээ олгосон байна.

НШГАнаас үнийн саналаа өгөх тухай мэдэгсэний дагуу төлбөр төлөгч Б.Ц 200 000 000 төгрөгийн үнийн санал өгсөн, бусад хамтран өмчлөгчид үнийн санал өгөөгүй болох нь төлбөр төлөгч Б.Цгийн  НШГА хандаж бичгээр гаргасан хүсэлт, НШГАнаас төлбөр төлөгч, хамтран өмчлөгч нарт гардуулан өгсөн  2017 оны 1 дүгээр сарын13, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн мэдэгдлүүд зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Улмаар төлбөр авагч “М с г”  ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шинжээч томилуулах тухай хүсэлтийг НШГА гаргасан байх тул төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талуудыг үнийн саналаа тохиролцоогүй гэж үзнэ.

Ийнхүү төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 94 тоот тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсарган ирүүлсэн байх бөгөөд хуульд заасны дагуу томилогдсон, тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг зах зээлийн зах зээлийн үнээс хэт доогуур гэж маргасан боловч түүнийгээ нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, дахин үнэлүүлэх хүсэлт гаргаагүй болохыг, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгт заасан хугацаанд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргасан болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, түүний өмгөөлөгч Ш.Б нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан НШГА холбогдох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 26 дугаар байрны 95 тоот, 18. м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 59 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Цгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Т.БАТСҮХ