Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02339

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02339

 

 

 

Р.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02917 дугаар шийдвэртэй Р.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй, С.Оюунгэрэл, Б.Эрдэнэцогт нарт холбогдох, орон сууц хөлслөх гэрээнээс учирсан хохирол, зардалд 1 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Төмөрбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2015 оны намар Баянгол дүүрэг 12 хороо 20/3 байрны 12 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч С.Оюунгэрэл, Б.Эрдэнэцогт нарт ус, цахилгааны заалт, тоолуураа хүлээлцэж түрээсэлсэн. Сарын түрээсийн төлбөр эхлээд 400 000 байсан, сүүлд нэмээд 500 000 болгосон. Түрээс, ашиглалт, хугацааны талаар бол маргаагүй. 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байрнаас гарсан. Гэтэл энэ хүмүүс доторх эвдэж болох бүх юмыг эвдсэн байсан. Зөвхөн засвар хийхээр хүн оруулаад бүхэл бүтэн хоёр өдөр цэвэрлэж, 2 сарын хугацаанд засварын ажил хийгдэж, 2 800 000 төгрөгийн зардал гарсан. Засварын ажлын хөлс 550 000 төгрөг үлдсэн 2 250 000 нь засварын зардал бөгөөд 2 800 000 төгрөгийн тал хувь 1 300 000 төгрөгөө нэхэмжилж байна, босоо душны үнэ орсон гэжээ.

Хариуцагч Б.Эрдэнэцогт шүүхэд гаргасан тайлбартаа: ... 2015 оны 10 дугаар сард байрыг түрээслээд 2018 оны 5 дугаар сард гарсан. Байрны мөнгө эхлээд 400 000 төгрөг байж байгаад жил гаран болсны дараа 500 000 төгрөг болсон. Түрээсийн мөнгийг сар тутам төлж байсан. Байрны нэг өрөөнийнх нь гүйдэг хаалга, ариун цэврийн өрөөний хаалга, гал тогооны крант гэх зүйлүүдийг засаж орсон. Түүнээс эвдэж, хэмхэлсэн, хугалсан зүйлгүй. Маралын элэгдэлд орсон байх. Надад засвар хийнэ зардал төлнө гэж ярьсан зүйл байхгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч С.Оюунгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 302 дугаар зүйлийн 302.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хариуцагч С.Оюунгэрэл, Б.Эрдэнэцогт нарт холбогдох орон сууц хөлслөх гэрээнээс учирсан хохирол зардалд 1 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.Төмөрбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35 750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Р.Төмөрбаатар давж заалдах гомдолдоо: Хариуцагч нараас Зөрчлийн тухай хуулийн 12.4.3, 6.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн эсэх, мөн хуулийн 8.8.1-т заасан заалтыг зөрчиж нэхэмжлэгчид 2 800 000 төгрөгийн хохирол бодитоор учруулсан болохыг баримтаар нотолж нэхэмжилсэн. Гэхдээ дээрх хохирлоос хөрөнгийн элэгдлийг хасч тооцон, хариуцагчийн эвдэж хэмхэлсэн эд хөрөнгө, зарим зардлыг төлүүлэхээр 1 300 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул нь нэхэмжлэгчийн гаргасан гүрван шаардлагаас 2-ыг огт авч хэлэлцээгүй, нэг дэх шаардлагаас нь 1 300 000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд хариуцагч нар нь Зөрчлийн тухай хуулийн 12.4.3-р заалт, 6.1-р заалтуудыг зөрчсөн эсэхийг шалгаж, нэхэмжлэгчийн 1 300 000 төгрөгийг хариуцагч нараар төлүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг болон хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Р.Төмөрбаатар нь хариуцагч С.Оюунгэрэл, Б.Эрдэнэцогт нарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээнээс учирсан хохирол, зардалд 1 300 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хэргийн үйл баримт, нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчжээ. Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүгчид хэрэгт байгаа нотлох баримтыг үнэлэхгүй байх эрхийг олгоогүй тул нотлох баримтыг үнэлэхгүй талаар шийдвэртээ заасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй.

Харин шүүхээс үнэлсэн нотлох баримт бүр шийдвэрийн үндэслэл болгохгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, эсхүл хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасч болох бөгөөд энэ талаар захирамж, эсхүл тогтоол гаргана. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар уг хэргийн оролцогч гомдол гаргах, эсхүл өөр баримтаар нотлох эрхээ эдлэх боломжтой байна.

Гэтэл шүүхээс хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг нотлох баримтаас тодорхой үндэслэлээр хасаагүй атлаа, үнэлэхгүй хэмээн шийдвэрлэсэн нь буруу юм. Мөн шүүх хэргийн оролцогчоос нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлийг нотлохоор гаргасан баримтуудыг зохих журмын дагуу бэхжүүлж, үзлэг хийж, тэмдэглэл хөтлөөгүй нь алдаатай болжээ. Тодруулбал, хэргийн 65, 71 дүгээр талд цагаан өнгөтэй 1 метр орчим төмрийг буцааж өгсөн гэх тэмдэглэл, эд мөрийн баримтыг шинжлэн судлах хүсэлтийг хангасан гэх захирамж авагдсан байх боловч уг эд мөрийн баримтад хэрхэн үзлэг хийж бэхжүүлсэн, ямар нөхцөл байдлыг нотлох эсхүл няцааж буй нь ойлгомжгүй болсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 45.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэргийн оролцогчид эд мөрийн баримтыг өгөх тохиолдолд гэрэл зураг, зураглал, дүрс зэргийг хэрэгт үлдээж, бэхжүүлэх учиртай. Ийм ажиллагааг мөн анхан шатны шүүх хийгээгүй байна.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02917 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 35 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ