Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00507

 

Р.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02917 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2339 дугаар магадлалтай,

Р.Т-ын нэхэмжлэлтэй

С.О-, Б.Э- нарт холбогдох, 

Орон сууц хөлслөх гэрээнээс учирсан хохирол 1.300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Т-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Т-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2015 оны намар Баянгол дүүрэг 12 хороо 20/3 байрны 12 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч С.О-, Б.Э- нарт ус, цахилгааны заалт, тоолуураа хүлээлцэж түрээсэлсэн. Сарын түрээсийн төлбөр эхлээд 400.000 төгрөг байсан, сүүлд нэмээд 500.000 төгрөг болгосон. Түрээс, ашиглалт, хугацааны талаар бол маргаагүй. 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байрнаас гарсан. Гэтэл энэ хүмүүс доторх эвдэж болох бүх юмыг эвдсэн байсан. Зөвхөн засвар хийхээр хүн оруулаад бүхэл бүтэн хоёр өдөр цэвэрлэж, 2 сарын хугацаанд засварын ажил хийгдэж, 2.800.000 төгрөгийн зардал гарсан. Засварын ажлын хөлс 550.000 төгрөг үлдсэн 2.250.000 нь засварын зардал бөгөөд 2.800.000 төгрөгийн тал хувь 1.300.000 төгрөгөө хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э-, С.О- нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...2015 оны 10 дугаар сард байрыг түрээслээд 2018 оны 5 дугаар сард гарсан. Байрны мөнгө эхлээд 400.000 төгрөг байж байгаад жил гаран болсны дараа 500.000 төгрөг болсон. Түрээсийн мөнгийг сар тутам төлж байсан. Байрны нэг өрөөнийнх нь гүйдэг хаалга, ариун цэврийн өрөөний хаалга, гал тогооны крант гэх зүйлүүдийг засаж орсон. Түүнээс эвдэж, хэмхэлсэн, хугалсан зүйлгүй. Засвар хийнэ зардал төлнө гэж ярьсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02917 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 302 дугаар зүйлийн 302.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хариуцагч С.О-, Б.Э- нарт холбогдох орон сууц хөлслөх гэрээнээс учирсан хохирол зардалд 1.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2339 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02917 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 35.750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Л.Эрдэнэцогт, С.О- нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Бид анх байранд ороход хүлээлгэж өгч, хүлээж авсан зүйл байхгүй, хуучин байр байсан. Биднийг гарсны дараа өөрсдөө сайн дураар засвар хийж, мөнгө нэхсэн бөгөөд бид амьдарч байснаа бодоод 250.000 төгрөгөөр бүтэн дүүш авч, суурьлуулахаар засварчин явуулахад өөрсдөө ийм юм суулгахгүй гээд буцаасан байсан. Р.Т-ын нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Р.Т- нь С.О-, Б.Э- нараас хохирол 1.300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байх бөгөөд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Зохигчийн хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, тухайн гэрээг талууд 2018 оны 05 дугаар сард дуусгавар болгож, хариуцагч нар орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн үйл баримтад талууд маргаагүй байна.

           Нэхэмжлэгч орон сууцанд засвар хийх шаардлагатайн улмаас нийт 2.8 сая төгрөгөөр засуулж үүнээс 1.300.000 төгрөгийг хариуцагч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу орон сууцанд эвдрэл учруулсан гэх үндэслэлээр шаардсан байна.

            Хэргийг хэлэлцэх анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч эд мөрийн баримт авчирч шинжлэн судлуулах, хариуцагч гэрчээр У.Баянмөнхийг асуулгах хүсэлт тус тус гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ.

         Анхан шатны  шүүх нэхэмжлэгчийн авчирсан душны төмрийг  эд мөрийн баримтаар,  У.Батмөнхөөс гэрчийн мэдүүлэг авсан тус тус шинжлэн судалсан атлаа уг эд мөрийн баримт болон гэрчийн мэдүүлэг нь хэрэгт ач холбогдол бүхий ямар байдлыг тогтоож байгаа эсхүл ач холбогдолгүй гэж үзсэн үндэслэлээ шийдвэрт заагаагүй, эд мөрийн баримтыг бэхжүүлж аваагүй нэхэмжлэгчид буцаан өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 45 дугаар зүйлийн  45.2-т заасан  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ. Иймд магадлалд заасан үндэслэлийг үгүйсгэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2339 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 35.750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ