Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2020/01451

 

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01451

 

Л.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/01761 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Ч-ийн нэхэмжлэлтэй Н.М-ад холбогдох,

Хохиролд 10 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Н.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.М- нь 2015 онд нэхэмжлэгч Л.Ч-ийн өмчлөлийн Ниссан теана маркийн 0000 УНБ улсын дугаартай автомашиныг 11 000 000 төгрөгөөр худалдан авна гэж залилан мэхэлж өөрийн нэр дээр шилжүүлэн аваад улмаар иргэн И.Дэнзансамбууд цааш дамжуулан худалдаж ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн. Уг эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас хянаад 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн прокурорын 2716 дугаар тогтоол гарч Н.М-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй боловч нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна гэж үзэн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч Н.М- нь уг эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс хойш 2019 оны 3 дугаар сард нэг удаа 100 000 төгрөг шилжүүлснээс өөрөөр өнөөдрийг хүртэлх хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо огт төлөлгүй нэхэмжлэгчийг хохироогоод байна. Иймд хариуцагч Н.М-аас эрүүгийн гэмт хэргийн хохиролд нийт 10 900 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч- бид хоёр ах дүүгийн барилдлагатай олон жил хамтарч ажиллаж байсан. Орос улсад би очиж барилддаг намайг хүлээж авдаг хамтран бизнес хийдэг байсан. Ах нь Орос улсад амьдарлаа гээд надад Ниссан маркийн автомашин бэлэглэсэн. Хоёулаа цуг Баянзүрх дүүрэгт очиж нэрээ шилжүүлж авсан. Би хүний юм авсан гээд үнийг нь судалсан үнэ нь 4 000 000- 5 000 000 төгрөгийн хооронд байсан. Байцаагч Ч- бид хоёрыг дуудаж та хоёрын хооронд ямар нэгэн барьцаа байхгүй, бэлэглэсэн юм байна, гэхдээ баримтгүй юм байна гэж хэлсэн. Би мөнгийг бага багаар төлье гэтэл үнэ тохироогүй байж ямар мөнгө төлөх вэ гэж хүн зөвлөсөн учраас төлөөгүй. Би 100 000 төгрөг өгсөн. Надад бэлэглэсэн, бид сайн ах дүүс байсан машины асуудлаас болоод цусан төрөл биш танихгүй мэдэхгүй гэж өргөдөл өгсөн. Ах нь машинаа зарлаа гэсэн. Өөр ямар ч зүйл тохироогүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.М-аас 9 400 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ч-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 189 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.М-аас 165 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ч-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Л.Ч- маргаан бүхий автомашиныг надад бэлэглэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр 9 400 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Зах зээлийн үнэ болох 6 000 000 төгрөг болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Л.Ч- хариуцагч Н.М-ад холбогдуулан хохирол болох 10 900 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигч 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Л.Ч-ийн өмчлөлийн 0000 УНБ улсын дугаартай Ниссан теана маркийн тээврийн хэрэгслийг 11 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцсон боловч машины үнийг төлөөгүй гэх үйл баримтаар маргаж байна.

Хэргийн баримтаас үзэхэд зохигч худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч Ниссан теана маркийн тээврийн хэрэгслийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч үнийг төлөөгүй байна.

Нэхэмжлэгч нь түүний өмчлөлийн тээврийн хэрэгсэл 11 000 000 төгрөгийн үнэтэй гэдгийг нотлох үүрэгтэй юм. Хэрэгт авагдсан Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээ нь тухайн эд хөрөнгийг бодит байдлаар үзэж дүгнээгүй, хийсвэр дүгнэлт хийсэн. Зөвхөн автомашины гэрчилгээн дээр байгаа үзүүлэлтүүдийг харгалзан үнэлсэн үнэлгээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй баримт гэж дүгнэх боломжгүй юм. Нэхэмжлэгч автомашиныг 11 000 000 төгрөгийн үнэтэй, хариуцагч 6 000 000 төгрөг гэсэн агуулгаар маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотолж чадаагүй тул хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа тайлбарын хүрээнд 6 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцэх юм.

Нэхэмжлэгч Л.Ч-т 100 000 төгрөгийг хариуцагч төлсөнд маргаангүй тул хасч тооцох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд болон үнийн дүнд өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/01761 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж, 9 400 000 гэснийг 6 000 000 гэж, 1 500 000 гэснийг 4 900 000 гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад 165 350 гэснийг 110 950 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД