Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2020/01761

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2020 о      05 с       18 ө

Дугаар          101/ШШ2020/01761

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Т.Болормаа, шүүгч Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Оросын Холбооны Улсын Буриад Улсын Закаменск тосгонд оршин суух ............ /РД:................./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Залуус хотхон, 11-1 тоотод оршин суух ..........................-д холбогдох,

Гэм хорын хохиролд 10,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........., хариуцагч М, иргэдийн төлөөлөгч Т.Отгонцэцэг, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нямдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хариуцагч М нь 2015 онд нэхэмжлэгч Чийн өмчлөлийн Ниссан теана маркийн 09-56 УНБ улсын дугаартай автомашиныг 11,000,000 төгрөгөөр худалдан авна гэж залилан мэхэлж өөрийн нэр дээр шилжүүлэн аваад улмаар иргэн И.Дэнзансамбууд цааш дамжуулан худалдаж ашиг олсон Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн. Уг эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас хянаад 2016 оны 10-р сарын 26-ны өдрийн Дугаар 2716 Прокурорын тогтоол гарч “Яллагдагч Мыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй боловч нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна” гэж үзэн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч М нь уг эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс хойш 2019 оны 3-р сард нэг удаа 100,000 төгрөг шилжүүлснээс өөрөөр өнөөдрийг хүртэлх хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо огт төлөлгүй нэхэмжлэгчийг хохироогоод байна. Иймд хариуцагч Маас эрүүгийн гэмт хэргийн хохиролд нийт 10,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү...” гэв.

 

Хариуцагч М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Чингис бид хоёр ах дүүгийн барилдлагатай олон жил хамтарч ажиллаж байсан. Орос улсад би очиж барилддаг намайг хүлээж авдаг хамтран бизнес хийдэг байсан. Ах нь Орос улсад амьдарлаа гээд надад ниссан маркийн машин бэлэглэсэн. Хоёулаа цуг Баянзүрх дүүрэгт очиж нэрээ шилжүүлж авсан. Би  хүний юм авсан гээд үнийг нь судалсан үнэ нь 4-5 саяын хооронд байсан. Ченж залуучууд энэ машиныг 2 хоногийн өмнө зарна гээд ирж байсан гэж хэлсэн. Би тэгээд дотроо 4-5 сая төгрөг өгөхөд болох юм байна гэж бодож явсан гэтэл өнөөдөр 11 сая төгрөгт тохирсон гэж байна. Байцаагч Чингис бид хоёрыг дуудаж та хоёрын хооронд ямар нэгэн барьцаа байхгүй, бэлэглэсэн юм байна, гэхдээ баримтгүй юм байна гэж хэлсэн. Гэтэл надаас 11 сая төгрөг нэхсэн би хэрвээ та надад 11 сая төгрөгөөр зарах байсан бол би өөр машин авах байсан гэдгээ хэлсэн. Би мөнгийг бага багаар төлье гэтэл үнэ тохироогүй байж ямар мөнгө төлөх вэ гэж хүн зөвлөсөн учраас төлөөгүй. Би 100,000 төгрөг өгсөн. Надад бэлэглэсэн, бид сайн ах дүүс байсан машины асуудлаас болоод цусан төрөл биш танихгүй мэдэхгүй гэж өргөдөл өгсөн. Манай төрсөн ахаас асуухад үнэнийг хэлсэн. Сум орон нутгаар ч муу муухайгаараа хэлүүлж байна. Ээж нь миний хүүгийн машиныг танай хүү авч залилсан гэж хэлдэг. Манай аав 80 гарсан хөгшин байдаг эвгүй байдалд оруулдаг. Ах нь машинаа зарлаа гэсэн. Өөр ямар ч зүйл тохироогүй ...” гэв.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч хариуцагч Мад холбогдуулан “гэм хорын хохирол болох авто машины үнэд 10,900,000 төгрөг гаргуулах “тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч “зах зээлийн үнэ 4-5 сая төгрөг байсан, бэлэглэсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн үндэсний төв дээр иргэн Чийн өмчлөлийн 09-56 УНБ улсын дугаартай “ниссан теана” маркийн тээврийн хэрэгслийг 11,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож нэр дээрээ шилжүүлэн аваад цааш нь дамжуулан И.Дэнзэнсамбуу гэх хүний нэр дээр шилжүүлэн бусдад зарж иргэн Чийг хуурч мэхлэх аргаар залилан үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан болох нь зохигчийн тайлбар, 2016 оны 10 сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст яллагдагчаар өгсөн Мын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Мын дээрх үйлдлийг шалгах явцад сэжигтэн, яллагдагч М гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7-д зааснаар Мад холбогдох эрүүгийн 201625011674 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2716 дугаартай прокурорын тогтоолоор тогтоогдож байна.

 

Хариуцагч Мын үйлдлийн улмаас Чт эд хөрөнгийн хохирол учирсан тул тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Чийн хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...авто машиныг бэлэглэсэн, тухайн зах зээлийн ханш 4-5 сая төгрөг байсан... гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй.

 

Авто машины үнийг 11,000,000 төгрөгт тооцохоор тохиролцсон болохоо нэхэмжлэгч тал, 4-5 сая төгрөгийн үнэ ханштай байсан болохыг хариуцагч тал баримтаар нотолж чадаагүй, эрүүгийн хэрэгт шинжээч томилж үнэлгээ тогтоогоогүй гэж зохигч тайлбарлаж байна.

 

Хариуцагч Мын хүсэлтээр томилсон шинжээчийн дүгнэлтийг хэн аль нь эс зөвшөөрч дахин үнэлгээг тогтоолгохоор хүсэлт гаргаагүй тул “Вендо” ХХК-ийн авто машины 2015 оны 6 сарын байдлаарх үнийг 9,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр тооцох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Чт 100,000 төгрөгийг төлөөлөгч Х.Нямдэлгэрээр дамжуулан төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй тул 9,500,000 төгрөгөөс 100,000 төгрөгийг хасах нь зүйтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Маас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол болох авто машины үнэд 9,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Маас 9,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 189,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Маас 165,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.БАТЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧ                                    Т.БОЛОРМАА

 

                                         ШҮҮГЧ                                    Д.ЦЭРЭНДОЛГОР