Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 130

 

“Х з” ХХК-ийн гомдолтой, Өмнөговь

аймгийн Мэргэжлийн хяналтын газрын

 хүнсний чанар, стандартын хяналтын

улсын байцаагч М.Т-т

холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Б.Мөнхтуяа

                                                     Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч М.Т-ийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0142166 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 120/ШШ2019/0039 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 110 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Н.Н,

Хариуцагч М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 120/ШШ2019/0039 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 4.1 дүгээр зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус баримтлан “Х з” ХХК-ийн гаргасан Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 0142166 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 110 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, “Х з” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантогтох, Н.Нармандах нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гомдол гаргагч “Х з” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.Оюунсүрэн нь Монгол улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалаар батлагдсан “Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам”-ын 3.2 “Халдварт өвчин болон хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт, хүний амь нас эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар аюул, хор хохирол учруулж болохуйц нөхцөл үүссэн зэрэг төлөвлөгөөт бус хяналт шалгалт, түүнчлэн гүйцэтгэлийн шалгалтаар дээж авна./ гэж заасны дагуу “Даян хаан” зоогийн газарт гүйцэтгэлийн шалгалт хийхдээ тус зоогийн газрын хоолондоо хэрэглэсэн тахианы махны гарал үүсэл, огноог тодорхойлж, уг тахианы махны ижлээс дээж авсныг баримтжуулж албажуулж нян судлалын лабораторид хүргүүлээгүй. Харин манай “Наран” дэлгүүрээс хаяг шошготой тахианы махыг шинжилгээний дээжинд авч дээжийн протокол үйлдсэн байдаг. Гэтэл Өмнөговь аймгийн “Мал эмнэлэг ариун цэврийн лаборатори”-д хүлээлгэн өгсөн тахианы мах нь хаяг шошгогүй очсон байгаа нь мөн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Оюунсүрэн нь хоёр удаагийн шүүх хуралд хаяг шошгогүй тахианы мах дээжинд өгсөн гэж хүлээн зөвшөөрч мэдүүлсэн.

4. Аливаа хэрэг маргаанд нотлох баримтыг албажуулан чухалчилдаг байтал Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.О-гийн ямар ч нотлох баримтгүйгээр хаяг, шошгогүй дээж авч шинжилгээнд өгч, гарсан хариуг үндэслэсэн гэж мэдүүлж байгааг зөв болгон шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

5. “Наран” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Оюунсүрэнгийн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 59 минутанд “Наран" дэлгүүрээс тахианы махны дээж авахдаа хөргүүрээс хаяг шошго бүхий тахианы махыг авч байгаа нь, “Даян хаан” зоогийн газар нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 15.59 минутанд 6 кг тахианы цээж мах, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 13.25 минутанд 4 кг тахианы цээж мах, нийт 10 кг Хангэ ХХК-ны импортолсон хаяг шошготой тахианы цээж мах худалдан авсан байгаа нь тус тус харагдаж байгааг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж байна.

6. “Даян хаан” зоогийн газрын хоолонд хэрэглэсэн тахианы мах, мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Оюунсүрэнгийн мал эмнэлгийн лабораторид хүргэсэн тахианы мах нь тус тус хаяг шошгогүй байгааг манай “Наран” дэлгүүрээс авсан тахианы цээж мах биш гэж үзэж байна. /Хяналтын камерын бичлэгт маш тодорхой байгаа/

7. Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 120/ШШ2019/0039 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 110 дугаар магадлал нь тус тус хууль ёсны үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, улсын байцаагчийн 2019.08.19-ний өдрийн 0142166 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

8. Гомдол гаргагч “Х з” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Гомдол гаргагч “Х з” ХХК нь тахианы цээж мах худалдаалсан гэх Наран супермаркетын 2019.08.10-ны өдрийн 7 бичлэг, 2019.08.15-ны өдрийн 1 бичлэгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Камерын 7-р бичлэгийн 36 секундэд дэлгүүрийн кассны камерын хэсгийн бичлэг бичигдсэн бөгөөд улсын байцаагч цагаан өнгийн шошго бүхий тахианы цээж мах, майонезын хамт дэлгүүрийн кассан дээр авчирч тавьдаг. Бичлэгийн 1 минут 13 секундэд буюу тахайн өдрийн 14 цаг 48 минут 32 секундэд дээж авсан тухай тэмдэглэл үйлдэнэ. Бичлэгийн 3 минут 12 секундэд тахианы цээж махны шошгыг уншиж тэмдэглэлээ үргэлжлүүлж бичсэн байдаг. Уг бичлэгийн 12 минутаас 12 минут 20 секундэд дээрх тахианы цээж махыг дээж авсан бусад хүнсний зүйлийн хамтаар дэлгүүрээс авч гарахад 14 цаг 59 минут болж байсан. Энэхүү 8 бичлэгийг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Туяацэцэг нь бичлэгт бичигдсэн дээж авч явсан хүн улсын байцаагч Б.Оюунсүрэн мөн гэдгийг хэлдэг.

9. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.О Наран супермаркетын худалдаалж байсан тахианы цээж махнаас дээж авахдаа “Дээж авсан тухай тэмдэглэл” /хх-ийн 30 хуудас/ үйлдсэн бөгөөд уг тэмдэглэлд “хятад /цээж мах/” гэж тэмдэглэсэн байдаг.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан. Шүүх камерын бичлэгүүд нь дээж авсан цаг хугацааны бичлэг мөн гэж үзсэн атлаа хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох хэсэгчилсэн гэх камерын бичлэгийг тодруулахаар ямар нэг ажиллагааг хийх боломжгүй байсан хэдий ч хийгээгүй нь шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

11. Давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр явагдсан бөгөөд шүүх уг хуралдаанд хэргийн оролцогч биш хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биш этгээд болох Б.Оюунсүрэнг оролцуулж, тайлбар гаргуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болно. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Шүүхийн шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хэвээр үлдээж шийдвэрлэв.

13. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0142166 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасан “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, ...хүнсний бүтээгдэхүүн, ... худалдсан,...” гэх зөрчилд “Х з” ХХК /Наран дэлгүүр/-ийг 5,000,000 төгрөгөөр торгосон, гомдол гаргагч “Х з” ХХК-иас шүүхэд “... дээж авч, шинжилгээ хийлгэхдээ хууль журмыг зөрчсөн, ... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эрх үүрэг тайлбарлаагүй, шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгааг тодруулалгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр маргажээ.

14. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Даян хаан” зоогийн газарт 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авалтад оролцсон зарим хүмүүст хоолны хордлогын шинж тэмдэг илэрч, аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 52 дугаар зүйлийн 52.1-д заасан хяналт, шалгалтын хүрээнд тус зоогийн газрын хоолонд хэрэглэсэн болон худалдаж нийлүүлсэн гэх “Наран”, “Цогжавхлан” дэлгүүрүүдэд худалдаалж байсан тахианы цээж махнаас тус тус дээж авч ариун цэвэр, нян судлалын шинжилгээ хийлгэсэн, шинжилгээний дүн нь “Х з” ХХК /Наран дэлгүүр/-д холбогдуулж зөрчлийн хэрэг нээх үндэслэл болсонтой хэргийн оролцогчид маргаагүй байна.

15. Зөрчлийн материалаас үзвэл, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Оюунсүрэн нь 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Наран” супермаркетад худалдаалж байсан 2 кг-аар савласан нэг уут тахианы цээж махыг хураан авч, дээж авсан тухай тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд тэмдэглэлд тухайн бүтээгдэхүүний гаднах шинж тэмдэг, тухайлбал, хаяг, шошго, сав баглаа боодол зэргийг тодорхойлж бичилгүй, “Цогжавхлан” дэлгүүрээс хураан авсан 2 кг тахианы цээж мах /дээж/-тай хамтад нь нэг тэмдэглэлээр лабораторид хүлээлгэж өгсөн, итгэмжлэгдсэн лаборатори нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 12 дугаартай сорилтын дүн гаргахдаа “Наран” дэлгүүрийн дээжийг “4-07” гэж кодолсон зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

16. Эндээс үзвэл, эрх бүхий улсын байцаагч нь бүтээгдэхүүнээс дээж авахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 55.1.6, 55.1.7-д зааснаар дээж авах акт үйлдэх, актад тухайн бүтээгдэхүүнийг импортолсон улс болон үйлдвэрлэгчийн нэр, бүтээгдэхүүний нэр, төрөл, савлалт, цувралын дугаар, үйлдвэрлэсэн болон хадгалалтын дуусах хугацаа, нийт импортолсон болон дээж авсан тоо хэмжээ, дээжийн үнэ зэрэг үзүүлэлтийг бичих гэснийг, мөн хуулийн 55.3-т “улсын байцаагч холбогдох журмын дагуу дээж авч тухайн дээжийн бүрэн бүтэн байдал, ариун чанар, хадгалалт болон тээвэрлэлт, температурын горимыг хангана. Дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журмыг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах”-аар заасны дагуу Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалаар батлагдсан “Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдон журам”-ын 3, 3.4, 3.5, 3.6-д тус тус заасныг зөрчсөн гэж үзэх ч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 55.4-д “шалгуулагч этгээд дээж авах явцад байлцаж санал, гомдол гаргах эрхтэй”, Журмын 3.7-д “шалгуулагч этгээд дээж авах явцтай холбогдуулан мэргэжлийн хяналтын дээд шатны байгууллага, албан тушаалтанд ажлын 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй” гэснийг гомдол гаргагч хэрэгжүүлээгүй, шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрч маргаагүй атлаа шүүхэд “дээж” авах ажиллагааны талаар тухайн үеийн үйл баримтад холбогдуулж маргаж байгааг хүлээж авах боломжгүй.

17. Өөрөөр хэлбэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараагаар гомдол гаргагчаас, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад гомдол гаргах үндэслэл болсон “Наран” дэлгүүрийн камерын бичлэгээр улсын байцаагч Б.Оюунсүрэн нь уутан дээрээ шошго бүхий тахианы цээж махыг хурааж авсан гэх, уутан дээрээ ямар нэгэн шошгогүй тахианы цээж махыг хураасан гэх хэргийн оролцогчдын тайлбарын аль алиныг нотлохгүй бөгөөд уг үйл баримтыг нөхөн тогтоох боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх”-ээр заасныг зөрчөөгүй байна.

18. Нөгөө талаар улсын байцаагч Б.Оюунсүрэн нь “дээж” авахдаа Төрийн хяналт шалгалтын тухай 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэг, Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам”-ыг зөрчсөн гэх асуудал нь Итгэмжлэгдсэн лабораторийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар сорилтын дүнг “буруу” гарсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

19. Эндээс дүгнэвэл, “Х з” ХХК нь тухайн үедээ “дээж” авах ажиллагаатай холбогдуулан эрх бүхий этгээдэд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдуулан хяналт тавих эрх бүхий прокурорт харьяаллын дагуу ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүй, гаргасан зөрчлөө сайн дураар хүлээн зөвшөөрч, оногдуулсан торгуулийн зарим хэсгийг төлж барагдуулсны дараагаар “дээж” авсан ажиллагаатай холбогдуулан тухайн улсын байцаагчийн дээд шатны албан тушаалтанд гомдол гаргаж, улмаар энэ үндэслэлээр шүүхэд маргасныг хүлээн авах боломжгүй бөгөөд зөрчил шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийн эрхийг хангаагүй гэх болон зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардаж, албадан зөвшөөрүүлж тайлбар, мэдүүлэг авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар шүүхүүд зөрчлийн материалд авагдсан нотлох баримтад тулгуурлан зөв дүгнэсэн байна.

20. Иймд, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Г.Н нараас тус тус хяналтын журмаар гаргасан “... хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох хэсэгчилсэн гэх камерын бичлэгийг тодруулахаар ямар нэгэн ажиллагааг хийх боломжгүй байсан хэдий ч хийгээгүй нь шүүх нотлох баримт зарчмыг хэрэгжүүлээгүй гэх үзэхээр байна,... хаяг, шошготой махыг шинжилгээнд авсан /атлаа/ ... лабораторид хаяг шошгогүй мах өгсөн, ... зоогийн газрын хоолонд хэрэглэсэн тахианы мах, ... лабораторид хүргэсэн мах нь ... манай дэлгүүрийн мах биш” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 120/ШШ2019/0039 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 110 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Х з” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах, Г.Нарантогтох нараас тус тус хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тус тус гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 140400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                         Ч.ТУНГАЛАГ