Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/00547

 

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/00547

 

 

Х, Г- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00438 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х, Г- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:М-, Б-д нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Батбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х нь үеэл дүү Г-ын хамт иргэн Б-,М- нарын хүсэлтээр 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өөрсдийн 70 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.4 дэх хэсэгт 1 сарын 5 хувийн хүү төлнө гэж, 2.7 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувиар алданги төлөхөөр тохиролцсон.

М.Удбалжаргал, Б- нар зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 70 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлж барагдуулах хугацаагаа хэтрүүлж, улмаар 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээг дуусгавар болгох хэлцлийн дагуу үндсэн зээлийн төлбөрийг төлж барагдуулсан.

Зээлийн тооцоог гаргасан Г.Бямбажав нь хариуцагч Б-гийн Шинэ гарц ХХК-ийн нягтлан бодогч бөгөөд гэрээний хавсралтаар үлдэгдэл төлбөр 70 000 000 төгрөг, хүү 20 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо баталгаажуулсан. Талууд үндсэн төлбөр 70 000 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, хүүний үлдэгдэл 20 000 000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний хавсралт болох баримт үйлдсэн.

Талуудын хоорондох 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг дуусгавар болгох тухай хэлцэлд Г-аас авсан 30 000 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хэс авсан 70 000 000 төгрөгийн зээлийг дуусгавар болгохдоо 54 035 000 төгрөгийг бэлнээр, 49 965 000 төгрөгт байр оролцуулсан бөгөөд энэ нь 100 000 000 төгрөг болсон. Үүнээс дээрх 2 зээлийн гэрээний үндсэн үүрэг дуусгавар болсон.

2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсныг мөн өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 7 сарын хугацаатай сунгасан бөгөөд энэхүү сунгасан хугацааны зээлийн хүү 20 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХариуцагчМ- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу авсан зээл, түүний хүүг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээг дуусгавар болгох хэлцлийн дагуу төлж барагдуулсан.

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээг дуусгавар болгох хэлцэлд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Хэс авсан 70 000 000 төгрөгийн зээлийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгов. Хд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 54 дүгээр байрны 43 тоот байрыг 1 м.кв-ыг 1 450 000 төгрөгөөр тооцож нийт 31.7 нийт үнийн дүн 45 965 000 төгрөг, үлдэгдэл мөнгийг бэлнээр 54 035 000 төгрөг өгөв гэсэн байна. Үүний дээр зээлийн хүүнд 25 500 000 төгрөг бэлэн мөнгөөр төлсөн байгаагаас үзвэл 70 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 11 сарын хугацаатай зээлсний төлбөр тооцоо бүрэн дууссан, одоо зээл, түүний хүүгийн үлдэгдэл төлбөргүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний дагуу авсан зээл, түүний хүүг төлж барагдуулсан нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээг дуусгавар болгох хэлцлээс харагдана. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан зээлийн төлбөр тооцоо бүрэн дууссан, одоо зээл, хүүгийн үлдэгдэлгүй болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагчМ-, Б- нараас зээлийн гэрээний хүүд 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х, Г- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "нэхэмжлэгч нь талуудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хүү болох 20 000 000 төгрөгийг төлөөгүй, уг хүүг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй, энэхүү шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй" гэжээ. 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээний хавсралт гэсэн баримтад "үлдсэн 20 000 000 төгрөгийг 2018.06.01-ний өдрөөс өмнө төлж барагдуулахаар тохиролцов" гээд Х зээлдүүлэгчийг төлөөлж Г-, зээлдэгч талаас Б- нар гарын үсэг зурж, бичгээр үйлдсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн нь хавтас хэргийн 13 дугаар талд авагдсан байтал шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв. эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн байна.

Мөн зээлдүүлэгч, зээлдэгч нар 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээний хавсралтаар "...үлдсэн 20 000 000 төгрөгийг 2018.06.01-ний өдрөөс өмнө төлж барагдуулахаар тохиролцов. Үндсэн зээлийн төлбөр болох 70 000 000 төгрөгийг зээлийн гэрээний хавсралтын сунгагдсан хугацааны дагуу 2017.06.01-ний дотор төлж барагдуулна" гэж тохиролцсон. Ийнхүү хавсралтаар тогтсон үндсэн зээлийг төлөх өдрийн өмнөх өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 31-нд үндсэн зээлийн төлөлтийн талаар талууд харилцан тохирсон. Харин хүүний талаар өмнө нь 2017.04.18-ны өдөр тохиролцож, 2018.06.01-ний өдөр төлнө гэдгийг талууд мэдэж байсан учир дахиж тохиролцох шаардлагагүй юм.

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг дуусгавар болгох тухай бичиг нь өрийг хүлээн авсан тухай баримт бичиг бус 2017.06.01 болон 2018.06.01-нд төлөгдөх төлбөрүүдийн зөвхөн 2017.06.01-ний төлбөрийн тухайд л үйлдсэн баримт юм. Харин 2018.06.01-ний төлбөрийг төлөх хугацаа нь болоогүй, энэ талаар тохиролцчихсон байсан тул бүтэн жилийн өмнөөс төлөлтийн талаар дахин дахин шаардах шаардлагагүй байсан.

Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.1, 216 дугаар зүйлийн 216.4. заасны дагуу талууд тооцоо нийлж 2017 оны 06 дугаар сарын 01-ний дотор үндсэн зээлийн төлбөр 70 000 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор үлдсэн 20 000 000 төгрөгийн хүүг төлж барагдуулна хэмээн үүргийн гүйцэтгэлийн дарааллыг тогтоосон. Гэвч анхан шатны шүүх дээрх байдлыг харгалзахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

ХариуцагчМ-, Б- нар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийсэн байтал нэхэмжлэгч нарыг хүү авах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нар шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 27, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн барьцааны гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, 2017 оны 04 дүгээр сарын18-ны зээлийн гэрээний хавсралт, 2017 оны 05 дугаар сарын 31-ний зээлийн гэрээг дуусгавар болгох тухай баримт бичгүүд гээд зээлийн гэрээ байгуулсанаас хойш хариуцагч талтай үйлдэж байсан бүхий л баримтуудийг гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байсан байтал нотлох баримтыг шүүхэд ирүүлсэнгүй гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х, Г- нар хариуцагчМ-, Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний хүүд 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Зээлдүүлэгч Х нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 70 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэйгээрМ-д зээлдүүлэх талаар тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгожМ- нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204056641 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48б дугаар байр, 3 тоот хаягт байршилтай, 69.5 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг Хтэй байгуулсан, гэрээг мөн өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Талууд зээлийн гэрээний дагуу үндсэн үүрэг 70 000 000 төгрөг дуусгавар болсон талаар маргаагүй, гагцхүү 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний хавсралтаар 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон хүү 20 000 000 төгрөг төлөгдсөн эсэх талаар маргаж байна.

 

Нэхэмжлэгч Г-, хариуцагч Б- нар гарын үсэг зурсан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээний хавсралт нэртэй баримтад 2016.04.27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээ дууссан өдрөөс хойш 2017.06.01 хүртэл гэрээг сунгав. Сунгасан хугацаанд үндсэн зээлийн гэрээний хүүг хэвээр үргэлжүүлэн төлөх ба 2016.10.27-оос 2017.06.01 хүртэл 7 сарын хүү болох 24 500 000 төгрөгийн хүүнээс зээлдэгч нар 4 500 000 төгрөгийг зээлдэгч талд төлсөн. Үлдсэн 20 000 000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, үндсэн зээлийн төлбөр 70 000 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулна гэж тохиоролцсон боловч Г- болон Б- нар нь Х болонМ- нарын зээлийн гэрээний талууд биш байхаас гадна тэдгээрт уг зээлийн гэрээтэй холбоотой хэлцэл хийх эрхийг олгоогүй байна. /хх 13 дахь тал/

 

Иймд Х болонМ- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа сунгагдсан гэж дүгнэхгүй юм.

 

Түүнчлэн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээг дуусгавар болгох тухай 2 удаагийн баримтыг Г-, Б- нар үйлдсэн байх бөгөөд ба уг баримтын нэг нь Г-аас зээлдэж авсан 30 000 000 төгрөгийн зээл, нөгөө нь Хэс зээлж авсан 70 000 000 төгрөгийн зээлийг тус тус дуусгавар болгосон агуулгатай байна. Х, Б.Удбалжаргал нарын хооронд үүссэн зээлийн үүрэгтэй холбоотой хэлцэл хийх эрхийг мөн адил Г-, Б- нарт гэрээний талууд олгоогүй хэдий ч нэхэмжлэгч тал тайлбараараа уг зээлийн үүргийг төлөгдсөн гэж хүлээж зөвшөөрсөн, маргаагүй тул зээлдэгч Б.Удбалжаргалаас Хд зээлийн үндсэн үүрэг 70 000 000 төгрөгийг төлсөн нь талуудын хооронд тогтоогдсон үйл баримт гэж дүгнэнэ. /хх42, 43 дах тал/

 

Зээл эргэн төлөлөтийн дэлгэрэнгүй хүснэгт-ийг зээлдүүлэгч Х үйлдсэн байх бөгөөд уг хүснэгтээс 25 500 000 төгрөгийг зээлдэгч төлсөн гэсэн тэмдэглэлийг хийснийг 70 000 000 төгрөгийн зээлийн хүүд төлөгдсөн гэж дүгнэх юм.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар зээлдэгч Б.Удбалжаргал нь 70 000 000 төгрөгийн зээлийн хүүд 20 000 000 төгрөг төлөх үүрэгтэй гэдгийг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

Энэ зээлийн гэрээний зээлдэгч нь Б- биш байх тул нэхэмжлэгч нь түүнээс зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй тул анхан шатны шүүх түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 257 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Э.ЗОЛЗАЯА