Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2019/00438

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 01 өдөр          Дугаар 101/ШШ2019/00438          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 18 дугаар байрны 54 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Содномпүрэвийн Х,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 53 дугаар байрны 11 тоот хаягт оршин суух, Үйзэн овогт Ганбаатарын Г нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48Б байрны 3 тоот хаягт оршин суух, Хэрэйд овогт Мягмарцэрэнгийн У,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скуэр 505Б-904 тоот хаягт оршин суух, Ажиндайсанчоно овогт Баяраагийн Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний хүүд 20.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр,

Хариуцагч М.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхсайхан,

Хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Х, Г.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Х нь үеэл дүү Г.Гын хамт иргэн Б.Б, М.У нарын хүсэлтээр 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өөрсдийн 70.000.000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.

Зээлийн гэрээнд С.Х болон М.У нар гарын үсэг зурсан. Талууд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй бол гэрээний 2.7-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувиар алданги төлөхөөр тохиролцсон.

М.У, Б.Б нар “Зээлийн гэрээ”-ний үндсэн үүрэг болох 70.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлж барагдуулах  хугацаагаа хэтрүүлж, улмаар 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээг дуусгавар болгох хэлцлийн дагуу үндсэн зээлийн төлбөрийг төлж барагдуулсан.

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Зээлийн гэрээ”- ний 2.4-р зүйлд 1 сарын 5%-ийн хүү төлнө гэж тохирсон.

Мөн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний хавсралтаар үндсэн төлбөр 70.000.000 төгрөгийг төлсөн, хүүд 24.500.000 төгрөг төлөхөөс  4.500.000 төгрөг төлсөн, үлдсэн 20.000.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөхөөр тохирч, үндсэн зээл 70.000.000 төгрөгийг зээлийн гэрээний хавсралтын сунгасан хугацааны дагуу 2017.06.01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон байдаг.

Зээлийн тооцоог гаргасан Г.Бямбажав нь хариуцагч Б.Бгийн “Шинэ гарц” ХХК-ийн нягтлан бодогч бөгөөд гэрээний хавсралтаар үлдэгдэл төлбөр 70.000.000 төгрөг, хүү 20.000.000 төгрөг, нийт 90.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй  болохоо баталгаажуулсан.

Талууд үндсэн төлбөр 70.000.000 төгрөгийг 2017.06.01-ний өдөр, хүүний үлдэгдэл 20.000.000 төгрөгийг 2018.06.01-ны өдөр төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний хавсралт болох баримт үйлдсэн. 

Талуудын хоорондох 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн  гэрээг дуусгавар болгох тухай хэлцэлд Г.Гаас авсан 30.000.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр С.Хэс авсан 70.000.000 төгрөгийн зээлийг дуусгавар болгохдоо 54.035.000 төгрөгийг бэлнээр, 49.965.000 төгрөгт байр оролцуулсан бөгөөд энэ нь 100.000.000 төгрөг болсон. Үүнээс дээрх 2 зээлийн гэрээний үндсэн үүрэг дуусгавар болсон нь харагдана. 

2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсныг мөн өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 7 сарын хугацаатай сунгасан бөгөөд энэхүү сунгасан хугацааны хүүг нэхэмжилсэн.

Хариуцагч нараас шүүхэд гаргаж өгсөн санхүүгийн баримтууд нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө 20.000.000 төгрөгийн зээлийн хүүг төлсөн гэдэг агуулгаар гаргаж өгсөн байх гэж ойлгосон.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу 20.000.000 төгрөг төлөхөөр байна.

Иймд С.Х, М.У нараас зээлийн гэрээний хүүд 20.000.000  төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Хас-Эрдэнийн иргэн С.Х, М.У нарын хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний хүүнд 20.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлд дурдсанаар уг зээлийн гэрээний дагуу авсан зээл, түүний хүүг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээг дуусгавар болгох хэлцлийн дагуу төлж барагдуулсан. Тухайлбал:

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээг дуусгавар болгох хэлцэлд “2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэн С.Хэс авсан 70.000.000 төгрөгийн зээлийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгов. С.Хд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 54 дүгээр байрны 43 тоот байрыг 1 м.кв-ыг 1.450.000 төгрөгөөр тооцож нийт 31.7 нийт үнийн дүн 45.965.000 төгрөг, үлдэгдэл мөнгийг бэлнээр 54.035.000 төгрөг өгөв” гэсэн байна.

Үүний дээр зээлийн хүүнд 25.500.000 төгрөг бэлэн мөнгөөр төлсөн байгаагаас үзвэл 70 сая төгрөг сарын 5 хувийн хүүтэй 11 сарын хугацаатай зээлсний төлбөр тооцоо бүрэн дууссан, одоо зээл, түүний хүүгийн үлдэгдэл төлбөргүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний хавсралтаар хүү 20.000.000 төгрөг үлдсэнийг  баталгаажуулсан гэх боловч зээлийн гэрээний оролцогчид нь С.Х, М.Удвалжаргал байна. Гэтэл дээрх хүүг баталгаажуулсан гэх баримтыг Г.Г, Г.Б нар үйлдсэн, үүнийг гэрээ гэж үзэх боломжгүй, эдгээр хүмүүс 2016.04.27-ны өдрийн гэрээний талууд биш юм. 

Үүнийг нотлох баримт гэж үзвэл үүнээс хойш 1 сар 13 хоногийн дараа буюу 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Г.Г, Г.Б нар дахин гэрээний шаардлага, стандартад нийцэхгүй хэлцэл маягийн зүйл байгуулж, уг хэлцлээр зээлийн гэрээг дуусгавар болгосон байдаг.

Тэгэхээр нэхэмжлэлд дурдсан мөнгийг 2 янзаар бичээд зээл, зээлийн хүү гэж хаалтад бичээд зээлдүүлэгч С.Х, түүнийг төлөөлж Г.Г, зээлдэгч Г.Б гэснээс үзэхэд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн бичгийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг хангах үндэслэл гэж үзэж байгаа бол зээлийн гэрээг дуусгавар болгосон гэх баримт үйлдэгдсэн байна. 

Иймд  Б.Б, М.У нараас зээлийн гэрээний хүүд 20.000.000 төгрөг гаргуулах тухай С.Х, Г.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Хас-Эрдэнийн гаргасан иргэн С.Х, М.У нарын хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний хүүнд 20.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцахад зээлдэгч М.У нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсанчлан уг зээлийн гэрээний дагуу авсан зээл, түүний хүүг төлж барагдуулсан нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээг дуусгавар болгох хэлцлээс харагдаж байна.

Ийнхүү хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан зээлийн төлбөр тооцоо бүрэн дууссан, одоо зээл, хүүгийн үлдэгдэлгүй болох нь тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар Б.Б, М.У нараас зээлийн гэрээний хүүд 20.000.000 төгрөг гаргуулах тухай С.Х, Г.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч С.Х, Г.Г нар хариуцагч М.У, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний хүүд 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн  зээлийн гэрээний хавсралт 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн баримтаар 2016.10.27-ны өдрөөс 2017.06.01-ний өдөр хүртэлх 7 сарын хугацааны хүүд 24.500.000 төгрөг төлөхөөс 4.500.000 төгрөгийг төлж, үлдэх 20.000.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэл үндэслэлтэй гэж,

 

Хариуцагч нь талуудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 31.7 м.кв талбайтай орон сууцыг 45.965.000 төгрөгт, бэлнээр 54.035.000 төгрөг хүлээлгэн өгснөөр гэрээний үүрэг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

                          

Зээлдүүлэгч С.Х нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 70.000.000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, / 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл/ сарын 5 хувийн хүүтэйгээр М.Уд зээлдүүлэх,  зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцож зээлдэгчээр  төлүүлэх,

Зээлдэгч М.У нь зээлийг, хүүгийн хамт хугацаанд нь эргүүлэн төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулагдсан,

гэрээний зээлдүүлэгч талд С.Х,  зээлдэгч талд М.У нар гарын үсэг зурцгаасан байна.

/хх-ийн 9 дүгээр тал/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож М.У нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204056641 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48б дугаар байр, 3 тоот хаягт байршилтай, 69.5 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө  барьцаалсан барьцааны гэрээг С.Хтэй байгуулсан, гэрээг мөн өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

/хх-ийн 10-11 дүгээр тал/

С.Х, М.У нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний талаар зохигч маргаагүй тул талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан  шаардлага хангасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Талууд зээлийн гэрээний дагуу үндсэн үүрэг 70.000.000 төгрөг дуусгавар болсон талаар маргаагүй, гагцхүү 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний хавсралтаар 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр  тохиролцсон хүү 20.000.000 төгрөг төлөгдсөн эсэх талаар маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь зээлдүүлэгч Г.Г, зээлдэгч Б.Б нар гарын үсэг зурсан 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний хавсралт, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт зэргийг нэхэмжлэлийн үндэслэл болгосон.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтээс үзэхэд үндсэн зээл 70.000.000 төгрөг, төлөгдөх хүүг 2016.07.27-ны өдрөөс 2017.05.27-ны өдөр хүртэлх хугацаагаар сарын 3.500.000 төгрөгөөр тооцож 45.500.000 төгрөг, хүүнээс төлсөн нь 25.500.000 төгрөг, төлбөл зохих хүү 20.000.000 төгрөг, үлдэгдэл 90.000.000 төгрөг гэх тооцооллыг  гаргасан.

/хх-ийн 12 дугаар тал/

 

Уг баримт хэзээ үйлдсэн болох нь тодорхойгүй, огноо тавигдаагүйгээс гадна баримтад нэхэмжлэгч С.Х, зээлийн тооцоо гаргасан Г.Бямбажав гэх гарын үсэг зурагдсанаас үзэхэд зээлийн гэрээний оролцогч талууд тооцоо нийлж, гэрээг дүгнэсэн, ийнхүү дүгнэсний үндсэн дээр үндсэн зээлийн үлдэгдэл 70.000.000 төгрөг, хүүд 45.500.000 төгрөг төлөхөөс 25.500.000 төгрөг төлсөн, үлдэх хүү 20.000.000 төгрөг, нийт төлөх нь 90.000.000 төгрөг байхаар тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.   

Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Б.Б нар гарын үсэг зурсан 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний хавсралтад 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээ дууссан өдрөөс хойш 2017.06.01 хүртэл гэрээг сунгаж, 2016.10.27-ны өдрөөс 2017.06.01-ний өдөр хүртэл 7 сарын хүү болох 24.500.000 төгрөг төлөхөөс 4.500.000 төгрөгийг төлж, үлдэх 20.000.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, үндсэн зээлийн төлбөр 70.000.000 төгрөгийг 2017.06.01-ний өдөр төлж дуусгах талаар тусгасан. 

 

/хх-ийн 13 дугаар тал/

 

Дээрх баримтаас хойших хугацаанд буюу 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Зээлийн гэрээг дуусгавар болгох” тухай 2 удаагийн баримт үйлдэгдсэн байх ба уг баримтын нэг нь зээлдүүлэгч Г.Г, зээлдэгч Б.Б нарын хооронд, нөгөө нь зээлдүүлэгч С.Х /Г.Г гарын үсэг зурсан/, түүнийг төлөөлж Г.Г, зээлдэгч Б.Б нар гарын үсэг зуржээ.

 

2017.05.31-ний өдрийн зээлдүүлэгч Г.Г, зээлдэгч Б.Б нарын хооронд хийгдсэн “Зээлийн гэрээг дуусгавар болгох тухай” баримтад: “2016 оны 07 сарын 06-ны өдөр иргэн Гаас авсан 30.000.000 төгрөгийн зээлийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгов. Гт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 54 дүгээр байрны 43 тоот байрыг 1м.кв 1.450.000 төгрөгөөр нийт 31.7 м.кв нийт үнийн дүн 45.965.000 төгрөг, үлдэгдэл мөнгийг бэлнээр 54.035.000 төгрөг өгөв”,

Мөн өдөр зээлдүүлэгч С.Х /Г.Г гарын үсэг зурсан/, зээлдүүлэгчийг төлөөлөгч  Г.Г, зээлдэгч Б.Б нарын хооронд хийгдсэн  “Зээлийн гэрээг дуусгавар болгох тухай” баримтад: “2016 оны 04 сарын 27-ны өдөр иргэн Хэс авсан 70.000.000 төгрөгийн зээлийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгов. Хд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 54 дүгээр байрны 43 тоот байрыг 1м.кв 1.450.000 төгрөгөөр нийт 31.7 м.кв нийт үнийн дүн 45.965.000 төгрөг, үлдэгдэл мөнгийг бэлнээр 54.035.000 төгрөг өгөв” гэсэн байна. 

/хх-ийн 42-43 дугаар тал/

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд талууд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ”Зээлийн гэрээг дуусгавар болгох” тухай баримтад зээлийн гэрээний хүүг хэрхсэн талаар тусгаагүй болох нь тогтоогдож байна. 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.4-т: “Өрийг хүлээн авсан тухай баримт бичигт хүүгийн тухай заагаагүй бол хүүг төлсөн гэж үзэж мөнгөн төлбөрийн үүрэг бүхэлдээ дуусгавар болно” гэж зааснаас үзэхэд зээлдэгч нь зээлдүүлэгчтэй 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг  дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй.

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь талуудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хүү болох 20.000.000 төгрөгийг төлөөгүй, уг хүүг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй, энэхүү шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд хариуцагч М.У, Б.Б нараас зээлийн гэрээний хүүд 20.000.000 төгрөг гаргуулах тухай С.Х, Г.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч М.У, Б.Б нараас зээлийн гэрээний хүүд 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Х, Г.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.     

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ЦОЛМОНГЭРЭЛ