Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00591

 

 

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00591

 

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00257 дугаар шийдвэртэй,

 

нэхэмжлэгч: Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т холбогдох,

 

ган хоолой нийлүүлэх гэрээний алданги 24 673 010 төгрөг, цайран хоолой нийлүүлэх гэрээний алданги 12 149 925 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Батхуяг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Гансүх

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-тай 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 84 219 718 төгрөгийн үнийн дүнтэй Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт ган хоолой нийлүүлэх гэрээ, 114 893 185 төгрөгийн үнийн дүнтэй Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт цайран хоолой нийлүүлэх гэрээ-г тус тус байгуулсан.

Ган болон цайран хоолойг гэрээгээр 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор нийлүүлж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Ган хоолойг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5.58 тонн буюу 11 793 276 төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 5 хоног хугацаа хэтрүүлж 36.17 тонн 72 295 894 төгрөгийн хэмжээгээр өгсөн. Нийт 84 089 170 төгрөгийн ган хоолой нийлүүлсэн.

Цайран хоолойг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 22 хоног хугацаа хэтрүүлж 14.7 тонн 33 468 380 төгрөгийн, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 52 хоног хугацаа хэтрүүлж 34.3 тонн 81 424 805 төгрөгийн хэмжээгээр өгсөн. Нийт 114 893 185 төгрөгийн цайран хоолой нийлүүлсэн.

Талууд барааг нийлүүлсэн тухай бүрт зарлагын баримт үйлдэж, ган хоолойг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр, цайран хоолойг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус тус бараа материал хүлээн авсан акт үйлдэж хүлээлгэн өгсөн болно.

Гэрээний ерөнхий нөхцөлийн 17-д Захиалагч нийлүүлэгчийн хугацаа хоцорч нийлүүлсэн бараа, гүйцэтгэсэн үйлчилгээний гэрээний үнийн ГТН-10-д заасан 0.5 хувьтай тэнцэх алданги оногдуулна гэж заасны дагуу ган хоолойг нийлүүлэхдээ гэрээний хугацааг 5 хоногоор хэтрүүлсэн тул нийлүүлэгч талд 1 807 397 төгрөгийн алданги, цайран хоолойг нийлүүлэхдээ 22 хоног, 54 хоногоор хэтрүүлсэн гэж нийлүүлэгч талд 25 606 942 төгрөгийн алданги тооцсон. Ийнхүү тооцохдоо 810 543 төгрөгийн алданги буруу тооцсон.

Талууд 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Тооцоо нийлсэн акт-ыг үйлдэж баталгаажуулсан бөгөөд нийлүүлэгч талд ган хоолойн ажилд 1 807 397 төгрөгийн алданги, цайран хоолойн ажилд 25 606 942 төгрөгийн алдангийг нийлүүлсэн барааны нийт төлбөрөөс хасаж тооцсон.

Хариуцагч тал гэрээний ерөнхий нөхцлийн 14, гэрээний тусгай нөхцлийн 8, 14.4.1, 14.5.1-д Барааг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор нэхэмжлэх болон захиалагчийн хүлээн авсан тухай актыг үндэслэн төлбөрийг 100 хувь төлнө гэж заасныг зөрчиж, өнөөдрийг хүртэл төлөөгүй хугацаа хэтэрсэн тул ган хоолойн гэрээний алданги 24 673 010 төгрөгийг, цайран хоолойн гэрээний алданги 11 339 382 төгрөг, хариуцагч тал алданги тооцохдоо нэмж тооцсон алданги 810 543 төгрөгийг нэмж нийт 12 149 925 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК нь тус газраас зарласан Ган хоолой болон цайран хоолой нийлүүлэгчийг сонгон шалгаруулсан нээлттэй тендерт шалгарсан учир 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэрээг байгуулсан. Гэрээгээр бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаа, үнэ болон бусад нөхцлүүдийг тодорхой тусгасан 14 заалтыг харилцан тохиролцож гарын үсэг зуран, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна.

Н ХХК нь тус гэрээний 5 дугаар заалт буюу ган хоолойг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгнө гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүйгээр 5 хоногийн хугацаа хэтрүүлэн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бараа нийлүүлсэн учир гэрээний 11 дүгээр заалтын дагуу үнийн дүнгээс 0.5 хувийн алданги 1 807 397 төгрөг тооцсон болно.

Харин цайран хоолойг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгнө гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүйгээр 52 хоногийн хугацаа хэтрүүлэн 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бараагаа бүрэн нийлүүлсэн учир гэрээний 11 дүгээр заалтын дагуу үнийн дүнгээс 0.5 хувийн алданги 25 606 942 төгрөг тооцож авсан болно.

Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тооцооллыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газартай тооцоолол хийж баталгаажуулсан. Иймд Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас ган болон цайран хоолойг худалдах, худалдан авах гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн алдангид 28 361 065 төгрөгийг гаргуулж Н ХХК-д олгож, Н ХХК-ийн алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 923 483 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 490 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 299 755 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

"Н" ХХК нь 2018 онд "Орон сууц нийтийн аж ахуйн ахуйн удирдах газар"-аас зарласан ган хоолой болон цайран хоолой нийлүүлэх тендерт шалгаран гэрээ байгуулахдаа бүтээгдэхүүнээ 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нийлүүлэх хугацааг тохиролцсон боловч ган хоолойг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр буюу 5 хоног хугацааг хэтрүүлэн, цайран хоолойг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр буюу 52 хоног хугацаа хэтрүүлэн нийлүүлсэн байна. Тухайлбал "Н" ХХК нь гэрээний хугацаа хэтрүүлэн бараа бүтээгдэхүүн нийлүүлсний дараа худалдан авагчтай тооцоогоо 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нийлэн ган хоолой нийлүүлсэн үнийн дүнд 82 281 772 төгрөг, цайран хоолой нийлүүлсэн үнийн дүнд 89 286 242 төгрөг нэхэмжлэн авахаар тохиролцож баталгаажуулсан юм.

Худалдан авагч буюу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь дээрх тооцоо нийлэн баталгаажуулсан үнийн дүнгээр нэхэмжлэх хүлээн авсны дараа төлбөрийг хийсэн бөгөөд дээрх хугацаанаас өмнө худалдан авагчид нэхэмжлэх ирээгүй ба нийлүүлэгч нь дангаараа нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлон шаардлага гаргах ч боломжгүй юм.

Монгол улсын Сангийн сайдын 2012 оны 81 дугаар тушаалаар баталсан "Тендерийн жишиг баримт бичиг шинэчлэн батлах тухай журмын дагуу гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд өөрөөр заагүй бол захиалагч төлбөрийг нэхэмжлэх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шуурхай хийнэ гэж заасан.

Иймд "Н" ХХК нь тендер болон ган хоолой, цайран хоолой нийлүүлэх гэрээний хугацаа хэтрүүлэн бүтээгдэхүүнээ нийлүүлсэн, төлбөрийн нэхэмжлэхийг талуудын тооцоо нийлсэн дараагаар ирүүлсэн байтал анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн баримтын дүн болох ган хоолой нийлүүлсэн үнийн дүн 82 281 772 төгрөг, цайран хоолой 89 286 242 төгрөгийг үндэслэл болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс 28 361 065 төгрөгийн алдангид гаргуулан хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т холбогдуулан ган хоолой нийлүүлэх гэрээний алдангид 24 673 010 төгрөг, цайран хоолой нийлүүлэх гэрээний алдангид 12 149 925 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр орон сууц нийтийн аж аж ахуйн удирдах газарт ган хоолой болон цайран хоолой нийлүүлэх гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр Н ХХК нь 84 219 718 төгрөгийн ган хоолой, 114 893 185 төгрөгийн цайран хоолойг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дотор Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т нийлүүлэх, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь 100 хувь барааг хүлээн авснаар Н ХХК-д гэрээний үнэ төлөх үүргийг тус тус хүлээсэн. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Түүнчлэн талууд гэрээний 6 дугаар зүйлд тус гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлүүд нь гэрээний салшгүй хэсэг байхаар тохиролцсон ба гэрээний тусгай нөхцөлийн 14.4.1-д зааснаар ...60 хоногийн дотор ... төлбөрийг 100 хувь төлнө гэж, гэрээний ерөнхий нөхцөлийн 17.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн.

 

Нэхэмжлэгч нь ган хоолойг 2018 оны 08 дугаар сарын 10, мөн оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус тус хүлээлгэн өгч, акт үйлдсэн ба бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхдээ 5 хоногоор, мөн цайран хоолойг 2018 оны 09 дүгээр сарын 07, мөн оны 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд тус тус хүлээлгэн өгч, акт үйлдсэн ба бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхдээ 22 хоног болон 54 хоногоор хугацаа хэтрүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1.-д зааснаар үүргээ хугацаанд биелүүлээгүй байна.

 

Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь гэрээнд заагдсаны дагуу гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр ган хоолойн гэрээний дагуу алдангийг нэхэмжлэгч Н ХХК-д өгөхөөр тохиролцсон 84 219 718 төгрөгийн дүнгээс хасаж тооцон нийт 82 281 772 төгрөгийн, мөн цайран хоолойн гэрээний дагуу алдангийг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсон 114 893 185 төгрөгийн дүнгээс хасаж тооцон нийт 89 286 242 төгрөгийн өглөг үүссэн нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ган хоолойн тооцооны үлдэгдлийн баталгаа болон цайран хоолойн тооцооны үлдэгдлийн баталгаа, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 33, 72 дахь тал/

 

Хариуцагч нь цайран хоолойн гэрээний төлбөр 89 286 242 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, ган хоолойн гэрээний төлбөр 82 281 772 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус тус нэхэмжлэгчид шилжүүлсэн нь төлбөрийн даалгаврын баримт, Н ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны харилцагчийн дансны хуулгаар тогтоогджээ. /хх 105-108 дахьтал/

 

Нэхэмжлэгч буюу худалдагч нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2 гэрээний тооцоог нийлэхдээ өөрийн зүгээс алданги шаардаж, тооцоонд оруулаагүйгээс гадна гэрээнд заасан хугацааг өөрөө хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз шаардах эрхээ алджээ.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00257 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т холбогдох худалдах, худалдан авах гэрээний алдангид нийт 36 822 935 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 490 670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул давж заалдах гомдол гаргахад төлсөн 299 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА