Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00057

 

“...тек интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00257 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 591 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “...тек интернэшнл” ХХК

          Хариуцагч: “...н удирдах газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-т холбогдох

         Нийт 36,822,935 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хариуцагчтай 2018-07-16-ны өдөр 84,219,718 төгрөгийн үнийн дүнтэй ган хоолой нийлүүлэх гэрээ, 114,893,185 төгрөгийн үнийн дүнтэй цайран хоолой нийлүүлэх гэрээг тус тус байгуулсан. Ган болон цайран хоолойг гэрээгээр 2018-07-16-с хойш 30 хоногийн дотор нийлүүлж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Ган хоолойг 2018-08-10-ны өдөр 5.58 тонн буюу 11,793,276 төгрөгийн, 2018-08-22-ны өдөр 5 хоног хугацаа хэтрүүлж 36.17 тонн 72,295,894 төгрөгийн хэмжээгээр өгсөн. Нийт 84,089,170 төгрөгийн ган хоолой нийлүүлсэн. Цайран хоолойг 2018-09-07-ны өдөр 22 хоног хугацаа хэтрүүлж 14.7 тонн 33,468,380 төгрөгийн, 2018-10-07-ны өдөр 52 хоног хугацаа хэтрүүлж 34.3 тонн 81,424,805 төгрөгийн хэмжээгээр өгсөн. Нийт 114,893,185 төгрөгийн цайран хоолой нийлүүлсэн. Талууд барааг нийлүүлсэн тухай бүрт зарлагын баримт үйлдэж, ган хоолойг 2018-08-22-ны өдөр, цайран хоолойг 2018-10-07-ны өдөр тус тус бараа материал хүлээн авсан акт үйлдэж хүлээлгэн өгсөн болно. Гэрээний ерөнхий нөхцөлийн 17-д ...хугацаа хоцорч нийлүүлсэн бараа, гүйцэтгэсэн үйлчилгээний гэрээний үнийн ГТН-10-д заасан 0.5%-тай тэнцэх алданги оногдуулна гэж заасан. Ган хоолойг нийлүүлэхдээ гэрээний хугацааг 5 хоногоор хэтрүүлсэн тул нийлүүлэгч талд 1,807,397 төгрөгийн алданги, цайран хоолойг нийлүүлэхдээ 22 хоног, 54 хоногоор хэтрүүлсэн гэж нийлүүлэгч талд 25,606,942 төгрөгийн алданги тооцсон ба тооцохдоо 810,543 төгрөгийн алданги буруу тооцсон. Талууд 2018-01-01-с 2018-12-07-ны өдөр хүртэл тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан. Нийлүүлэгч талд ган хоолойн ажилд 1,807,397 төгрөгийн алданги, цайран хоолойн ажилд 25,606,942 төгрөгийн алдангийг нийлүүлсэн барааны нийт төлбөрөөс хасаж тооцсон. Хариуцагч гэрээний ерөнхий нөхцөлийн 14, гэрээний тусгай нөхцөлийн 8, 14.4.1, 14.5.1-д Барааг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор нэхэмжлэх болон захиалагчийн хүлээн авсан тухай актыг үндэслэн төлбөрийг 100% төлнө гэж заасныг зөрчиж, өнөөдрийг хүртэл төлөөгүй хугацаа хэтэрсэн. Иймд ган хоолойн гэрээний алдангид 24,673,010 төгрөг, цайран хоолойн гэрээний алдангид 12,149,925 төгрөг /11,339,382 төгрөг авах ёстой бөгөөд хариуцагч алданги тооцохдоо нэмсэн алданги 810,543 төгрөг/-г гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгч нь Ган хоолой болон цайран хоолой нийлүүлэгчийг сонгон шалгаруулсан нээлттэй тендерт шалгарсан учир 2018-07-16-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээгээр бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаа, үнэ болон бусад нөхцөлүүдийг тодорхой тусгасан 14 заалтыг харилцан тохиролцож гарын үсэг зуран, тамга, тэмдгээр баталгаажуулсан. “...тек интернэшнл” ХХК гэрээний 5-р ган хоолойг 2018-07-16-с 2018-08-16-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгнө гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүйгээр 5 хоног хугацаа хэтрүүлэн 2018-08-22-ны өдөр бараа нийлүүлсэн учир гэрээний 11-р заалтын дагуу үнийн дүнгээс 0.5%-н алданги 1,807,397 төгрөг тооцсон. Харин цайран хоолойг 2018-07-16-с 2018-08-16-ны дотор нийлүүлж хүлээлгэж өгнө гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүйгээр 52 хоногийн хугацаа хэтрүүлэн 2018-10-07-ны өдөр бараагаа бүрэн нийлүүлсэн учир гэрээний 11-р заалтын дагуу үнийн дүнгээс 0.5%-н алданги 25,606,942 төгрөг тооцсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тооцооллыг ...н удирдах газар хийж баталгаажуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00257 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-г баримтлан ...н удирдах газар ОНӨААТҮГ-аас 28,361,065 төгрөг гаргуулж ...тек интернэшнл ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,923,483 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 490,670 /281,320+209,350/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 299,755.33 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 591 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00257 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 490,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 299 800 төгрөгийг  захирамжаар буцаан олгохоор заажээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Талууд барааг нийлүүлсэн тухай бүрт зарлагын баримт үйлдэж, Ган хоолойг 2018-08-22-ны өдөр, Цайран хоолойг 2018-10-07-ны өдөр тус тус акт үйлдэж хүлээлгэн өгсөн. Нийлүүлэгч тал “бараа материал хүлээн авсан акт” үйлдсэн өдөр анх 2018-08-22-ны өдөр, 2018-10-07-ны өдрүүдэд тус тус зарлагын баримт болон төлбөрийн “нэхэмжлэх”-г захиалагчид хүргүүлсэн байхад нэхэмжлэх огт өгч байгаагүй мэтээр хариуцагч тайлбарласан. Шүүх нотлох баримт тайлбарыг бүрэн бодитой үнэлээгүй үндэслэлгүй гэж үзэж байна. (2018-02-22, 2018-10-07-ны төлбөрийн “нэхэмжлэх” хэрэгт баримтаар өгсөн). Захиалагч ган хоолойн төлбөрийг “Бараа хүлээн авсан акт” үйлдэж, нэхэмжлэх авснаас хойш буюу 2018-08-22- 2018-10-22-ны өдрийн дотор мөн цайран хоолойн төлбөрийг 2018-10-07 -2018-12-07-ны өдрийн дотор тус тус 60 хоногт багтаан төлөх ёстой байсан ч төлөөгүй нь эргэлзээтэй байна. Нийлүүлэгч тал хугацаа хэтрэхэд захиалагчийн барааны төлбөр төлөөгүй хугацааны алдангийг тооцож төлөхийг шаардахад хүлээж аваагүй, манайд эхлээд алданги тооцож барааны төлбөрөөс суутган акт үйлдэж баталгаажуулахаар ирүүлснийг төлбөрөө авахын тул баталгаажуулж өгсөн. (Хэргийн материалд нийлүүлэгч мөн алданги тооцсон албан бичгээ нотлох баримтаар өгсөн). Баримт дарааллын хувьд захиалагчид алданги тооцож шаардлагыг “тооцоо нийлсэн акт” үйлдэхээс өмнө хүргүүлж байсан, төлбөрийн нэхэмжлэх өгсөн байхад бодитой үнэлээгүй байна. Захиалагч тал нийлүүлэгч талын тооцсон алдангийг тухайн үед хүлээн зөвшөөрөхгүй байсан тул шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй болсон. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      “...тек интернэшнл” ХХК 2018-12-17 /2018-12-20/-ны өдөр шүүхэд хандан ...н удирдах газар ОНӨААТҮГ-с нийт 36,822,935 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үндэслэлээ “...2018-07-16-ны өдөр 84,219,718 төгрөгийн ган хоолой, 114,893,185 төгрөгийн цайран хоолой нийлүүлэх гэрээ байгуулсан...гэрээний зүйлийг нийлүүлж дууссан... хариуцагч хугацаандаа үүргээ биелүүлээгүй тул ган хоолойн гэрээний алдангид 24,673,010 төгрөг, цайран хоолойн гэрээний алдангид 11,339,382 төгрөг дутуу шилжүүлсэн  810,543 төгрөгийг авах ёстой..” гэж тайлбарласан байна. 

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... тендерт шалгарсан учир 2018-07-16-ны өдөр гэрээ байгуулсан... гэрээний дагуу төлөх төлбөрөө төлж дууссан...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.   

      Анхан шатны шүүх хариуцагчаас 28,361,065 төгрөг гаргуулж “...тек интернэшнл” ХХК-д олгохоор шийдвэрлэхдээ “... гэрээний хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдсон... 2018-12-17-ны өдрийн ган хоолойн гэрээний төлбөрт алданги нийт 23,450,313 төгрөг... цайран хоолойн гэрээний алданги нийт 4,910,752 төгрөг байна...” гэсэн дүгнэлт хийсэн байна.   

       Давж заалдах шатны шүүх “...зохигч тооцоо нийлэхдээ алданги оруулаагүй тооцсон байна...түүнчлэн гэрээнд заасан хугацааг нэхэмжлэгч өөрөө хэтрүүлсэн тул анз шаардах эрхээ алдсан байна...” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.  

       Нэхэмжлэгч тал хяналтын гомдолдоо “...нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдож байгаа... төлбөрийн “нэхэмжлэх”-г өгсөн байхад шүүх бодитой үнэлээгүй...” гэжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     ...н удирдах газар ОНӨААТГ-т ган хоолой нийлүүлэх ОСНААУГ-НТШ-18/08 /98 тоот гэрээ болон цайран хоолой нийлүүлэх ОСНААУГ-НТШ-18/08 /99 тоот 2018-07-16-ны өдрийн гэрээний 11-т “...нийлүүлэгч бараа нийлүүлэх ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам нийт үнийн дүнгийн 0,5%-н алданги төлөх үүрэгтэй...” гэж тус тус заажээ. /хх6-7.,53-54/

     Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзвэл, ОСНААУГ-НТШ-18/08/98, ОСНААУГ-НТШ-18/08 /99 тоот 2018-07-16-ны өдрийн гэрээгээр ган болон цайран хоолой нийлүүлэх үүргийг нэхэмжлэгч хүлээсэн байна. Иймд гэрээний “нийлүүлэгч”-д холбогдох 11 дэх хэсгийн заалтыг “захиалагч”-д буюу ...н удирдах газар ОНӨААТҮГ-д хамааруулах, улмаар хариуцагчаас алданги гаргуулах үндэслэл болгох боломжгүй.   

    Нэхэмжлэгч нь ОСНААУГ-НТШ-18/08/98, ОСНААУГ-НТШ-18/08 /99 тоот 2018-07-16-ны өдрийн гэрээний 6.4, 6.5 дах заалт, гэрээний ерөнхий нөхцөлийн 17.1, гэрээний тусгай нөхцөлийн 10 дахь заалтыг алданги гаргуулах нөхцөл болгосон боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлохгүй байна.

     Түүнчлэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт   Иргэний хуулийн 224, 232 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтад нийцсэн байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шаардлага, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг.      

      Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

      1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 591 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 299,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ