Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02312

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02312

 

 

Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/01767 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Макс хүнс ХХК-нд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Уранчимэг нь Макс хүнс ХХК-нд 2010 онд тогоочоор орсон бөгөөд ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргалгүй удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. 2016 оны 8 дугаар сард тус компанийн "Берлин 40 000 салбарт халуун хоолны тогоочоор ажиллах болсон. 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчим ажлаа хийж байхад хоолны махнаас шил гарч ирсэн гэж үйлчлүүлэгчээс гомдол ирсэн байсан. Энэ асуудлыг зохион байгуулагч Д.Золжаргал дээд удирдлагад мэдэгдсэн гэж хэлсэн байдаг. Тухайн өдөр шинэ тогоочтойгоо хамт ажиллаж байгаад 17 цаг өнгөрөөгөөд ажлаас буусан. 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажлаа хийж байхад хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан менежер С.Ундрал, хоол үйлдвэрлэлийн менежер н.Ганцэцэг нар ажил шалгаж, зөрчлийн хуудас бичсэн байсан. Яагаад зөрчлийн хуудас бичиж байгаа талаар асуухад хоолноос шил илэрсэн нь тантай холбоотой гэж хэлсэн. Махны цехээс бэлдсэн мах ирдэг учраас ирсэн махаар л хоол хийдэг, махан дотор юу байгааг тэр болгон шалгах боломж байдаггүй.

Гэтэл 11 цаг өнгөрч байхад зохион байгуулагч Д.Золжаргал дуудаж гомдол гаргасан үйлчлүүлэгчийн идсэн хоолны мөнгийг та төлөх ёстой, дээд дарга нар таныг өнөөдөр явуул гэсэн одоо та явж болно гэж хэлээд шинээр ажилд орсон тогоочийг дуудсан. Д.Уранчимэг нь тухайн үед намайг ажлаас халж байгаа юм уу гэхэд ажлаас халсан тушаал чинь одоо ирж байгаа та явж бай тань руу залгана гэж хэлээд 2 хоногийн дараа зохион байгуулагчтай уулз гэсэн байдаг. Үүний дагуу н.Жалбалдорж менежер хүний нөөцийн албаны даргатай уулзахад чи өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа гарчих дараагийн ажилд ороход чинь чамд хэрэгтэй, манай байгууллагаас утасдаж асуудаг гэж хэлсэн. 2017 оны 5 дугаар сарын 24-ний өглөө ажил дээрээ очиход нь ажлаас халсан тушаал, мөн сахилгын шийтгэл ногдуулсан 2 тушаал гарсан байсан. Ажлаа хийж байхад одоо яв гэж явуулчихаад мөн хоолны махнаас шил гарсан, ажил тасалсан гэж үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн тул Д.Уранчимэгийг ажилд нь эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Уранчимэг нь Макс хүнс ХХК-ийн "Берлин 40 000 салбарт тогоочоор ажиллаж байхдаа 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр компанийн Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж ажлын байранд гар утас ашигласны улмаас гар утасных нь дэлгэцний хагархайн хэлтэрхий үйлчлүүлэгчийн хоолонд орж үйлчлүүлэгч хүүхдийн хэл зүсэгдэж гэмтсэн зөрчил гаргасан бөгөөд Макс хүнс ХХК нь уг зөрчилд нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б-371 тоот тушаалаар сарын үндсэн цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тэрээр тухайн зөрчлөө хүлээн зөвшөөрч зөрчил бүртгэх хуудас дээр гарын үсгээ зурсан байдаг бөгөөд дээрх зөрчлийг гаргаснаас хойш 2 өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд удирдах албан тушаалтандаа мэдэгдэлгүй, шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчлийг давтан гаргасан.

Макс хүнс ХХК уг зөрчилд 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б-374 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Д.Уранчимэг нь дээрх зөрчлүүдээс гадна 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шууд удирдах албан тушаалтан буюу ерөнхий тогоочийн шаардлагыг үл биелүүлж, ёс зүйгүй авирласан зөрчил гаргаж, компанийн зүгээс тухайн зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулахгүйгээр зөрчил бүртгэх хуудсаар сануулж байсан. Д.Уранчимэг нь дээрх байдлаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилийн дотор 3 удаа гаргасан учраас Макс хүнс ХХК-ийн захиргааны зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 6.6.1.1, Хөдөлмөрийн гэрээний 6.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б-376 тоот тушаалаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан болно.

Д.Уранчимэгийг ажлаас халах хангалттай үндэслэл шалтгаан бүрдсэн тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу ажлаас халсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуул ийн 128 дугаар зүйл ийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Уранчимэгийг урьд эрхэлж байсан ажил буюу Макс хүнс ХХК-ийн "Берлин 40 000 салбарын тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажил гүй байсан хугацааны олговор 2 565 440 төгрөгийг хариуцагч Макс хүнс ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Д.Уранчимэгт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Уранчимэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Макс хүнс ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Уранчимэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Макс хүнс ХХК-иас 55 997 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дугаар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг" Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манай компани нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэхгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчиж шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Д.Уранчимэг нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл давтан гаргасан бол энэ нь зохигчдын тайлбар, гаргаж өгсөн баримтаар нотлогдох, сахилгын шийтгэлийг хуульд заасан хугацаанд ногдуулах нь Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-6.3.14, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.5.1-6.5.9, 6.6.1-6.6.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зуйлийн 131.2, 131.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан заалтуудтай нийцэж байх ёстой гэж дурдсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан cap, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байдаг. Макс хүнс ХХК нь Д.Уранчимэгийг 2017 оны 5 дугаар сарын 21-ний одор ажлын байран дээр мэргэжлийн алдаа гаргаж үйлчлүүлэгчийг гэмтээсэн зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор буюу 2017 оны5 дугаар сарын 22-ны өдрийн Б-371 тоот тушаалаар сарын үндсэн цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Д.Уранчимэгийн 2017 оны 5 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчлийг нь илрүүлснээс хойш нэг сарын дотор буюу 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б-374 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалт нь ажилтны гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах ёстой ажил олгогчийн хугацааг тодорхойлсон заалт бөгөөд уг хуулийн заалтад 6 cap, 1 сарын дотор гэж тодорхойлсон байдаг. Макс хүнс ХХК-ийн хувьд Д.Уранчимэгт сахилгын шийтгэл ногдуулахдаа дээрх хуулийн хугацааг зөрчөөгүй байтал анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтыг үндэслэсэн нь алдаатай гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасан байдаг. Гэтэл Макс хүнс ХХК нь Д.Уранчимэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажлаас халахдаа Хөдөлмөрийн давтан зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр халсан бөгөөд сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрийг давхардуулан ногдуулаагүй юм. Д.Уранчимэгийг 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ажлын байран дээр мэргэжлийн алдаа гаргаж үйлчлүүлэгчийг гэмтээсэн зөрчилд нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б-371 тоот тушаалаар сарын үндсэн цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Харин 2017 оны 5 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчилтэй нь холбогдуулж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилийн дотор давтан гаргасан үйл баримт илэрсэн тул 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б-376 тоот тушаалаар ажлаас халах шийдвэр гаргасан.

Дээрх нөхцөл байдлаас харахад Макс хүнс ХХК нь сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулаагүй болох нь харагдаж байгаа учраас Анхан шатны шүүх шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалтыг үндэслэсэн нь алдаатай гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Д.Уранчимэгийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхул хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх нөхцөл байдал зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дурдсан.

Гэтэл Д.Уранчимэгийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь гэрч С.Ундралын мэдүүлэг, зохион байгуулагч Д.Золжаргалын бичгээр гаргасан тайлбар, зөрчил бүртгэх хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа болно.

Дээрх нөхцөл байдлуудаас харахад анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэхэд учир дутагдалтай байх бөгөөд анхан шатны шүүх Д.Уранчимэгийн Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байдал, Макс хүнс ХХК-ийн нэр хүндэд ноцтой хохирол учруулж болох нөхцөл байдал үүсгэсэн зэргийг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнэхгүйгээр нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Макс хүнс ХХК-ийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, иргэний хэргийг анхан шатны шүүхрүү дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Уранчимэг нь хариуцагч Макс хүнс ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Д.Уранчимэг нь Макс хүнс ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр №01/05 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан "Берлин 40 000 салбарын тогоочоор ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б-376 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна. /хх.3/

Нэхэмжлэгч Д.Уранчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Макс хүнс ХХК-ийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 24-нй өдрийн Б-376 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 6.6.1.1-д дэх заалтыг үндэслэсэн ба ажилтан Д.Уранчимэг нь Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж ажлын байранд гар утас ашигласнаас утасных нь дэлгэцний хагархайн хэлтэрхий үйлчлүүлэгчийн хоолонд орсны улмаас үйлчлүүлэгч хүүхдийн хэл зүсэгдэж гэмтсэн зөрчил гаргасан бөгөөд Макс хүнс ХХК нь уг зөрчилд нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б-371 тоот тушаалаар сарын үндсэн цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тэрээр тухайн зөрчлөө хүлээн зөвшөөрч зөрчил бүртгэх хуудас дээр гарын үсгээ зурсан байдаг бөгөөд дээрх зөрчлийг гаргаснаас хойш 2 өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд удирдах албан тушаалтандаа мэдэгдэлгүй, шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчлийг давтан гаргасан тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Д.Уранчимэг нь хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан бол энэ нь зохигчдын тайлбар, гаргаж өгсөн баримтаар нотлогдох, сахилгын шийтгэлийг хуульд заасан хугацаанд ногдуулах нь хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.1-6.5.9, 6.6.1-6.6.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 131.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зохицуулалттай нийцэж байх ёстой.

Учир нь ажил олгогчийн гаргаж буй тушаал нь эрх зүйн акт болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан байх атал хариуцагч байгууллагын тушаалд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох 2 өөр нөхцөлийг тодорхойлсон,

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан боловч Д.Уранчимэгийн гаргасан гэх хөдөлмөрийн сахилгын зөрчил нь эдгээр зохицуулалтын алинд хамаарч байгаа нь ойлгомжгүй. Хариуцагч тайлбарлахдаа ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлийг заажээ. /хх3,19/

Нэхэмжлэгч Д.Уранчимэгийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх нөхцөл байдал зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Ажил олгогч Д.Уранчимэгийг ажлын байранд гар утас ашигласнаас утасных нь дэлгэцний хагархайн хэлтэрхий үйлчлүүлэгчийн хоолонд орсны улмаас үйлчлүүлэгч хүүхдийн хэл зүсэгдэж гэмтсэн зөрчил, 2017 оны 5 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд ажил тасалсан зөрчлийг тус тус гаргасан гэж байгаа боловч энэ нь нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдоогүй, хариуцагч өөрийн татгалзал, түүний үндэслэлийг нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймээс Д.Уранчимэгийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийн уг зохицуулалтыг зөрчсөн болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт нийцжээ. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/01767 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 998 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Б.НАРМАНДАХ