Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2020/01452

 

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01452

 

С-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 181/ШШ2020/00899 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С-ын нэхэмжлэлтэй В- ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 562 113 194 төгрөг гагруулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхзул, хариуцагчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В ХХК нь газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тус гэрээний 13.6 зүйлийн 13.6.1, 13.6.2 дэх хэсэгт гэрээлэгч нь орон нутгийг хөгжүүлэх урамшууллыг хайгуулын хугацаанд жил бүр хайгуулын нийт талбай хамрагдаж байгаа аймгуудын орон нутгийн хөгжлийн санд 75 000 ам.долларыг гэрээт жил эхэлснээс хойш 60 хоногийн дотор, цаашид санхүүгийн жил эхэлснээс хойш 30 хоногийн дотор төвлөрүүлэх үүргийг хүлээсэн. Гэвч хариуцагч нь газрын тосны хайгуулын Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах талбайн хэмжээнд дүйцэх төлбөрөөс 2013 онд 33 169 ам.доллар, 2014 онд 147 263 ам.доллар, 2017 онд 49 105 ам.доллар, 2018 онд 20 000 ам.долларыг төлөөд байна. Үлдэгдэл төлбөр болох 162 758 ам.долларыг өгөх талаар удаа дараа албан бичиг хүргүүлж, тус гэрээний 4.1.5 дахь хэсэгт заасан уулзалтын үеэр асуудлыг хөндөж ярилцсан хэдий ч өнөөдрийг хүртэл ямар үр дүнд хүрээгүй. Аймгийн Засаг дарга нь Төсвийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу төсвийн орлогыг төлөвлөх, бүрдүүлэх, зарцуулах эрх хэмжээний хүрээнд тус гэрээнээс орж ирэх орлогыг жил бүрийн төсөвт орлогоор төлөвлөж мөн төсөл арга хэмжээнд зарцуулахаар батлуулдаг. Гэвч тус орлого тасарч, аймаг орон нутаг алдагдалтай төсөв батлан бүтээн байгуулалтын ажлуудыг гацааж, гуравдагч этгээдүүдэд хохирол учруулж байна.

Иймд тус гэрээний дагуу орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх шаардлагатай мөнгөн хөрөнгө болох 162 758 ам.доллар буюу 433 820 299 төгрөгийг В ХХК-иас гаргуулж, Сүхбаатар аймгийн орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, гэрээний үүргийн биелэлтийг хангуулж өгнө үү.

Өмнөх онуудын төлөгдөөгүй үнийн дүнгийн ам.долларын ханшийн зөрүү дээр 2020 оны төлөгдөөгүй үнийн дүнг нэмж нийт 128 292 895 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Одоогийн байдлаар төлбөр нийт 204 233 ам.доллар буюу 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн ханшаар тооцоолоход 562 113 194 төгрөгийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх үйл ажиллагаа явуулах хугацаандаа гэрээнд заасанчлан үндсэн төлбөрүүдийн нэг хэсэг болох орон нутгийн хөгжлийг дэмжих урамшууллыг Сүхбаатар аймгийн Төрийн сангийн дансанд буюу санхүү төрийн сангийн хэлтэст 2013 онд 48 168, 2014 онд 147 263, 2017 онд 49 105, 2018 онд 20 000 төгрөг нийт 264 536 төгрөгийг төлсөн.

Бүтээгдэхүүн хуваах гэрээг Ашигт малтмалын газрын тосны хэрэг эрхлэх газартай байгуулсан, С-атай байгуулаагүй учраас гэрээний үүргийн биелэлтийг шаардах нь хууль бус. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар гаргах ёстой байсан. Үнийн дүнг нарийн тооцоогүй, ам.долларын ханшийн зөрүү 20 000 000 төгрөг байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Газрын тосны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Вульф Петролеум ХХК-иас нийт 421 327 897 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С-ад олгож, үлдсэн 140 785 297 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3 дахь заалтад зааснаар С-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Вульф Петролеум ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 264 589 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гэрээний эрх үүрэг, хариуцлага гэрээ байгуулсан талуудын хооронд үүсэх тул Сүхбаатар дүүргийн засаг даргаас гэрээний төлбөрийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэн анхан шүүхэд тайлбар гаргасан ч хүлээж авалгүй нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдэрлэсэнд гомдолтой.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь хариуцагчтай гэрээ байгуулаагүй байх боловч гэрээний 13.6.1-т зааснаар хариуцагч жил бүр орон нутгийг хөгжүүлэх үүрэг хүлээсэн байх тул Төсвийн тухай хуулийн 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь орон нутгийг хөгжүүлэх урамшууллын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч гэрээ үндэслэж хариуцагчийг шүүхэд татсан байхад шүүхээс хуулийн дагуу хариуцагч болно гэж үзсэн нь буруу. Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт төсвийн захирагч орон нутгийн хөгжлийн сангийн төлбөрийг нэхэмжлэх эрхийг хуульчлаагүй.

Анхан шатны шүүхээс ам.долларын ханшийг нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцон хөрвүүлж бодсон. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж хуульчилсан. Вульф петролеум ХХК, Ашигт малтмал, газрын тосны газрын хооронд 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үүрэг үүссэн гэж үндэслэлтэй байх тул ам.долларын ханшийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ханшаар бус нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргах үений ханш 2752 төгрөгөөр бодсон нь хууль бус байна. Шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С-а нь хариуцагч Вульф Петролеум ХХК-д холбогдуулан орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлвэл зохих 562 113 194 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /1-р хх1, 33/

Хариуцагч Вульф Петролеум ХХК-нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Сүхбаатар XXVII талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Ашигт малтмал, газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. /1-р хх6/

Уг гэрээний дагуу Сүхбаатар аймгийн орон нутгийн хөгжлийн санд тодорхой мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх үүрэгтэй тухайд талууд маргаагүй.

Талууд гагцхүү орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийг гэрээний тал биш нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэхэд маргаж байна.

Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар энэ хууль нь төсвийн байгууллага, түүний албан тушаалтанд хамаарахаар заасан. Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч нь орон нутгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий Орон нутгийн хөгжлийн сантай байхаар заажээ.

Газрын тосны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4 дэх хэсгүүдэд зааснаар гэрээлэгч нь орон нутаг хөгжүүлэх урамшуулал, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэгээс бусад төлбөрийг улсын төсөвт, орон нутгийг хөгжүүлэх урамшууллыг орон нутгийг хөгжүүлэх санд шилжүүлэхээр заажээ.

Хэдий нэхэмжлэгч С-а нь бүтээгдхүүн хуваах гэрээг хариуцагчтай байгуулаагүй ч гэсэн Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, гуравдагч этгээдийн аль нь ч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон үнийн дүнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ. Газрын тосны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 416 481 353 төгрөгийг гаргуулж, С-ад олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Холбогдох улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт орох юм.

Үүрэг гүйцэтгэх ханшийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцэх юм. Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үеийн ханшаар тооцсоноос болж зөрүү гарсныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь тусдаа шаардлага гаргаж байгаа бус хэмжээгээ нэмж байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гадаад валютаар тодорхойлсон нэхэмжлэлийн дүнг монгол төгрөгт хөрвүүлэх болон Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөх зарчимд нийцэх юм.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж , хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 181/ШШ2020/00899 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 гэснийг Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 гэж, 421 327 897 гэснийг 416 481 353 гэж, 140 785 297 гэснийг 145 631 841 гэж

-тогтоох хэсгийн 2 дахь заалтад 2 264 589 гэснийг 2 240 357 тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 264 589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД