Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2020/00899

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: САЗД-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “В” ХХК/РД: /-д холбогдох,

 

562 113 194 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болдхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч САЗДа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““В” ХХК нь Газрын тосны хуулийн дагуу “СҮХБААТАР - XXVII” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Тус гэрээний 13.6 зүйлийн 13.6.1, 13.6.2 дэх хэсэгт гэрээлэгч нь /хариуцагч/ орон нутгийг хөгжүүлэх урамшууллыг хайгуулын хугацаанд жил бүр хайгуулын нийт талбай хамрагдаж байгаа аймгуудын орон нутгийн хөгжлийн санд 75 000 /далан таван мянган/ ам.долларыг гэрээт жил эхэлснээс хойш 60 хоногийн дотор, цаашид санхүүгийн жил эхэлснээс хойш 30 хоногийн дотор төвлөрүүлэх үүргийг тус тус хүлээсэн.

Гэвч “В” ХХК нь газрын тосны хайгуулын Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах талбайн хэмжээнд дүйцэх төлбөрөөс 2013 онд 33,169 ам.доллар, 2014 онд 147,263 ам.доллар, 2017 онд 49,105 ам.доллар, 2018 онд 20,000 ам.долларыг төлөөд байна. Үлдэгдэл төлбөр болох 162,758 ам.долларыг өгөх талаар удаа дараа албан бичиг хүргүүлж, тус гэрээний 4.1.5 дахь хэсэгт заасан уулзалтын үеэр асуудлыг хөндөж ярилцсан хэдий ч өнөөдрийг хүртэл ямар үр дүнд хүрээгүй байна.

Аймгийн Засаг дарга нь Төсвийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу төсвийн орлогыг төлөвлөх, бүрдүүлэх, зарцуулах эрх хэмжээний хүрээнд тус гэрээнээс орж ирэх орлогыг жил бүрийн төсөвт орлогоор төлөвлөж мөн төсөл арга хэмжээнд зарцуулахаар батлуулдаг. Гэвч тус орлого тасарч, аймаг орон нутаг алдагдалтай төсөв батлан бүтээн байгуулалтын ажлуудыг гацааж, гуравдагч этгээдүүдэд хохирол учруулж байна.

Иймд тус гэрээний дагуу орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх шаардлагатай мөнгөн хөрөнгө болох 162,758 ам.доллар буюу 433 820 299 төгрөгийг “В” ХХК-иас гаргуулж, Сүхбаатар аймгийн орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, гэрээний үүргийн биелэлтийг хангуулж өгнө үү. САЗД“В” ХХК-д холбогдох “СҮХБААТАР - XXVII” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх гэрээний дагуу “орон нутгийн хөгжлийн сан”-д төвлөрүүлэх 162758 ам.доллар буюу 433820299 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ.

Санхүү, төрийн сангийн хэлтсээс тооцоолол хийхдээ тухайн үеийн буюу 2019 оны 07 дугаар сарын 19 өдрийн Монгол Банкнаас зарласан ам.долларын ханшийг баримталсан байдаг.

Уг асуудал нь 2019 онд багтаж шийдэгдээгүй бөгөөд 2020 оны 02 дугаар сары 03-ны өдрөөр “В” ХХК-д холбогдох төлбөрийг Санхүү, төрийн сангийн хэлтсээс шинэчилэн гаргаад байна.

Гэрээний 13 дугаар зүйлийн 13.6.2-т заасны дагуу тухайн оны төлбөрийг тухайн жилийн 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор “орон нутаг хөгжүүлэх сан”-д төвлөрүүлэх үүрэгтэй. Гэвч хариуцагчийн зүгээс 2020 оны гэрээний үүргээ мөн биелүүлээгүй байна.

Иймд өмнөх онуудын төлөгдөөгүй үнийн дүнгийн ам.долларын ханшийн зөрүү (2019.07.19-ний өдөр 1 ам.доллар 2661.76 төгрөг, 2020.02.03-ны өдөр 1 ам.доллар 2752.32 төгрөг)-н дээр 2020 оны төлөгдөөгүй үнийн дүнг нэмж нийт 128 292 895 (нэг зуун хорин найман сая хоёр зуун ерэн хоёр мянга найман зуун ерэн таван) төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын дагуу “В” ХХК-ийн 2012, 2013 оноос эхлээд төлсөн төлбөрийн жагсаалт, дутуу төлбөрийн жагсаалтуудыг санхүү төрийн сангийн хэлтсээс бидэнд гаргаж өгсөн байдаг. Энэ дүнгийн төлөлттэй холбоотой мөн баримтуудыг хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн. Одоогийн байдлаар төлөгдөөгүй төлбөр нийт 204,233 ам.доллар буюу 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ханшаар тооцоолоход 562,113,194 төгрөгийг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх үүргээ хариуцагчийн зүгээс биелүүлээгүй байгаа. Тийм учраас энэ төлбөрийг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх, цаашдаа орон нутгийн төсвийн дагуу зарцуулалт хийж, шаардлагатай төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа учраас энэ асуудлаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэв.

 

Хариуцагч “В” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “САЗДнэхэмжлэлтэй “В” ХХК-д холбогдох нийт 433,820,229 /мян.төг/ гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт “В” ХХК-иас дараах тайлбарыг гаргаж байна.

2014 оны 07-р сарын 01-ний өдөр Газрын тосны хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монгол улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 104 дүгээр тогтоол, 2016 оны 02 дугаар сарын 29-ний 130 дугаар тогтоолыг тус бүр үндэслэн, “В” ХХК нь 2017 оны 06 сарын 16-ны өдөр “Ашигт малтмал, газрын тосны газар”-тай “Сүхбаатар- XXVII талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх БХГ, бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г шинэчлэн байгуулсан.

Манай компани нь үйл ажиллагаа явуулах хугацаандаа БХГ-нд заасанчлан үндсэн төлбөрүүдийн нэг хэсэг болох орон нутгийн хөгжлийг дэмжих урамшуулалыг Сүхбаатар аймгийн Төрийн сангийн дансанд буюу санхүү төрийн сангийн хэлтэст 2013 онд 48.168 /мян.төг/, 2014 онд 147.263 /мян.төг/, 2017 онд 49.105 /мян.төг/, 2018 онд 20.000 /мян.төг/ нийт 264.536 /мян.төг/ тус тус төлсөөр ирсэн билээ.

Дэлхийн зах зээл дээрхи газрын тосны үнийн уналт, Монгол улсын Геологи уул уурхайн салбарт гадаад хөрөнгө оруулалтын/ГХО/ хэмжээ эрс буурч ГХО-тай компаниудад амаргүй жил болж байна. Энэ нь манай компаний хувьд мөн ялгаагүй нөлөөлж компаний хайгуул судалгааны ажил, БХГ-ний үндсэн нөхцлийн үлдэгдэл төлбөрийн санхүүжилтэнд багагүй хүндрэл учраад байна.

Бүтээгдэхүүн хуваах гэрээг Ашигт малтмалын газрын тосны хэрэг эрхлэх газартай байгуулсан. Өөрөө хэлбэл, САЗДатай байгуулаагүй. Төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан. Тэгэхээр САЗДаас тухайн гэрээний үүргийн биелэлтийг шаардах нь хууль бус юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5-т зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар гаргах ёстой байсан. Гэтэл САЗДаас нэхэмжлэл гаргаад явдаг. Бидний хувьд санхүүгийн хүндрэлтэй байгаа учраас хуулийн дагуу албан ёсоор Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас нэхэмжлэлээ гаргаад явах нь зүйтэй юм болов уу гэж бодож байна. Үнийн дүнгийн хувьд нарийн тооцсон зүйл алга байна. Долларын ханшийн зөрүү 20,000,000 төгрөг байгаа.

Компани нь гадаад хөрөнгө оруулагч нартай холбогдох, нэмэлт санхүүжилт татан төвлөрүүлэх, БХГ-ний үндсэн нөхцөлийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж байгаа хэдий ч одоогийн байдлаар төлбөрийн боломжгүй байна. Иймд САЗДаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

         

          Нэхэмжлэгч САЗДа хариуцагч “В” ХХК-д холбогдуулан 562 113 194/таван зуун жаран хоёр сая нэг зуун арван гурван мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “В” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас нэхэмжлэлээ гаргаад явах нь зүйтэй гэж маргасан.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Сүхбаатар-XXVII” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар ашигт малтмал, газрын тосны газар болон В ХХК-ийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/-ний дагуу болон 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Баяндэлгэр, Мөнххаан, Уулбаян, Халзан, Сүхбаатар болон Дорноговь аймгийн Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх, Өргөн, Хэнтий аймгийн Галшар зэрэг сумдын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлдэг болох нь зохигчийн тайлбар, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Газрын тосны компаниудын орон нутагт гэрээний дагуу олгох төлбөрийн тооцоо, Гэрээний болон хавсралтуудын хуулбараар тогтоогдож байна.

 

Газрын тосны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Засгийн газар газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 7.1.8-д “бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах ... асуудлыг шийдвэрлэх;”, 9 дүгээр зүйлийн 9.1-т “Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ... дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 9.1.2-т “хайгуулын талбайд захиалга хүлээн авах ... энэ хуулийн 7.1.8-д заасны дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах;” гэж заасан.

 

Газрын тосны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.8, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2 дахь заалтад зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар хариуцагчтай Гэрээ байгуулсан болох нь Гэрээний болон хавсралтуудын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас орон нутгийг хөгжүүлэх урамшуулалд 562 113 194/таван зуун жаран хоёр сая нэг зуун арван гурван мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Газрын тосны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Ашигт газрын тосыг Засгийн газар, гэрээлэгчтэй бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хуваана.”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Гэрээлэгч нь ... орон нутаг хөгжүүлэх урамшуулал ... бусад төлбөрийг улсын төсөвт шилжүүлнэ.”, 34.4-т “Орон нутгийг хөгжүүлэх урамшууллыг орон нутгийг хөгжүүлэх санд шилжүүлнэ.” гэж заасан.

Газрын тосны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь орон нутгийг хөгжүүлэх урамшуулалд орон нутгийг хөгжүүлэх санд жил бүр 41 250/дөчин нэгэн мянга хоёр зуун тавь/ ам.долларыг төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн болон 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Газрын тосны компаниудын орон нутагт гэрээний дагуу олгох төлбөрийн тооцоо, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээнд зааснаар хариуцагч нь орон нутгийг хөгжүүлэх урамшуулалд 2013 онд 8 081/41250-33169=8081/ /найман мянга наян нэг/ ам.доллар, 2015 онд 41 250/дөчин нэгэн мянга хоёр зуун тавь/ ам.доллар, 2016 онд 41 250/дөчин нэгэн мянга хоёр зуун тавь/ ам.доллар, 2018 онд 21 250/41250-20000=21250/ /хорин нэгэн мянга хоёр зуун тавь/ ам.доллар, 2019 онд 41 250/дөчин нэгэн мянга хоёр зуун тавь/ ам.доллар, нийт 153 081/8081+41250+41250+21250+41250=153081/ /нэг зуун тавин гурван мянга наян нэг/ ам.долларыг төлөөгүй болох нь хариуцагчийн тус шүүхэд гаргасан хариу тайлбар, Худалдаа, хөгжлийн банкны 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн болон 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн болон 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн болон 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Газрын тосны компаниудын орон нутагт гэрээний дагуу олгох төлбөрийн тооцоо, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Гэрээг САЗДатай байгуулаагүй, төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан, тэгэхээр САЗДаас тухайн гэрээний үүргийн биелэлтийг шаардах нь хууль бус гэж маргаж байна.

 

Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч нь орон нутгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий Орон нутгийн хөгжлийн сантай байна.” гэж заасан.

 

Нэхэмжлэгчтэй хариуцагч нь Гэрээ байгуулаагүй байх боловч Гэрээний 13-ын 13.6, 13.6.1-т зааснаар хариуцагч нь жил бүр орон нутгийг хөгжүүлэх урамшуулал төлөх үүрэг хүлээсэн байх тул Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь орон нутгийг хөгжүүлэх урамшууллын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийн оноосон нэрийг “В” гэсэн байх боловч хариуцагчийн оноосон нэр “В” болох нь № 000052323 Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно. 

 

Газрын тосны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 421 327 897/153081x2752.32=421327897/ /дөрвөн зуун хорин нэгэн сая гурван зуун хорин долоон мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 140 785 297/562113194-421327897=140785297/ /нэг зуун дөчин сая долоон зуун наян таван мянга хоёр зуун ерэн долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

          Шүүх Газрын тосны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “В” ХХК-иас нийт 421 327 897/дөрвөн зуун хорин нэгэн сая гурван зуун хорин долоон мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч САЗДад олгож, үлдсэн 140 785 297/нэг зуун дөчин сая долоон зуун наян таван мянга хоёр зуун ерэн долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Газрын тосны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “В” ХХК-иас нийт 421 327 897/дөрвөн зуун хорин нэгэн сая гурван зуун хорин долоон мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч САЗДад олгож, үлдсэн 140 785 297/нэг зуун дөчин сая долоон зуун наян таван мянга хоёр зуун ерэн долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3 дахь заалтад зааснаар САЗДнэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “В” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 264 589 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ХИШИГБАТ