Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 648

 

С.От холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

            ялтан С.О өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг,

            насанд хүрээгүй хохирогч О.Э,

            хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Т.Ч, тэдний өмгөөлөгч З.Ариунжаргал, Л.Цэндоо,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.О, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа, Ш.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор С.От холбогдох эрүүгийн 201525022551 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

… овогт С.О, … оны … дугаар сарын …-ны өдөр … аймгийн … суманд төрсөн, … настай, эрэгтэй, … боловсролтой, … мэргэжилтэй, … ажилгүй, ам бүл … …, … … хамт .................. тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 232 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,

          С.О нь 2000 оноос 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн … сумын ......... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, Баянзүрх дүүргийн .......................... тоот хашаанд байрлах, Сүхбаатар дүүргийн .......................... тоотод байрлах гэртээ өөрийн эхнэр Т.А-ийг эр эмийн хардалтын улмаас өшиглөх, гараараа цохих зэргээр хүч хэрэглэн бие махбодид нь зовиур шаналгаа учруулсан үйлдлийг байнга хийж байсны улмаас сэтгэцийн “Холимог диссоциатив эмгэг /хуваагдсан ухамсар/ өвчинтэй болгосон,

          2013 оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн .......................... тоот хашаанд байрлах өөрийн гэртээ эхнэр Т.А-ийг эр эмийн хардалтын улмаас хацран тус газарт нь гараараа цохиж, түүний бие махбодид “зүүн хацар ясны зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

          2012 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн … дугаар хороо, … дугаар гудамжны … тоот хашаанд байрлах өөрийн гэртээ төрсөн хүү О.Э-ийг “гэртээ хулгайч шиг чимээгүй орж ирлээ” гэх шалтгаанаар нүүр, хэвлийн тус газарт нь гар болон хөлөөрөө цохисон, 2013 оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн ................... тоот хашаанд байрлах өөрийн гэртээ О.Э-ийн шанаан тус газарт гараараа цохисон, 2014 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн ........................ тоот өөрийн гэртээ О.Э-ийг “цагдаад байнга дуудлага өгч баривчлуулдаг” гэх шалтгаанаар хоолны халбагаар толгойн тус газарт нь цохиж, гараараа хацран тус газарт нь алгадсан, 2015 оны 1 дүгээр сард Сүхбаатар дүүргийн ..................... тоот өөрийн гэртээ О.Э-ийг ямар ч шалтгаангүйгээр унтаж байхад нь алгадаж сэрээсэн, мөн оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн ....................... тоот өөрийн гэртээ О.Э-ийг дээрх шалтгаанаар толгойн тус газарт гараараа, цээжин тус газарт хөлөөрөө тус тус цохисон, 2016 оны 2 дугаар сард Сүхбаатар дүүргийн ................... тоот өөрийн гэртээ О.Э-ийг дээрх шалтгаанаар толгойн тус газарт гараараа, шүдэн тус газарт тохойгоороо тус тус цохиж байнга зодсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: С.О-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 98 дугаар зүйлийн 98.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.О бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, бусдыг тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, С.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар С.О-н үйлдэлд яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар С.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих хүнд ялд багтаан, түүний биечлэн эдлэх ялыг нийт 7 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар С.О-т оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар С.О цагдан хоригдсон 29 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.О-с нийт 8.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ч-т олгож, хохирогч Т.А, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Ч нар нь энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, С.О насанд хүрээгүй хүүхэд … оны …дугаар сарын …-ны өдөр төрсөн О.Э, … оны … дугаар сарын …-ний өдөр төрсөн О-н Э нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг зохих журмын дагуу тогтоох асуудлыг Засаг дарга шийдвэрлэх хүртэл тэднийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ч-ийн асрамжид үлдээж, С.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан С.О давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Эхнэр Т.А-тэй 1996 онд танилцаад, 2000 онд гэрлэлтээ батлуулсан. 2004 оны 10 дугаар сараас 2008 оны 10 сар хүртэл Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаад ирснээс хойш эд хөрөнгийн маргаан байнга гардаг болсон. Тухайлбал, Т.А-ийн дүү Т.Т, Т.Ч нар нь гэр бүлийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцдог болсон. Энэ үеэс хүү О.Э-д худал үг зааж өгч гэрт орж ирэхэд л цагдаа дууддаг болсон. Бидний амьдралын маргаантай асуудал нь Т.А-ийг байнга зодож байгаагаас болж үүсдэггүй байсан. Гэтэл дүү Т.Ч нь намайг хилсээр гүтгэж байгаад гомдолтой байна. Бидний амьдрал хар бараан байгаагүй, гэрэл гэгээтэй дурсамжтай өдрүүд олон байсан. Хохирогч Т.А нь эгч, дүү нарындаа амьдарч байгаад 2015 оны 11 дүгээр сард ирэхдээ бие нь нилээд муу, ингэхдээ хүү О.Э-ийг дагаж ирсэн. Ирэхдээ дүү нартайгаа муудалцсан байдалтай “дахиж тийшээ очихгүй, би үхмээр байна” гэж хэлж байсан. Гэтэл тун удалгүй аав Г.Т, дүү Т.Ч нарын хамт ирээд намайг ажилтай байх хооронд хүчээр аваад явсан байсан. Үүнээс хойш асаргаа сувилгаа муудаж, тураалд орон, ташааг нь цоортол хэвтүүлж, эрүүл мэндийг нь дордуулсанд гомдолтой байна. Шүүхийн шийтгэх тогтоолоор О.Э, С.Э нарыг засаг даргын захирамж гарснаас хойш асрамжинд өгөхөөр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Ч нь хүний хүүхэд асрах нь байтугай өөрийн хүүхдэд анхаарал тавьдаггүй хүн. Шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болтол нь миний ээж Д-н асрамжид асруулах хүсэлтэй байна. Хохирогч Т.А нь надтай хамт амьдрах үеэс сэтгэлийн хөөрөл ихтэй, юм ярихдаа хүртэл чанга хашгирч ярьдаг байсан. Түүний удамд бамбай өвчтэй болон сэтгэцийн өвчтэй хүн байсан. ...Сэтгэцийн шинжээч нарын дүгнэлтээр бамбайн хордлого нь сэтгэцэд нөлөөлсөн байна гэсэн дүгнэлт гаргасан байхад энэ бүхнийг харгалзан тал бүрээс нь дүгнэлт хийлгүй, зөвхөн намайг дарамт учруулснаас бамбайн болон сэтгэцийн өвчтэй болсон гэж хуульд заасан ялын дээд хэмжээ өгсөнд туйлын гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Ялтан С.О өмгөөлөгч О.Цэвэлмаа, Ш.Эрдэнэцэцэг нар хамтран давж заалдах гомдолдоо: Шийтгэх тогтоолыг дараахи үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Ялтан С.О мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Манай эхнэрийн дүү нарын хоорондын харьцаа болон эд хөрөнгийн маргаанаас болж бие биетэйгээ маргалдах болсон гэж мэдүүлдэг. /хх-ийн 22, 49-50/, Шинжээч эмч … мэдүүлэхдээ: А нь сэтгэцийн шалтгаантай холимог диссиоциатив /хуваагдсан ухамсар/ гэх өвчинтэй байсан. Энэ байдалд бамбай булчирхайн хордлого нөлөөлдөг, энэ үед сэтгэл санаа тогтворгүй болдог гэж мэдүүлдэг. /1-р хх-ийн 190-191/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 133 дугаар дүгнэлтийн 4 дэх заалтад: Иргэн Т.А-ийн сэтгэцийн өвчинд нөлөөлсөн бамбай булчирхайн хордлоготой хэлбэр хэмээх архаг өвчинтэй болно гэж комиссын гишүүдийн дүгнэсэн байдаг. /1-р хх-ийн 102-106/, Гэтэл Хяналтын прокурор Ч.Мөнх-Эрдэнэ прокурорын шатанд эрүүгийн хэргийг хянах явцдаа С.О үйлдэл холбогдлыг тогтоохгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ялыг нэмж сонсгож шүүхэд шилжүүлсэн нь хэтэрхий яллах талыг барьж хүндрүүлэн зүйлчилсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдож байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч уг этгээдийг яллагдагчаар татах тухай заасан. С.О хувьд эхнэр Т.А-ийг байнга зодсоноос хохирогч Т.А нь сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон гэдэг нь хэргийн материалаар нотлогдохгүй байна. Тухайлбал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй гэж заасан. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтыг харахад хэтэрхий нэг талыг барьж яллах талын нотлох баримтыг бүрдүүлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсанаас миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг хохироож байна. С.О-д холбогдох эрүүгийн хэргийн хувьд мөрдөн байцаалтын явцад уг гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар нотлоогүй. Мөрдөн байцаалтын явцад өгсөн шүүгдэгч С.О мэдүүлэг, гэрч С.Б, Ц.Д, С.Т нарын мэдүүлгийг судлан шинжлэхэд эхнэр түүний дүү нарын хоорондын таарамжгүй харьцаа болон эд хөрөнгийн маргаанаас болж талуудын хооронд маргаан бий болдог нь нотлогдож байна. Гэмтэл болон гэмт үйлдлийн улмаас өвчтэй болсныг оношлох, уг өвчин нь гэмтэл гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг шүүх сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээгээр тогтоодог. Гэтэл сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд амьдралын нөхцөл байдлаас үүссэн сэтгэцийн гэмтэл нь энэ өвчний шалтгаан болсон гэсэн заалт байхгүй харин эсрэгээрээ бамбай булчирхайн хордлоготой хэлбэр нөлөөлсөн гэж шинжээч нар дүгнэсэн. Шүүх хуралдаанд оролцсон ганц шинжээчийн мэдүүлэгт тулгуурлах нь учир дутагдалтай юм. Үйлдэл үр дагаврын хоорондын шалтгаант холбоог нарийвчлан тогтоохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Иймд С.О-д холбогдох хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь судлан шинжлээгүй хэтэрхий яллах талыг барьж мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт зааснаар ялтан С.О-т холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дараах ажиллагааг хийлгүүлэх саналтай байна. 1. Хохирогч Т.А-ийн сэтгэцийн өвчин нь С.О үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой эсэхийг давтан шинжээч томилж дүгнэлт гаргуулах, 2. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлсэн гэрч Ц.Д, С.Б нарын мэдүүлгийг сонсоход насанд хүрээгүй хохирогч О.Э бусдын ятгалганд орж худал мэдүүлэг өгсөн байж болзошгүй байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Э, Т.Ч нарын урьд нь өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг тогтоохын тулд мэдүүлгийг газар дээр нь шалгуулах, 3. С.О, Т.А нарын хувийн байдлыг тогтоолгох, тэдгээрийн амьдралын талаар мэдээг ашиг сонирхлын зөрчилгүй гэрчүүдийг олж байцаалгах, /хөршүүд, найз нөхөд гэх мэт/. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Ялтан С.О өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэтгэцийн өвчтэй болсон нь ялтны үйлдэлтэй холбоотой эсэхийг шалгуулах шаардлагатай гэж хэлсэн. Тэр шалтгаант холбоог сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр тогтооно гэсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд тэр шалтгаант холбоог нь заагаагүй байсан. 3 эмчийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд Т.А сэтгэцийн өвчтэй болсон нь С.О үйлдэлтэй хамааралтай гэж дүгнэлт гаргаагүй. Зөвхөн нэг эмч шүүх хуралдаанд ирж шалтгаант холбоотой гэж хэлснээр дүгнэх нь үндэслэл муутай гэж үзсэн. Тийм учраас хохирогч Т.А-ийн өвчтэй болсон явдал нь С.О үйлдэлтэй шалтгаант холбоотой байна уу гэдгийг тогтоолгох хүсэлтэй байгаа. Харин өвчний талаар маргасан зүйл байхгүй...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч О.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний ээжийг ийм өвчтэй болгосонд гомдолтой байна. Ихэвчлэн согтуу байхдаа ээжийг зоддог. Бас намайг “цагдаа дуудлаа” гэж зоддог байсан. Аавын байнгын хүчирхийллээс болж ээж өвчтэй болсон гэж бодож байна...” гэв.

Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Т.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сая О.Э рүү хашгираад байсан хүн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан орой нь О.Э рүү олон удаа залгаад байхаар нь би “битгий ав” гэж хэлсэн. Энэ хүн боксоор хичээллэдэг. О.Э-ийг сургуулиа тараад эртхэн ир гэж хэлсэн. Мөн гар утасных нь дугаарыг сольж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд орох гэж байхад О.Э-ийг дагуулж яваад байсан. “Аавыгаа шоронд оруулмааргүй байгаа биз дээ. Чи аятайхан юм ярихгүй юу” гээд нөлөөллийн чанартай зүйл ярьсан болохоор Б, эмээ нь ард суугаад байсан болохоор сайн ярьж чадахгүй байсан. Тэрнээс гадна О.Э багаасаа байнгын дарамтад байсан болохоор өөрийгөө илэрхийлэх чадвар муутай. С.О 18 жил миний эгчтэй хамт амьдарсан. Би дээрээ 4 эгчтэй, бид нарын хамгийн том нь юм. Миний эгч 3 дүүгээ авч явдаг байсан. Миний эгчийн гэр бүлийнх хувийн амралтын газартай. Тухайн амралтын газартаа миний эгчийг морь, нохой мэт ажиллуулчихаад гэм буруугаа ухаарахгүй, миний эгч зүгээр байж байгаад бамбай булчирхайн өвчтэй болсон юм шиг яриад байна. Бамбай булчирхай нь айж түгшсэн байдлаас болж өвчилдөг гэдгийг эмч нарын дүгнэлтээр тогтоосон байхад тийм зүйл байхгүй гэдэг. Хохирогчийн удамд сэтгэцийн өвчтэй хүн байсан юм шиг ярьсан. Миний эгч хүний ярьж байгааг ойлгохгүй. Идэхээс өөр ямар нэгэн мэдрэмж байхгүй. Халуун буцалсан өгөхөд юу ч мэдрэхгүй, хүйтэн ус ууж байгаа юм шиг залгидаг. Хүн турахаараа бүх газар нь цоордог юм байна лээ. Хэн ч төрсөн эгчийгээ биеийг нь цоортол нь хэвтүүлэхгүй шүү дээ. О.Э “аав миний нөүтбүкийг ломбарданд тавих гээд гараад явсан” гэж хэлэхэд, “ээж чинь өгч гаргахгүй гээд ноцолдохгүй байна уу” гэж асуухад О.Э “Үгүй, ээж сүүлийн үед өвдсөнөөсөө хойш дуугаа хураагаад гэрийн мухарт очоод суухаар нь аав наашаа хүрээд ир гээд хажуудаа суулгаж байгаад толгой руу нь цохихоор ерөөсөө “яая, ёоё, цагдаа дууд” гэж хэлэхгүй дуугүй зодуулаад ломбарданд тавих гээд байхад нь хорих ч үгүй байсан” гэж хэлдэг. Ийм байдалтайгаар 3 хүний амьдралыг там болгосон. Хэрвээ би ийм үйлдэл хийсэн бол гэм буруугаа хүлээгээд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх байсан. Яагаад зүгээр байсан хүнийг давж заалдах гомдолдоо хүний хүүхдийг асрах нь битгий хэл өөрийнхөө хүүхдийг асарч чадахгүй гээд нэмж доромжлоод байгаа юм бэ. Өөрийнхөө хүүхдийг асардаг байсан бол өнөөдөр О.Э гэрээсээ зугтаагаад эцгийгээ согтуу байгаа сургаар нь “ээж Т.Ч эгчийнх рүү, өвөөгийнх рүү явъя” гэж хэлэх вэ. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд байхад би О.Э-д “манай гэрийнхэн төлбөрийн чадвартай хүмүүс биш. Ээж чинь нэгэнт өвчтэй байна. Чамайг хажууд нь байсан, байгаагүй мэдэхгүй болсон учраас нэг бол дүүтэйгээ хамт аав дээрээ оч. Бид нар аавыг чинь шүүхэд өгсөн учраас агсам тавьж, адгуус шиг зан нь дарагдаж байгаа байх. Чи аавынхаа талд очоод юу ч гэж хэлж болно. Ээж өөрөө буруутай байсан гэж хэлж зогссон ч болно. Бид нар та хоёрт гомдохгүй. Нөгөө талаас эмээ чинь байгаа учраас аав чинь та хоёрыг зодохгүй байх” гэж хэлсэн. Хашаа байшин, байр, амралтын газар нь хүргэн ахын ар гэрийнхнийх нь нэр дээр байдаг. Эгч, хүргэн ах хоёрын 3 жил Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж цуглуулсан мөнгөөр нь ямар нэгэн эд хөрөнгө авахдаа дандаа өөрсдийнхөө нэр дээр авдаг. Би Э-ийг “чи өөрийнхөө байранд төрсөн дүүтэйгээ хамт аавтайгаа байсан дээр юм биш үү” гэхээр “би үхэж байсан ч аавтай хамт нэг ч өдөр хамт амьдарч чадахгүй. Харин хаана ч хамаагүй, траншейнд хүүхдүүд ордог гэсэн. Тийшээ орсон нь дээр” гээд яваагүй. Тэгтэл намайг О.Э-д үг зааж худлаа яриулдаг гэж хэлсэн. Надад хүний хүүхэд худлаа яриулах ямар ч шаардлага байхгүй. С.О гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаад гомдолтой байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлууд хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ үндэслэл нь шинжээчийн дүгнэлт хуулийн дагуу гараагүй, гэмт хэрэг нь өвчинтэй шалтгаант холбоо байхгүй гэж тайлбарлаад байна. Шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт онош, оношийн үндэслэл гэсэн байгаа. Нөхөр нь архи их уудаг, хэл амаар доромжилдог нөхцөлд олон жил амьдарсан тул энэ өвчнөөр өвчилсөн гэж тайлбар өгсөн байна. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч оролцсон. Шүүгч, улсын яллагч, яллагдагчийн өмгөөлөгч бид нар бүгд асуухад “энэ өвчин нь шууд зодолтоос дам дамаар, байнгын дарамт, зодолт, хүчирхийллээс үүсэлтэй. Бамбай булчирхайн өвчин хохирогчид байсан боловч шууд сэтгэцийн өвчнийг үүсгэх үндэслэл биш. Сэтгэцийн холимог диссоциатив гэдэг өвчин бол удаа дараагийн зодолт, С.О үйлдэлтэй хамааралтай” гэдгийг маш тодорхой хэлсэн. Энэ талаар шүүхийн тэмдэглэлд маш тодорхой бичигдсэн. Шинжээчийн дүгнэлтэд энэ онош нь орсон байгаа. Давж заалдах гомдлууд хууль зүйн үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлт хангалттай гарсан боловч тухайн дүгнэлтийн талаар огт гомдол гаргаагүй. Шүүх хэт нэг талыг баримталсан гэж байна. Үгүй, шүүхийн шатанд хохирогч тал өмгөөлөгч авсан. Харин мөрдөн байцаалтын шатнаас эхлээд С.О өмгөөлөгч авсан байсан. Тийм учраас С.О хууль ёсны эрх ашиг хохирох ямар ч нөхцөл бүрдээгүй. Яагаад гэвэл өөрсдөө гомдол гаргаад байгаа шинжээчийн дүгнэлтийн талаар огт гомдол гаргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Удаа дараа зодож байхад нь тааралдаж байсан гэрчийн мэдүүлэг хүртэл байгаа. Хохирогч өөрөө эрүүл байхдаа анхан шатны шүүхэд болсон үйл явдлын талаар бичиж байсан гомдлууд хангалттай их байдаг. Тийм учраас хохирогч эх сурвалжаа заасан гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч “Маш их зоддог байсан. Сүүлдээ би тэсэхээ болиод гэр бүлээ цуцлуулахаар боллоо. Нэг ч өдөр би тайван амьдарч үзээгүй” гэсэн 3 удаагийн гомдол нь хэрэгт авагдсан. О.Э бусдын нөлөөнд ороогүй гэж өөрөө хэлсэн. Анхан шатны шүүх хуралдааны дараа С.О ар гэрийнхэн өөрсдөө нөлөөлөх гэж оролдсон. Харин О.Э өөрийнхөө ярьсан зүйлийг  удаа дараа үнэн зөв мэдүүлдэг гэж үзэх үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлууд хууль зүйн үндэслэлгүй учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Цэндоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шатанд хохирогч юунаас болж ямар гэмтэл авч, ямар хохирол учирсан бэ гэх асуудлыг анхан шатны шүүх хуралдаанд тодорхой яригдсан. Хохирогчийн өмнө ямар байсан, одоо ямар байгаа зураг хавтаст хэрэгт байгаа. Шалтгаант холбоог шинжээч эмч тогтоохгүй. Үүнийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох ёстой. Тийм учраас миний хувьд шалтгаант холбоог тогтоосон гэж үзэж байна. Яагаад гэвэл шинжээч эмч мэргэжлийнхээ дагуу дүгнэлтээ шүүх хуралдаанд хэлсэн. Дүгнэлтийн дагуу 2 шинжээч эмчийг байцаасан. Энэ үр дагавар нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. Шүүхэд өөрийнхөө гараар бичсэн нэхэмжлэлд яаж зодуулж, дарамтлуулсан талаар бичсэн. Тийм учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шалтгаант холбоог нь тогтоох шаардлагагүй гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэлд 165.000 төгрөгийн хохирол тооцсон. Анхан шатны шүүхээс яг баримттай 8.500.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үлдсэн хэсгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг хэлсэн. Нэхэмжилсэн хохирлоос тодорхой хэмжээг нь анхан шатны шүүх шийдвэрлэх боломжтой байсан боловч шийдвэрлээгүй. Ялтанд оногдуулсан ял шийтгэлийн хувьд хууль зөрчсөн асуудал байхгүй. Хэргийн нөхцөл байдал, ялтны хийсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, учруулсан үр дагавар хохирлыг харахад ял шийтгэлийг зөв оноосон байна. Ялтны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад бүрэн нийцсэн. Мөрдөн байцаалтын шатанд С.О үйлдсэн гэмт хэрэг, үйлдэл бүрэн тогтоогдсон. Мөрдөн байцаалтаар шалгаж тогтоох, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л ажиллагааг хийсэн. Шалгавал зохих асуудал бүрэн шалгагдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 98 дугаар зүйлийн 98.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл бусдын нүднээс далд үйлдэгддэг учраас гэмт хэргийг нотолсон нотлох баримтууд нь С.О гэр бүлтэй хамгийн ойр байсан хохирогч Т.А-ийн төрсөн дүү Т.Ч, Т нарын мэдүүлэг, гэр бүлийн гишүүн, төрсөн хүү О.Э-ийн мэдүүлгүүд нь С.О-н үйлдлийг зааж байгаа ач холбогдол бүхий мэдүүлгүүд юм. Шинжээч эмч С.О үйлдлээс илүү Т.А-т учирсан бамбай булчирхай болон хуваагдсан ухамсар зэрэг өвчнүүдийн учир шалтгаан нөхцөл зэргийг мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой хэлсэн. Бамбай булчирхайн өвчин удамшдаг, төрөлхийн ийм өвчтэй байсан нь сэтгэцийн өвчтэй болоход нөлөөлсөн гэж ялтны өмгөөлөгч гомдол гаргасан байна. Энэ талаар шинжээч эмч тодорхой тайлбарласан. Бамбай булчирхайн өвчин бол дотоод болон гадаад шалтгаант холбоотой үүсдэг өвчин. Бамбай булчирхайн өвчин нь сэтгэл хөдлөлийг зохицуулдаг булчирхай. Энэ нь байнгын гомдох, сэтгэл зүйн таагүй байдалд удаан хугацаагаар амьдрах, сэтгэлийн түгшүүртэй байдалд байгаа нь бамбай өвчний хордлогыг даамжруулж, тухайн өвчин үүсэх нэг шалтгаан нөхцөл нь болдог. Мөн хуваагдсан ухамсар гэх өвчин нь ямар нэгэн удамшлын өвчин биш. Гадаад зүйлээс шалтгаалдаг, гэр бүлийн орчинд үүсэх боломжтой. Сэтгэл зүйн байнгын түгшүүртэй байдал удаан хугацаагаар амьдарсан нь энэ өвчнийг тусах нөхцөлийг бүрдүүлсэн. Дүгнэлт гаргасан 3 шинжээч дүгнэлтийг санал нэгтэй гаргасан гэж хэлдэг.  С.О, Т.А нарын хувийн байдлыг тогтоохдоо тэдгээрийн ашиг сонирхлын зөрчилгүй гэрчүүдийг байцаах нь шаардлагатай гэж өмгөөлөгч хэлсэн. Энэ нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй. Гэр бүлийн дарамт, гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа хүчирхийллийг хамгийн түрүүнд мэдэх гэрч нарыг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоод, хэрэгт ач холбогдолтой бүхий нөхцөл байдлуудыг тодруулаад асуусан учраас дахин С.О-тай холбоотой хувийн амьдралын талаар мэддэг хүмүүсийг гэрчээр асуух шаардлагагүй гэж үзэж байна. О.Э бусдын ятгалгад орж худал мэдүүлэг өгсөн байж магадгүй учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг буюу мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагаа явуулж өгнө үү гэсэн. Мэдүүлгийг газар дээр шалгуулах ажиллагаа явуулж болохгүй. Гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэгт мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг яаж явуулах талаар тодорхой дурдаагүй. Аав нь ээжийг нь болон өөрийг нь зодоод байгаа үйлдлийг хийсвэрээр дахин бий болгож дахин энэ ажиллагааг явуулж ямар ач холбогдолтой талаар дурдаагүй. Үндэслэл бүхий дүгнэлт хийж С.О-т 7 жилийн хугацаатай хорих ял оноосон шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                               ХЯНАВАЛ:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудал мөрдөн байцаалтын шатанд бүрэн нотлогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

            Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар дараах ажиллагаануудыг гүйцэтгэх шаардлагатай байна. Үүнд:

            1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхэд дүгнэлт хийж, зөв зүйлчлэх талаар шалгах,

            2. Хохирогч нарт учирсан хохирол болон иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор С.О эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг хийх,

            3. Мөн бусдын байнгын зодох буюу тарчлаах шинжтэй үйлдлээс болж хохирогч Т.А-ийн бамбай булчирхайн өвчин хүндэрч сэтгэцийн эмгэгтэй болсон эсэх, Т.А-ийн бие махбодид учирсан бусад гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулсны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд ялтан С.О, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа, Ш.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.О-т холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.О-т холбогдох эрүүгийн 201525022551 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол С.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОЧМАНДАХ

 

                            ШҮҮГЧИД                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                   

                                                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ