Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 992

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч: Гадаад харилцааны сайд

                    Тагнуулын ерөнхий газар

                    Хил хамгаалах ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Монголын Элчин сайдын яамны Консулын газрын 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Т дугаар буцах үнэмлэх олгосон шийдвэрийг илт хууль болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Б.Ат хилийн хориг тавьсан 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961, 2012 оны 09 дүгээр сарын 01/800 дугаар захирамжилсан шийдвэр, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүдийн хилийн боомтод саатуулсан үйлдлийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагч Гадаад харилцааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагч Тагнуулын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтан 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.А миний нэрийг ашиглан Л******* овогтой Агийн зурагтай хуурамч иргэний үнэмлэх, Е******* дугаартай хуурамч Үндэсний гадаад паспорт олгожээ. Энэ паспортыг ашиглан Л.А нь Монгол Улсын хилээр 11 удаа хууль бусаар нэвтэрч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.2-т заасан хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж, Эрүүгийн хуульд заасан “хүндэвтэр” ангиллын гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. Л.А нь хамгийн сүүлд миний нэрээр 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Бүгд найрамдах Солонгос улс руу гарсан байдаг.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “ Үндэсний гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэх нь Монгол Улсын иргэнийг гадаад улсад зорчин явааг батлан гэрчлэх баримт бичиг болно”, мөн хуулийн 23.4-д “Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон Консулын газар шаардлагатай тохиолдолд ...Монгол Улсад буцах үнэмлэх олгох ...эрхтэй” гэж заажээ. Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Монголын Элчин сайдын яамнаас гаргасан журамд “Буцах үнэмлэх”-ийг Солонгос улсад ирээд паспортоо үрэгдүүлсэн, гэмтээсэн, мөн паспортын хугацаа дууссан, Бүгд найрамдах Солонгос улсад төрсөн боловч гадаад паспортаа аваагүй байгаа иргэдийг эх орондоо буцахад олгохоор журамлажээ.

Элчин сайдын яаманд хандаж “Буцах үнэмлэх” авах болсон шалтгаанаа дурдсан өргөдөл гаргах, Иргэний үнэмлэх, хүчингүй болсон энгийн гадаад паспорт, гадаад паспорт авч байсан тухай Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа авч ирэхийг бүрдүүлэх материалын жагсаалтад оруулжээ.

Гэтэл Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Консулын газар нь 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хууль буюу журам зөрчиж, гэмт хэргийг нуун дарагдуулж хууль бусаар буцах үнэмлэх олгосноос Б.А би хийгээгүй хэргийнхээ төлөө хариуцлага хүлээж, Бүгд найрамдах Солонгос улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2012 оны 07 дугаар сарын 03-аас 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар Бүгд найрамдах Солонгос улсын хилээр орох эрхээ хаалгасан.

Төрийн байгууллагуудын ажилтнууд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж Л.Ад давуу эрх олгосон хууль бус үйлдэл, Төрийн хүнд суртлын улмаас даяарчлагдсан энэ эринд Б.А миний Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12.1, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактын 13.1 хэсэг, 13.1\е\ хэсэг, Монгол Улсын үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 18 дахь заалтаар баталгаажин олгогдсон эрх, мөн хуулийн арван есдүгээр зүйлийн 3-д заасан "Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй", мөн хуулийн Арван долдугаар зүйлийн 1. 2 “Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлэх үүрэгтэй гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчигдөөд байна.

Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах тасаг нь Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д “Тагнуулын ерөнхий газар хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон уул гэмт хэргийг үйлдсэн буюу сэжиглэгдэж буй этгээдийг эрэн сурвалжлах” үүрэг гүйцэтгэнэ, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Тагнуулын байгууллага нь хуульд зааснаас бусад тохиолдолд хүний эрх, эрх чөлөөнд халдах, хязгаарлахыг хориглоно” гэснийг зөрчиж, сэжигтэн Л.Аг хайж гэмт хэргээ илрүүлэх ёстой байтал хохирогч Б А надад хууль бусаар хилийн хориг тавьж, түүнийгээ нуун дарагдуулах гэж оролдож, ёс зүйгүй үйлдэл, хүнд суртал гаргаж байна. Тагнуулын ерөнхий газар нь 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дугаар албан бичгээр эрүүгийн 2******* дугаар хэргийн хүрээнд хилийн хориг тавьж, уг хэргээ “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Мөн 2012 оны 09 дүгээр сард 01/800 дугаар албан бичгээр дахин хилийн хориг тавьж, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүдийн хилийн боомтоор хил нэвтрүүлэхгүй саатуулсан байна. Үндсэн хуулиар баталгаажсан гадаадад зорчих эрхийг 2010 оны 9 сараас 2016 оны 04 дүгээр сарын 12-ыг хүртэл хууль бусаар хязгаарлаж, хориг тавьж байсан хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн гомдол гаргасан ч хуулийн хугацаанд хариу өгсөнгүй.

Иймд Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Монголын Элчин сайдын яамны Консулын газрын 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Т дугаар буцах үнэмлэх олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлсэн шийдвэр гаргуулж, хүчингүй болгож, Тагнуулын ерөнхий газрын Б.А надад хилийн хориг тавьсан 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961, 2012 оны 09 дүгээр сарын 01/800 дугаар захирамжилсан шийдвэр, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүдийн хилийн боомтоор саатуулсан үйлдлийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлсэн шийдвэр гаргуулж, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.А нь 1997-2011 он хүртэл Л*******ын А******* /РД:ТБ*******/-тай гэр бүл болон амьдарч байсан бөгөөд Л.А*******ын төрсөн эгч болох Л*******ын А /РД:ТБ*******/ нь 2005 онд Б.Аийн нэрээр хуурамч бичиг баримт ашиглаж, хууль бусаар улсын хил нэвтэрсэн үндэслэлээр Тагнуулын ерөнхий газарт шалгагдсан. 

Иймд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс 2******* дугаар эрүүгийн хэрэгт холбогдуулан Б.Аийн нэрийг 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад оруулсан.

Б.А нь өөрийн бичиг баримт, нэрийг ашиглан Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад паспорт гаргуулж авахыг хадам эгч Л.Адаа зөвшөөрсөн гэх үндэслэл тогтоогдсон байна. Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор 2******* дугаартай эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтад орсон, хэрэгт холбогдсон иргэдийн нэрсийг хассан байна.

Мөн Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас шүүж үзэхэд Тагнуулын ерөнхий газрын даргын 2012 оны 9 дүгээр сарын 01/800 дугаар Б.Ат холбогдох албан бичиг бүртгэгдээгүй байна.

Дээр дурдсанчлан Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс 2******* дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан Б.Аийн нэрийг 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад оруулсан бөгөөд Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор уг хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хэрэгт холбогдсон иргэдийн хилийн хориг цуцлагдсан байх зохицуулалтгай.

Тиймээс Б.А нь уг тогтоол гарснаас 10 хоногийн дараа хилийн боомтоор нэвтэрч чадаагүй нь прокурор, хил хамгаалах, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагуудын хоорондын мэдээлэл солилцоо, албан хэрэг хөтлөлт, байгууллагын дотоод ажил зэрэгтэй холбоотой байж болно. Тагнуулын ерөнхий газраас 2013 оны 01 дүгээр сарын 17-нд Б.Аийг хил дээр саатуулаагүй бөгөөд дээрх 2******* дугаартай эрүүгийн хэргээс өөр шалтгаанаар түүнд хилийн хориг тавиагүй болно. Одоогийн байдлаар Тагнуулын ерөнхий газраас Б.Ат ямар нэг шалтгаанаар тавьсан хилийн хориг байхгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын Тагнуулын ерөнхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гадаад харилцааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон Консулын газар шаардлагатай тохиолдолд дипломат, албан, энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэх олгох, хугацааг сунгах, хүчингүй болгох эрхтэй" гэж заасны дагуу иргэн Л.Ад буцах үнэмлэх олгосон. Энэ нь иргэн Б.Аийн эрх үүргийг ямар нэгэн байдлаар хязгаарласан, хассан үйлдэл биш зөвхөн Л.Ад буцах боломж олгосон. Монгол Улсаас өөр оронд суугаа Консулын газар нь өөрийн орны буцах үнэмлэх авах хүсэлт гаргасан иргэний эрх үүргийг хамгаалах, өөрийн оронд буцах боломжоор хангах үүрэгтэй. Эх орондоо буцсанаар тухайн иргэнд хариуцлага тооцох эсэх асуудал Монгол Улсын хууль тогтоомжоор шийдэгдэх тул тухайн иргэнийг буцааж, зохих байгууллагаар шийдвэрлүүлэх боломжийг мөн олгож байгаа явдал мөн

Нэхэмжлэлд "хууль журам зөрчиж, гэмт хэрэг нуун дарагдуулж буцах үнэмлэх олгосон" гэжээ. Л.А өөрөө Монгол Улсад бүрмөсөн буцах тухайгаа мэдэгдэн, хуурамч паспортоо үзүүлснийг манай ажилтан цоолж, эргүүлэн олгосон байдаг. Дээр дурдсанчлан иргэн буруу үйлдэл хийснээ ухааран буцах хүсэлтээ гаргасан, үүнийг нь манай эрх бүхий байгууллага буруутайг нь тогтоон, тухайн иргэнд хариуцлага тооцох эсэхийг шийдвэрлэх хуультай бөгөөд Консулын газар нь тухайн иргэнийг гэмт хэрэг үйлдсэнийг тогтоох байгууллага биш юм. Мөн энэ үйлдэл нь Бүгд найрамдах Солонгос улсын эрх бүхий байгууллагаас хил нэвтрэх эрхийг нь 5 жилээр хассан үйлдлийн үндэс болсон гэжээ Бүгд найрамдах Солонгос улсын эрх бүхий байгууллагаас ямар шийдвэр гаргах нь тухайн байгууллагын эрх хэмжээний асуудал тул бидний шийдвэрээс болоод ийм шийдвэр гарахад хүргэсэн гэх үндэслэл болохгүй. Мөн иргэн Л.Ад л буцах үнэмлэх олгосон болохоос иргэн Б А нь хамаатай гэх ямар нэгэн үйлдэл хийж өгөөгүй.

Иймээс Гадаад харилцааны яаманд холбогдох нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хил хамгаалах ерөнхий газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дугаар албан бичгийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэлд авч, иргэн Бү******* овогтой Аийн мэдээллийг “ВOREХ” программд оруулж, хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтад оруулсан байна.

Мөн Авлигатай тэмцэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга нарын 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Зорчигч тээврийн хэрэгслийг Улсын хилээр нэвтрэхэд саатуулж шийдвэрлэх журам” батлах тухай 133/499/535/07/44 дүгээр хамтарсан тушаалын 3 дугаар зүйлийн 3.4-д “Эрх бүхий байгууллага нь улсын хилээр үл нэвтрүүлэх зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг сар бүрийн эхний 5 хоногт багтаан Хилийн шалган нэвтрүүлэх хэлтэстэй хамтран тодотгож, бичгээр тэмдэглэл үйлдэнэ." гэж заасны дагуу Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дүгээр албан бичгээр ирүүлсэн жагсаалтын 3 дугаарт Б.Аийн нэр, мэдээлэл нь байсан тул 2011 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бүртгэлд авсан.

Тагнуулын ерөнхий газар Мөрдөн байцаах хэлтсийн 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01/800 дугаар албан бичигтэй хамтад нь ирүүлсэн “Улсын хилээр үл нэвтрүүлэх хүмүүсийн нэрсийн жагсаалт”-ын 3 дугаарт Б.Аийн нэр, мэдээлэл нь байсан тул 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэлд аван “ВOREХ” программд оруулсан байна.

Дээрх “Улсын хилээр үл нэвтрүүлэх хүмүүсийн нэрсийн жагсаалт”-д орсон

иргэдийн нэрсийг Хил хамгаалах ерөнхий газарт ирсэн он, сар, өдрөөр нь тооцон бүртгэлд авч, “ВОRЕХ” программд оруулдаг.

2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүд авто замын боомтоор гарах чиглэлд ДГО 56-73 улсын дугаартай автобусаар зорчин явсан Б.Аийг дээрх жагсаалтыг үндэслэн саатуулж, Замын-Үүд дэх Тагнуулын газрын ажилтан, ахлах ахлагч Ч.М*******д 07 тоот нотломжоор хүлээлгэн өгсөн.

“Зорчигч, тээврийн хэрэгслийг Улсын хилээр нэвтрэхэд саатуулж шийдвэрлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу саатуулах иргэдийн нэрсийн жагсаалтад орсон иргэн Б.Аийг саатуулж тагнуулын байгууллагад хүлээлгэн өгч, нэр, мэдээллийг саатуулах иргэдийн жагсаалтаас 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хассан байна.

Иргэн Б.Аийг хилээр үл нэвтрүүлж, саатуулах иргэдийн нэрсийн жагсаалтаас хасаж, хилийн хоригийг цуцлах тухай Тагнуулын ерөнхий газар болон эрх бүхий байгууллагаас ямар нэгэн шийдвэр 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Хил хамгаалах байгууллагад ирээгүй болно.

Тиймээс Хил хамгаалах байгууллагын ажилтан нь хууль, журмын дагуу үүргээ гүйцэтгэн иргэн Б.Аийг саатуулсан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын Хил хамгаалах ерөнхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Аээс Гадаад харилцааны сайд, Тагнуулын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Монголын Элчин сайдын яамны Консулын газрын 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Т дугаар буцах үнэмлэх олгосон шийдвэрийг илт хууль болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Б.Ат хилийн хориг тавьсан 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961, 2012 оны 09 дүгээр сарын 01/800 дугаар захирамжилсан шийдвэр, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүдийн хилийн боомтод саатуулсан үйлдлийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүдийн хилийн боомтод саатуулсан үйлдлийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газрыг хариуцагчаар татан оролцуулсан болно.

Б.Аийн нөхөр Л.А*******ын төрсөн эгч Л*******ын А нь хуурамч бичиг баримт ашиглаж, хууль бусаар улсын хил нэвтэрсэн үндэслэлээр Тагнуулын ерөнхий газарт шалгагдсан байна.  

“Б.Ат хилийн хориг тавьсан 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961, 2012 оны 09 дүгээр сарын 01/800 дугаар захирамжилсан шийдвэр хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичгээр Бү*******ын Аийг хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтад оруулжээ.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 болон “Зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрэхэд саатуулж, шийдвэрлэх журам”-ын /2009 оны/ 2.1.-д заасан үндэслэл байхгүй байхад иргэн Б.Аийг гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлсэн нь дээрх хуулийн 5 дугаар зүйлийн зүйлийн 2.-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг хязгаарлахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн байна. 

Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/-д заасан Б.А гадаадад зорчих, цагаачлах нь бусад хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаа тухай өргөдөл, гомдол байгаагүй; 5/-д зааснаар хуурамч, бусдын паспорт, баримт бичиг ашиглаагүй; 1/-д зааснаар нэхэмжлэгчийг гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татаагүй байхад хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад оруулж, Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургадугаар зүйлийн 12)-т заасан иргэнийг хуульд заасан үндэслэл, журмаас гадуур эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосныг зөрчиж, иргэн Б.Аийн эрх, эрх чөлөөнд халдсан байна гэж үзлээ. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7.-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;”, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6.-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичгийн Бү*******ын А /ТБ*******/-т холбогдох хэсгийг буюу захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Харин Тагнуулын ерөнхий газрын 2012 оны 09 дүгээр сарын 01/800 дугаар албан бичиг нь Б.Аийг хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад оруулаагүй түүнд хамааралгүй, эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5., 109 дүгээр зүйлийн 109.2.-т зааснаар тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

“2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүдийн хилийн боомтод саатуулсан үйлдлийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хүчингүй болгуулах, Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Монголын Элчин сайдын яамны Консулын газрын 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Т дугаар буцах үнэмлэх олгосон шийдвэрийг илт хууль болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Нэхэмжлэгч Б.А хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад бүртгэлтэй байсан учир 2013 оны 01 дүгээр  сарын 17-ны өдөр Замын-Үүдийн хилийн боомтод саатуулсан хил хамгаалах байгууллагын үйлдэл Хилийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 2/-т “...шаардлагатай үед иргэний баримт бичгийг шалгах...”, 8/-д “хилийн зөрчил түүнтэй холбогдсон асуудлыг шуурхай шалгаж шийдвэрлэх, хойшлуулшгүй ажиллагаа явуулах;” гэж бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн, “Зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрэхэд саатуулж, шийдвэрлэх журам”-ын /2009 оны/ 2.6., 3.1.-д заасантай нийцсэн байна. 

Бүгд найрамдах Солонгос улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсээс 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Л.Ад буцах үнэмлэх олгосон нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.-д “Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон Консулын газар шаардлагатай тохиолдолд дипломат, албан, энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэх олгох, хугацааг сунгах, хүчингүй болгох эрхтэй.” гэж заасантай нийцсэн, Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургадугаар зүйлийн 18)-д заасан эх орондоо буцан ирэх иргэний эрхийг хангасан байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгчийн “2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын–Үүдийн хилийн боомтод саатуулсан үйлдлийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хүчингүй болгуулах, Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Монголын Элчин сайдын яамны Консулын газрын 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Т дугаар буцах үнэмлэх олгосон шийдвэрийг илт хууль болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1., 106.3.2., 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1., 2., Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7., Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6.-д заасныг тус тус баримтлан Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичгийн Бү*******ын А /ТБ*******/-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгосугай.

2. Хилийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 2/, 8/, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Аийн “2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын–Үүдийн хилийн боомтод саатуулсан үйлдлийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хүчингүй болгуулах, Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Монголын Элчин сайдын яамны Консулын газрын 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Т дугаар буцах үнэмлэх олгосон шийдвэрийг илт хууль болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Аийн Тагнуулын ерөнхий газрын 2012 оны 09 дүгээр сарын 01/800 дугаар албан бичгийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тагнуулын ерөнхий газраас 23400 /хорин гурван мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.ДАМДИНСҮРЭН