Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 221/MA2017/0134

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 10 өдөр

  Дугаар 221/МА2017/0134

         Улаанбаатар хот

 

 

Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Б.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн, хариуцагч Гадаад харилцааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майцэцэг, хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батнасан, хариуцагч Тагнуулын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0992 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Гадаад харилцааны сайд, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0992 дугаар шийдвэрээр: Монгол улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1., 2., Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичгийн Бүжинлхамын Алтанцэцэг /ТБ72011061/-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, Хилийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/, 8/, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн “2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүдийн хилийн боомтод саатуулсан үйлдлийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хүчингүй болгуулах, Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа Монголын Элчин сайдын яамны Консулын газрын 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Т00016868 дугаар буцах үнэмлэх олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн Тагнуулын ерөнхий газрын 2012 оны 09 дүгээр сарын 01/800 дугаар албан бичгийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “1. ТЕГ нь Б.Алтанцэцэг надад хилийн хориг тавьсан 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 тоот, 2012 оны 09 дүгээр сарын 01\800 дугаартай захирамжилсан шийдвэр, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүдийн хилийн боомтод саатуулсан үйлдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлсэн шийдвэр гаргуулах, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухай: Тагнуулын Ерөнхий газрын дарга хошууч генерал Б.Хурц өөрсдийн хууль бус шийдвэрээ хамгаалж, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс  20847068 дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан Б.Алтанцэцэгийн нэрийг 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хилээр үл нэвтрэх иргэдийн жагсаалтад оруулсан гэсэн тайлбарыг захиргааны хэргийн шүүхэд ирүүлжээ.

Б.Алтанцэцэг би Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болох Иргэний болон Улс төрийн эрхийн Олон Улсын пактын 12.1-д “Аль нэг улсын нутагт хууль ёсоор байгаа аливаа хүн тухайн нутаг дэвсгэр дотор чөлөөтэй шилжин явах, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 18 дахь заалтаар баталгаажсан Гадаадад зорчих” эрхээ эдлэх бүрэн эрхтэй. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас батлан гаргасан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад Монгол Улс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэгдэн орж, соёрхон баталсан тул оролцогч улсуудад үүрэг болгосон эрх зүйн баримт бичиг юм.

Монгол Улсын /одоогийн нэршлээр/ Улсын Бүртгэл Статистикийн Газрын албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж, Б.Алтанцэцэг миний овог нэр, регистрийн дугаарыг ашиглаж, Л.Ариунзаяагийн зурагтай хуурамч иргэний үнэмлэх, Е серийн 0228795 дугаарын үндэсний гадаад паспортыг Л.Ариунзаяад ашиглуулах зорилгоор үйлдсэн байна. Дээрх хуурамч иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспортыг ашиглаж, Л.Ариунзаяа нь 2004-2012 он хүртэл Монгол Улсын хилийг хууль бусаар 11 удаа нэвтэрч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн, 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр БНСУ-д суугаа Монгол Улсын консулын газраас гаргуулан авсан Т0016868 дугаартай буцах үнэмлэхээр Монгол Улсад орж ирсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 73 тоот Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоолоор нотлогдож байна.

Дээрх өөрийн нэрээр авсан буцах үнэмлэх нь ч хууль бус аргаар олж авсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нийслэлийн прокурорын орлогч хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баянжаргал 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5/244 тоот хариу мэдэгдэх хуудастаа сэжигтэн Л.Ариунзаяад Эрүүгийн хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон гэж надад мэдэгдсэн байна.

Гэтэл Тагнуулын Ерөнхий газар нь хохирогч Б.Алтанцэцэг надад хилийн хориг тавьж, саатуулж байгаад Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч дэд хурандаа Г.Баянбат 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 20847065 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг 2013 оны 01 сарын 07-ны өдрийн 14 тоот Нийслэлийн прокурорын газрын 14 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг тогтоолын тогтоох хэсгийн 4-д “Хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг мэдэгдэх хохирогч, яллагдагч тогтоогдоогүй” болохыг дурдсугай гэсэн тогтоол нь гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж олгож, Б.Алтанцэцэг миний хууль ёсны эрх ашгийг төдийгүй Монгол Улсын 130 гаруй иргэний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны хэргийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд Тагнуулын Ерөнхий газрын 2010 оны 09 дугаар сарын 09-ны өдрийн 01\961 дугаар албан бичгийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэн авч, иргэн Бүжинлхам овогтой Алтанцэцэгийн мэдээллийг “BOREX” программд оруулж, хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтад оруулсан байна. Мөн Тагнуулын Ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 01/109 дүгээр албан бичгээр ирүүлсэн жагсаалтын 3 дугаарт Б.Алтанцэцэгийн нэр мэдээлэл нь байсан тул 2011 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бүртгэлд авсан. Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01/800 дугаар бичигтэй хамтад нь ирүүлсэн “Улсын хилээр үл нэвтрэх хүмүүсийн нэрсийн жагсаалт”-ын 3 дугаарт Б.Алтанцэцэгийн нэр мэдээлэл байсан тул 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэн аван “BOREX” программд оруулсан байна гээд 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дээрх жагсаалтад үндэслэж, Замын-Үүд дэх Тагнуулын газрын ажилтан ахлах ахлагч Ч.Мөнхсайханд 07 тоот нотломжоор хүлээлгэн өгсөн байна. Тагнуулын Ерөнхий газар нь хууль бусаар саатуулсныхаа маргааш 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр намайг гэртээ хариад хүлээж байгаа энэ хэргийг бид илрүүлээд дуудна гэж хуурч явуулсан байна. Тагнуулын Ерөнхий газар нь Б.Алтанцэцэг намайг 2015 онд сэжигтэн Л.Ариунзаяад холбогдуулан гомдол гаргах хүртэл нэг удаа ямар нэгэн шалтгаанаар Б.Алтанцэцэг намайг дуудан шалгаж байгаагүй.

Тагнуулын Ерөнхий газар нь Б.Алтанцэцэг надад хилийн хориг тавьсан 2010 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 01/961 тоот, 2012 оны 09 дүгээр сарын 01/800 дугаартай захирамжилсан шийдвэр, Тагнуулын Ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын Б.Алтанцэцэг намайг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүдийн хилийн боомтод саатуулсан үйлдэл нь Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т заасан “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр Монгол Улсын иргэн гадаадад зорчих эрхийг хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Дээрх шийдвэр, үйл ажиллагаанууд нь Захиргааны Ерөнхий хуулийн 47.1.5-д зааснаар “Хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, мөн хуулийн 47.1.6-д зааснаар “Иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, мөн хуулийн 47.3-д “3ахиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж зааснаар илт хууль бус болох нь тодорхой байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх салган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хууль бус шийдвэр гэж үзэн гомдол гаргаж байна.

2. Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа Монголын Элчин Сайдын яамны Консулын Газрын 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Т00016868 дугаар буцах үнэмлэх олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Л.Ариунзаяа нь Б.Алтанцэцэг миний нэр регистрийн дугаартай өөрийн зурагтай хуурамч иргэний үнэмлэх, Е серийн 0228795 дугаарын үндэсний гадаад паспортыг ашиглан 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдөр БНСУ-д нэвтэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан Л.Ариунзаяагийн мэдээлэл болон 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 73 тоот Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоолоор нотлогдож байна. Л.Ариунзаяа нь миний нэрээр БНСУ-ын хил нэвтэрсэн. 2008-2012 оны 6 cap хүртэл БНСУ-д миний нэрээр амьдарч байсан байна.

БНСУ-д суугаа Монголын Элчин Сайдын яамны Консулын газар нь миний нэртэй хуурамч иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспортыг цоолж, Л.Ариунзаяад буцаан олгосон үйлдэл нь Л.Ариунзаяад ял завших боломж олгож, Монгол Улсын хилийг хууль бусаар 11 удаа нэвтэрсэн Төрийн эсрэг гэмт хэргийг нуун дарагдуулсан үйлдэл юм. Л.Ариунзаяа нь дээрх цоолсон хуурамч иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспортыг БНСУ-ын талд хураалгаснаас Монгол Улсын иргэн Б.Алтанцэцэг би хийгээгүй хэргийнхээ төлөө хариуцлага хүлээж, БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх албаны тухай хуулийн 11.1-д зааснаар БНСУ-д нэвтрэх эрхийг 2012 оны 07 дугаар сарын      03-аас 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хязгаарласан болох нь хавтас хэрэгт авагдсан БНСУ-ын виз олгохоос татгалзсан хариу мэдэгдэх хуудас, Хүний Эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь БНСУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд У.Сунг-д хандан гаргасан хүсэлт уламжлах тухай 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/333 тоот албан бичгээр нотлогдож байгаа боловч захиргааны хэргийн анхан шатны шүүх үнэлээгүйд гомдолтой байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх Солонгос улс дахь Монгол Улсын Элчин сайдын консулын хэлтсээс 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Л.Ариунзаяад буцах үнэмлэх олгосон нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23.4-д “Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон Консулын газар шаардлагатай тохиолдолд Монгол Улсад буцах үнэмлэх, хугацааг сунгах, хүчингүй болгох эрхтэй” Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 18-д заасан эх орондоо буцаж ирэх иргэний эрхийг хангасан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хууль бусаар олгосон буцах үнэмлэх нь Л.Ариунзаяагийн хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 18-д заасан “Эх орондоо буцаж ирэх” иргэний эрхийг хангасан ч Б. Алтанцэцэг миний болон Монгол Улсын эрх ашгийн хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 3-д заасан “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж үзвэл: Сөүл дэх Элчин Сайдын Яамны зөвлөх, Консулын хэлтсийн дарга Б.Батзориг нь Гадаад хэргийн Яамны Консулын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Ариунболдод 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр цахим шуудандаа: Танайхаас ирүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны Е/10/16/2456 тоот цахим шууданд дурдсан Л.Ариунзаяатай холбоотой 2012 оны буцах үнэмлэхний баримт, материал байхгүй байна. Харин гарын үсэг зурж, буцах үнэмлэх авсан бүртгэл нь байгаа тул холбогдох хэсгийг нь танайд хүргүүллээ. Жич энэ талаар урьд нь танайд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн болно гэжээ.

Буцах үнэмлэх олгох эрх бүхий байгууллагын эрх бүхий этгээд болох Сөүл дэх Элчин Сайдын Яамны зөвлөх, Консулын хэлтсийн дарга Б.Батзориг нь буцах үнэмлэхийг журмын дагуу олгосон баримт байхгүй байна гэж мэдүүлсэн болон Л.Ариунзаяад миний нэртэй хуурамч гадаад паспортыг БНСУ-ын талд аваачиж өгч, намайг хууль бусаар шийтгүүлээд өөрөө хариуцлагаас мултрах боломж олгосон буцах үнэмлэх олгох шийдвэр үйл ажиллагааг Захиргааны Ерөнхий хуулийн 48.2.2-т “Бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” мөн хуулийн 48.2.4-д зааснаар “Захиргааны актыг гаргуулахдаа ... бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгоогүйд гомдолтой байна...

Иймээс Л.Ариунзаяад буцах үнэмлэх олгосон шийдвэр, үйл ажиллагаа нь БНСУ-ын талыг Монгол Улсын Захиргааны Ерөнхий хуулийн 47.1.5-д зааснаар “Хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, мөн хуулийн 47.1.7-д зааснаар “Түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй” захиргааны илт хууль бус акт юм.

2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Л.Ариунзаяад Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан үе. Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх тухай хуулийн 27.1-д зааснаар Тагнуулын Ерөнхий газрын ажилтан, мөн хуулийн 35.1-д зааснаар “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч энэ хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, дор дурдсан этгээдийг сэжигтнээр тооцож, үндэслэл бүхий тогтоол гаргана”. Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх тухай хуулийн 35.1.4-д зааснаар “Уг этгээд хэргээ илчлэн ирсэн” тохиолдолд гэж хуульчилжээ.

Иймээс Консулын ажилтны буцах үнэмлэх олгосон үйлдэл нь гэмт хэргийг нуун дарагдуулж, хуурамч бичиг баримт үйлдэж, Б.Алтанцэцэг миний эрх ашгийг хохироосон гэмт үйлдэл юм...

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0992 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дахь заалт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцээд, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүйгээр “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан “Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичгийн Бүжинлхамын Алтанцэцэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, Хилийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/, 8/, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг тус тус баримтлан “2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүд хилийн боомтод саатуулсан үйлдлийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хүчингүй болгуулах, Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа Монгол улсын Элчин сайдын яамны Консулын газрын 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Т00016868 дугаар буцах үнэмлэх олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” иргэн Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр, нотлох баримтад тулгуурлалгүй, хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нь буруу юм.

Зүй нь, шүүх Б.Алтанцэцэгийг хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад оруулсан Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичгийг илт хууль бус гэж үзсэн тохиолдолд түүнийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүд хилийн боомтод саатуулсан үйлдэл хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгох учиртай.

Шүүхэд иргэн Б.Алтанцэцэг нь “...миний нэрийг ашиглан Лхагважав овогтой Ариунзаяагийн зурагтай хуурамч иргэний үнэмлэх, Е0228795 дугаартай хуурамч үндэсний гадаад паспорт ашиглан Л.Ариунзаяа нь Монгол Улсын хилээр 11 удаа хууль бусаар нэвтэрч, Эрүүгийн хуульд зааснаар Л.Ариунзаяа нь эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцогдож шалгагдсан” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ гаргажээ.

Хэрэгт авагдсан “Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн нэр бүхий ажилтнууд овог, нэр, регистрийн дугаар өөрчилж иргэний үнэмлэх, гадаад паспорт гаргаж өгөхийг хүссэн нийт 130 хүний өргөдлийг хүлээн авч олгон, бусдад хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорт ашиглуулсан гэх үйлдэлд 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 223 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 20746164 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн Н.Энхцогт нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарласан 20847065 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 223 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн Прокурорын газрын 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох” тухай прокурорын 14 дүгээр тогтоол, “Монгол Улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтын 3 дахь хэсэгт Бүжинлхамын Алтанцэцэг, эрүүгийн хэргийн дугаар 20847065” гэсэн нотлох баримтууд болон хариуцагч Тагнуулын ерөнхий газрын “...Мөрдөн байцаах хэлтэс 20847065 дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан Б.Алтанцэцэгийн нэрийг 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хилээр үл нэвтрэх жагсаалтад оруулсан” гэсэн тайлбар зэргээс үзэхэд иргэн Л.Ариунзаяад холбогдох эрүүгийн 201501000168 дугаартай хэргийг шалгаж байгаа гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичиг гараагүй байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд мөрдөн байцаах ажиллагааны явцад Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичиг гаргасан байх бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн           4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэг мөрдөн байцаах ... үйл ажиллагааны талаар иргэн, хуулийн этгээдээс шүүхэд гаргасан гомдлыг эрүүгийн болон иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...мөрдөн байцаах ... байгууллагын энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т зааснаас бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх “Б.Алтанцэцэгийн нөхөр Л.Ариунбаярын төрсөн эгч Лхагважавын Ариунзаяа нь хуурамч бичиг баримт ашиглаж, хууль бусаар улсын хилээр нэвтэрсэн үндэслэлээр Тагнуулын ерөнхий газарт шалгагдсан байна”, “... нэхэмжлэгчийг гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татаагүй байхад хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад оруулж, иргэн Б.Алтанцэцэгийн эрх чөлөөнд халдсан байна” гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй юм.

Тиймээс анхан шатны шүүх дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь зүйтэй байна.

Авлигатай тэмцэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны дарга нарын хамтарсан 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 133/144/535/07/44 дугаартай “Зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрэхэд саатуулж, шийдвэрлэх журам”-ын Хоёр дахь хэсгийн 2.1-д “эрх бүхий байгууллага нь улсын хил дээр саатуулах дараах үндэслэл бүхий зорчигч ... талаарх мэдээ, мэдээллийг шаардлагатай тохиолдолд Хил хамгаалах ерөнхий газарт албан бичгээр хүргүүлнэ”, 2.7-д “мэдээ, мэдээллийг эрх бүхий байгууллагын дарга, дэд дарга, Авлигатай тэмцэх газрын, Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн дарга нар өгнө” гэжээ.

Маргаан бүхий Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичгийг захиргааны акт гэсэн үндэслэлээ тодруулах, уг албан бичгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн дагуу гаргасан эсэх, эсвэл тухайн байгууллага эрх хэмжээний хүрээнд албан бичгийг гаргах эрхтэй болохыг тогтоосноор Тагнуулын ерөнхий газрын үйл ажиллагаа нь захиргааны үйлдэл мөн эсэх нь тодорхойлогдох бөгөөд түүнээс үүссэн бусад үйл ажиллагаа нь захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэх талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, тэрээр шүүхээр ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг тогтоолгох, тэрхүү эрхээ хэрхэн сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тодруулж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм.

Тодруулбал, “Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа Монголын Элчин сайдын яамны Консулын газрын 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Т00016868 дугаар буцах үнэмлэх олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул уг нэхэмжлэл нь хангагдсанаар нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн Бүгд Найрамдах Солонгос улсын хилээр нэвтрэх эрх нээгдэх боломжтой эсэх, мөн 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Алтанцэцэгийг Замын-Үүд хилийн боомтод саатуулсан үйлдлийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрснөөр түүний ямар эрх нь сэргээгдэх үндэслэл бий болохыг тодруулж, мөн холбогдох нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж шүүх дүгнэлт өгөх нь зөв байна.

Тиймээс шүүх Захиргааны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийн дагуу хэргийн оролцогчдоос тодруулж, дээрх нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай байна.

Учир нь “Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Журам батлах тухай” А/91 дүгээр тушаалаар батлагдсан “Прокурор хилийн хориг тавих, цуцлах журам”-ын нэг дэх хэсэгт “Прокурор хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцад сэжигтэн, яллагдагчид хилээр хориг тавих, түүнийг цуцлах ажлыг явуулахдаа Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалт, энэ журмыг мөрдлөг болгон”, хоёр дахь хэсгийн 1-д “эрх бүхий байгууллагын хүсэлтийг үндэслэн эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцогдсон, яллагдагчаар татагдсан этгээд нь улсын хилээр нэвтэрч болзошгүй хангалттай баримт байна гэж үзвэл хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд гадаадад зорчих эрхийг түр түдгэлзүүлэх арга хэмжээ авна”, 7-д “прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд сэжигтэн, яллагдагчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох талаарх дурдах ба байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдоос уг шийдвэрт хуульд заасан хугацаанд гомдол гараагүй тохиолдолд нэн дариу хоригийг цуцлах талаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт албан бичгээр хүргүүлнэ” гэж заажээ.

Тодруулбал, дээрх журмын заалт болон хэргийн үйл баримтаас үзэхэд маргаан бүхий албан бичгийг хууль, журамд зааснаар хянах эрх бүхий этгээдийг тодруулах, мөн нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, зөрчигдсөн болохыг тогтоох, уг нэхэмжлэлд үндэслэн захиргааны үйл ажиллагаанд дүгнэлт өгөх, шүүхээс гаргах шийдвэрийн агуулга тодорхойлогдох чухал ач холбогдолтой юм.

Мөн шүүх энэхүү маргааныг шийдвэрлэхэд нарийвчилсан зохицуулалттай хууль аль нь болохыг анхаарч хэргийг шийдвэрлэхээр байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0992 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

 

                                    ШҮҮГЧ                                                               О.НОМУУЛИН

 

                                    ШҮҮГЧ                                                              Э.ЗОРИГТБААТАР

 

                                    ШҮҮГЧ                                                               Э.ХАЛИУНБАЯР