Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 202

 

Г.Г эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын прокурор хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1891 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 184 дүгээр магадлалтай, Г.Г эд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Г ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэг бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна.

Давж заалдах шатны шүүхээс зохих зөрчлийн хариуцлага хүлээсэн 2018 оны 05 дугаар сарын 09, мөн оны 11 дүгээр сарын 09-ний өдрүүдийн үйлдлийг нь сүүлийн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үйлдэлтэй холбож, гэр бүлийн хүчирхийллийг “байнга” үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн боломжгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимтай харшилж байна гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй, хууль ёсны зарчимд нийцээгүй.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгохдоо зөвхөн уг зүйлд заасан аль нэг үйлдлийг нь 3 удаа хийхийг ойлгох биш уг зүйлд заасан үйлдлүүдээс 3 ба түүнээс дээш удаа хийсэн байхыг хамааруулан ойлгоно гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн бүрэлдэхүүний объектив талын үндсэн шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан” гэсэн 4 шинжээр үйлдэгдэх ба эдгээрийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг үйлдсэн нь нийт 3 удаа байх тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”- ийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 3 шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхыг шаардана гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний байнга гэсэн шинжийг хангахад дээрх хоёр хуулийн ижил шинжүүдээс давтагдаж буй шинжүүдээр дүгнэлт хийх хүрээгээ тогтоож байх нь зөрчил ямар тохиолдолд гэмт хэрэгт шилжиж байгааг тодорхойлох хууль зүйн үндэслэл болно. Дээрх байдлаас дүгнэвэл Г.Г ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх’’ гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болох “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэх шинжийг бүрэн агуулж байна.

Иймд анхан шатны шүүхийн ...цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн ...магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжихгүй байгаа. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд харилцан адилгүй шийдвэрлэж байгаа тул энэ талаар хууль зүйн талаас нь дүгнэлт гаргуулахаар хуралдаанд оролцож байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хууль зүйн үндэслэлтэй зөв гарсан тул шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Г.Г эд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос Г.Г ийг согтуурсан үедээ буюу 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, мөн 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн ....тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ж.А -ийн үснээс нь зулгааж өшиглөж, цохиж зодсон үйлдэлдээ тус тус Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээсний дараа  2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дахин өөрийн эхнэр Ж.А -ийн үснээс нь зулгааж, өшиглөж зодсон үйлдэл нь байнга давтагдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт яллагдах үндэслэлтэй гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г  нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 769, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1700 дугаартай шийтгэврээр тус тус зөрчлийн шийтгэл хүлээсэн бөгөөд хамгийн сүүлд оногдуулсан шийтгэлээс Зөрчлийн тухай хуульд заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан үйлдлийн “байнга” гэх шинж хангагдахгүй байна гэж дүгнэн шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх гэм буруу, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хийгээгүй атлаа хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэсэн, шүүгдэгчийн өмнөх 2 үйлдлийг сүүлийн буюу 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үйлдэлтэй холбож “гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн” гэж дүгнэх хууль зүйн боломжгүй, энэ нь “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимтай харшилна хэмээн нэмж дүгнэлт хийгээд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээжээ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Г.Г  нь 2018 оны 05 дугаар сарын 9, мөн оны 11 дүгээр сарын 09, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд эхнэр Ж.А -ийг зодсон үйлдэл тогтоогдсон бөгөөд тооны хувьд байнга гэсэн шинжийг хангасан байна.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлүүдийн сэдэлт, зорилгыг тодорхойлсон боловч уг үйлдлүүдийн хоорондох хугацааны хамаарлыг нарийвчлан тодорхойлоогүйгээс энэ төрлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой эрх зүйн маргаан үүссэн байх тул  энэхүү эргэлзээ, маргааныг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтай байх зарчмыг баримтлан дараах тайлбар, хууль хэрэглээний жишиг тогтоох үндэслэлтэй гэж үзэв.

Энэхүү гэмт хэргийн үндсэн шинжийг бүрдүүлэг “Байнга” гэх ойлголт нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх шаардлага нь тухайн гурван үйлдлийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл /легитим/ болно.

Зөрчлийн тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх үндэслэл нь  гурав, түүнээс дээш удаагийн гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл болон зөрчлүүдийн нэг нь дангаараа гэмт хэргийн шинжийг хангахгүй тул Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг ашиглах боломжгүй, харин үйлдэл болон зөрчлүүдийн нийлбэр Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шилжиж байгаагаас үүдэлтэй юм.

Үүнээс үндэслэн Г.Г ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчлийн шинжтэй үйлдлийн давтамж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Байнга” гэсэн шинжийн тооны давтамжийг агуулж байгаа боловч хоёр болон гурав дахь үйлдлийн хооронд нь зургаан сарын хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нь Эрүүгийн хуулиар тодорхойлсон гэмт хэрэг гэж үзэх, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлээ алдсан тухай тайлбар хийж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзлээ.

 

 Харин давж заалдах шатны шүүх “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчим зөрчигдсөн гэж нэмж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Ямар ч хүнийг үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс хуулийн дагуу эцэслэн шийтгэсэн буюу цагаатгасан тохиолдолд тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэхийг хориглодог Double jeopardy /Ne bis in idem/ гэсэн Эрүүгийн эрх зүйн онолын зарчмыг НҮБ-аас баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн  7 дахь хэсэг, Ромын дүрмийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр тогтоож, нийтээр хүлээн зөвшөөрч хэм хэмжээ тогтоосон бөгөөд Монгол Улс уг зарчмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангидаа тухайлан хуульчилж, тусгажээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хуульд “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж тусгасан нь Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шүүхээс шийтгүүлсэн эсхүл цагаатгагдсан тохиолдолд шүүхээс, эсхүл өөр шүүхээс дахин ял оногдуулахыг хориглосон агуулгыг илэрхийлсэн бөгөөд Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулсан эсхүл оногдуулж болох зөрчил давтагдах зүй тогтлоороо нийгэмд аюултай үзэгдлийг гэмт хэрэгт шилжүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж  буй энэхүү гэмт хэргийн тохиолдол дээрх зарчимд хамааралгүй гэж үзнэ.

 

Зөрчилд шийтгүүлсэн нь нэг удаагийн тохиолдол бөгөөд тэрхүү зөрчлийн үйлдэл дангаараа гэмт хэргийн шинжийг хангаж чадахгүй ч өөр бусад ижил тохиолдлуудтай нэгдэж гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тохиолдолд зөрчилдөө шийтгүүлсэн нь хууль бус үйлдлийн цаана хамгаалагдаж буй харилцааг Эрүүгийн хуулиар хамгаалах зорилгыг хязгаарлах үндэслэл болохгүй.

Хамгаалагдаж буй харилцааны агуулга нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн “гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх”-д оршино гэсэн зорилгоор тодорхойлох бөгөөд уг хуулийг зөрчсөн этгээдэд Зөрчлийн эсхүл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх асуудлыг үйлдлийн давтамжийг харгалзан шат дараалж хүндрүүлсэн нь хууль тогтоогчийн үзэл санаа юм.

Эрх зүй нь зүй бус, хууль бус үзэгдлийг ямагт хүлээн зөвшөөрч болохгүй бөгөөд түүнд хариуцлага хүлээлгэх асуудлыг эрэмбэлж, илэрч буй аюултай түвшин, зүй тогтлоос нь шалтгаалан эрүүжүүлэх, хариуцлагыг хүндрүүлэх зарчим, бодлого цөөнгүй бөгөөд энэхүү ойлголт, ухагдахууныг хууль тогтоогч тооцож, хуульчилсан байна. 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэг болон Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжүүдийн давхардаж буй хэсгүүд нь гэмт хэргийн шинжийг тодорхойлох үндэслэл болох бөгөөд аль нэг үйлдлийг гурав, түүнээс дээш удаа, эсхүл нийтдээ гурав, түүнээс дээш удаа байх аль ч тохиолдол гэмт хэргийн шинжийг хангана.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийн давж заалдах шатны шүүхийн “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчмыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу гэсэн хэсгийг хүлээн авч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1891 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 184 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

                                                ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                                     Ч.ХОСБАЯР