Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 184

 

 

 

 

 

2020                2              6                                         2020/ДШМ/184

 

Г.Г-эд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

цагаатгагдсан этгээд Г.Г-ийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1891 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 4 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Г.Г-эд холбогдох эрүүгийн 1906060692542 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Г.Г-, 19.... оны 2 дугаар сарын 10-ны өдөр ...........суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;

Г.Г- нь согтуурсан үедээ буюу 2018 оны 5 дугаар сарын 9, 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 16-1А тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ж.А-ийн үснээс нь зулгааж өшиглөж, цохиж зодсон,

мөн 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 16-1А тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ж.А-ийн үснээс нь зулгааж, өшиглөж, зодож байгаа нь байнга давтагдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Г-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Г.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Г.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ганцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт нь зөрчил үйлдэгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор шалган, хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх, хэрэв тухайн хугацаа өнгөрсөн тохиолдолд тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тухай ойлголт билээ. Шүүгдэгчид холбогдох зөрчлийн хэргийг хөөн хэлэлцэх хугацааны дотор шийдвэрлэсэн байхад зөрчил үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “байнга” гэх шинж үгүйсгэгдэж байна гэсэн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн шүүх үгийн утга, агуулгын хувьд “байнга” гэх шинж нь нэг үйлдлийг олон удаа ойр ойрхон хийхийг ойлгохоос бус нэг үйлдлийг хугацааг нь харгалзахгүйгээр гурав ба түүнээс дээш удаа хийсэн байна гэж ойлгох нь өрөөсгөл болж байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгохдоо зөвхөн уг зүйлд заасан аль нэг үйлдлийг ойрхон хийхийг ойлгохоос бус уг зүйлд заасан аль нэг үйлдлийг хугацааг нь харгалзахгүйгээр гурав ба түүнээс дээш удаа хийсэн байхыг хамааруулан ойлгоно гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлсон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрээ зодсон, хувиарт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан үйлдлийг гурван удаа хийсэн болох нь тогтоогдсон байдаг.

Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан, хэрэглэсэн гэж үзэж байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1891 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.           

Цагаатгагдсан этгээд Г.Г-ийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Өмнөх зөрчлийн хэрэгт нь шийтгэл оногдуулчихсан. Зөрчлийн тухай хуульд хөөн хэлэлцэх хугацаа 6 сар гэж заасан байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ба тухайн зөрчлийнхөө хариуцлагыг хүлээж, биечлэн эдэлсэн байхад дараагийн үйлдэл дээр нь хүндрүүлж оруулж ирж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:              

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос Г.Г-ийг “согтуурсан үедээ 2018 оны 5 дугаар сарын 9, 2018 оны 11 дүгээр сарын 9, 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдрүүдэд эхнэр Ж.А-ийг зодсон зөрчил нь байнга давтагдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эрүүгийн гэмт хэрэг” үйлдсэн гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх “шүүгдэгчид хамгийн сүүлд оногдуулсан шийтгэлээс хойш 11 сарын хугацаа өнгөрсөн байх ба Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан байнга гэх шинж үгүйсгэгдэж байна” гэж дүгнэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь агуулгын хувьд буруутгах үндэслэлгүй юм..

Харин анхан шатны шүүх нь шүүгдэгч Г.Г-ийг прокуророос буруутгасан гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх дүгнэлтийг эхэлж хийсний дараа хөөн хэлэлцэх хугацаа болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх учиртай байтал дээр дурьдсан “сүүлийн үйлдлээс хойш 11 сар өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Хавтаст хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Г.Г- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 769, мөн оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1700 дугаартай шийтгэврүүдээр эхнэр Ж.А-ийг зодсон зөрчилдөө тус тус 30 хоногийн баривчлах шийтгэл эдэлжээ.

Шүүгдэгч Г.Г- нь 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдөр эхнэр Ж.А-ийг зодсон болох нь хохирогчийн мэдүүлэг, уг үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн Г.Г-ийн мэдүүлэг болон холбогдох бусад баримтуудаар тогтоогдсон хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

            Өөрөөр хэлбэл, шүүхээс зохих зөрчлийн хариуцлага хүлээсэн 2018 оны 5 дугаар сарын 9, мөн оны 11 дүгээр сарын 9-ний өдрүүдийн үйлдлийг нь сүүлийн 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн үйлдэлтэй холбож, гэр бүлийн хүчирхийллийг “байнга” үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн боломжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимтай харшлах юм.

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөн дүгнэж, шүүгдэгч Г.Г-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж, улсын яллагчийн “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх”-ээр бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1891 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 4 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ