Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2020/01453

 

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01453

 

С.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 101/ШШ2020/01620 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.О-ийн нэхэмжлэлтэй С.М-д холбогдох,

Орон сууц чөлөөлүүлэх, 2 611 000 төгрөг гагруулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхээ, хариуцагч С.М-, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах, ОХУ-ын өмчлөлийн 8 дугаар байрны 59 тоот орон сууцыг хөлслөх гэрээг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өмчлөгчийн төлөөлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах улсын уйлдвэрийн газрын Алс дорнодын бүсийн суурин төлөөлөгчийн газар буюу ФГУП "Госзагрансобственность" байгууллагатай байгуулж, хууль ёсны эззмшигч болсон билээ. Гэтэл бид уг байрыг актаар хүлээж авсны дараа С.М- гэгч уг байранд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар дайрч орсон болохыг мэдэж, 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийт 10 удаа орон сууцыг чөлөөлөх шаардлагыг биечлэн тавьсан боловч С.Менхжаргал нь арван жил энэ байранд амьдарч байгаа гэж тайлбарлаад, олон хүн цуглуулах замаар хүч хэрэглэн эсэргүүцэж, бидний эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд С.М-аас уг орон сууцыг чөлөөлүүлэх, орон сууцыг хөлслөх гэрээний дагуу бидний 2019 оны 7 дугаар сарын 01-нээс хойш өмчлөгчид төлсөн төлбөр болох 972 ам.доллартай тэнцэх мөнгө буюу 2 611 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий орон сууцад 2010 оны 5 дугаар сараас өнөөдрийг хүртэл тасралтгүй 10 жил гаруй хугацаанд амьдарч байна. Анх орон сууц хөлслөх гэрээг ОХУ-ын төлөөлөгчийн газрын дамжуулан түрээслэгч Шүүдэрхэн-Росинка цэцэрлэг ТББ-ын ажилтан Батболдтой 2010 оноос 2013 он хүртэл сарын 550 000 төгрөгөөр, мөн дамжуулан түрээслэгч Билгийн үүдэн сургуулийн гүйцэтгэх захирал М.А.Поповтой 2014 оноос 2016 оны 3 дугаар cap хүртэл сарын 680 000-700 000 төгрөгөөр тооцон бэлнээр нийт 30 118 000 төгрөгийг өгч гэрээ байгуулан амьдарч эхэлсэн ба хэрэглээ болон ус, дулаан, цахилгааны төлбөрүүд нийт 2 983 778 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсанчилан энэ хугацаанд уг байрнаасаа нэг ч удаа гарч байгаагүй бөгөөд өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар дайрч орсон зүйл огтоосоо байхгүй. Мөн байрнаасаа гар гэдэг шаардлагыг 10 удаа биечлэн тавьсан боловч 10 жил энэ байранд амьдарч байгаа гэж худал хэлэн олон хүн цуглуулах замаар хүч хэрэглэн эсэргүүцэж... гэх мэтээр гүтгэсэн. 2019 оны 7 дугаар сараас эхлэн 10 дугаар cap хүртэл нийт 7 удаа дайрч намайг болон манай хүүхэд ач, гучийг айлган сүрдүүлж түгшүүрийн байдалд оруулж байсан. Тухай бүрт нь манай хүүхдүүд болон би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгөн эрүүгийн шинжтэй 3 үйлдэл, зөрчлийн шинжтэй 1 үйлдэл нь шалгагдаж байгаа.

Төлөөлөгчийн газрын гүйцэтгэх удирдлагатай 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулах саналтайгаа илэрхийлэн уулзахад тодруулахад эргээд холбогдох талаар мэдэгдсэн. Гэвч 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 11-451059 дугаар бүхий утсаар төлөөлөгчийн газрын нарийн бичиг гэх хүн С.М- над руу залгаж танайхтай гэрээ байгуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр уулзахаар төлөөлөгчийн газар хүрэлцэн иртэл биднийг хүлээж авалгүй монгол хэл дээр бичигдсэн хүсэлтийг татгалзаж орос хэл дээр хөрвүүлээд авч ир гэдэг шаардлагыг тавьсаны дагуу монгол, орос хэл дээр хүсэлтийг бичиж өгсөн ч ямар нэгэн хариу ирээгүй.

С.М- нь хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй. Мөн төлөөлөгчийн газар нь уг байранд манайхыг 10 жил амьдарч байгааг мэдэж байгаа. Манайхыг амьдарч байхад бусад этгээдтэй гэрээ байгуулсан нь буруу.

Үүргээ зөрчсөн төлөөлөгчийн газраас 972 ам долларыг нэхэмжлэх нь зүйтэй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн дэмжиж байна, мөн өөрсдийн шаардлага гаргаж байна. Хууль ёсны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэх гэтэл 59 тоот орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа иргэн С.М- нь санаатайгаар саад учруулж байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Хариуцагч орон сууцыг өмчлөх гэрчилгээгүй, эзэмших, ашиглах гэрээгүй бөгөөд манай эрхийг зөрчиж байна. С.М- нь манай байгууллагатай гэрээ байгуулаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл тус байранд хууль бусаар үнэ төлбөргүй амьдарч байгаа. Манай байгуллагаас тус орон сууцыг чөлөөлж өгөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөг хүртэл биелүүлээгүй. С.М-ыг албадан гаргаж тус байрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.М- гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Манай зүгээс гэрээг дахин манайхтай байгуулаад өгөөч бид түрээсийн төлбөр төлж байгаагүй хугацааны төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэдэг санал хүсэлтээ удаа дараа биечлэн илэрхийлж байсан. Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт заасан хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй бөгөөд хөлслүүлэгч үүнийг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ шинээр байгуулсан байвал шинэ хөлслөгчийн эрх үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.М-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 8 дугаар байрны 59 тоот орон сууцыг чөлөөлүүлэх, орон сууцыг хөлслөх гэрээний дагуу 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш өмчлөгчид төлсөн төлбөр болох 972 ам.доллар буюу 2 611 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч С.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 8 дугаар байрны 59 тоот орон сууцыг хариуцагч С.М- /түүний гэр бүлийн гишүүд/-ын хууль бус эзэмшлээс гаргуулж, гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 126 926 төгрөг болон гуравдагч этгээдийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М-аас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газар-ын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 452 074 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч С.О-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх С.М- нь 2010 оноос 2015 оныг дуустал гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг хууль ёсны дагуу эзэмшиж байсан гэж дүгнэсэн. С.М-ын 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудад Худалдаа хөгжлийн банк болон Төрийн банкаар дамжуулан 59 тоот орон сууцны байрны мөнгө, цахилгааны төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн төлбөрийн баримтуудыг үндэслэн хариуцагчийг гэрээний дагуу хууль ёсоор тус орон сууцанд амьдарч байна гэж үзэхгүй бөгөөд энэ онуудад төлөөлөгчийн газартай байгуулсан гэрээ хэргийн материалд авагдаагүй гэж үзсэн нь буруу. Манайх Худалдаа хөгжлийн банкны хилийн чанадад байгаа төрийн өмчийн хөрөнгийг удирдах газрын дансанд сар болгон тогтмол 50 000-70 000 төгрөгийг төлж байсан. Мөн 5100747 кодоор төрийн банкны 102100001220 тоот дансны дугаараар цахилгааны төлбөрийг сар бүр тогтмол төлж байсан бас Төрийн банкны дансад ОСНААУГ-т ус дулааны төлбөрийг тогтмол төлж байсан. Тухайн байрны төлбөрийг төлж байсан байдлыг шүүхээс харгалзаж үзэлгүйгээр нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой. Шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч С.М-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамжны 8 дугаар байрны 59 тоот орон сууцыг чөлөөлүүлэх, орон сууцыг хөлслөх гэрээний дагуу 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өмчлөгчид төлсөн төлбөр болох 972 ам.доллар буюу 2 611 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /1-р хх1, 44/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар, улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар нь хариуцагч С.М-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 8 дугаар байрны 59 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр бие даасан шаардлага гаргажээ. /1-р хх103/

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамжны 8 дугаар байр, 3025 мкв талбайтай, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2204008824 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Оросын холбооны улс болох нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн улсын бүртгэлийн газраас олгосон 000362121 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон. /1-р хх111/з

Нэхэмжлэгч С.О-ийн ОХУ-ын Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газартай 8 дугаар байрны 59 тоот орон сууцыг хөлслөхөөр байгуулсан гэрээний хугацаа дууссан, хариуцагчийг уг сууцнаас гаргуулахаар шаардах эрхгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

Нэхэмжлэгч С.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

Маргаан бүхий орон сууцны өмчлөгч Оросын холбооны улсын төлөөлөгчийн газар нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.

Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, мөн өмчлөлийн зүйлийн эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй юм. Иймд бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэснийг зөв гэж үзнэ. Хариуцагчийг маргаан бүхий орон сууцыг хууль болон гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан, цаашид ч эзэмших эрхтэй гэх үндэслэл тогтоогдоогүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр агуулгын хувьд зөв байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг оновчтой хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь орон сууцыг чөлөөлүүлэх, 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс орон сууц өмчлөх гэрээний дагуу өмчлөгчид төлсөн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар 2 шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд хууль бус эзэмшлээс хөрөнгөө чөлөөлүүлэх эрх бүхий этгээд биш байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгчийн нэгэн адил шаардлага гаргах үндэслэлгүй юм. Мөн 972 ам.доллар буюу 2 611 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй.

Нэхэмжлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу дээрх мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн бол шаардлагаа гэрээний тал болох өмчлөгчид холбогдуулан гаргах юм. Тухайн тохиолдолд орон сууцны эзэмшлийг шилжүүлж өгөх үүрэгтэй этгээд нь хариуцагч биш харин өмчлөгч байна. Гэрээ байгуулсан талаасаа шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө болон орон сууцны эзэмшлийг шилжүүлэхийг шаардах байтал хариуцагчид хандан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болдог. Нэхэмжлэгчийг хариуцагч С.М-ын хүлээсэн үүргийг өмнөөс нь төлсөн гэж үзэх боломжгүй тул дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 101/ШШ2020/01620 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 92 дугаар зүйлийн 92.1 гэснийг 106 дугаар зүйлийн 106.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэгүй тул гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД