Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2020/01620

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                       

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.Онэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.М холбогдох

 

Орон сууц чөлөөлүүлэх, 2,611,000 төгрөг гаргуулах тухай,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ХЧТӨУГн бие даасан шаардлагатай,

 

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Лхагвасүрэнгийн гудамжны 8 дугаар байрны 59 тоот орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа иргэн С.Мыг албадан гаргаж, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхээ, хариуцагч С.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гомбодорж /№2977/, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.В.Белозеров, орчуулагч Б.Үржинцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч С.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах, ОХУ-ын өмчлөлийн 8 дугаар байрны 59 тоот орон сууцыг хөлслөх гэрээг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өмчлөгчийн төлөөлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах улсын уйлдвэрийн газрын Алс дорнодын бүсийн суурин төлөөлөгчийн газар буюу ФГУП "Госзагрансобственность" байгууллагатай байгуулж, хууль ёсны эззмшигч болсон билээ. Гэтэл бид уг байрыг актаар хүлээж авсны дараа С.М гэгч уг байранд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар дайрч орсон болохыг мэдэж, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт 10 удаа орон сууцыг чөлөөлөх шаардлагыг биечлэн тавьсан боловч С.Менхжаргал нь "Би арван жил энэ байранд амьдарч байгаа" гэж худал хэлэн, олон хүн цуглуулах замаар хүч хэрэглэн эсэргүүцэж, бидний эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

            Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 94 дүгээр зүйлийн 94.1, 96 дугаар зүйлийн 96.1, 299 дүгээр зүйлийн 299.1 дэх заалтүудыг түс тус үндэслэн С.Маас уг орон сууцыг чөлөөлүүлэх, орон сууцыг хөлслөх гэрээний дагуу бидний 2019 оны 7 дугаар сарын 01-нээс хойш өмчлөгчид төлсөн төлбөр болох 972,4 ам.доллартай тэнцэх мөнгө буюу 2,611,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын иргэн С.О нь С.М надад холбогдуулан орон сууцыг чөлөөлүүлэх, орон сууцыг хөлслөх гэрээний дагуу 2019 оны 7 дугаар сарын 01-нээс хойш өмчлөгчид төлсөн төлбөр болох 972,4 ам доллартай тэнцэх мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Тус шүүхэд С.Оийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй зарим зүйл нь ор үндэслэлгүй байх учир дараахь тайлбарыг гаргаж байна. С.М миний бие Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол 5 дугаар хороо, Лхагвасүрэнгийн гудамж 8 дугаар байрны 59 тоотод 2010 оны 5 дугаар сараас өнөөдрийг хүртэл тасралтгүй 10 жил гаруй хугацаанд амьдарч байна. Анх орон сууц хөлслөх гэрээг ОХУ-ын төлөөлөгчийн газрын дамжуулан түрээслэгч “Шүүдэрхэн-Росинка” цэцэрлэг ТББ-ын ажилтан н.Батболдтой 2010-2013 он хүртэл сарын 550,000 төгрөгөөр, мөн дамжуулан түрээслэгч Билгийн үүдэн сургуулийн Гүйцэтгэх захирал М.А.Поповтой 2014-2016 оны 3 cap хүртэл сарын 680,000-700,000 төгрөгөөр тооцон бэлнээр нийт 30,118,000 төгрөгийг өгч гэрээ байгуулан амьдарч эхэлсэн ба хэрэглээ болон ус, дулаан, цахилгааны төлбөрүүд нийт 2,983,778 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсанчилан энэ хугацаанд уг байрнаасаа нэг ч удаа гарч байгаагүй бөгөөд өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар дайрч орсон зүйл огтоосоо байхгүй юм. Мөн байрнаасаа гар гэдэг шаардлагыг 10 удаа биечлэн тавьсан боловч намайг “Би 10 жил энэ байранд амьдарч байгаа гэж худал хэлэн олон хүн цуглуулах замаар хүч хэрэглэн эсэргүүцэж... гэх мэтээр намайг ор үндэсгүй гүтгэж байгаа юм. Харин ч нэхэмжпэгч С.О нь нөхөр Ж.Гэрэлтбаатар, өмгөөлөгч Ч.Энхээ болон өөрийн хүүхэд бас хамгаалалтын байгууллагад ажилладаг гэмээр нүүрэндээ багтай, бие бялдрын хөгжил сайтай 20 гаруй хүн дагуулан ирж, манай хаалга үүдийг эвдэн орж, гэр доторхи эд хогшлыг мөн л эвдлэн сүйтгэж, гэрээс нэг бус үдаа гаргаж тавьж байсан юм. Мөн халуун ус таслах болон тогны шийд буюу шошгыг хулгайлан авч тогийг 2 удаа тасалж байсан удаатай. Энэ халдлага нийт 2019 оны 7 дугаар сараас эхлэн 10 дугаар cap хүртэл нийт 7 удаа дайрч намайг болон манай хүүхэд ач, гучийг айлган сүрдүүлж түгшүүрийн байдалд оруулж байсан юм. Тухай бүрт нь манай хүүхдүүд болон би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгахаар аваачдаг байсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст нийт эрүүгийн шинжтэй 3 үйлдэл, зөрчлийн шинжтэй 1 уйлдэл нь шалгагдаж байгаа юм.

Уг төлөөлөгчийн газар нь тус орон сууцыг 2019 оны 6 сарын 24-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай амьдарч буй иргэдтэй бус өөр иргэдтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Монгол иргэдийн хооронд маргаан үүсгэж байгааг гайхаад барахгүй байгаа бөгөөд дээрхи иргэдтэй байгуулсан нэг сарын гэрээний хугацаа 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дууссан тул урьд нь амьдарч байсан цаашид ч амьдрах хүсэлтэй байгаа бидний зүгээс төлөөлөгчийн газрын гүйцэтгэх удирдлагатай 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулах саналтайгаа илэрхийлэн уулзахад тус орон сууцанд гэрээ байгуулсан өөр хүн байгааг тодруулахад эргээд холбогдох талаар мэдэгдсэн байдаг. Гэвч 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 11-451059 дугаар бүхий утсаар төлөөлөгчийн газрын нарийн бичиг гэх хүн С.М над руу залгаж танайхтай гэрээ байгуулах боломжгүй гэсэн битүү тойм хариуг өгсөн байдаг. Ямар учир шалтгааны улмаас гэрээ байгуулахаас татгалзаж байгаагаа тодруулж хэлэлгүй ийм ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэлээ гэж манай зүгээс үзэн энэ ойлгомжгүй асуудлыг тодруулахаар дахин уулзахаар 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлөөлөгчийн газар хүрэлцэн иртэл биднийг хүлээж авалгүй монгол хэл дээр бичигдсэн хүсэлтийг татгалзаж орос хэл дээр хөрвүүлээд авч ир гэдэг шаардлагыг тавьсаны дагуу монгол, орос хэл дээр хүсэлтийг бичиж өгч байсан юм. Гэвч тус төлөөлөгчийн газраас ямар нэгэн хариу ирээгүй байгаа болно. С.М миний зүгээс Монгол Улсын хуулинд заасан эрх буюу Монгол Улсын Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 289 дүгээр зүйлийн 289.7-д заасан хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй бөгөөд хөлслуүлэгч үүнийг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ шинээр байгуулсан байвал шинэ хөлслөгчийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй байхаар хуульчилж өгсөн байдаг. Нэхэмжлэлд дурьдсанчлан хариуцагч намайг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжпэлийг гаргасан гэж ойлгож байгаа бөгөөд энэ эрх нь эд хөрөнгө өмчлөгчийн эдлэх эрх болохоос биш аливаа нэг этгээдийн эдлэх эрх биш юм.

Мөн тус төлөөлөгчийн газар нь уг байранд манайхыг тасралтгүй 10 жил амьдарч байгааг мэдэж байгаа бөгөөд уг 8 дугаар байрны 59 тоотод айл амьдардаг гэдгийг мэдсээр байж Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой ашиглалтын шаардлага хангасан биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй байсан ба энэ үүргээ зөрчиж манайхыг амьдарч байхад бусад этгээдтэй гэрээ байгуулсан нь өөрөө буруу юм.

Тиймээс энэхүү үүргээ зөрчсөн төлөөлөгчийн газраас 972,4 ам долларыг нэхэмжлэх нь зүйтэй үүнийг миний нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй тул төлөх үндэслэл болохгүй.

Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн “Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газар”-ын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч В.В.Белозеров шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Оросын Холбооны Улс нь Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол 5 дугаар хороо Лхагвасүрэнгийн гудамжны №8 дугаар байрны өмчлөгч юм, үүнд 59 тоот орон сууц багтдаг. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг Эрхлэх Газрын «Хилийн чанд байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах нэгдсэн газар»-ын Монгол улс дахь Төлөөлөгчийн Газар нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа Оросын Холбооны Улсын өмчийн нийт үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг хариуцан, ашиглалт хамгаалалтын үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээсэн байгууллага болно. Нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн дэмжиж байна, мөн өөрсдийн шаардлага гаргаж байна.

Бид хууль ёсны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэх гэтэл 59 тоот орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа иргэн С.М нь санаатайгаар саад учруулж байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д "Өмчлөгч нь хууль эсвэл гэрээгээр олгогдсон өөр этгээдийн эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй" гэж заасан болно. Өмчлөгчийн шаардах эрхийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, мөн дээрх зүйлийн 106.2-т  "Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан байна. Дээр дурьдсан иргэн нь тус орон сууцыг өмчлөх гэрчилгээгүй, эзэмших, ашиглах гэрээгүй бөгөөд хуулиар олгогдсон манай эрхийг санаатайгаар зөрчиж байна. С.М нь манай байгууллагатай гэрээ байгуулаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл тус байранд хууль бусаар үнэ төлбөргүй амьдарч байгаа. Манай байгуллагаас тус орон сууцыг чөлөөлж өгөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөг хүртэл биелүүлээгүй.

Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн дэмжиж байна, мөн түүнчлэн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол 5 дугаар хороо Лхагвасүрэнгийн гудамжны 8 дугаар байрны 59 тоот орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа иргэн С.Мыг албадан гаргаж тус байрыг чөлөөлж манай байгууллагын хуулиар ологогдсон өмчлөх эрхийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.М гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:

Монгол улсын иргэн С.О нь С.М надад холбогдуулан орон сууцыг чөлөөлүүлэх, орон сууцыг хөлслөх гэрээний дагуу 2019 оны 7 дугаар сарын 01-нээс хойш өмчлөгчид төлсөн төлбөр болох 972,4 ам.доллартай тэнцэх мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Тус шүүхэд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр ОХУ-н Хэрэг эрхлэх газрын хилийн чанадад байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах нэгдсэн газрын Монгол Улс дахь төлөөлөгчийн газар оролцож байгаатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. С.М миний бие Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 15 дугаар бичил хороолол 5 дугаар хороо Лхагвасүрэнгийн гудамжны №8 дугаар байрны 59 тоотод 2010 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй 10 жил гаруй хугацаанд амьдарч байна.

Уг төлөөлөгчийн газар нь тус орон сууцыг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай амьдарч буй иргэдтэй бус өөр хөндлөнгийн иргэдтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулж Монгол иргэдийн хооронд маргаан үүсгэдэг бөгөөд дээрх иргэдтэй байгуулсан нэг сарын гэрээний хугацаа 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дууссан тул урьд нь амьдарч байсан цаашид ч амьдрах хүсэлтэй байгаа бидний зүгээс төлөөлөгчийн газрын гүйцэтгэх удирдлагатай 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулах саналтайгаа илэрхийлэн уулзахад тус орон сууцанд гэрээ байгуулсан өөр хүн байгааг тодруулаад эргээд холбогдох талаар мэдэгдсэн байдаг гэвч 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 11451059 дугаар бүхий утсаар төлөөлөгчийн газрын нарийн бичиг гэх хүн С.М надруу залгаж танайхтай гэрээ байгуулах боломжгүй гэсэн битүү тойм хариуг өгсөн байдаг Ямар учир шалтгааны улмаас гэрээ байгуулахаас татгалзаж байгаагаа тодруулж хэлэлгүй ийм ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэлээ гэж манай зүгээс үзэн энэ ойлгомжгүй асуудлыг тодруулахаар дахин уулзахаар 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлөөлөгчийн газар хүрэлцэн иртэл биднийг хүлээж авалгүй монгол хэл дээр бичигдсэн хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж орос хэл дээр хөрвүүлээд авч ир гэдэг шаардлагыг тавьсаны дагуу монгол, орос хэл дээр хүсэлтийг бичиж өгч байсан юм. Гэвч тус төлөөлөгчийн газраас өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа болно. Манай зүгээс гэрээг дахин манайхтай байгуулаад өгөөч бид түрээсийн төлбөр төлж байгаагүй хугацааны төлбөрийг бүрэн төлж барагдуулья гэдэг санал хүсэлтээ удаа дараа биечлэн илэрхийлж байсан болно.

С.М миний зүгээс Монгол Улсын хуулинд заасан эрх буюу Монгол Улсын Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 289 дүгээр зүйлийн 289.7-д заасан хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй бөгөөд хөлслүүлэгч үүнийг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ шинээр байгуулсан байвал шинэ хөлслөгчийн эрх үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй байхаар хуульчилж өгсөн байдаг.

Мөн тус төлөөлөгчийн газар нь уг байранд манайхыг тасралтгүй 10 жил амьдарч байгааг мэдэж байгаа бөгөөд уг 8 дугаар байрны 59 тоотод айл амьдардаг гэдгийг мэдсээр байж Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй байсан ба энэ үүргээ зөрчиж манайхыг амьдарч байхад бусад этгээдтэй гэрээ байгуулсан нь өөрөө буруу юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч С.Мд холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 8 дугаар байрны 59 тоот орон сууцыг чөлөөлүүлэх, орон сууцыг хөлслөх гэрээний дагуу 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өмчлөгчид төлсөн төлбөр болох 972.4 ам.доллар буюу 2,611,000 төгрөгийг гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн “Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газар”-ын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар нь хариуцагч С.Мд холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 8 дугаар байрны 59 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хариуцагч С.М нь энэхүү байранд 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй амьдарч байгаа, төлөөлөгчийн газар нь орон сууцыг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай амьдарч буй иргэдтэй бус өөр хөндлөнгийн иргэдтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Монгол иргэдийн хооронд маргаан үүсгэж байх бөгөөд дээрх иргэдтэй байгуулсан нэг сарын гэрээний хугацаа 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дууссан тул урьд нь амьдарч байсан цаашид ч амьдрах хүсэлтэй байгаа, орон сууцыг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй гэж маргаж байна.

 

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 8 дугаар байр, 3025 мкв талбайтай, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2204008824 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Оросын холбооны улс болох нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн улсын бүртгэлийн газраас олгосон 000362121 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.  

 

Нэхэмжлэгч С.О нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн “Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газар”-ын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газартай 8 дугаар байрны 59 тоот орон сууцыг хөлслөхөөр

2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “73/19-01 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж, гэрээний хугацаа нь гэрээ байгуулсан өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл,

2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “73/19-03 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж, гэрээний хугацаа нь гэрээ байгуулсан өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл,

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “73/19-04 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж, гэрээний хугацаа нь гэрээ байгуулсан өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байхаар тус тус тохирсон байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлөөлөгчийн газартай гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд тэрээр 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 94 дүгээр зүйлийн 94.1, 96 дугаар зүйлийн 96.1, 299 дүгээр зүйлийн 299.1-д тус тус заасныг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож тодорхойлсон байна.

 

Эдгээрээс үзвэл С.О нь нэхэмжлэл гаргах үед 59 тоот орон сууцыг хууль ёсны дагуу шударгаар эзэмшиж байна гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч С.Мд холбогдуулан түүний эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна.

 

 ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн “Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газар”-ын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 595/19 тоот “Тодорхойлолт”-оор 59 тоотын хууль ёсны эзэмшигч нь С.О болохыг тодорхойлсон байх боловч тус төлөөлөгчийн газартай С.О нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш гэрээ байгуулсан баримт хэргийн материалд авагдаагүй тул тодорхойлолтыг үндэслэн С.Оийн эзэмшил хууль ёсных гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу өмчлөгчид 972,4 ам.доллар буюу 2,611,000 төгрөгийг төлсөн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй, хэрэгт ирүүлсэн “квитанция” гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

 Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 8 дугаар байр, 3025 мкв талбайтай, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2204008824 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Оросын холбооны улс байх бөгөөд төлөөлөгчийн газар нь Монгол Улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь бусдын хууль эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч С.М нь 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 15 дугаартай “Нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г “Билгийн Үүдэн” компанитай байгуулж, 8 дугаар байрны 59 тоот орон сууцыг 1 сарын 700,000 төгрөгөөр хөлслөхөөр тохирч гэрээ байгуулж байсан байх бөгөөд энэхүү гэрээний хугацаа нь 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулагдсан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар С.М /Мөнхцэцэг/ нь 2011 онд “Росинка”, 2012, 2013 онд “Росинка-Шүүдэрхэн”, 2014, 2015 онд “Билгийн-Үүдэн”-д “Бэлэн мөнгөний орлогын баримт”-аар түрээсийн төлбөр гэсэн утгаар мөнгөн тушааж байсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд С.М нь 2010-2015 оныг дуустал гэрээний үндсэн дээр 8 дугаар байрны 59 тоот орон сууцыг хууль ёсны дагуу эзэмшиж байсан гэж үзэхээр байна.

 

Нөгөөтэйгүүр С.Мын 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудад Худалдаа хөгжлийн банк болон Төрийн банкиар дамжуулан 59 тоот орон сууцны “байрны мөнгө, цахилгааны төлбөр” гэсэн утгаар шилжүүлсэн төлбөрийн баримтуудыг үндэслэн хариуцагчийг гэрээний дагуу хууль ёсоор тус орон сууцанд амьдарч байна гэж үзэхгүй бөгөөд энэ онуудад төлөөлөгчийн газартай байгуулсан гэрээ хэргийн материалд авагдаагүй байна.

 

Түүнчлэн С.М болон нэр бүхий оршин суугчид Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 1999 оны 2204008824 ... дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0759 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хариуцагч нь энэхүү захиргааны хэрэг, маргаан хянан хэлэлцэгдэж байх цаг хугацаанд буюу 2016 оны сүүл, 2017 оны эхэн үед төлөөлөгчийн газартай гэрээ байгуулаагүй, ийм шийдвэр гарсныг бидний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Б.Батцэцэг бидэнд хэлээгүй гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

 

Эдгээрээс үзэхэд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар хариуцагч С.М нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд түүний эзэмшил нь хууль бус байна. 

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 8 дугаар байрны 59 тоот орон сууцыг хариуцагч С.М /түүний гэр бүлийн гишүүд/-ын хууль бус эзэмшлээс гаргуулж, гуравдагч этгээдэд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан хариуцагч С.Мд холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 8 дугаар байрны 59 тоот орон сууцыг чөлөөлүүлэх, орон сууцыг хөлслөх гэрээний дагуу 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өмчлөгчид төлсөн төлбөр болох 972.4 ам.доллар буюу 2,611,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэгч С.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 8 дугаар байрны 59 тоот орон сууцыг хариуцагч С.М /түүний гэр бүлийн гишүүд/-ын хууль бус эзэмшлээс гаргуулж, гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн “Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газар”-ын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 126,926 төгрөг болон гуравдагч этгээдийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Маас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн “Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газар”-ын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 452,074 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч С.От олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ