Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01572

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01572

 

 

 

Г.Л -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01354 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Л нгийн хариуцагч Д.М д холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, тээврийн хэрэгслүүдийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Л н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.М эс мөнгө зээлж авч байхаар тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон өөрийн нэр дээр байдаг 50-56 УБ, 27-36 УБ улсын дугаартай хоёр ширхэг эксковаторын тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг шилжүүлсэн. Д.М эс 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хооронд нийт 9 удаагийн гүйлгээгээр 160 000 000 төгрөгийг зээлсэн. Гэхдээ дээрх хоёр ширхэг эксковаторын өмчлөх эрхийг бүрмөсөн шилжүүлэх хүсэл байгаагүй боловч зээлийн төлбөрөө төлж чадахгүй байгаа. Нөгөөтэйгүүр уг хоёр эксковаторыг Д.М эс буцаан авсан тохиолдолд бусдад түрээслүүлж зээлсэн мөнгөө төлөх боломжтой. Талуудын 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр талуудын байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Г.Л нд 160 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохирч, зээлийг шилжүүлж, зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгон 50-56 УБ улсын дугаартай, R290 LС7-A маркийн эксковатор, 27-36 УБ улсын дугаартай, R500LC-7 маркийн эксковаторыг тус тус өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч нь зээлээ төлөөгүй. Эд хөрөнгө буцаан худалдах-худалдан авах болзолтой хийсэн гэрээ байгуулсан бол заавал бичгээр байгуулах шаардлагагүй. Авто тээврийн үндэсний төвийн журамд зааснаар хэрэв шилжүүлэгч талууд биеэр ирсэн тохиолдолд заавал бичгээр гэрээ хийх шаардлагагүй. Талууд хүсэл сонирхлоо илэрхийлсэн хүсэлтийг өгсний үндсэн дээр өмчлөлд шилжүүлэх журмыг зохицуулсан. Энэ хүрээнд тухайн техникүүдийг шилжүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлэх нөхцөл нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-т заасан гэрээ байсан гэж үзэж байна. Гэтэл нэхэмжлэгч Г.Л н нэхэмжлэлдээ хоёр ширхэг эксковаторын өмчлөх эрхийг бүр мөсөн шилжүүлэх хүсэл зориг байгаагүй гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус байх нөхцөлийн талаар төөрөгдсөн үү, эсхүл бичгээр байгуулсан гэрээний шаардлагыг зөрчсөн гэх агуулга байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Авсан мөнгөө өгөөгүй бол эд хөрөнгөө буцаан шилжүүлэх боломж байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Г.Л нгээс 50-56 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай, 27-36 УБ улсын дугаартай, HHIHNB02EA0000467 арлын дугаартай хоёр ширхэг эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Д.М д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, Д.М ийг дээрх хоёр ширхэг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Г.Л нгийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж, Г.Л нгээс 160 000 000 төгрөг гаргуулж Д.М д олгон, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 957 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М эс 957 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Л нд олгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдаагүй асуудлыг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3, 6 дугаар зүйлд заасныг зөрчсөн.

Түүнчлэн анхан шатны шүүх 160 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зээлдэгч талыг Иргэний хуульд заасан зээлийн хүү, алданги авах эрхийг хязгаарласан ноцтой үйлдэл гаргасан.

Мөн шүүх 50-56УБ, 27-36УБ дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцлийн дагуу 160 000 000 төгрөг шилжүүлсэн мэт алдаатай дүгнэлт хийжээ. Хэргийн оролцогчдын хооронд байгуулагдсан 160 000 000 төгрөг шилжүүлсэн зээлийн хэлцэл одоо ч хүчин төгөлдөр байгаа бөгөөд Иргэний эрх зүйн хийсвэрлэх зарчмын дагуу аливаа өмчийн болон үүргийн хэлцэл нь эрх зүйн бие даасан харилцаа болох тул өмчийн хэлцлийн хүчин төгөлдөр бус байдал үүргийн хэлцэлд нөлөөлөх боломжгүй юм. Өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл хүчин төгөлдөр бус байх нь хэргийн оролцогчдын хооронд байгуулагдсан зээлийн хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй гэдгийг харгалзан үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...Г.Л нгээс 160 000 000 төгрөг гаргуулж Д.М д олгосугай гэж заасныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Д.М нь Г.Л нтэй анх зээлийн гэрээ бус 5056 УБ, 2736УБ улсын дугаартай экскаваторыг худалдан авахаар тохиролцож 160 000 000 төгрөгийг хэд хэдэн удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч авсан мөнгөө буцаан төлсөн бол экскаваторыг буцаан шилжүүлэх, төлбөрөө төлөөгүй бол экскаваторын өмчлөл хэвээр үлдэх байсан. Энэ нь буцаан худалдах болзолтой худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байсан ба буцаан худалдах үнээ хүүгээр нэмж тооцсон гэж үзэх боломжтой юм. Учир нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу мөнгөн төлбөрийн үүрэгт хүү тооцож болно.

Хэрэв би эхнээсээ Г.Л нд 160 000 000 төгрөг зээлүүлж зээлийн эргэн төлөлтийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон экскаваторуудыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах байсан бол фидуцийн гэрээг бичгээр хийх нь тодорхой юм. Г.Л н энэ нөхцөл байдлыг ашиглаж фидуцийн гэрээг бичгээр хийгээгүй хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нөхцөл байдлыг зориудаар бий болгосон.

Д.М эс Г.Л нгийн ХААН банкны 5034233225 дугаар дансанд шилжүүлсэн шилжүүлэг дээр зээл гэсэн утга байхгүй бөгөөд экскаваторыг худалдан авахаар шилжүүлж байсан төлбөр байдаг. Тиймээс анхан шатны шүүхийн талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж зээлийн гэрээний баталгаа болгон фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд Г.Л нгээс анх экскаваторыг худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн ба эхнээсээ фидуцийн гэрээний тохиролцоо байгаагүй учир бичгээр байгуулагдсан байх шаардлага тавигдахгүй ба хүчин төгөлдөр бус байх үндэслэлгүй.

Г.Л н зээлээ төлөөгүй учир хоёр ширхэг экскаваторын өмчлөл надад хэвээр үлдэж гэрээ нэгэнт дуусгавар болсон байхад шүүхээс нэгэнт дуусгавар болсон гэрээг дүгнэж бичгээр байгуулаагүй гэж шийдвэрлэж, хүчин төгөлдөр бус хэмээн үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө шилжүүлэх гэрээ нь дээр дурдсанчлан фидуцийн гэрээ биш бөгөөд дүр үзүүлсэн гэх нэг ч баримт байхгүй юм. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлаар гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж үзэж, баримт дурдаагүй шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Л н нь хариуцагч Д.М д холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, хоёр ширхэг тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэхийг Д.М д даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Л нгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г.Л нгээс 160 000 000 төгрөг гаргуулж, Д.М д олгож шийдвэрлэснийг зохигчид эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцээд, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Уг гэрээгээр нэхэмжлэгч Г.Л н нь 5056 УБ улсын дугаар бүхий, HHIHN807JB0001934 арлын дугаартай эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн үр дагаврыг арилгуулах буюу эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Д.М 2736 УБ улсын дугаар бүхий, HHIHNB02EA0000467 арлын дугаартай эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн үр дагаврыг арилгуулах буюу тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Талууд энэхүү гэрээний 2.1.2-т заасан 27-36 УБ улсын дугаартай эксковатор нь хариуцагчийн өмчлөл, эзэмшилд байгаа бөгөөд хариуцагч тус эксковаторыг энэхүү эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж бичгээр гарсан өдөр нэхэмжлэгчид хүлээлцэх актын дагуу шилжүүлж өгөхөөр 2736 УБ улсын дугаартай эксковаторыг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлэхэд тухайн эксковатор нь биет байдал болон чанарын хувьд хариуцагч анх өөрийн эзэмшилд шилжүүлж авсан үеийнхээс дордуулаагүй, зориулалтын дагуу ажиллуулах боломжтой байх ба энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд хариуцагч эксковаторын засварын зардлыг бүрэн хариуцан төлөх эсхүл засварын зардлыг энэхүү гэрээний 2.5-д заасан төлбөрөөс суутган тооцох, нэхэмжлэгч Г.Л н нь хариуцагч Д.М ийн ХААН банкны 5753674488 дансанд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 30 000 000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр 40 000 000 төгрөг нийт 160 000 000 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулна гэж тус тус тохиролцжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчид эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Талууд гэрээний 2.4-т үүрэг биелүүлэх газрыг Улаанбаатар хот байхаар тусгасан ба шүүх хуралдааны үеэр гэрээний 2.2-т заасан нөхцөл биелэгдсэн, хариуцагч 2736 УБ улсын дугаартай эксковаторыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч акт үйлдсэн талаар зохигч талууд тайлбар өгснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01354 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Л н нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 50-56 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн эксковаторын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Д.М 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 27-36 УБ улсын дугаартай, HHIHNB02EA0000467 арлын дугаартай эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн эксковаторын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Г.Л н хариуцагч Д.М ийн ХААН банкны 5753674488 дансанд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 30 000 000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр 40 000 000 төгрөг нийт 160 000 000 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар зохигчид эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 957 950 төгрөг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 957 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД