Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2020/01354

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2020/01354

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Лийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.М-д холбогдох

 

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, хоёр ширхэг тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Мд даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баттулга, хариуцагч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Мула ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн захирал болно. Манай компани 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сайрам булган ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Монгол улс болон Австри улсын хооронд байгуулсан санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй Тайшир алтай усан хангамжийн төслийн ажлын газар шорооны ажлыг гүйцэтгэх туслан гүйцэтгэгчээр ажилласан. 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр техникүүдээ тээвэрлэн Улаанбаатараас Говь-Алтай аймаг руу явсан ба 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажлын нээлт болж ажлаа эхэлсэн. Ийнхүү Говь-Алтай аймаг руу явахаас өмнө мөнгөний хэрэгцээ гарч магадгүй гэж тооцоолж Д.Мэс шаардлага гарсан үед мөнгө зээлж авч байхаар тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон Д.Мтэй 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 22-ын товчооны Авто худалдааны төвд биечлэн уулзаж түүний нэр дээр өөрийн нэр дээр байдаг 50-56 УБ, 27-36 УБ улсын дугаартай хоёр ширхэг эксковаторын тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг шилжүүлсэн. Ингээд Д.Мөнх-Эрдэнийн зүгээс миний дансанд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хооронд нийт 9 удаагийн гүйлгээгээр 160.000.000 төгрөгийг зээлсэн. Миний бие Д.Мэс мөнгө зээлснээ үгүйсгэхгүй бөгөөд энэхүү зээлээ ч буцаан төлөх болно. Харин түүнд дээрх хоёр ширхэг эксковаторын өмчлөх эрхийг бүр мөсөн шилжүүлэх хүсэл байгаагүй. Зээлсэн мөнгөө ойрын хугацаанд төлөх гэсэн боловч Сайрам булган ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд маргаантай нөхцөл байдал үүсч, төлбөрөө авч чадахгүй байгаагийн улмаас төлөх хугацаа хойшлогдож байгаа болно. Нөгөөтэйгүүр миний бие хоёр эксковаторыг Д.Мэс буцааж авсан тохиолдолд бусдад түрээслүүлж түүнээс зээлсэн мөнгөө төлөх боломжтой. Иймд 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Г.Л, Д.М нарын хооронд байгуулсан 50-56 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай, 27-36 УБ улсын дугаартай, HHIHNB02EA0000467 арлын дугаартай хоёр ширхэг эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Л, Д.М нарын хооронд 50-56УБ, 27-36УБ дугаартай хоёр тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Д.Мд шилжүүлэх, Д.Мөнх-Эрдэнийн зүгээс хоёр тээврийн хэрэгслийг бүрмөсөн шилжүүлэн авах хүсэл зориг талуудын хэн алинд нь байгаагүй. Зөвхөн мөнгө зээлж, оронд нь хоёр тээврийн хэрэгслийг чиний нэр дээр шилжүүлж, мөнгөө төлсний дараа буцааж өгье гэсэн тохиролцоо байсан. Энэ талаар талуудын хооронд бичгээр хэлцэл байгуулагдаагүй, амаар тохирч, энэ ажиллагааг хийсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлж хийсэн хэлцлийн талаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл дүр үзүүлж хийсэн гэдэг нь хэн алинд нь энэ тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг бүрмөсөн шилжүүлж, худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй. Энэ талаар хариуцагчийн өөрийнх шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлээс тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл Д.Мд мөнгө зээлсэн, зээлсэн мөнгөө авах хүртлээ энэ хоёр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлж авсан талаар бичсэн. Д.Мөнх-Эрдэнийн зүгээс 2019 оны 12 дугаар сарын 03, 05-ны өдөр зээл төлөх баталгааг авсан. Энэ асуудал нь зээлийн гэрээний харилцаа юм. Тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл нь хариуцагчийн тайлбарлаж байгаагаар мөнгөө төлвөл буцаагаад өмчлөх эрхийг шилжүүлж өгөх агуулгатай харилцаа байсан. Хариуцагчийн зүгээс энэ харилцааг фидукцийн гэрээтэй адилтгаж тайлбарлаж байна. Гэтэл Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-т фидукцийн гэрээг бичгээр байгуулахаар заасан ба энэ шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл болж байна. Нөгөө талаар аливаа хэлцлийг байгуулсанд тооцохын тулд талууд заавал гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон байх ёстой. Тээврийн хэрэгслийг хэдэн төгрөгөөр яаж худалдаж авах гол нөхцөл хангагдаагүй учраас Иргэний хуулийн 40, 196 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулагдсан буюу хэлцэл байгуулагдсанд тооцох үндэслэл буюу худалдах, худалдан авах гэрээний нөхцөл бүрдээгүй гэж үзэж байна. Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидукцийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл хэлбэрийн шаардлага хангагдаагүй, гэрээний гол нөхцөлийн талаар талуудын хооронд яригдсан зүйл байхгүй. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгчийн хооронд үүрэг үүсэх үеийн хожим хэлцэл хүчин төгөлдөр бус болсон бол тухайн хөрөнгө олж авсан этгээдээс буцаагаад мөнгөө шаардах эрхтэй гэж зохицуулж өгсөн. 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Г.Л, хариуцагч Д.М нарын хооронд байгуулсан 50-56УБ, 27-36УБ улсын дугаартай хоёр ширхэг эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэн үр дагаврыг арилгуулах буюу энэ хоёр тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Мд даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Г.Лд 160.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохирч, зээлийг шилжүүлж, зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгон 50-56 УБ улсын дугаартай, R290 LС7-A маркийн эксковатор, 27-36 УБ улсын дугаартай, R500LC-7 маркийн эксковаторыг тус тус өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Зээлээ эргэн төлөөгүй бол өмчлөлд хэвээр үлдэх нөхцөлтэй байсан. Г.Л нь мөнгөө төлж чадахгүй бол эксковаторыг минь аваарай гэж хэлж тохирсон. Эксковаторыг шилжүүлсэн үйлдэл дээр ямар ч маргаан байхгүй. Миний зүгээс зээлсэн мөнгөө буцаан авах буюу 2019 оны 7 дугаар сараас хойш олон удаа шаардаж байсан бөгөөд хэрэв өгөхгүй бол хоёр ширхэг эксковатор миний өмчлөлд хэвээр үлдэх талаар хэлж, зурвас бичиж байсан. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн баталгаагаар зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгон 50-56 УБ улсын дугаартай, R290 LС7-A маркийн эксковатор, 27-36 УБ улсын дугаартай, R500LC-7 маркийн эксковаторыг тус тус Д.Мд шилжүүлсэн. Зээлийг хүүгийн хамт бүрэн төлсний дараагаар эксковаторыг буцаан шилжүүлж авах болно гэсэн ба зээлийн баталгаа болгон дээрх тээврийн хэрэгслүүдийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, зээлээ төлөөд буцаан шилжүүлж авах нь нотлогдож байхад тээврийн хэрэгслээ шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргаж, үүнтэй холбогдуулан битүүмжлэх хүсэлт гаргасан нь үндэслэлгүй, харилцан тохирсноосоо гажсан зүйл болоод байна. Мөн хуулийн ямар үндэслэлээр шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаагаа дурдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд техникүүдийг 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Д.Мэс Г.Лд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 9 удаагийн гүйлгээгээр 160.000.000 төгрөг шилжсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлийн гэрээ байгуулагдсан, фидукцийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчийн тайлбарласан тайлбарыг дүгнэхэд талуудын хооронд эд хөрөнгө буцаан авах болзолтой худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээнд зааснаар худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамаарч хэрэгжинэ гэжээ. 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Авто тээврийн үндэсний төв дээр мэдүүлэг өгсөн болон мэдүүлгийн хуудсыг бөглөсөн нөхцөл байдлаас харахад ямар нэгэн фидукцийн гэрээний нөхцөлийг заагаагүй. Иймд тус өмчлөл тухайн үед шилжихдээ ямар нэгэн байдлаар маргаангүй өмчлөлийг Д.Мд шилжүүлсэн. Энэхүү өмчлөлийг шилжүүлсний дараагаар шилжүүлсэн мөнгө нь 160.000.000 төгрөг болсон. Нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах болзолтой хэлцэл гэж үзвэл гэрээний үнийн талаар тохиролцоогүй гэж тайлбарлаж байна. Гэтэл Иргэний хуулийн 266 дугаар зүйлийн 266.1-т гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн эд хөрөнгийг анх худалдсан үнээр буцаан худалдаж авна гэж заасан. Өөрөөр хэлбэл шилжүүлсэн мөнгө байгаа бол тухайн мөнгийг буцаан шилжүүлэх үүрэг үүсч байна. Нэхэмжлэгчийн зүгээс үүнийг бичгээр байгуулсан байхыг шаардаж байна. Эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах болзолтой хийсэн гэрээ байгуулсан бол заавал бичгээр гэрээ байгуулах шаардлагагүй. Авто тээврийн үндэсний төвийн журамд зааснаар хэрэв шилжүүлэгч талууд биеэр ирсэн тохиолдолд заавал бичгээр гэрээ хийх шаардлагагүй. Талууд хүсэл сонирхлоо илэрхийлсэн хүсэлтийг өгсний үндсэн дээр өмчлөлд шилжүүлэх журмыг зохицуулсан. Энэ хүрээнд тухайн техникүүдийг шилжүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлэх нөхцөл нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-т заасан гэрээ байсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т талуудын хүсэл зоригийн илэрхийллийн талаар дурдсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Г.Л нэхэмжлэлдээ хоёр ширхэг эксковаторын өмчлөх эрхийг бүр мөсөн шилжүүлэх хүсэл зориг байгаагүй гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус байх нөхцөлийн талаар төөрөгдсөн үү, эсхүл бичгээр байгуулсан гэрээний шаардлагыг зөрчсөн гэх агуулга байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Авсан мөнгөө өгөөгүй бол эд хөрөнгөө буцаан шилжүүлэх боломж байхгүй гэж үзэж байна. Баталгааны гэрээг Г.Лгийн зүгээс өөрийн хүсэл зоригийн үүднээс гэж баталгаанд дурдагдсан. Энэ баталгаанд талуудын хооронд байгуулсан хэлцлийг фидукийн гэрээ гэж ойлгогдохоор тодруулж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбарлаж байгаа нь эцэстээ эксковаторыг шилжүүлж, авсан мөнгөө ямар ч баталгаагүй болгох санаа зорилготой байгааг илэрхийлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Л нь Д.Мд холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, хоёр ширхэг тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Мд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Л Д.Мэс 160.000.000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний барьцаа болгож өөрийн өмчлөлийн хоёр ширхэг эксковаторыг Д.Мөнх-Эрдэнийн нэр дээр шилжүүлсэн, ингэхдээ уг хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хоёр ширхэг тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Мд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа дэмжиж байна.

 

Харин хариуцагч Д.М Г.Лд 160.000.000 төгрөг зээлсэн ба зээлээ төлөхгүй бол миний өмчлөлд шилжүүлсэн хоёр ширхэг эксковаторыг авахаар тохиролцсон, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул эксковаторын өмчлөлийг буцаан шилжүүлэх боломжгүй, зээлийн барьцаанд шилжүүлсэн хөдлөх хөрөнгөө буцаан шилжүүлж авна гэдэг нь залилангийн шиижтэй ба фидуцийн гэрээ гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан, маргаж байгаа болно.

 

Хэргийн баримт, зохигчдын тайлбараас дүгнэж үзэхэд Г.Л нь Д.Мэс 160.000.000 төгрөг зээлж авахдаа өөрийн өмчлөлийн хоёр ширхэг тээврийн хэрэгслийг Д.Мөнх-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн буюу тэдний анхны тохиролцоо нь мөнгө зээлдүүлэх, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн үйлдэл байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т ...Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заажээ.

 

Хэрэв талуудын хооронд байгуулсан хэлцлийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлсэн фидуцийн гэрээ гэж үзэх бол талууд уг гэрээг бичгээр байгуулах байсан буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д заасан хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 

Нөгөө талаар талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь дүр үзүүлж хийсэн хэлцэл, өөрөөр хэлбэл талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзэлгүй, хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсээгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь талуудын хооронд Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-т заасан эд хөрөнгө буцаан худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байх боловч талуудад анхнаасаа тийм хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй ба уг хэлцэл нь дээрх хуулийн заалтад хамаарахгүй юм.

 

Нэхэмжлэгч Г.Л хоёр ширхэг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг хариуцагч Д.Мд шилжүүлсэн, түүнд 160.000.000 төгрөг зээлүүлсэн үйл баримтаас харахад тэдний хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т заасан фидуцийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байх боловч талууд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлбэрийн шаардлага хангаагүй,

нөгөө талаар, хариуцагч гэрээний үүрэг дуусгавар болсон гэж, түүнчлэн түүний өмгөөлөгч Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-т худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдаж авна гэж зааснаар тухайн эд хөрөнгийг анх худалдсан үнээр буцаан худалдаж авсан тул гэрээний харилцаа дууссан гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг хүлээгч үүргээ биелүүлээгүй тул эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчид бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээг, түүнчлэн дээрх хэлцэл нь мөн хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-т заасан дагуу хийгдээгүй тул тус тус гэрээг дуусгавар болсон гэж үзэхгүй юм.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх бөгөөд талууд фидуцийн гэрээг хуульд нийцүүлэн хийгээгүй, гэрээг дүр үзүүлэн хийсэн түүнчлэн хэлбэрийн шаардлага хангаагүй байх тул 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Г.Лгээс 50-56 УБ, 27-36 УБ улсын дугаартай 2 ширхэг эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Д.Мд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд хэлцэл гэж үзэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үр дагаврыг арилгаж, Д.Мөнх-Эрдэнийг хоёр ширхэг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Г.Лгийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж, Г.Лгээс 160.000.000 төгрөг гаргуулж, Д.Мд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Г.Лгээс 50-56 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай, 27-36 УБ улсын дугаартай, HHIHNB02EA0000467 арлын дугаартай хоёр ширхэг эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Д.Мд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд хэлцэл гэж үзэж, Д.Мийг дээрх хоёр ширхэг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Г.Лгийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж, Г.Лгээс 160.000.000 төгрөг гаргуулж, Д.Мд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 957.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мэс 957.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Лд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН