Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/02273

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/02273

 

 

 

Ньювояж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 101/ШШ2017/02775 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ньювояж ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Наранцэцэгт холбогдох

3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Цэвгээ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь 2013 онд ММК ХХК-тай шүүхийн байгууллагаар маргаж байх үед Д.Наранцэцэг , Ш.Эрдэнэцэцэг нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 2 500 000 төгрөгийг төлсөн. Гэтэл анхан шатны шүүх хуралд ялагдаж дараагийн шатанд хүмүүст мөнгө өгөх хэрэгтэй байна гэхэд нь 3 000 000 төгрөг байна гэсэн. Тэгээд мөнгөө бэлнээр нь аваад ир гэхэд нь 3 000 000 төгрөг Д.Наранцэцэгт өгсөн. Дараагийн шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. Өмгөөлөгч Д.Наранцэцэг хяналтын шүүхэд хандах хугацааг хэтрүүлсэн байсан. Одоо танай хэрэг ямар ч нэмэргүй цаашид өмгөөлөхгүй таны 3 000 000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Хугацаа хэтрүүлсэн талаар холбогдох газарт нь хандсан ба 3 000 000 төгрөгийг минь өгнө гэсэн учраас гомдолдоо энэ талаар дурдаагүй юм. Гэтэл мөнгөө авъя гэж хэлэхэд та хэл ам хийж яваад надад шийтгэл оногдуулсан учраас өгөхгүй гэсэн. Д.Наранцэцэгт 3 000 000 төгрөгийг өгсөн учраас түүнээс уг мөнгөө гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ньювояж ХХК-ийн захирал Н.Цэвгээгээс 3 000 000 төгрөг аваагүй. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажлын хөлс болох 2 500 000 төгрөгийг Ш.Эрдэнэцэгийн хамт авсан. 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Н.Цэвгээ Ш.Эрдэнэцэцэгтэй хамт Нью вояж ХХК-ийн ММК-ХХК-нд төлөх төлбөрийг бодож тооцсон ба 62 055 290 төгрөгийг төлөхөөр байсан. Ийм байхад болгоно аргална, гэж хэлэх боломжгүй. Миний хувьд 30 гаруй жил зөвхөн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Худал ярьж хүнээс мөнгө авах амьдралтай хүн биш ёс зүйтэй хуульч гэж өөрийгөө боддог. Яагаад намайг гүжирдэж мөнгө гаргуулах гээд байгааг ойлгохгүй байна. Н.Цэвгээ 3 000 000 төгрөг хүнд өгөх нь байтугай давах гомдлын улсын тэмдэгтийн хураамж төлөх чадваргүй. Өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг бид хоёр хувиасаа давах гомдлын улсын тэмдэгтийн хураамжийн мөнгийг гаргаж, шийдвэрт өөрчлөлт оруулж байсан. Хяналтын гомдол гаргах болоход мөнгө байхгүй, холбогдох баримтуудаа авмаар гэхэд нь би 69 хуудас баримтыг шүүхээс авч Н.Цэвгээд өгсөн. 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Н.Цэвгээ төлбөр тооцоогүй гэсэн баримтад гарын үсэг зурсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасанд гайхаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Наранцэцэгээс 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Нью вояж ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилсэн 3 000 000 төгрөгийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний нэмэлт хөлс төлсөн гэсэн утгаар ойлгож асуудалд хандсан нь харагдаж байна. Гэтэл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг талууд нийт 2 500 000 төгрөгөөр байгуулсан ба уг хөлс нь бүх шатны шүүхэд ажиллах ажлын хөлс бөгөөд хариуцагчийн зүгээс хяналтын шатанд ажиллаагүй, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Маргааны зүйл болсон 3 000 000 төгрөгийг хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа, давж заалдах шатны шүүх хурал болохоос өмнө нэхэмжлэгчээс авсан ба уг мөнгийг бэлнээр авсан бөгөөд хэргийг нааштай шийдүүлэхэд хэрэглэнэ гэж хэлж, үндэслэлгүй мөнгө авсан. Уг мөнгийг анх авахад бэлнээр өгөхийг хариуцагч хүссэн бөгөөд тухайн үед манай үйлчлүүлэгчийг өмгөөлж байсан болохоор итгэж мөнгөө бэлнээр өгсөн ба тухайн үед манай үйлчлүүлэгчийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ш.Эрдэнэцэцэг гаднаас орж ирсэн бөгөөд, хадгалж байг гэж хэлээд өгч байхыг манай үйлчлүүлэгч харсан байдаг.

Гэтэл Ш.Эрдэнэцэцэг шүүх хуралд гэрчээр мэдүүлэхдээ зориудаар худал мэдүүлж байгаа нь хариуцагчтай үгссэн, үгээ нийлүүлсэн болох нь илт харагдаж байсан ба, хариуцагч МХХ ХХК-нд мэдүүлэхдээ үндэслэлгүй авсан 3 000 000 төгрөгөө хуралд орох гэж 3 000 000 төгрөгөөр тохирсон мэтээр гуйвуулан мэдүүлсэн нь тухайн үед мөнгө авсан гэдгээ хүлээсэн ба миний үйлчлүүлэгчид хэлэхдээ 3 000 000 төгрөгийг чинь өгнө гэж хэлсэн байдаг бөгөөд шүүх хурал дээр зориуд худал хэлж, өгсөн авсан баримт үйлдээгүйгээ ашиглан манай үйлчлүүлэгчийг хохироож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагын дүнг алдаатай бичсэн байгааг зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Ньювояж ХХК нь хариуцагч Д.Наранцэцэгт холбогдуулан 3 000 000 төгрөг гаргуулахыг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, уг мөнгийг аваагүй гэж маргажээ.

Зохигчид нь 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх зорилго бүхий хөлсөөр ажиллах гэрээ байгуулж 2 500 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч хөлсөөр ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн дээрх мөнгийг буцаан шаардаагүй, харин өөр агуулгаар буюу хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо хүмүүстэй уулзана, хэрэглэнэ гэсний дагуу 3 000 000 төгрөгийг төлсөн гэх үндэслэл заан шаардлага гаргасан байхад шүүх Иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээний үүрэгтэй холбоотой зохицуулалтыг баримтлан маргааныг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болно.

Маргааны зүйл болж буй 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид өгсөн гэх нөхцөл байдлыг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй буюу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтад нийцжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талууд нотлох баримтаа өөрөө гаргах үүрэгтэй хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргах эрх нь нээлттэй болно.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан баримтууд дотор нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын тайлбартаа зааж буй Монголын хуульчдын мэргэжлийн хариуцлагын хороонд хариуцагч талын гаргасан тайлбар байхгүй байна.

Хэргийн 9 дүгээр талд авагдсан Монголын хуульчдын мэргэжлийн хариуцлагын хорооны шинжээчийн тогтоолын тодорхойлох хэсэгт бичигдсэн Д.Наранцэцэг өмгөөлөгчийн тайлбарт 3 000 000 төгрөгөөр давж заалдах шатны шүүх хуралд орох-оор тохиролцсон талаар дурдсан байх боловч 3 000 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчээс хүлээн авсан талаар заагаагүй байна. Хэргийн материалд 3 000 000 төгрөгийг авсан болохыг нотлох баримт байхгүй, гэрч Ш.Эрдэнэцэцэгийн мэдүүлэгт уг үйл баримтын талаар дурдагдаагүй байна. /хх-48-49/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд нотлогдоогүй тул, уг гомдлыг хангах боломжгүй болно.

Эдгээрээс дүгнэвэл, хариуцагч Д.Наранцэцэгт 3 000 000 төгрөгийг хүлээлгэж өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй учраас анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтад дүгнэлт хийн давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн үнийн дүнг 30 000 000 гэж бичсэн алдааг залруулах боломжтой байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 101/ШШ2017/02775 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 360 дугаар зүйлийн 360.1 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж, 30 000 000 гэснийг 3 000 000 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ