Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00261

 

      “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/02775 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 2273 дугаар магадлалтай,

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д.Н-т холбогдох,

3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Цэвгээ, өмгөөлөгч Б.Борхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2013 оны сүүлээр ММК ХХК-тай шүүхээр маргаж байх үед Д.Н-,  Ш.Эрдэнэцэцэг нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан бүх шатны шүүх хуралд оролцох, хуулийн хүрээнд манай компанийн эрхийг хамгаалах тухай ярилцаж, ямар нэг асуудал гаргахгүй, нэхэмжлэл хэрэгсэхгүй болох юм байна гэхээр нь итгэж нийт гэрээний төлбөр 2.500.000 төгрөгийг төлсөн. Гэтэл анхан шатны шүүх хуралд ялагдаж дараагийн 2 шатанд хүмүүст мөнгө өгөх хэрэгтэй  гэж хэлсэн. Надад 3.000.000 төгрөг  байна гэхэд тэр мөнгөө бэлнээр  аваад ир гэсэн тул Д.Н-т бэлнээр 3.000.000 төгрөг өгсөн. Тэгээд дараагийн шүүх хурал болж бас л анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, өмгөөлөгч Д.Н- хяналтын шүүхэд хандах хугацааг хэтрүүлсэн байсан бөгөөд одоо танай хэрэг ямар ч нэмэргүй цаашаа өмгөөлөхгүй таны 3.000.000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Би арга буюу хугацаа хэтрүүлсэн талаар холбогдох газарт нь хандсан ба 3.000.000 төгрөгийг минь өгнө гэсэн учраас гомдолдоо энэ талаар дурсаагүй.

Гэтэл мөнгөө авъя гэж хэлэхэд та хэл ам хийж яваад надад шийтгэл ногдуулсан учраас өгөхгүй гэсэн. Иймд Д.Н-ээс 3.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Н- шүүхэд гаргасан тайлбартаа: “Н” ХХК-ийн захирал Н.Цэвгээ гэгчээс 3.000.000 төгрөг аваагүй бөгөөд авсан гэх мөнгө нь 2.500.000 төгрөг. Энэ нь хариуцагч “Н” ХХК-д хуулийн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгч Эрдэнэцэцэгийн  хамтран авсан ажлын хөлс болно. 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Н.Цэвгээ өмгөөлөгч Эрдэнэцэцэг бид хоёрт  “Н” ХХК-ийн ММК ХХК-д төлөх төлбөрийг бодож тооцсон ба 62.055.290 төгрөгийг төлөхөөр байсан. Би 30 гаруй жил зөвхөн өмгөөлөгчөөр ажиллаж байтал нөгөө өмгөөлөгчөөсөө нууж худал ярьж хүнээс мөнгө авах амьдралтай хүн биш,  ёс зүйтэй хуульч гэж өөрийгөө боддог. Н.Цэвгээ 3.000.000 төгрөг хүнд өгөх нь байтугай давах гомдолд тэмдэгтийн хураамж төлөх чадваргүй Ш.Эрдэнэцэцэг өмгөөлөгч бид хоёр үүрэггүй мөртөө хувиасаа гаргаж төлөн шийдвэрт өөрчлөлт оруулж байсан. Хяналтын гомдол гаргах болоход бас л мөнгө байхгүй, холбогдох баримтуудаа авч зарж борлуулан өрөө төлнө гээд 69 хуудас баримтыг би шүүхээс авч Цэвгээд өгсөн гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/02775 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Н-ээс 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 2273 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 101/ШШ2017/02775 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “360 дугаар зүйлийн 360.” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж, “30.000.000” гэснийг “3.000.000” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2017 оны 11 сарын 01 ний өдрийн 2273 дугаарт магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлээд байгаа 3 сая төгрөгийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний нэмэлт хөлс төлсөн гэсэн утгаар ойлгож асуудалд хандсан нь харагдаж байна. Гэтэл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг талууд нийт 2.500.000 төгрөгөөр байгуулсан ба уг хөлс нь бүх шатны шүүхэд ажиллах ажлын хөлс бөгөөд хариуцагчийн зүгээс хяналтын шатанд ажиллаагүй, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Маргааны зүйл болсон 3.000.000 төгрөгийг анх авахад бэлнээр авчирж өгөхийг хариуцагч хүссэн бөгөөд тухайн үед манай үйлчлүүлэгчийг өмгөөлж байсан болохоор итгэж мөнгөө бэлэн аваачиж өгсөн ба тухайн үед манай үйлчлүүлэгчийн төлөөлөгчөөр ажиллаж байсан н.Эрдэнэцэцэг гаднаас орж ирсэн бөгөөд, хадгалж байг гэж хэлээд өгч байхыг манай үйлчлүүлэгч харсан байдаг. Гэтэл н.Эрдэнэцэцэг шүүх хуралд гэрчээр мэдүүлэхдээ зориудаар худал мэдүүлж байгаа нь хариуцагчтай үгссэн, үгээ нийлүүлсэн болох нь илт харагдаж байсан ба, тухайн үед мөнгө авсан гэдгээ хүлээсэн ба миний үйлчлүүлэгчид хэлэхдээ 3.000.000 төгрөгийг чинь өгнө гэж хэлсэн байдаг бөгөөд шүүх хурал дээр зориуд худал хэлж, өгсөн авсан баримт үйлдээгүйгээ ашиглан манай үйлчлүүлэгчийг хохироож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Д.Н-т холбогдуулан 3.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...мөнгийг аваагүй гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Зохигчид хууль зүйн туслалцаа үзүүлэх зорилго бүхий хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 2.500.000 төгрөг шилжүүлсэн талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нь  нэмж 3.000.000 төгрөг өгсөн, үүргээ биелүүлээгүй тул буцаан гаргуулна гэж шаардлагаа тодорхойлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 3.000.000 төгрөг өгснөө нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн баримтад тулгуурласан боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс гадна шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг буруу бичжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удидлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 2273 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ