Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 207/МА2018/00071

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч *******, ******* ХХК нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2018/00408 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, ******* ХХК нарт холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр оролцов.

Нэхэмжлэгч Гүн арвижих эрдэнэс ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1377 дугаартай шийдвэр, 143 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу манай компаниас 78 665 180 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах дутуу баригдсан барилгын 614 м2 газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах дутуу баригдсан 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын 504 м2 талбай бүхий зоорийн давхар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 17-09 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 90 м2 хүнсний дэлгүүр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 17-09 тоотод байрлах 777 м2 гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг Найдвар од аудит ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн, 11/18 тоот шинжээчийн дүгнэлтээр үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг нийт 530 611.9 төгрөгөөр тогтоосон. Оюут багт байрлах 6 давхар барилгын суурь 504 м2 талбай бүхий зоорийн давхар нь 1 000 000 000 төгрөг, 614 м2 газрыг зах зээлийн ханш 500 000 000 төгрөг, 8 нэрийн хүнсний дэлгүүрийн 90 м2 үйлчилгээний зориулалттай барилга 100 000 000 төгрөг, 777 м2 газар 50 000 000 төгрөгийн нийт 1 650 000 000 төгрөгийн зах зээлийн үнэтэй болно. Гэтэл ийнхүү хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2016/01377 дугаар шийдвэрээр Гүн арвижих эрдэнэс ХХК-наас 78 665 180 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн байна. Тус газраас төлбөр төлөгч Гүн арвижих эрдэнэс ХХК-ийн захирал Б.Эрдэнэсоёлтой уулзаж шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг сайн дураар төлөөгүй байна. Төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгчийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 17-09 тоотод байрлах 777 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар /Г-2101000252 / Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 17-09 тоотод 90 м.кв үйлчилгээний зориулалттай 8 нэрийн дэлгүүр / Ү-2101009347 / Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн дутуу баригдсан барилгын хажууд байрлах 504 м.кв талбайтай 1 давхарын 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга /Ү-2101016209/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн дутуу баригдсан барилгын хажууд байрлах 614 м2 талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй /Д-0391426/ газрыг тус тус 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хураан авч талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй байна. Талуудын үнийн санал зөрсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн аудитын байгууллага болох Найдвар-Од аудит ХХК-г шинжээчээр томилсон. Тус газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон байхад төлбөр төлөгч Гүн арвижих эрдэнэс ХХК-ийн захирал Б.Эрдэнэсоёл нь барилгын зураг төсөвөө гаргаж өгөхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор санхүүжилт дутсан тул барилгаа өөрчлөн давхарыг багасгаж барилгын зургийг шинээр зуруулж байгаа, хуучин барилгын зураг нь Барилга хот байгуулалтын яаманд шинэчлэн батлуулах гээд өгсөн байгаа зэргээр аудитын байгууллагын үнэлгээ гаргах хугацааг удаашруулж байсан."Найдвар-Од аудит ХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 70 хувийн гүйцэтгэлтэй 504 м.кв талбайтай барилгыг 472 036 600 төгрөг, 614 м.кв эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 20 262 000 төгрөг, 90 м.кв хүнсний дэлгүүрийг 27 097 900 төгрөг, 777 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 11 215 400 төгрөгөөр нийт хөрөнгийг 530 611 900 төгрөгөөр тогтоосон. Мөн тус газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу Найдвар-Од аудит ХХК-ний шинжээчийн дүгнэлт үнэлгээг танилцуулахаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч төлбөр төлөгч Гүн арвижих эрдэнэс ХХК-ний захирал Б.Эрдэнэсоёлд танилцуулахаар зарлан дуудахад ирдэггүй, хаягаар очиход хаалгаа нээхгүй, баталгаат шуудангаар хаягаар хүргүүлэхэд эзэнгүй байна гэсэн шалтгаанаар буцаж ирсэн тул 95545413 дугаарын утсаар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэж, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үнэлгээг хаягаар очиж танилцуулсан байна.Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн аудитын байгууллагаар үнэлгээг тогтоолгосон бөгөөд аудитын байгууллагын үнэлгээ, дүгнэлтийг тус газраас өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ******* ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Гүн арвижих эрдэнэс ХХК-ийн ХААН Банкны барьцаанд байгаа гэх үл хөдлөх хөрөнгүүдийг Шийдвэр гүйцэтгэх албаны Шинжээч томилох 17/07 тоот тогтоолын дагуу манай компани үнэлгээ хийж хүргүүлсэн. Бид үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг ҮОУСтандарт, Хөрөнгө үнэлгээний тухай хууль, Монгол улсад мөрдөгдөж байгаа барилгын норм, үнэ ханшийн дагуу орлогын хандлага, өртгийн хандлагын аргаар бодит байдалд нийцүүлэн үнэлсэн болно. Тус компаний үнэлгээ хүчингүй болгох хүсэлт нь бодит байдалд огт нийцээгүй, Орхон аймагт зарагдаж байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэ ханштай харьцуулахад хэтэрхий өндөр байгаа нь ажиглагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00408 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, ******* ХХК холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Гүн арвижих эрдэнэс ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШЗ2018/01063 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт .....хэрэгт авагдсан баримтаас үзвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд шинжээчийн үнэлгээг зах зээлийн ханшнаас илтэд доогуур үндэслэлгүй тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, түүнийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэжээ. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хянуулах шаардлага гаргаагүй харин шинжээч томилж шинэжилгээ хийлгэж эхэлсэн процөсс нь нь хуулийн дагуу явагдсан эсэхийг хянуулах зорилготой байсан. Гэтэл шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж бүхэлд нь дүгнэсэн нь буруу юм. Учир нь уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны асуудлаар бүхэлд нь үнэлэлт дүгнэлт хийх шаардлагыг хэн ч гаргаагүй болно. Хавтаст хэргийн 47 дахь хуудсанд Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба, хорих 437 дугаар ангийн дарга хурандаа М.Ариунболдын баталсан, Ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Ц.Бямбасүрэнгийн хянасан шийдвэр гүйцэтгэгч Л.Ганбатын үйлдсэн Шинжээч томилох тухай тогтоол байна. Энэхүү тогтоолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлийг үндэслэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2.5 дах заалтуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд тавигдах хуулийн шаардлагыг тодорхойлж 12.2.5 тогтоол гаргах хууль зүйн үндэслэлийг заавал тогтоолд заахаар тусгасан бөгөөд тогтоолд хууль зүйн үндэслэлийг тодорхой тусгаагүй байна. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Тогтоолд шинжээч дүгнэлт өгөхөөс татгалзах, зайлс хийх эсхүл санаатайгаар худалд дүгнэлт гаргасан тохиолдолд хууль зүйн ямар хариуцлага хүлээлгэдэг талаар сануулаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Гүн арвижих эрдэнэс ХХК нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Найдвар Од аудит ХХК нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Гүн арвижих эрдэнэс ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Найдвар од аудит ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт үнэлгээний тайланд тулгуурлан тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Гүн арвижих эрдэнэс ХХК нь Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1377 дугаар шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт 78.116.674 төгрөгийг Хаан банкинд төлөхөөр шийдвэрлэгдсэн. Энэхүү шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэлийн ажиллагаа хийж шүүхийн шийдвэрийг сайн дураар төлөх хугацаа тогтоож, тус компанийн захирал Б.Эрдэнэсоёлд удаа дараа мэдэгдэл хүргүүлж /албадан гүйцэтгэх талаар/ мэдэгдэж байсан байна.

Гүн арвижих эрдэнэс ХХК нь үүргийн гүйцэтгэлд Орхон аймаг, Баян-өндөр сум, Оюут багт байрлах 614 м2 газар 70 хувийн гүйцэтгэлтэй 504 м2 зоорийн давхар рашаант багт байрлах 777 м2 газар, 90 м2 талбай бүхий хүнсний дэлгүүр зэргийг барьцаалсан байх ба эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар талууд тохиролцоогүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Найдвар од аудит ХХК-г шинжээчээр томилсноор 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг нэхэмжлэгч Гүн арвижих эрдэнэс ХХК зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулинд заасны дагуу явагдсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан, шинжээчийн үнэлгээг зах зээлийн ханшнаас илтэд доогуур тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй түүнийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хуулинд нийцсэн байна. Иймд нэхэмжлэгч Гүн арвижих эрдэнэс ХХК-ийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2018/00408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Гүн арвижих эрдэнэс ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

 

С.УРАНЧИМЭГ