Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 00408

 

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2018/00408

                          Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** тоотод байрлах “Н” ХХК нарт хариуцагдах

            Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г , хариуцагч “Н ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1377 дугаартай шийдвэр, 143 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу манай компаниас 78 665 180 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах дутуу баригдсан барилгын 614 м2 газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах дутуу баригдсан 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын 504 м2 талбай бүхий зоорийн давхар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 17-09 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 90 м2 хүнсний дэлгүүр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 17-09 тоотод байрлах 777 м2 гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг “Н ” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн, 11/18 тоот шинжээчийн дүгнэлтээр үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг нийт 530 611.9 /таван зуун гучин сая зургаан зуун арван нэгэн мянга есөн зуун/ төгрөгөөр тогтоосон. Оюут багт байрлах 6 давхар барилгын суурь 504 м2 талбай бүхий зоорийн давхар нь 1 000 000 000 төгрөг, 614 м2 газрыг зах зээлийн ханш 500 000 000 төгрөг, 8 нэрийн хүнсний дэлгүүрийн 90 м2 үйлчилгээний зориулалттай барилга 100 000 000 төгрөг, 777 м2 газар 50 000 000 төгрөгийн нийт 1 650 000 000 төгрөгийн зах зээлийн үнэтэй болно. Гэтэл ийнхүү хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2016/01377 дугаар шийдвэрээр “Г ” ХХК-наас 78 665 180 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн байна.

Тус газраас төлбөр төлөгч “Г ” ХХК-ны захирал Б.Э-тэй  уулзаж шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг сайн дураар төлөөгүй байна. Төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгчийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 17-09 тоотод байрлах 777 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар / Г-2101000252 / Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 17-09 тоотод 90 м.кв үйлчилгээний зориулалттай 8 нэрийн дэлгүүр / Ү-2101009347 / Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн дутуу баригдсан барилгын хажууд байрлах 504 м.кв талбайтай 1 давхарын 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга / Ү-2101016209 / Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн дутуу баригдсан барилгын хажууд байрлах 614 м2 талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй /Д-0391426/ газрыг тус тус 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хураан авч талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй байна. Талуудын үнийн санал зөрсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн аудитын байгууллага болох “Н ” ХХК-г шинжээчээр томилсон. Тус газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон байхад төлбөр төлөгч “Г ” ХХК-ны захирал Б.Эрдэнэсоёл нь барилгын зураг төсөвөө гаргаж өгөхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор санхүүжилт дутсан тул барилгаа өөрчлөн давхарыг багасгаж барилгын зургийг шинээр зуруулж байгаа, хуучин барилгын зураг нь Барилга хот байгуулалтын яаманд шинэчлэн батлуулах гээд өгсөн байгаа зэргээр аудитын байгууллагын үнэлгээ гаргах хугацааг удаашруулж байсан."Н ” ХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 70 хувийн гүйцэтгэлтэй 504 м.кв талбайтай барилгыг 472 036 600 төгрөг, 614 м.кв эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 20 262 000 төгрөг, 90 м.кв хүнсний дэлгүүрийг 27 097 900 төгрөг, 777 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 11 215 400 төгрөгөөр нийт хөрөнгийг 530 611 900 төгрөгөөр тогтоосон. Мөн тус газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу “Н ” ХХК-ний шинжээчийн дүгнэлт үнэлгээг танилцуулахаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч төлбөр төлөгч “Г ” ХХК-ний захирал Б.Эрдэнэсоёлд танилцуулахаар зарлан дуудахад ирдэггүй, хаягаар очиход хаалгаа нээхгүй, баталгаат шуудангаар хаягаар хүргүүлэхэд эзэнгүй байна гэсэн шалтгаанаар буцаж ирсэн тул 95545413 дугаарын утсаар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэж, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үнэлгээг хаягаар очиж танилцуулсан байна.Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн аудитын байгууллагаар үнэлгээг тогтоолгосон бөгөөд аудитын байгууллагын үнэлгээ, дүгнэлтийг тус газраас өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч “Н ” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Г ” ХХК-ийн ХААН Банкны барьцаанд байгаа гэх үл хөдлөх хөрөнгүүдийг Шийдвэр гүйцэтгэх албаны Шинжээч томилох 17/07 тоот тогтоолын дагуу манай компани үнэлгээ хийж хүргүүлсэн. Бид үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг ҮОУСтандарт, Хөрөнгө үнэлгээний тухай хууль, Монгол улсад мөрдөгдөж байгаа барилгын норм, үнэ ханшийн дагуу орлогын хандлага, өртгийн хандлагын аргаар бодит байдалд нийцүүлэн үнэлсэн болно. Тус компаний үнэлгээ хүчингүй болгох хүсэлт нь бодит байдалд огт нийцээгүй, Орхон аймагт зарагдаж байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэ ханштай харьцуулахад хэтэрхий өндөр байгаа нь ажиглагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Г ” ХХК нь Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Н ” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Н ” ХХК нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2016/01377 дугаартай шийдвэрээр “Г ” ХХК-наас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 78 116 674.26 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд 548 505 төгрөг гаргуулж Хаан банкны Орхон салбарт олгохоор шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ мөн хуулийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17140266 дугаартай тогтоолоор Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2016/01377 дугаартай шийдвэр, уг шийдвэрийг албадан биелүүлэх тухай захирамж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 143 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./хх 30-34/

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 53-13 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч “Г ” ХХК-ний захирал Б.Э-д шүүхийн шийдвэрийг сайн дураар төлөх хугацааг тогтоож, сайн дураар эс биелүүлбэл албадан гүйцэтгэх талаар мэдэгдэж, тайлбар тэмдэглэл үйлджээ.

 Мөн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр,  2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр, 2017 оны 08 дугаар сарын 07-ний өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус тус төлбөр төлөгч Б.Э-тэй утсаар ярьсан тухай тэмдэглэл үйлдсэн байна. /хх 35-36, 49-53, 55/

2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 27, 32 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрлийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 017-53-02, 017-53-03 дугаартай эд хөрөнгийг хураасан актыг хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус үйлдэж, тэмдэглэл хөтөлжээ. /хх 40-44/

Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр авагч Хаан банкны Орхон салбарт үүргийн гүйцэтгэлийн барьцаанд хураагдсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахтай холбогдуулан үнийн санал авсан бөгөөд Хаан банкны Орхон салбар 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг нийт 265 000 000 төгрөгөөр үнэлэх санал ирүүлжээ. /хх45-46/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 17107 дугаартай тогтоолоор “Н ” ХХК-г шинжээчээр томилж, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үнэлгээний тайлан гарсан байна. /хх- 47, 57-58/

Төлбөр төлөгчид хуульд заасан хугацааны дотор үнэлгээний тайланг танилцуулахаар Монгол шуудангийн үйлчилгээгээр 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлэхэд “…эзэнгүй, Улаанбаатар хотод ажилтай явна, цагаан сарын дараа очно” гэсэн тул 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр буцаагдсан байна. /хх57-58, 61/

Шийдвэр гүйцэтгэгчээс 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Б.Эрдэнэсоёлын нөхөр Н.Эрдэнэбилэгт үнэлгээг гардуулан өгч, 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр энэ тухайгаа төлбөр төлөгчтэй утсаар ярьж баталгаажуулан тэмдэглэл хөтөлсөн байна. /хх 59-60/ 

Нэхэмжлэгч төлбөрийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт байрлах 614 м2 газар, 70 хувийн гүйцэтгэлтэй 504 м2 зоорийн давхар,  Рашаант баг 17-09 тоотод байрлах 777 м2 газар, 90 м2 хүнсний дэлгүүрийг 530 611 900 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөөгүй тул гомдлоо шүүхэд гаргасан ба хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн үнэлгээ  Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд шинжээчийн үнэлгээг зах зээлийн ханшаас илтэд доогуур үндэслэлгүй тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, түүнийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ холбогдох баримтаар нотлоогүй.

                Иймд нэхэмжлэгч “Г ” ХХК-ний үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М  шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаан давхацсан гэсэн шалтгаанаар хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн боловч зарласан хурлын товоос хойно авсан шүүх хуралд оролцохоор хойшлуулах тухай хүсэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                     ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Н ” ХХК холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Г ” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШЗ2018/01063 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.АРИУНЦЭЦЭГ