Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2019/00631

 

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2019/00631

 

 

Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/00367 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У ХХК-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 61 705 350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Батзориг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Тайван, С.Энхбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Баасандорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Г- нь Шинэ Зеландын хөрөнгө оруулалттай У ХХК Монгол дахь алтны уурхайд электроникийн техникч ажлын байранд 2017 оны 3 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл буюу 8 сарын хугацаанд ажиллахаар болж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Тэрээр ажиллаад 3 долоо хоног өнгөрсний дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өглөө Монгол дах алтны компанийн захирал Дэнни Уолкер дуудан түүнд би чамд такси дуудсан. 10 цагт ирнэ. Өөрийнхөө бүх юмыг аваарай. Такси чамайг Улаанбаатарт бидний байрлах зочид буудалд хүргэж өгнө. Чи тэнд 2 хоноод бүтэн сайнд гэрлүүгээ харих болно гэж хэлээд тодорхой шалтгаан хэлээгүй ажлаас халсан. Энэ хугацаанд тэрээр зөрчил гаргаагүй.

Тэрээр 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр буруу зүйл хийгээгүй атлаа ажил олгогчийн аман шийдвэрээр ажлаас халагдаж, 2 өдрийн дотор Шинэ Зеланд руу албадан буцаагдсан. Угтаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалдаг байтал ажил олгогч ямар ч үндэслэлгүйгээр ажилтныг ажлаас буруу халсан. Иймд хариуцагч буюу ажил олгогч У ХХК нь ажилтныг ажлаас буруу халсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 61 705 350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа гардаж аваагүй гэдгийг тогтоолгохоор 10 дугаар сарын 02-ны өдөр үзлэг хийлгэж, 11 дүгээр сарын 02-ны өдөр У ХХК-д хандаж, Г-ын ажлаас халсан шийдвэрийг гаргуулах тухай хүсэлтийг У ХХК-д явуулахад хариу өгөөгүй.

Нэхэмжлэгчийн хугацаа алдсан шалтгаан нь газарзүйн байршлын хувьд хол байгаа, монгол хэл мэдэхгүй нь хүндэтгэх үзэх шалтгаантай гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн огноо нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэж бичсэн боловч 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр мэдсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс харагдаж байх бөгөөд 10 сар 22 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Хэрэгт авагдсан цахим захидлаас харахад 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Монголын хуульчаас хариу ирсэн гэдэг боловч 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 6 сар 26 хоногийн дараа хандсан байна. Г- И эл си ХХН-ийн өмгөөлөгч Н.Энхсайхан, Э.Билигсайхан, Д.Батзориг, С.Арсланбек нартай анх 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр холбогдсон ба ажлаас халагдсанаас хойш 5 сар 11 хоногийн дараа, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс 4 сар 11 хоногийн дараа шүүхэд хандсан. Уг хугацаанд Монгол улсын шүүхэд хандах боломжгүй гэдэг шалтгаангүй байна.

Мөн нэхэмжлэгч нь Монгол улсын шүүхэд хандсанаас хойш ч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь тасалдаад дууссан нь харагдаж байна. Жишээ нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Монголын хуульчид шүүхэд хандсанаас хойш процесс өрнөж байгаа. Тус шүүхийн шүүгч 2017 оны 12 дугаар сарын 11, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан байдаг. Улмаар 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Энэ хүртэл 2 сар 19 хоног өнгөрсөн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд хандаад хөөн хэлэлцэх хугацаа тасалдлаа гэж тооцоход 2 сар 19 хоногийн хугацаанд шүүхэд хандаагүй.

Мөн Г- нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас халагдсанаас хойш 5 хоногийн дараа өөрийн улсын хуульчаас зөвлөгөө авахдаа Монгол улсын шүүхэд хандах болохыг мэдсэн байна.

Нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар Gregory Jon Tarrant-ын ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, хариуцагч У ХХК-аас 61 705 350 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан улсын төсвийн орлогоос 466 477 төгрөгийг гаргуулан Gregory Jon Tarrant-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт хөдөлмөрийн гэрээний маргааны талаар гаргах гомдол гаргах хугацааны талаарх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Шинэ Зеланд улсын иргэн Г- 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр анх бидэнтэй холбогдон, хэрэг асуудлын талаар зөвлөгөө авах, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх ажиллагаа эхэлсэн талаар шүүхэд цахим захидалд үзлэг хийлгэх журмаар түүний нэхэмжлэлийг шүүхэд гаргах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх үндэслэл бүхий нотолгоо баримт бүрдүүлэхэд шаардлагатай байсан цаг хугацааны талаар нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн.

Анхан шатны шүүх ажлаас буруу халсан гомдлыг гаргах хугацааг итгэмжлэгдсэн төлөөлөгч хэтрүүлсэн гэж гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй.

У ХХК нь ажилтныг хууль бусаар ажлаас халсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Г- нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хариуцагч компанийн Хөдөлмөрийн ерөнхий нөхцөлд заасан аливаа дүрэм журмыг огт зөрчөөгүй байхад нь ажлаас халсан тушаал шийдвэргүйгээр, ажил хүлээлгэн өгөх цаг хугацаа өгөлгүй, тодорхой тайлбаргүйгээр захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг хууль бусаар цуцалсан. Түүнийг амралтын өдөр Монголд байх визийг цуцалж нэн даруй нутаг буцахад хүргэсэн Монголд эрх зүйн туслалцаа үйлчилгээ авах боломжгүй байдалд хүргэсэн байхад анхан шатны шүүх ажлаас нь халсан үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй гэж шийдвэрийнхээ үндэслэл болгосныг зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г- нь хариуцагч У ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 61 705 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, ажилтан Г- нь У ХХК-д техникийн засварын мэргэжилтнээр 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаагаар ажиллах, ажил олгогч гэрээнд заасан хөлс төлөх үүргийг хүлээсэн, уг гэрээ цуцлагдсан, улмаар ажилтан 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсаас гарсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгчээс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр огноологдсон нэхэмжлэлийг анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах 1 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн байна.

 

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2017/16761 дугаар захирамж нь хуудас дутуу байхаас гадна хэлбэрийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтууд нь эх хувиар, хэрэв эх хувиар биш бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл тухайн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн дардастай байх шаардлагыг хангаагүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй юм.

 

Түүнчлэн анхан шатны шүүх дээрхи захирамжийг үнэлсэн атлаа мөн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ын өдрийн 102/ШЗ2018/00030 дугаар захирамжийг үнэлээгүй, энэ захирамж мөн нотлох баримтын шаардлага хангаагүй ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан асуудлыг шийдвэрлэснээрээ ач холбогдолтой байхаар байна.

 

Түүнчлэн Г- нь Шинэ Зеланд улсаас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөр огноолж нэхэмжлэлийг шуудангаар илгээснийг Монгол талын өмгөөлөгчид 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Монгол шуудангаас хүлээн авсан талаар анхан шатны шүүх огт дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай болжээ. /хх 39-40 дэх тал/

 

Мөн нэхэмжлэгч талаас ажилтныг ажилд авсан тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал, цагийн бүртгэл, цалин хөлс авч байсан зэрэг нотлох баримтыг ажил олгогч талаас гаргуулах тухай удаа дараа гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх огт шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/00367 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466 477 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА