Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/02272

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/02272

 

 

 

А.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01726 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ариг банк ХХК-нд холбогдох

Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэг, Р.Нямцэрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр А.Алтангэрэл миний бие Ариг банк ХХК-тай 2106005743 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 30.6 хувийн хүүтэй гэрээ байгуулан, гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн Ү-2201001934 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байрны 249 тоот 40 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан. Ариг банк ХХК-ийн мэргэжилтэн н.Тамир надтай уулзаж барьцаа хөрөнгө болох орон сууцны өмчлөлийг Ариг банк ХХК-нд шилжүүлбэл зээлийн гэрээний хүүг зогсоож өгье гэсэн. Тэгээд та үндсэн зээлээ бүгдийг нь хэзээ төлөх боломжтой байх хугацаагаа тогтоогоод хүрээд ир, эсвэл та 3 сарын дараа төлбөрөө төл гэсэн. Би 3 сарын дотор зээлээ төлчихнө гэж бодож, хөнгөмсгөөр найдаж гэрээний хугацаа дуусаагүй байхад төөрөгдөж Ариг банк ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж зээлийн гэрээний төлбөрт барьцаалсан орон сууцыг Ариг банк ХХК-нд шилжүүлсэн. Гэвч 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хийсэн нь өмнөх зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад мөн зээлийн гэрээг цуцлаагүй байж тус зээлийн гэрээнд барьцаалсан орон сууцыг Ариг банк ХХК өөрийн өмчлөл рүү шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.4, 58 дугаар зүйл 58.3.3-т заасныг зөрчиж хууль бусаар орон сууцны өмчлөлийг шилжүүлж авсан. Иймд Ариг банк ХХК болон А.Алтангэрэл нарын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.Алтангэрэл нь Ариг банк ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг авсан. Гэвч А.Алтангэрэл нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл, зээлийн хүү төлөх хуваарийг удаа дараа зөрчиж байсан бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн төлөлт огт хийгээгүй тул зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь заалтыг үндэслэн гэрээг цуцалсан. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр А.Аптангэрэлийн гаргасан хүсэлтийн дагуу тус банк нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байрны 249 тоот хаягт байрлах, Ү-2201001924 улсын дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 44 200 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр А.Аптангэрэлийн 2106005744 тоот дансанд шилжүүлсэн. Иймд дээрх харилцаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу үүссэн харилцаа гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй юм. Нэхэмжлэлд дурдагдсан шиг өөр хэлцлийг халхавчилсан, хөнгөмсгөөр найдсан, эрхийн болоод сэдэлтийн талаар төөрөлдсөн асуудал байхгүй. Тухайн үед гэрээ байгуулах сэдлийг нэхэмжлэгч өөрөө гаргасан байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг хөнгөмсгөөр найдсан гэж үзэхгүй. Хэрвээ нэхэмжлэгч Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3, 58.3.4-т зааснаар ноцтой төөрөгдсөн гэж үзэж байгаа бол ноцтой төөрөгдсөн талаар мэдмэгц нэн даруй нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь Ариг банк ХХК-нд мэдэгдэлгүйгээр шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч зээлийн хүүг нэмэгдүүлмээргүй байна, зээлийн оронд орон сууц авчих, танай зээлийн 44 200 000 төгрөг байхад нь зогсооё, орон сууц танай өмчлөлд шилжсэн ч гэсэн би захиран зарцуулах, өмчлөх эрхээ өөрөө эдэлнэ, орон сууцаа зах зээлийн үнэ ханшаар зарж зээлээ төлөөд зөрүү мөнгийг нь авна гэж тохиролцсон. Энэ тохиролцооны дагуу зээлийнх нь дүнгээр орон сууцыг шилжүүлж авсан. Орон сууц шилжүүлж авсан ажиллагаа нь нэхэмжлэгч талаас санаачилж гарсан. Иймд нэхэмжлэгч А.Алтангэрэлийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.4, 58 дугаар зүйлийн 58.3.3, 58.3.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ариг банк ХХК болон А.Алтангэрэл нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч А.Алтангэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэн А.Алтангэрэл нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ариг банк ХХК-тай 2106005743 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 30.6 хувийн хүүтэй гэрээ байгуулан, гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн Ү-2201001934 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байрны 249 тоот 40 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан. Ариг банк ХХК-ийн мэргэжилтэн н.Тамир надтай уулзаж барьцаа хөрөнгө болох орон сууцны өмчлөлийг Ариг банк ХХК-нд шилжүүлбэл зээлийн гэрээний хүүг зогсоож өгье гэсэн. Тэгээд та үндсэн зээлээ бүгдийг нь хэзээ төлөх боломжтой байх хугацаагаа тогтоогоод хүрээд ир, эсвэл та 3 сарын дараа төлбөрөө төл гэсэн. Би 3 сарын дотор зээлээ төлчихнө гэж бодож, хөнгөмсгөөр найдаж гэрээний хугацаа дуусаагүй байхад төөрөгдөж Ариг банк ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж зээлийн гэрээний төлбөрт барьцаалсан орон сууцыг Ариг банк ХХК-нд шилжүүлсэн. Гэвч 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хийсэн нь өмнөх зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад мөн зээлийн гэрээг цуцлаагүй байж тус зээлийн гэрээнд барьцаалсан орон сууцыг Ариг банк ХХК өөрийн өмчлөл рүү шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.4, 58 дугаар зүйл 58.3.3-т заасныг зөрчиж хууль бусаар орон сууцны өмчлөлийг шилжүүлж авсан. Зээлийн гэрээг цуцлаагүй байхад худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Мөн нэхэмжлэгч хэлцэл хийх гол зорилгоосоо төөрөгдсөн. Өмчлөлөө шилжүүлэх тухай бичиг өгнө, төлбөрөө төлөхгүй бол 3 сарын дараа орон сууцыг авах юм байна гэж бодож байтал хариуцагч орон сууцыг шууд шилжүүлэн авсан. Худалдах, худалдан авах гэрээ нь халхавчлах зорилгоор хийгдсэн гэдэг нь мэдэгдэж байна.

Зээлийн гэрээ, барьцааны гэрээний 5 дугаар зүйлд энэ орон сууц нь барьцаалагдаагүй, худалдагдаагүй, битүүмжлэгдээгүй, түрээслэгдээгүй болно гэсэн байдаг. Гэтэл банк өөрөө яагаад барьцаа хөрөнгийг худалдан авч байгаа юм. Зээлийн гэрээний асуудлыг зээлийн гэрээний дагуу дуусгах ёстой. Нэхэмжлэгч зээл авах гэсэн болохоос орон сууцаа зарах гээгүй. Талууд 93 100 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг барьцаалсан. Гэтэл энэхүү орон сууцыг 44 200 000 төгрөгт худалдаж авсан байгаа учир нэхэмжлэгчийг төөрөгдүүлж, гэрээгээ өөр гэрээгээр халхавчилж, орон сууцыг авсан байна. Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөрт бусад тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул зөвтгөж өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч А.Алтангэрэл нь Ариг банк ХХК-тай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ариг банк ХХК, А.Алтангэрэл нар нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 50 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 30.6 хувийн хүүтэй зээлэхээр 2106005743 дугаартай зээлийн гэрээ байгуулсан, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдэгчийн өмчлөлийн Ү-2201001934 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байрны 249 тоот 40 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ 2016 оны 08 сарын 31-ны өдрөөс хойш зөрчсөн болох нь зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ, /хх-4-8/, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон.

Зээлийн барьцааны гэрээний 4.2-т талууд үүргийн гүйцэтгэлийг хангахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмыг баримтлан шүүхээс гадуур шууд худалдан борлуулах тохиролцоо хийжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт Барьцаалагч, барьцаалуулагч нь энэ хуулийн 11.2-т зааснаар харилцан тохиролцсон бол барьцааны зүйлийг шууд худалдаж болно., 11.2-т Хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангаж болно., 11.3-т Энэ хуулийн 11.2-т заасан гэрээнд барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах аргын талаар нарийвчлан заана гэж тус тус зохицуулсан.

Талууд нэгэнт барьцааны үл хөдлөх хөрөнгийг дээрх байдлаар худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон, барьцааны зүйлийг шүүхийн бус журмаар худалдах талаар заасан боловч хэрхэн, яаж худалдах аргыг нарийвчлан заагаагүй байна. Иймд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь шууд өөртөө худалдан авах замаар үүргийн гүйцэтгэл хангуулах боломжтой байсан гэж үзэх нь учир дутагдалтай.

Зээлдүүлэгч Ариг банк ХХК-нд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлдэгч А.Алтангэрэлийн гаргасан хүсэлтэд /хх-86/ барьцааны үл хөдлөх хөрөнгийг худалдаж авах талаар заагаагүй, харин өрөндөө шилжүүлье гэсэн агуулгатай байна. Гэтэл хэлцэл хийж байгаа талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний зүйлийн бодит үнэ тодорхой бус байхад орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан, зээлийн гэрээний үлдэгдэл 44 200 000 төгрөгт барьцааны зүйлийн үнэ болгон шууд тооцож авсан нь хуульд болон, талуудын тохиролцоонд нийцээгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Алтангэрэл зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 44 200 000 төгрөгөөр орон сууцыг худалдах гэсэн хүсэл зоригийг өргөдөлдөө шууд илэрхийлээгүй, харин орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангах хүсэл зоригтой байсан. Барьцааны гэрээний талуудын хувьд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангахад барьцааны зүйлийг худалдах шаардах эрх үүсэхээс, барьцааны зүйлийг төлбөрт тооцож өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрх үүсэхгүй.

Иймд Ариг банк ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч А.Алтангэрэлтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу барьцааны зүйл болох, зээлдэгчийн өмчлөлийн Ү-2201001934 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байрны 249 тоот 40 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан хэлцлийн талаар нэхэмжлэгч төөрөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан зээлдэгчийн хүсэлт, орон сууц худалдах худалдан авах гэрээ, зохигчийн тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгчийн хүссэн хэлцлээс өөр хэлцэл хийж, төөрөгдсөн гэх тайлбар үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасныг баримталж Ариг банк ХХК, А.Алтангэрэл нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох боломжтой байна.

Талуудын хоорондын зээлийн болон зээлийн барьцааны гэрээний дагуу эрх, үүргээ хэрэгжүүлэхэд энэхүү шийдвэр нь саад болохгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.    Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар

сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01726 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасныг баримтлан Ариг банк ХХК, А.Алтангэрэл нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсугай., 2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Ариг банк ХХК-аас 380 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Алтангэрэлд олгосугай. гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3

дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5

дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ