Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 1726

 

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2017/01726

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: ... дүүргийн ... хороо, ... гудамжны ... тоотод оршин суух И овогт  А.Аийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: ... дүүргийн ... хороо, ... байранд байрлах “АБ”ХХК-д холбогдох,

     орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

 

         Нэхэмжлэгч А.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж өмгөөлөгч Ш.Базаррагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр А.А миний бие ... банктай 2106005743 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 30.6 хувийн хүүтэй гэрээ байгуулан, гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн ...улсын бүртгэлийн дугаартай, ... дүүргийн ... хороо, ... байрны .... тоот 40 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан. ... банкны мэргэжилтэн Тамир гэдэг хүн надтай уулзаад “та энэ барьцаа хөрөнгө болох орон сууцны өмчлөлийг ... банк руу шилжүүлчих, зээлийн гэрээний хүүг зогсоож өгье, тэгээд та үндсэн зээлээ бүгдийг нь хэзээ төлөх боломжтой байна хугацаагаа тогтоогоод хүрээд ир, эсвэл та 3 сарын дараа төлбөрөө төл” гэсэн. Ингээд би 3 сарын дотор зээлээ төлчихнө гэж бодож хөнгөмсгөөр найдаж гэрээний хугацаа дуусаагүй байхад төөрөгдөж ... банктай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж зээлийн гэрээний төлбөрт барьцаалсан ...улсын бүртгэлийн дугаартай, ... дүүргийн ... хороо, ... байрны .... тоот 40 м.кв талбай бүхий орон сууцыг ... банкинд шилжүүлсэн. Гэвч ... банк болон А.А нарын хооронд хийгдсэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хийсэн нь өмнөх зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад мөн зээлийг гэрээг цуцлаагүй байж тус зээлийн гэрээнд барьцаалсан орон сууцыг ... банк өөрийн өмчлөл рүү шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн”, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т зааснаар “... хөнгөмсгөөр найдаж”, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-т “тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн” гэснийг зөрчиж хууль бусаар орон сууцны өмчлөлийг авсан байна. Иймд ... банк болон А.А нарын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Төлбөрөө төлөхгүй бол 3 сарын дараа шилжүүлж авна гэж тохиролцсон  боловч  тэр дор нь шилжүүлсэн байсан. Нэхэмжлэгч А.А нь ... банкин дээр очиж уулзахад өмчлөлийг шилжүүлсэн талаар хэлж байгаагүй. Өөрсдөө хугацаа олгоно, хүүгээс чөлөөлнө гэж боломж олгож байгаа юм шиг атлаа нөгөө талаар хүнийг өмчийг шилжүүлж авсан байна. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсийг зөрчөөд нэхэмжлэгч хариуцагчийн ярьсан зүйлд хөнгөмсгөөр найдаад асуудлыг шийдчихсэн. 3 сарын хугацаанд мөнгөө төлөх гэтэл боломж болоогүй. Зээлийн гэрээ хэвээрээ байсан бол гэрээний үүргийн талаар маргаан гарч асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой байсан. Гэтэл одоо шүүхээр маргалдах боломжгүй болчихсон. Учир нь зээлийн грэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар халхавчлаад нэхэмжлэгчид хөнгөмсгөөр найдах боломжийг нь олгосон.  Мөн нэхэмжлэгч хэлцэл хийх гол зорилгоосоо төөрөлдсөн. Би өмчлөлөө шилжүүлэх тухай бичгийг нь өгнө, төлбөрөө төлөхгүй бол 3 сарын дараа орон сууцыг авах юм байна гэж бодож байтал хариуцагч орон сууцыг шууд шилжүүлж авсан. Худалдах, худалдан авах гэрээ нь халхавчлах зорилгоор хийгдсэн гэдэг нь мэдэгдэж байна. Энэ гэрээний 5 дугаар зүйлд орон сууц нь худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, түрээслэгдээгүй болно гэсэн байгаа. Гэтэл банк өөрөө яагаад барьцаа хөрөнгөө худалдаж авч байгаа юм бэ, зээлийн гэрээний асуудлыг зээлийн гэрээний дагуу л дуусгах ёстой. Нэхэмжлэгч зээл авсан болохоос орон сууцаа зарах гээгүй. Талууд 93.100.000 төгрөгийн үнийн дүнтэй орон сууцыг барьцаалсан. Гэтэл ийм үнийн дүнтэй орон сууцыг 44.200.000 төгрөгөнд худалдаж авсан байгаа учир нэхэмжлэгчийг төөрөгдүүлж байгаад гэрээгээ өөр гэрээгээр халхавчилж орон сууцыг авсан байна. Иймд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд  тооцож өгнө үү гэв.

            Хариуцагч “... банк”ХХК-ийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Иргэн А.А нь ... банктай 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгний зээлийг авсан билээ. Гэвч А.А нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл, зээлийн хүү төлөх хуваарийг удаа дараа зөрчиж байсан бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн төлөлт огт хийгээгүй тул зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь заалтыг үндэслэн цуцалсан. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр А.Аийн гаргасан хүсэлтийн дагуу тус банк нь ... дүүргийн ... хороо, ... байрны .... тоот хаягт байрлах, Ү-2201001924 улсын дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан бөгөөд ингэхдээ орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 44.200.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр А.Аийн .... тоот дансанд шилжүүлсэн болно. Иймд дээрх харилцаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу үүссэн харилцаа гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй юм. Түүнээс нэхэмжлэлд дурдагдсан шиг өөр хэлцлийг халхавчилсан, хөнгөмсгөөр найдсан, эрхийн болоод сэдэлтийн талаар төөрөлдсөн асуудал байхгүй. Нэхэмжлэгч А.А болон ... банкны хооронд зөвхөн орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд өөр ямар нэгэн халхавчлуулж буй хэлцэл хийгдээгүй, тийм хэлцэл байхгүй тул Иргэний хуулийн 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй юм. Нөгөө талаар А.А нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн зээлийн төлбөрийг төлөх боломжгүй байгаа тул 44.200.000 төгрөгөөр өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдах тухай хүсэлтийг ... банкинд гаргасан бөгөөд уг хүсэлтийн дагуу гэрээ байгуулагдсан болно. Үүнээс гадна нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ... банкин дахь .... тоот дансанд орон сууцны үнэ болох 44.200.000 төгрөгийг хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан байдаг. Иргэний хуулийн 56.1.3-т заасан  өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн ард нуугдсан хэлцэл байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл энэхүү маргаанд яригдаж байгаа худалдах, худалдан авах гэрээний цаана нуугдсан байгаа гэсэн үг. Гэтэл болсон үйл явдалд тийм зүйл байхгүй. Зээлийн гэрээ зээлдүүлэгчийн санаачилгаар цуцлагдаад, барьцаанаас чөлөөлөгдөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан хөнгөмсгөөр найдсан асуудал байхгүй. Тухайн үед гэрээ байгуулах сэдлийг нэхэмжлэгч өөрөө гаргасан байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг хөнгөмсгөөр найдсан гэж үзэхгүй. Хэрвээ нэхэмжлэгч Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3, 58.3.4-т зааснаар ноцтой төөрөгдсөн гэж үзэж байгаа бол ноцтой төөрөгдсөнөө мэдмэгц нэн даруй нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч ... банкинд мэдэгдэлгүйгээр шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй байна. Үнэндээ нэхэмжлэгч би зээлийн хүүг өсгөмөөргүй байна, зээлийн оронд энэ орон сууцыг авчих, би танай зээлийн 44.200.000 төгрөг байхад нь зогсооё, орон сууц танай өмчлөлд шилжсэн ч гэсэн би захиран зарцуулах, өмчлөх эрхээ өөрөө эдэлнэ, орон сууцаа зах зээлийнх нь ханшаар зарж зээлээ төлөөд зөрүү мөнгийг нь авна гэж тохиролцсон. Энэ тохиролцооны дагуу зээлийнх нь дүнгээр орон сууцыг шилжүүлж авсан. Энэ орон сууцыг шилжүүлж авах болсон ажиллагаа нь нэхэмжлэгч талаас санаачилж гарсан. Иймд нэхэмжлэгч А.Аийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч А.Ад мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч А.А нь “... банк” ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд  тооцуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй гэж үзлээ.

         Зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч А.А нь ... банкнаас 50.000.000 төгрөгийг жилийн 30.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд ... дүүргийн ... хороо, ... байрны .... тоотын 40 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг бариулсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

            Дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.           

            Нэхэмжлэгч А.А нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан үүргээ  зөрчсөн болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч А.А нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул зээлийн үлдэгдэл 44.200.000 төгрөгөнд барьцааны зүйл болох ... дүүргийн ... хороо, ... байрны .... тоотод байрлах 40 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлэх хүсэлт гаргасныг хариуцагч ... банкнаас хүлээн зөвшөөрч, барьцааны зүйлийг зээлийн болон барьцааны үүргийн гүйцэтгэлээс чөлөөлсний дараа талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

            Дээрх гэрээний дагуу ... дүүргийн ... хороо, ... байрны .... тоотын 40 м.кв бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр “АБ”ХХК бүртгэгдсэн болох нь хариуцагчийн тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

            Уг орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.4, 58 дугаар зүйлийн 58.3.3, 58.3.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

            Учир нь талууд зээлийн гэрээний үлдэгдэл 44.200.000 төгрөгийн үүргийг зээлийн барьцаанд байсан орон сууцыг зээлдүүлдэгчид 44.200.000 төгрөгөөр худалдсанаар дуусгавар болгохоор тохиролцсон байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон  гэж үзэх бөгөөд уг тохиолдолд өмнөх зээлийн гэрээний харилцаа дуусгавар болно.

            Нэхэмжлэгч А.Аийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийх болсон хүсэл зоригийн илэрхийлэл нь дээрх зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох зорилго байсан байх тул түүний хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56,57 дугаар зүйлүүдэд заасан  хүчин төгөлдөр бус байх, хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд хамаарахгүй байна.

          Талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, 44.200.000 төгрөгийн төлбөр төлөгдсөнөөр өмнөх зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон бөгөөд  орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь зээлийн гэрээг халхавчлах бус дуусгавар болгох зорилготой хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан  өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй юм.

            Нэхэмжлэгч А.А нь өөрийн сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн оронд барьцааны зүйл болох орон сууцыг шилжүүлэх хүсэлт гаргасан байх тул үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хэлцэл хийсэн байдал тогтоогдохгүй байна.

            Мөн нэхэмжлэгч А.Аийг  орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Хариуцагч ... банк нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулснаас хойш 3 сарын дараа орон сууцны өмчлөх эрхийг өөрийн өмчлөлд шилжүүлэх талаар нэхэмжлэгчтэй тохиролцсон байдал тогтоогдохгүй байх ба дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн, тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Төөрөгдөл гэдэг нь тухайн хэлцлийн хувьд үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох эрх, үүрэг, тэдгээрийн үр дагаврын талаар хэлцлийн аль нэг тал, хоёр тал урьдчилан буруу төсөөлсөн байхыг ойлгоно. Тухайн хэлцлийн талуудын тэрхүү төөрөгдөл нь өөртөө ноцтой шинжийг агуулсан байх ёстой бөгөөд энд орон сууц өмчлөх эрхийг 3 сарын дараа шилжүүлээгүй байдал хамаарахгүй юм.

 

Учир нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийг хэзээ шилжүүлэх нь худалдан авагчийн эрхийн асуудал бөгөөд талуудын тохиролцооны зүйл нь зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох зорилго байсан тул нэхэмжлэгчийг орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа ноцтой төөрөгдсөн гэж үзэхгүй.

 

Харин ... банк ХХК нь талуудын тохиролцоогоор 93.100.000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг нэхэмжлэгчийн 44.200.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэн авсан байх тул нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг буцаан худалдан авахаар, худалдсан орон сууцны үнийн зөрүүг гаргуулахаар  ... банкинд шаардлага гаргах эрхтэй бөгөөд уг тохиолдолд энэхүү шийдвэр нь саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

            Иймд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн 380.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                      

ТОГТООХ нь:

 

      1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.4, 58 дугаар зүйлийн 58.3.3, 58.3.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ... банк болон А.А нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч А.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 380.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР