Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2019/00652

 

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2019/00652

 

 

Э-, Т -, Н.Н- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/00288 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э-, Т -, Н.Н- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Түрээсийн төлбөр болон бусад зардалд 11 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Ц.Төмөрцэцэг

Хариуцагчийн өмгөөлөгч: О.Баясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э- нь өөрийн найз Н.Н- Т - нарын хамт караоке ажиллуулахаар ярилцсан ба 2017 оны 11 дүгээр сард зарын дагуу А-тай очиж уулзсан. Улмаар А-гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Туул гол гудамж, 32/1 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай, 1080 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 0 давхарт байрлах, 120 м.кв хоосон талбайг караокены зориулалтаар засаж тохижуулан ажиллуулахаар болсон.

Түрээсийн зүйл болох 120 м.кв талбай бүхий хоосон талбайн 1 сарын түрээсийг 1 000 000 төгрөгөөр тооцож, 39 сарын хугацаанд ажиллуулах бөгөөд гэрээний төлбөрийг 39 000 000 төгрөгийн хэмжээнд засвар хийж, караокены тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж, гэрээний хугацаа дуусахад тухайн хөрөнгө оруулалтыг А-гийн өмчлөлд үлдээхээр тохиролцсон. Түүнчлэн талбайг эзэмшил, ашиглалтад байлгах хугацааны орон сууцны тог, дулааны зардлыг түрээслэгч хариуцаж, караоке ажиллуулах зөвшөөрлийг хариуцагч А- авч өгөхөөр болж 2017 оны 11 дүгээр сараас эхлээд засвар хийж эхэлсэн.

Хариуцагч тал караокены зөвшөөрлийг 2018 оны 01 дүгээр сард авч өгсөн ба засварын ажил дуусч, үйл ажиллагаа эхэлсэн тул 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө түрээсийн гэрээ байгуулсан. Улмаар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр түрээслэн авч буй байранд 13 830 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн, 25 170 000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж суурилуулсан, нийт 39 000 000 төгрөгийн эд хөрөнгө хүлээн авсан бичгийн баримт талууд үйлдсэн.

Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр түрээсийн байрны шалан дороос гүний ус нэвчиж, засвар хийсэн байрыг ашиглах боломжгүй болгосон тул цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. 13 удаа нийт 78 м/куб усыг 700 000 төгрөгөөр соруулсан боловч дахин ус гарч ирсээр байсан. Хариуцагч талд мэдэгдэж, арга хэмжээ авч өгөхийг хүсэхэд ямар ч туслалцаа үзүүлээгүй.

Мөн хивсэнцэрийг цэвэрлэгээний газарт өгч цэвэрлүүлсэн ба гарсан зардлыг бас бид төлсөн. Түрээслүүлэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсан тул гэрээгээ цуцалж, хохирлоо авах талаар удаа дараа санал тавихад тоохгүй байсан саналаа бичгээр өгөхөд гардаж авахаас татгалзсан.

Би 6 000 000 төгрөгийн үнэтэй 6 ширхэг караокений машин, 1 600 000 төгрөгийн үнэтэй 55 инчийн 2 ширхэг зурагт, 2 800 000 төгрөгийн үнэтэй 49 инчийн 4 ширхэг зурагтуудыг ус, чийгэнд норохоос сэргийлж авч гарсан.

Иймд 2 хаалгатай хөргөгчний үнэ 1 000 000 төгрөг, караокены өрөөнд хийсэн текний үнэ 1 000 000 төгрөг, 1 м.кв нь 70 000 төгрөгийн үнэтэй 32 м.кв хэмжээтэй хивсэнцэр, нийт үнэ 2 240 000 төгрөг, караокены өрөөнүүдэд байгаа 7 ширхэг ширээнүүдийн үнэ 1 400 000 төгрөг, 6 ширхэг хаалганы үнэ 900 000 төгрөг, буйдангийн үнэ 8 000 000 төгрөг, төмөр хаалганы үнэ 230 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сард ус соруулахад төлсөн 700 000 төгрөг, дрож цэвэрлүүлэхэд төлсөн 107 000 төгрөг, анх засвар хийхэд зарцуулсан 13 830 000 төгрөгөөс 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарыг хүртэл 8 сарын түрээс 8 000 000 төгрөг, тог, дулааны үнэд төлөх ёстой төлбөрүүдийг хасаад нийтдээ 20 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Манай зүгээс анх гаргасан үндсэн нэхэмжлэлд түрээсийн төлбөр болох 8 000 000 төгрөгийг хасч тооцсон. Бидний түрээсэлж байсан байранд мотор, өсгөгч байгаагүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А- нь Э-, Н.Н-, Т - нартай 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Туул голын гудамж 32/1 тоотод байрлах 1080 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 0 давхарт байрлах, 120 м.кв хоосон талбайг түрээслүүлсэн. Түрээсийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 39 сарын хугацаатай байгуулж, 1 сарын түрээсийн төлбөрийг 1 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгчийн зүгээс түрээслэн авч буй байранд 13 830 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн, 25 170 000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж суурилуулсан, нийт 39 000 000 төгрөгийн эд хөрөнгө оруулалт хийгдсэн талаар харилцан тооцоо нийлж, бичгийн хэлбэрээр баримт үйлдсэн.

Тухайн 120 м.кв талбай бүхий өрөөнүүдийг бид шохойдож, будаад ерөнхийдөө засварласан байсан. Засварын ажил эхлэхэд нь бидний зүгээс нэхэмжлэгч нарт ...тухайн барилгын доороос хөрсний ус гарах магадлалтай учир шалны засвараа маш сайн хийгээрэй гэж удаа дараа сануулж байсан. Гэтэл нэхэмжлэгч нар үгнээс зөрөөд шалан дээр плита тавилгүй шууд хивсэнцэр дэвссэн байсан. Нэхэмжлэгч талын буруугаас болоод ус хөрснөөс шүүрч, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Ингээд 2018 оны 8 дугаар сараас ямар ч үйл ажиллагаа явуулаагүй.

Манай зүгээс 2018 оны 7 дугаар сард ус соруулахад төлсөн 700 000 төгрөгийн талыг нь буюу 350 000 төгрөгийг төлнө, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч тал өрөөнүүдэд байсан зурагт, караокены машин зэрэг үнэ бүхий эд хөрөнгүүдээ өөрсдөө аваад явсан. Бидний зүгээс нэхэмжлэгчийн үнийг нь шаардаад байгаа банзаар хийж, лидринээр өнгөлсөн буйдангууд, хивсэнцэр, ширээ, сандал, тек, хаалга зэрэг эд хөрөнгийг буцаан өгөх болно.

Нэгэнт түрээсийн гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон тул 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарыг хүртэлх түрээсийн төлбөр 8 000 000 төгрөг, 1 500 000 төгрөгийн 2 ширхэг дуу өсгөгч, 2 000 000 төгрөгийн мотор алга болсон тул нийт 11 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.3, 289.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч А-гаас 19 543 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э-, Н.Н-, Т - нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 457 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Э-, Н.Н-, Т - нараас 11 500 000 төгрөг гаргуулах тухай А-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 198 950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч А-гаас 255 665 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э-, Н.Н-, Т - нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Уг барилгын доороос ус гарснаас болж түрээслэгчийн үйл ажиллагаа зогссон. Нэхэмжлэгчийг тавьсан эд хөрөнгөө буцааж ав гэж хэлсэн боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Зохих мэргэжлийн байгууллагаас давагдашгүй хүчин зүйл болох ус гарсан талаарх дүгнэлт гарсан бөгөөд хариуцагчийн буруугаас гэрээ цуцлагдаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э-, Т -, Н.Н- нар хариуцагч А-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн гэрээний хөлс болон хохиролд нийт 11 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр А- нь өөрийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Туул гол гудамж, 32/1 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай, 1080 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 0 давхарт байрлах, 120 м.кв талбайг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 39 сарын хугацаанд Э-, Т -, Н.Н- нарын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Э-, Т -, Н.Н- нар нь уг талбайн 1 сар ашиглалтын хөлсийг 1 000 000 төгрөгөөр тооцохдоо нийт 39 000 000 төгрөгөөр тооцож, уг байранд засвар хийх, караокены тоног төхөөрөмж, эд хогшлыг гэрээний хугацаа дуусахад А-гийн өмчлөлд шилжүүлэх, уг талбайг эзэмшил, ашиглалтдаа байлгах хугацааны ашиглалтын зардлыг хариуцах үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэснийг залруулах боломжтой байна. Талуудын хооронд хүлээсэн үүргийг дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүсчээ. Учир нь хөлслөгч нар нь өөрсдийн тоног төхөөрөмжийг ажиллуулж, өөрсдөө тохижилтыг хийсэн тул тухайн талбайг ашигласны үр дүнд үр шим гарсан гэж дүгнэхээргүй байна.

 

Хөлслүүлэгч нь караоке ажиллуулах тусгай зөвшөөрлийг 2018 оны 1 сард авч өгсөн, хөлслөгч нар нь түрээсийн талбайд засвар хийж дууссан, талууд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 25 170 000 төгрөгийн тоног төхөөрөмж, 13 830 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн, нийт 39 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар тооцоо нийлж, бичгийн баримт үйлдсэн /хх 11 дэх тал/ үйл баримтын хувьд талууд маргаагүй.

 

Гэрээ байгуулагдаж, хөлслөгч тал үйл ажиллагаа явуулж байтал 2018 оны 7, 8 саруудад гэрээний зүйл болох байрны шалан доороос хөрсний ус нэвчсэнээс үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтээс үзвэл маргаан бүхий барилгын В1 давхарт хөрсний ус нэвчин орсон нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан барилгын механик аюулгүй байдлыг хангах ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй байх заалтыг зөрчсөн талаар дурдсан боловч уг дүгнэлтээ А-д хүргүүлээгүй байна. Барилгын тухай хуулийн энэ заалтад заасан зарчим нь барилгын үйл ажиллагаанд хамаарахаас өмчлөгч А-д хамаарахгүй юм.

 

Иймд хөрсний ус нэвчснээс гэрээний зүйл усанд автсан байдалд хөлслүүлэгч А-г буруутгах баримт хангалтгүй тохиолдолд талуудын гаргасан тайлбаруудыг харьцуулан дүгнэж дээрх нөхцөл байдал Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт заасан хүндэтгэх үзэх үндэслэлд хамаарах тул мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзалгүйгээр гэрээг цуцалж болно. Харин гэрээг цуцалсан тохиолдолд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдолоо алдсан тул талууд өгсөн авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нар нь гэрээний зүйлийг 8 сарын хугацаатай ашигласан тул уг хугацаанд ногдох хөлсийг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлдээ уг төлбөрийг хасч тооцсон байна.

 

Харин гэрээ хугацаандаа хэрэгжиж дууссан тохиолдолд гэрээнд зааснаар төлбөрийг хөлслөгч талын хийсэн завсар үйлчилгээ болон түүний худалдаж авсан тоног төхөөрөмжийг хөлслүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх нөхцлөөр тооцохоор тохиролцсоныг гэрээ хугацаанаас өмнө цуцлагдах нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломжгүй гэж дүгнэлээ.

 

Түүнээс гадна нэхэмжлэгч нар нь 6 000 000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг караокены машин, 1 600 000 төгрөгийн үнэ бүхий 55 инчийн 2 ширхэг, 700 000 төгрөгийн үнэ бүхий 49 инчийн 4 ширхэг зурагтуудыг авч явсан байдлаас дүгнэвэл гэрээний хөлсийг урьдчилан бүрэн төлсөн гэж дүгнэхгүй юм.

 

Иймд хөлслүүлэгчийн байранд түүний зөвшөөрөлтэй хийсэн засварын зардлыг 13 830 000 төгрөгөөр тооцож төлөх байсан 8 сарын хөлс 8 000 000 төгрөгийг хасч тооцвол хариуцагч нь 5 830 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй байна. Харин илүү төлсөн төлбөрөө шаардах нь хохиролд хамаарахгүй тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.3, 289.5 дахь заалтыг тайлбарлан хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ. Байрнаас ус соруулахад гаргасан зардал 700 000 төгрөг, хивсэнцэр цэвэрлүүлэхэд төлсөн төлбөр 107 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг нотолсон баримт нь засвартай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар дүгнэх боломжгүй, эргэлзээтэй гэж шүүх үзсэн нь зөв болжээ. Нэхэмжлэгч нар нь хөлсний байранд үлдээсэн хөрөнгөө авахад энэ шийдвэр саад болохгүй юм.

 

Хариуцагч А- нь засварын зардлын талаар маргах боловч тэрээр уг засварыг 13 830 000 төгрөгөөр тооцож 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч акт үйлдсэн баримт байх тул түүний татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Гэрээний зүйлийн хөлс болох 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх 8 сарын хугацаанд ногдох 8 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нар нь төлөх үндэслэлтэй гэж үзэж тэдний нэхэмжлэлээс хасч тооцсон тул дахин гаргуулах боломжгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.

 

Мөн хариуцагч нь 2 ширхэг өсгөгчийн үнэ 1 500 000 төгрөг, 1 ширхэг моторын үнэ 2 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22ы өдрийн 102/ШШ2019/00288 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.3, 289.5 дахь гэснийг 287 дугаар зүйлийн 287.1, 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх гэж, 19 543 000 төгрөгийг гэснийг 5 830 000 төгрөгийг гэж, 457 000 төгрөгт гэснийг 14 170 000 төгрөгт гэж,

2 дахь заалтын 318 дугаар зүйлийн 318.1 гэснийг 287 дугаар зүйлийн 287.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж,

3 дахь заалтын 255 665 төгрөгийг гэснийг 108 230 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 665 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЗОЛЗАЯА