Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2020/000120

 

Э.Э, Н.Н, Б.Т нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

         2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/00288 дугаар шийдвэр,

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 652 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Э.Э-

         Нэхэмжлэгч: Н.Н-

         Нэхэмжлэгч: Б.Т-

         Хариуцагч: Г.А-д холбогдох

         Үндсэн нэхэмжлэл: Түрээсийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах  

         Сөрөг нэхэмжлэл: Түрээсийн төлбөр болон бусад зардал 11,500,000 төгрөг

         гаргуулах тухай иргэний хэргийг

         Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Э.Э-ын гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Э-, Н.Н-, Б.Т-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нар нэхэмжлэл болон тайлбартаа: Э.Э- би Н.Н-, Б.Т- нарын хамт караоке ажиллуулахаар ярилцсан. 2017-11-сард зарын дагуу Г.А-тай очиж уулзаж,түүний өмчлөлийн ХУД, ..-р хороо, ..1 тоот,1080 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 0 давхарт байрлах, 120 м.кв хоосон талбайг караокены зориулалтаар засаж тохижуулан ажиллуулахаар болсон.  120 м.кв хоосон талбайн 1 сарын түрээсийг 1 сая төгрөгөөр тооцож, 39 сарын хугацаанд ажиллуулах, 39 сая төгрөгийн хэмжээнд засвар хийж, караокены тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж, гэрээний хугацаа дуусахад тухайн хөрөнгө оруулалтыг Г.А-гийн өмчлөлд үлдээхээр тохиролцсон. Түүнчлэн талбайг эзэмшил, ашиглалтад байлгах хугацааны орон сууцны тог, дулааны зардлыг түрээслэгч хариуцаж, караоке ажиллуулах зөвшөөрлийг Г.А- авч өгөхөөр болж 2017-11-р сараас эхлээд засвар хийж эхэлсэн. Хариуцагч тал караокены зөвшөөрлийг 2018-01-р сард авч өгсөн ба засварын ажил дуусч, үйл ажиллагаа эхэлсэн. 2018-01-31-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө түрээсийн гэрээ байгуулсан. 2018-02-02-ны өдөр түрээслэн авч буй байранд 13,830,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн, 25,170,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж суурилуулсан, нийт 39 сая төгрөгийн эд хөрөнгө хүлээн авсан бичгийг талууд үйлдсэн. Гэтэл 2018-07-19-ний өдөр түрээсийн байрны шалан дороос гүний ус нэвчиж, засвар хийсэн байрыг ашиглах, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. 13 удаа нийт 78 м/куб усыг 700,000 төгрөгөөр соруулсан боловч дахин ус гарч ирсээр байсан. Хариуцагч талд мэдэгдэж, арга хэмжээ авч өгөхийг хүсэхэд ямар ч туслалцаа үзүүлээгүй. Мөн хивсэнцэрийг цэвэрлэгээний газарт өгч цэвэрлүүлсэн ба гарсан зардлыг бид төлсөн. Түрээслүүлэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсан тул гэрээгээ цуцалж, хохирлоо авах талаар удаа дараа санал тавихад тоохгүй байсан. Би 6 сая төгрөгийн үнэтэй 6 ширхэг караокений машин, 1,600,000 төгрөгийн үнэтэй 55 инчийн 2 ширхэг зурагт, 2,800,000 төгрөгийн үнэтэй 49 инчийн 4 ширхэг зурагтуудыг ус, чийгэнд норохоос сэргийлж авч гарсан. Иймд 2 хаалгатай хөргөгчний үнэ 1 сая төгрөг, караокены өрөөнд хийсэн текний үнэ 1 сая төгрөг, 1 м.кв нь 70,000 төгрөгийн үнэтэй 32 м.кв хэмжээтэй хивсэнцэр, нийт үнэ 2,240,000 төгрөг, караокены өрөөнүүдэд байгаа 7 ширхэг ширээнүүдийн үнэ 1,400,000 төгрөг, 6 ширхэг хаалганы үнэ 900,000 төгрөг, буйдангийн үнэ 8 сая төгрөг, төмөр хаалганы үнэ 230,000 төгрөг, 2018-7-р сард ус соруулахад төлсөн 700,000 төгрөг, хивсэнцэр цэвэрлүүлэхэд төлсөн 107,000 төгрөг, анх засвар хийхэд зарцуулсан 13,830,000 төгрөгөөс 2017-12-р сараас 2018-08-р сарыг хүртэл 8 сарын түрээс 8 сая төгрөг, тог, дулааны үнэд төлөх ёстой төлбөрүүдийг хасаад нийтдээ 20 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Манай зүгээс анх гаргасан үндсэн нэхэмжлэлд түрээсийн төлбөр болох 8 сая төгрөгийг хасч тооцсон. Бидний түрээсэлж байсан байранд мотор, өсгөгч байгаагүй гэжээ.

        Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Э.Э-, Н.Н-, Б.Т- нартай 2018-01-31-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 1080 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 0 давхарт байрлах, 120 м.кв хоосон талбайг түрээслүүлсэн. Түрээсийн гэрээг 2017-12-01-с 2021-03-01-ний өдрийг хүртэл 39 сарын хугацаатай байгуулж, 1 сарын түрээсийн төлбөрийг 1 сая төгрөг байхаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс түрээслэн авч буй байранд 13,830,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн, 25,170,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж суурилуулсан, нийт 39 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн талаар харилцан тооцоо нийлж, бичгийн хэлбэрээр баримт үйлдсэн. Тухайн 120 м.кв талбай бүхий өрөөнүүдийг бид шохойдож, будаад ерөнхийдөө засварласан байсан. Засварын ажил эхлэхэд нь бидний зүгээс нэхэмжлэгч нарт ...тухайн барилгын доороос хөрсний ус гарах магадлалтай учир шалны засвараа маш сайн хийгээрэй гэж удаа дараа сануулж байсан. Гэтэл нэхэмжлэгч нар үгнээс зөрөөд шалан дээр плита тавилгүй шууд хивсэнцэр дэвссэн байсан. Нэхэмжлэгч талын буруугаас болоод ус хөрснөөс шүүрч, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Ингээд 2018-8-р сараас ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Манай зүгээс 2018-7-р сард ус соруулахад төлсөн 700,000 төгрөгийн талыг нь буюу 350,000 төгрөгийг төлнө, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч тал өрөөнүүдэд байсан зурагт, караокены машин зэрэг үнэ бүхий эд хөрөнгүүдээ өөрсдөө аваад явсан. Бидний зүгээс нэхэмжлэгчийн үнийг нь шаардаад байгаа банзаар хийж, лидринээр өнгөлсөн буйдангууд, хивсэнцэр, ширээ, сандал, тек, хаалга зэрэг эд хөрөнгийг буцаан өгөх болно. Нэгэнт түрээсийн гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон тул 2017-12 сараас 2018-08-р сарыг хүртэлх түрээсийн төлбөр 8 сая төгрөг, 1,500,000 төгрөгийн 2 ширхэг дуу өсгөгч, 2 сая төгрөгийн мотор алга болсон тул нийт 11,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 102/ШШ2019/00288 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.3, 289.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан  Г.А-гаас 19,543,000 төгрөг гаргуулж Э.Э-, Н.Н-, Б.Т- нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 457,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Э.Э-, Н.Н-, Б.Т- нараас 11,500,000 төгрөг гаргуулах Г.А-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 198,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Г.А-гаас 255,665 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-, Н.Н-, Б.Т- нарт олгосон байна.

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 652 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/00288 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлан  хариуцагчаас 5,830,000 төгрөг гаргуулж, үлдэх 14,170,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож,улсын тэмдэгтийн хураамжийг зохих журмын дагуу гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,665 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор заажээ. 

     Нэхэмжлэгч Э.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. ..Давж заалдах шатны шүүх түрээсийн гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээ болгож шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид тэнд зориулсан эд хөрөнгийг яг тэр байранд л зориулж, тааруулж хийлгэсэн учир өөр хаана ч тохирохгүй буцааж авах боломжгүй эвдэрнэ. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      Э.Э-, Н.Н-, Б.Т- нар 2018-10-19-ний өдөр шүүхэд хандан,  Г.А-гаас 20,000,000 төгрөг шаардахдаа “...түрээсийн гэрээний дагуу засвар, тохижилт хийж 39 сая төгрөг зарцуулсан үүнээс зарим эд хөрөнгөө буцааж авсан тул үлдэх эд хөрөнгийн үнэ 14,770,000 төгрөгийг шаардаж байна...түүнчлэн түрээсийн байранд зарцуулсан засварын үнэ 13,830,000 төгрөгөөс 8 сарын түрээс 8,000,000 сая төгрөг, тог дулааны мөнгө 1,407,000 төгрөгийг хасаад үлдэх 4,423,000 төгрөгийг авна...мөн ус нэвчсэнээс болж 2018-07-р сард ус соруулахад 700,000 төгрөг, хивсэнцэр цэвэрлүүлэхэд 107,000 төгрөг төлсөн, үүнийг авах ёстой...” гэжээ. 

    Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгч нар нийт 39 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн... буйдан, хивсэнцэр, ширээ, сандал, тек, хаалга зэрэг эд хөрөнгийг буцааж өгнө... ус соруулахад гарсан зардлын талыг нь төлнө... бусад шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэж маргаад “...түрээсийн төлбөр 8,000,000 төгрөг, дуу өсгөгчийн үнэ 1,500,000 төгрөг, моторын үнэ 2,000,000 төгрөг нийт 11,500,000 төгрөг...”  шаардаж, сөрөг нэхэмжлэл гаргасан байна. 

       Анхан шатны шүүх зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнээд, хариуцагчаас 19,543,000 төгрөг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо  “...14,770,000 төгрөгийг 4,423,000 төгрөгийн хамт гаргуулна...харин ус соруулахад төлсөн 700,000 төгрөг, цэвэрлэгээний 107,000 төгрөгөөс хариуцагчийн зөвшөөрсөн 350,000 төгрөгийн хэмжээнд хангана... сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна..” гэжээ.  

       Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзээд, засварын зардал 13,830,000 төгрөгөөс  хөлс 8,000,000 төгрөгийг хасч 5,830,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна.    

        Нэхэмжлэгч Э.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо давж заалдах шатны шүүх гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэсэн нь буруу гэжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Э.Э-, Н.Н-, Б.Т- нар Нийслэлийн Хан-Уул дүүргийн ..-р хорооны, ..1 тоот хаягт байрлах, 1080 м2 талбайтай Г.А-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 0 давхар /гаражийн давхар/-т байрлах 120м2 талбайг /цаашид 120кв.м талбай гэх/ караокены зориулалтаар 39,000,000 төгрөгөөр тохижуулсан боловч хөрсний ус нэвчсэний улмаас 2018 оны 08-р сараас тухайн байрнаас гарсан нь тогтоогджээ. 

        2. Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь баримтад үндэслэгдээгүй байна. 

       Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

      Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ.

      Зохигч нарын хооронд байгуулагдсан, 2018-01-31-ний өдрийн гэрээний 1.1 дэх хэсгийн заалтаас үзвэл хариуцагч нь 120 кв.м талбайтай караокены зориулалттай эд хөрөнгө түрээслүүлэх, нэхэмжлэгч нь тохирсон төлбөрийг төлөхөөр тохиролцсон байна.       Тодруулбал, Г.А- нь 120 кв.м, караокены зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 39 сарын хугацаатай нэг сарын  1,000,000 төгрөгөөр түрээслүүлэх, нэхэмжлэгч нар 39 сарын түрээсийн төлбөр 39,000,000 төгрөгт түрээсийн талбайг засаж тохижуулан, 2017-12-01-ний өдрөөс 2021-03-01-ний өдрийг хүртэл хугацаатай үйл ажиллагаа явуулахаар тохирсон байна. Гэрээний хугацаа дуусахад нэхэмжлэгч нар 120 кв.м талбайг дурдсан  тохижуулалтыг тоног төхөөрөмжийн хамт Г.А-д үлдээхээр болжээ.

      Нэхэмжлэгч нар аж ахуйн үйл ажиллагаа явуулж, ашиг олох зорилгоор хариуцагчаас караоке ажиллуулах зөвшөөрлийг 120 кв.м талбайн хамт эзэмшилдээ авч, зохих төлбөрийг төлөх, хариуцагч гэрээний зүйлийг шилжүүлэхээр тохиролцсон нь тогтоогдсон байна.

      Иймд зохигч нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх үзсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2 дахь  хэсэгт нийцжээ.       

      3. Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

      Зохигч нар 2018-02-02-ны өдөр 120 кв.м талбайд нийт 39,000,000 төгрөгийн зардал гаргаж, засвар үйлчилгээ хийж, караокены зориулалтаар тохижуулсныг гэрээний талууд хүлээн авч, баримт үйлдсэн байх бөгөөд энэ талаар маргаангүй байна.

     Тодруулбал, 39,000,000 төгрөгт дараах эд зүйлүүд багтжээ. Үүнд: нийт 6,000,000 төгрөгийн үнэтэй караокений машин 6ш., нийт 1,600,000 төгрөгийн үнэтэй 55 инчийн  зурагт 2ш., нийт 2,800,000 төгрөгийн үнэтэй 49 инчийн зурагт 4 ш., 1,000,000 төгрөгийн үнэтэй хөргөгч 1 ш., 1,000,000 төгрөгөөр хийлгэсэн тек., 2,240,000 төгрөгийн үнэтэй 32 кв.м хивсэнцэр., нийт 1,400,000 төгрөгийн үнэтэй ширээ 7ш., нийт 900,000 төгрөгийн хаалга 6 ш.,8,000,000 төгрөгийн үнэтэй 40 м.урт буйдан., 230,000 төгрөгийн үнэтэй төмөр хаалга 1ш., мөн караокены зориулалтаар ашиглагдах өрөөнүүдэд хийсэн засвар, үйлчилгээний зардал 13,830,000 төгрөг болно.

      Дээр дурдсан эд хөрөнгөөс караокений 6 ширхэг машин, 55 болон 49 инчийн нийт 6 ширхэг зурагтыг нэхэмжлэгч тал буцааж авсан байна.

     Үлдсэн эд хөрөнгө болох хөргөгч 1 ш., тек., 32 кв.м хивсэнцэр., 7ш. ширээ., 6ш. хаалга., буйдан., 1ш.төмөр хаалганы үнэ нийт 14.770.000 төгрөгийг засвар, үйлчилгээний зардал  13,830,000 төгрөгийн хамт шаардсанаас гадна ус соруулсан хөлс 700,000 төгрөг , хивсэнцэр цэвэрлүүлсэн 107,000 төгрөгийг мөн нэхэмжилжээ.

    а/. Түрээслэгч нар нь түрээсийн байранд үлдээсэн 1,000,000 төгрөгийн үнэтэй хөргөгч 1 ш., 1,000,000 төгрөгөөр хийлгэсэн тек., 2,240,000 төгрөгийн үнэтэй 32 кв.м хивсэнцэр., нийт 1,400,000 төгрөгийн үнэтэй ширээ 7ш., нийт 900,000 төгрөгийн хаалга 6 ш., 8,000,000 төгрөгийн үнэтэй 40 м.урт буйдан., 230,000 төгрөгийн үнэтэй төмөр хаалга 1ш нийт  14.770.000 төгрөгийг түрээслүүлэгч төлөх ёстой, ус нэвчсэнээс эдгээр хөрөнгийг ашиглах боломжгүй болсон гэж маргасан байна.    

      Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө түрээслэгчид  шилжүүлэх үүрэг хүлээдэг. 

     Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нар 120 кв.м талбай хүлээн авч засвар хийж тохижуулсан боловч 2018 оны 7, 8-р сард түрээсийн байрыг ашиглаж  чадаагүй, улмаар 2018 оны 8-р сараас тухайн байранд эрхлэх аж ахуйн үйл ажиллагаа нь бүрэн зогссон байна. Түрээсийн байрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар талууд маргаагүй байв. 

      Анхан шатны шүүхээс хариуцагч нь караоке ажиллуулах зориулалтаар ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй талбай  нэхэмжлэгч нарт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 288 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэг, нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний 3.3,6.4,6,4,3-т нийцжээ.  

      Түүнчлэн, түрээсийн байранд хөрсний ус нэвчсэн асуудалд түрээслэгч нар буруутай гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

     б/. Түрээслэгч нар засвар, үйлчилгээний зардал 13,830,000 төгрөгөөс 8 сарын түрээс 8,000,000 сая төгрөг, тог дулааны мөнгө 1,407,000 төгрөгийг хасаад үлдэх 4,423,000 төгрөгийг шаардсан байхад давж заалдах шатны шүүх үүнээс илүү буюу 5,830,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй байна. 

     Э.Э- нар 120 кв.м талбай бүхий байрны засварын ажилд 13,830,000 төгрөг зарцуулсан нь тогтоогджээ.    

    в/. ус соруулсан хөлс 700,000 төгрөг, хивсэнцэр цэвэрлүүлсэн 107,000 төгрөгийг  нэхэмжилсэн ба энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн ба энэ нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1, 288.1.3 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

     Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Э-ын гомдлыг хангав.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 652 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/00288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 232,950 төгрөгийг захирамжаар Э.Э-д буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ