Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/02271

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/02271

 

 

Монретранс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/01894 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Монретранс ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Гантөмөрт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 27 201 530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасандорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Монретранс" ХХК-иас Ц.Гантөмөр нь хүсэлт гаргаж, 2013 оны 8 сарын 30-ны өдөр 5 жилийн хугацаатай, 0 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөг зээлсэн. Зээлийн гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь 12 798 470 төгрөгийг төлж, үлдэгдэл 27 201 530 төгрөгийг төлөхгүй бидний итгэлийг эвдсэн тул зээлийн гэрээний 4.3.1-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үлдэгдэл төлбөр болох 27 201 530 төгрөгийг Ц.Гантөмөрөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Гантөмөр нь "Монретранс" ХХК-д захирлын жолоочоор ажиллаж байхдаа 40 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай зээлдэхээр тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан боловч "Монретранс" ХХК-иас 30 000 000 төгрөгийн зээл олгосон. Ц.Гантөмөрийн Голомт банк ХХК дахь харилцах дансанд 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр /дараа тайлангаар/ гэсэн утгаар шилжүүлсэн. 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр / Монретранс ХХК-иас олгов/ гэсэн утгатай 10 000 000 төгрөгөөр, 20 000 000 төгрөгөөр тус бүр нэг удаа шилжүүлсэн. Жолоочоор ажиллаж байх хугацаандаа төлөлт хийж байсан боловч зээл олгосноос хойш Монретранс ХХК-ийн захирал байнга дээрэлхэж улмаар 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ажлын байрандаа архидан согтуурч, автомашин дотроо намайг цохиж зодсоноос болж бидний дунд маргаан үүссэн. Үүний улмаас зөрчил дутагдал гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан. Ийм шалтгааны улмаас зээлийн төлөлт хийж чадахгүй болсон. 00 44 УБХ улсын дугаартай ланд 200 маркийн авто машинд 10 000 000 төгрөгийн үнэ бүхий сэлбэгүүдийг авч зарцуулсан. Тухайн 10 000 000 төгрөгийг хувьдаа ашигласан зүйл байхгүй, компаниас зээл олгосон нөхцөл байдал байдаггүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 10 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Монретранс ХХК, Ц.Гантөмөр нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Ц.Гантөмөрөөс зээлийн төлбөрт нийт 27 201 530 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Монретранс ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 294 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гантөмөрөөс 294 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Монретранс ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Талуудын хооронд 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч зээлдэгч Монретранс ХХК-ийн зүгээс 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийг дараа тайлангаар гэсэн утгаар шилжүүлсэн. Тухайн 10 000 000 төгрөгийг зээлдэгчээс зээлийн зориулалтаар олгоогүй бөгөөд компанийн авто машинд сэлбэг авах зориулалтаар зарцуулсан. Ийм учраас 10 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Гантөмөр хариуцах үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Монретранс ХХК нь хариуцагч Ц.Гантөмөрт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 27 201 530 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч "Монретранс" ХХК-иас 30 000 000 төгрөгийн зээл олгосон, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг дараа тайлангаар гэх утгаар шилжүүлсэн, компанийн авто машинд сэлбэг худалдан авсан тул 10 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Зохигчид 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр №04 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Монретранс ХХК нь 40 000 000 төгрөгийг Ц.Гантөмөрт зээлж, 2013 оны 10 дугаар сарын 30-ны дотор 20 00 000 төгрөгийг, үлдэх 20 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаанд эргүүлэн төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Монретранс ХХК хариуцагч Ц.Гантөмөрт 40 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт нь хэргийн 10-13 дугаар талд авагдсан 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн, 09 дүгээр сарын 02-ны өдрийн Голомт банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. Энэ талаар шүүхээс хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч Ц.Гантөмөр нь 10 000 000 төгрөгийг хувьдаа ашиглаагүй, компанийн автомашинуудад сэлбэг авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй тул түүний тайлбар болон гомдолд үндэслэн шийдвэрийг өөрчлөх боломжгүй болно.

Түүнчлэн 10 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримтыг бичихдээ утгыг андуурсан, энэ нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчид шилжүүлсэн мөнгө болох талаар гэрч Ц.Энэрэлийн мэдүүлэгт дурдагдсан байна. /хх41-45/

Талууд зээлийн гэрээний 2.1-д заасны дагуу эхний 20 000 000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, үлдэх 20 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаанд цалингаас төлөхөөр тохирсон боловч нэхэмжлэгч Монретранс ХХК-д хариуцагч Ц.Гантөмөр нь 12 798 470 төгрөг төлж, гэрээнд заасан хуваарийн дагуу мөнгийг төлөөгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу Ц.Гантөмөр гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэгч Монретранс ХХК нь хариуцагч Ц.Гантөмөртэй байгуулсан зээлийн гэрээнээс татгалзсан тул 27 201 530 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/01894 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ