Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2017/01894

 

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2017/01894

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2-р хороо, Рокмон бюлдинг, 601 тоотод байрлах Монретранс ХХК-ийн /РД:2626225/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хансвилл, Их монгол улсын гудамж, 102-р байрны 1302 тоотод оршин суух, Олон хоньт овогт Цэрэндоржийн Гантөмөр /РД:ЧЖ77100719/-д холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 27 201 530 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасандорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, гэрч Ц.Энэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монретранс ХХК-аас Ц.Гантөмөр нь хүсэлт гаргаж, 2013 оны 8 сарын 3-ны өдөр 5 жилийн хугацаатай, 0 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөг зээлсэн. Гэрээний 2.1-д заасны дагуу Ц.Гантөмөр нь нь зээлээ төлөлгүй 12 798 470 төгрөгийг төлж, үлдэгдэл 27 201 530 төгрөгийг төлөхгүй бидний итгэлийг эвдэж байгаа тул зээлийн гэрээний 4.3.1-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Ц.Гантөмөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Монретранс ХХК-д захирлын жолоочоор ажиллаж байхдаа 40 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай эргэн төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан боловч тухайн үед компаниас 30 000 000 төгрөгийн зээл олгож, миний Хаан банкны дансанд шилжүүлсэн болно. Харин миний Голомт банкны дансанд автомашинуудад сэлбэг авахаар дараа тайлан гэж шилжүүлсэн мөнгө зээл авсан мэтээр нэхэж байгаа нь үндэслэлгүй болно. Компанийн зүгээс тогтвортой ажиллах шаардлагыг тавьж байсан ба ажиллаж байх хугацаандаа төлөлт хийж байсан боловч зээл олгосноос хойш Монретранс ХХК-ийн захирал байнга дээрэлхэж улмаар 2017 оны 3 сарын 31-ний өдөр ажил дээрээ архидан согтуурч, гарч ирээд автомашин дотроо миний араас цохиж зодсоноос болж маргаан үүсч, зөрчил дутагдал гаргасан нэрийн дор намайг ажлаас халснаар төлөлтийг хийж чадахгүй өнөөдрийг хүрсэн юм. Иймд нэхэмжлэлийн 10 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 8 дугаар сарын 30-ний өдөр байгуулсан 04 тоот гэрээ байгуулсан байна. Хариуцагч буюу н.Гантөмөрийн хувьд компанид хүсэлт олгохдоо 40 000 000 төгрөгийг олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан нь өөрийн гараар бичсэн өргөдлөөр тогтоогдож байгаа. 2013 оны 8 дугаар сарын 30-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу н.Гантөмөрийн өөрийн Голомт банкны харилцах дансанд 2013 оны 8 дугаар сарын 30-ний өдөр 10 000 000 төгрөг орсон. 10 000 000 төгрөгийг оруулахдаа гүйлгээний утга дээр дараа тайлангаар гэсэн утгаар дансанд шилжүүлсэн байдаг. 2013 оны 9 дүгээр сарын 02-ний өдөр нэхэмжлэгчийн яриад байгаа, хариуцагчийн өргөдөл дурдагдсан зээл олгох 40 000 000 төгрөг олгох 10 000 000 төгрөгөөр нэг, 20 000 000 төгрөгөөр нэг гүйлгээний утга дээр Монретранс ХХК-аас олгов. Гүйлгээний утга дээр 30 000 000 төгрөгийг зээлийн хэлбэрээр олгосон. Нийт 40 000 000 төгрөг н.Гантөмөрийн дансанд орсон. н.Гантөмөр буюу хариуцагчийн авч хэрэглэсэн зээлэнд зориулсан мөнгө 30 000 000 төгрөг, нэхэмжлэгчийн дурдаад байгаа дараа тайлангаар гэсэн 10 000 000 төгрөг тухайн үед н.Гантөмөр Монретранс ХХК-ийн жолоочоор ажиллаж байсан. Жолоочоор ажиллаж байхдаа 00 44 УБХ ланд 200 маркийн авто машинд холбогдох сэлбэгүүдийг 10 000 000 төгрөгөөр авч зарцуулсан. 10 000 000 төгрөгийг хувьдаа авсан, компаниас зээл олгосон нөхцөл байдал байдаггүй. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтаар 10 000 000 төгрөгийг дараа тайлангаар хаана гэсэн байдаг. Үүний дагуу н.Гантөмөр авто машины сэлбэгт зориулаад авсан талаар захирал нь мэдэж байгаа. Яагаад машинд авч тавьсан сэлбэгийн мөнгийг хариуцагчаас нэхэж байгаа юм, үүнийг ойлгохгүй байна. 2013 оны 8 дугаар сарын 30-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ бүрэн биелэгдээгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл 30 000 000 төгрөг зээл хэлбэрээр ороод ирсэн. Үлдсэн 10 000 000 төгрөг автомашинд зориулагдсан. Гүйлгээний утгаар дараа тайлангаар мөнгийг хаана гэсэн байдаг. Нийт нэхэмжилж байгаа үнийн дүнгээс 10 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

Гэрч Ц.Энэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн жил улсаас 8 хувийн барьцааны зээл зарласан байсан. Би тухайн жилд бас зээл авч байсан. Компаниас мөнгө зээлээд аваад буцааж төлсөн. Гантөмөр өргөдөл бичээд зээл авсан. Зээлээ авахдаа 40 000 000 төгрөгийг компаниас авсан. Манай компани интернет банкаар гүйлгээний загвар ашиглаж хийдэг. Гантөмөрт сэлбэгийн мөнгийг дараа тайлангаар олгодог. Тэр нь Гантөмөрийн Голомт банкны дансаар олгодог байсан. Тухайн үед нягтлан хийж байсан эгч загвараа ашиглаад гүйлгээний утгыг буруу бичсэн тохиолдолд байгаа. Түүнээс хэзээ ч 10 000 000 төгрөгийн дүнтэй дараа тайлан гарч байгаагүй. Гантөмөрийн зээлийн хүсэлтийн дагуу гүйлгээ хийсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Монретранс ХХК нь хариуцагч Ц.Гантөмөрөөс зээлийн гэрээг хугацааны өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 27 201 530 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Монретранс ХХК-аас 40 000 000 төгрөгийн зээл хүсэж гэрээ байгуулсан боловч шилжүүлсэн 10 000 000 төгрөг нь машины сэлбэг авахад зарцуулсан тул зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэв.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч Монретранс ХХК хариуцагч Ц.Гантөмөртэй 2013 оны 8 сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай хүүгүй зээлж, мөнгө болох 10 000 000 төгрөгийг 2013 оны 8 сарын 30-ны өдөр, үлдэх 30 000 000 төгрөгийг мөн оны 9 сарын 2-ны өдөр Гантөмөрийн эзэмшлийн банкны дансанд шилжүүлсэн байна. /хэргийн 10-13 дугаар хуудас/

Иймд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлж, зээлдэгч нь 5 жилийн хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээснээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан байх бөгөөд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан бөгөөд энэ талаар зохигч маргахгүй байна.

Харин хариуцагч 2017 оны 8 сарын 30-ны өдөр шилжүүлсэн 10 000 000 төгрөг нь зээлийн зориулалттай байгаагүй нь мөнгө шилжүүлсэн баримтад гүйлгээний утгад дараа тайлангаар гэж бичсэнээр нотлогдож байгаа бөгөөд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ:

Нэхэмжлэгч Монретранс ХХК-аас 2013 оны 8 сарын 30-ны өдрийн 04 дугаартай зээлийн гэрээний дагуу Ц.Гантөмөрийн дансанд 2013 оны 8 сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийг, 2013 оны 9 сарын 20-ны өдөр 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд төлөгдөөгүй зээл 27 201 530 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг 10 000 000 төгрөгийг зээлийн зориулалтаар аваагүй, машины сэлбэг авч зарцуулсан гэсэн хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд зээлдэгч 10 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаагүй, уг мөнгийг байгууллагын санхүүгийн тооцоотой зарцуулсан гэх нотлох баримтыг хариуцагч байгууллагаас гаргуулах талаар хүсэлт гаргаагүй, нөгөө талаар 2017 оны 8 сарын 30-ны өдөр Ц.Гантөмөрийн эзэмшлийн данс руу 10 000 000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний загвар ашиглан дараа тайлангаар гэж утгыг буруу бичсэн байсан, энэ нь зээлийн гэрээний мөнгө байсан гэж гэрч Ц.Энэрэл мэдүүлж байгаа зэргээс үндэслэн хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж дүгнэв.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 8 сарын 30-ны өдөр дуусах бөгөөд зээлдэгч буюу нэхэмжлэгч Монретранс ХХК хугацааны өмнө цуцлах шаардлага гаргаж байгаа нь дээрх хугацаанаас өмнө үүргийн биелэлтийг бүхэлд нь шаардах хүсэл зоригтой, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Дээрх зээлийн эргэн төлөлтийн тооцоо дүнгийн талаар зохигч маргахгүй байх бөгөөд үлдэгдэл 27 201 530 төгрөгийг хариуцагч Ц.Гантөмөр төлөх үүрэгтэй тул түүнээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 294 000 төгрөгийг гаргуулан түүнд олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Монретранс ХХК, Ц.Гөнтөмөр нарын хооронд 2017 оны 8 сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Ц.Гантөмөрөөс зээлийн төлбөрт нийт 27 201 530 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Монретранс ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 294 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гантөмөрөөс 294 000 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Монретранс ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ Ц.УРАНГУА