Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 75

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 207/МА2018/00075

 

 

 

Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00263 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

Татварын өр 12.851.097,04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Эрдэнэт Транспорт ХХК-ийн захирал Ш.Чагнаадоржийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, хариуцагч Эрдэнэт Транспорт ХХК-ийн захирал Ш.Чагнаадорж, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Эрдэнэт транспорт ХХК нь т*******т 2004 онд 2820072 тоот регистрийн дугаартайгаар бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар татвар төлөгч нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 236.550,3 төгрөгийн өртэй байна. Татвар төлөгч нь хувь хүний орлогын албан татварын тайлангаар 5.281.747,1 төгрөг ногдуулан тайлан гарган т*******т ирүүлсэн байгаа боловч хуулийн хугацаандаа төлж барагдуулаагүй байна. Татварын ерөнхий хуулийн 43.5-д тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байх тухай хуульчилсан байдаг боловч Эрдэнэт транспорт ХХК нь 2015, 2017 онуудад ямар ч татвар төлөөгүй, 2016 онд 696.247 төгрөгийн албан татвар төлсөн байгаа нь хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байна гэж үзэж байна. Эрдэнэт транспорт ХХК-ийн 2011-2012 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд санхүү, татварын баримтуудад үндэслэн хяналт шалгалт хийж 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 20/0007438 тоот актаар 7.332.800 төгрөгийн төлбөрийг татвар төлөгчид хариуцуулж гардуулан өгсөн байдаг. Татвар төлөгч нь хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд тус актыг эс зөвшөөрч Татварын маргаан таслах зөвлөл, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус тус гомдол гаргасан байдаг. Тухайн актад холбогдуулан гаргасан гомдлыг 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 232 тоот магадлалаар эцэслэн шийдвэрлэж татвар төлөгчийн гомдлыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэн холбогдох актыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байдаг. Татварын өрөнхий хуулийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаанд төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулахаар хуульд заасны дагуу мөн хуулийн 33, 62 дугаар зүйлүүдэд заасан өр барагдуулах ажиллагааг гүйцэтгэн ажилласан боловч өр төлбөрөө барагдуулахгүй байгаа юм. Тиймээс татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Эрдэнэт транспорт ХХК- ийн захирал Ш.Чагнаадоржоос 12.851.097,4 төгрөгийн татварын өрийг гаргуулан төсөвт төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Чагнаадорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Эрдэнэттранспорт ХХК нь 2004 оноос эхлэн нийтийн тээврийн үйлчилгээг эрхэлж ирэхдээ ямар нэгэн ноцтой аваар осол, зөрчил санал гомдолгүйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Гэтэл 2013 оноос эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд шугам замд хяналт тавьдаг авто тээврийн хяналтын улсын байцаагч нарыг авто тээврийн хуулийн дагуу хяналт тавьж ажиллахгүй байна гэж Тээвэр авто замын газарт албан тоотоор хандаж байснаас болж тухайн үеийн байцаагч нар үгсэн хуувилдаж компаний эсрэг янз бүрийн ил далд аргаар хууль бус үйл ажиллагаа явуулж дээд шатны байгууллагад түүний дарга нарт компаний талаар буруу ойлголт өгч улмаар 2014 он, 2015 онуудад манай байгууллагын үйл ажилллагааг зогсоох тушаалуудыг Тээвэр авто замын газрын дарга гаргаж тухайн үед нь захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн /2015 оны 01-р сарын 08-ны өдрийн дугаар 01, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 20/ тоот шийдвэрүүдээр мөн 2016 онд компаний үйл ажиллагааг бүрэн зогсоох тушаал гаргасныг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 17-дугаар шийдвэр, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА 2017/0664 дүгээр магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 513-дугаар тогтоолоор хууль бус тушаал гэдгийг нотолсон боловч манай компани нь 2016 оны 1 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаа зогсож одоог хүртэл үйл ажиллагаа явагдаагүй орлогын ямарч эх үүсвэргүй байна. Мөн Аж ахуйн нэгжийн нэр дээр Хаан банкинд зээлтэй байсан тул барьцаанд байсан өөрийн орон сууцаа хураалгаж зээлээ хагас дутуу барагдуулж байгаа учраас т*******ээс нэхэмжилсэн 12.851.097,4 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00263 дугаар шийдвэрээр:

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасныг баримтлан хариуцагч Эрдэнэт транспорт ХХК-иас татварын өр 12 851 097,4 төгрөг гаргуулж Орхон аймгийн Т*******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Эрдэнэт транспорт ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 220.568 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Эрдэнэт Транспорт ХХК-ийн захирал Ш.Чагнаадорж давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрээр 12.851.097,4 төгрөгийг Эрдэнэттранспорт ХХК-аас гаргуулан Орхон аймгийн Т*******т олгосугай гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгуй байна.

Ер нь Эрдэнэттранспорт ХХК нь төрөөс өөрсдөө гүйцэтгэх үүрэг бүхий Нийтийн тээврийн үйлчилгээг төрийн өмнөөс 12 жил гаруй хугацаанд онц сайн гүйцэтгэж ирсэн бөгөөд хуулиар олгогдох ёстой нөхөн олговрыг огт аваагүй мөн нэмэгдсэн өртөгийн албан татварын хуулиар бол Нийтийн тээврийн үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлнө /татварын хуулийн 13.6.13 Авто тээврийн тухай хуулийн 3.1.11-т заасан нийтийн тээврийн үйлчилгээ/ гэсэн заалтаар НӨАТатвараас чөлөөлөгдөж байгаагүй бас Авто тээврийн төвөөс хууль бус тушаал гаргаж манай компаний үйл ажиллагааг зогсоосон буруу үйлдлийг нь захиргааны хэргийн 3 шатны шүүхээр нотлож үйл ажиллагаагаа явуулах боломжийг нь олгоод байхад өнөөдрийг хүртэл хуулийн дагуу гэрээ байгуулахгүй шалтаг зааж компаний үйл ажиллагааг эхлүүлэхгүй байгаа тул ямар нэгэн орлогын эх үүсвэргүй аж ахуй нэгж байгууллага нь яаж татварын өр, алдангийг төлөх юм бэ? Манай байгууллага татвараас зээл аваагүй байхад хүү алданги тооцдог нь ямар учиртай вэ?. Ийм хүнд нөхцөл байдалд байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд гомдолтой байна. Шүүх эдгээр ноцтой хууль бус захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас болж олон иргэн, аж ахуйн нэгж хохирч дампуурч гудамжинд гарч байгааг анхааран үзэж сайтар судлан хянаж зөв шийдвэр гаргаж аж ахуй нэгж, иргэн миний гомдлыг хангаж өгнө гэдэгт итгэж байгаагаа уламжилж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч тус аймгийн Татварын хэлтсээс хариуцагч Эрдэнэт Транспорт ХХКомпанид холбогдуулан татварын өр-12.851.097 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ...манай компаний үйл ажиллагааг хууль бусаар зогсоосон болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, одоо болтол үйл ажиллагаа явуулаагүйгээс орлогын эх үүсвэргүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Эрдэнэт Транспорт ХХКомпани нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар-236.550 төгрөг, Хувь хүний орлогын албан татвар-5.281.747 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар-5.279.700 төгрөг, торгууль-2.053.100 төгрөг бүгд 12.851.097 төгрөгийн татварын өр төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдсон ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Эрдэнэт Транспорт ХХКомпаниас татварын өр-12.851.097 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Хариуцагч Эрдэнэт Транспорт ХХКомпани 2015 оноос эхлэн захиргааны байгууллагын гаргасан хууль бус шийдвэрийн улмаас үйл ажиллагаа явуулаагүй нь хуулиар тогтоосон албан татвар, торгуулиас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул хариуцагч тус компаний захирал Чагнаадоржийн гаргасан ...үйл ажиллагаа явуулаагүйгээс орлогын эх үүсвэргүй болсон тул татварын өр, торгуулийг төлөх боломжгүй....гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.16дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Эрдэнэт Транспорт ХХК-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ш.Чагнаадоржийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220.568 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ