Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/01652

 

Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00263 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 75 дугаар магадлалтай,

Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

“Э” ХХК-д холбогдох,

12.851.097 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Чагнаадоржийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

эхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э ХХК нь татварын хэлтэст 2004 онд 2820072 тоот регистрийн дугаартайгаар бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж ирсэн ба өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 236.550 төгрөгийн өртэй байна. Татвар төлөгч нь хувь хүний орлогын албан татварын тайлангаар 5.281.747 төгрөг ногдуулан тайлан гарган татварын хэлтэст ирүүлсэн боловч хуулийн хугацаандаа төлж барагдуулаагүй. Э ХХК-ийн 2011-2012 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд санхүү, татварын баримтуудад үндэслэн хяналт шалгалт хийж 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 20/0007438 тоот актаар 7.332.800 төгрөгийн төлбөр ногдуулсан. Татвар төлөгч уг актыг эс зөвшөөрч Татварын маргаан таслах зөвлөл, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус тус гомдол гаргасан, гомдлыг 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 232 тоот магадлалаар эцэслэн шийдвэрлэж гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн  актыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Тиймээс Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Э ХХК-с 12.851.097,4 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                

Хариуцагч “Э” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2004 оноос эхлэн нийтийн тээврийн үйлчилгээг эрхэлсэн ба ямар нэгэн ноцтой аваар осол, зөрчил гаргаагүй. Гэтэл 2013 оноос эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний шугам замд хяналт тавьдаг авто тээврийн хяналтын улсын байцаагч нар янз бүрийн ил далд аргаар хууль бус үйл ажиллагаа явуулж дээд шатны байгууллага, дарга нарт компанийн талаар буруу ойлголт өгч улмаар 2014 он, 2015 онуудад манай байгууллагын үйл ажиллагааг зогсоох тушаалуудыг Тээвэр авто замын газрын дарга гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн /2015 оны 01-р сарын 08-ны өдрийн дугаар 01, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 20/ шийдвэрүүдээр мөн 2016 онд компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоох тушаал гаргасныг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 17-дугаар шийдвэр, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА 2017/0664 дүгээр магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 513-дугаар тогтоолоор хууль бус тушаал гэдгийг нотолсон. Гэвч манай компани 2016 оны 1 дүгээр сараас одоо хүртэл үйл ажиллагаа явагдаагүй тул орлогын ямарч эх үүсвэргүй байна. Мөн Аж ахуйн нэгжийн нэр дээр Хаан банкинд зээлтэй байсан тул барьцаанд байсан өөрийн орон сууцаа хураалгаж зээлээ хагас дутуу барагдуулсан. Иймд татварын хэлтсээс нэхэмжилсэн 12.851.097,4 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00263 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас татварын өр 12.851.097,4 төгрөг гаргуулж Орхон аймгийн Татварын хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 220.568 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 75 дугаар магадлалаар: .Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ш.Чагнаадоржийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220.568 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Чагнаадорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 00263 дугаар шийдвэр болон Орхон аймгийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12- ны өдрийн 75 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

“Эрдэнэттранпорт” ХХК нь 2004 оноос эхлэн нийтийн тээврийн үйлчилгээг эрхэлж ирсэн байтал 2013 оноос нийтийн тээврийн үйлчилгээнд шугам замд хяналт тавьдаг авто тээврийн улсын байцаагч нар хууль бус үйл ажиллагаа явуулж дээд шатны байгууллагад манай компанийн талаар буруу ойлголт төрүүлж, улмаар 2014 он, 2015 онуудад Орхон аймгийн Авто тээврийн төвийн дарга тушаал гарган манай компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоож орлогын эх үүсвэргүй болгосон ба дээрх албан тушаалтнуудын шийдвэрийг эс зөвшөөрч манай компани захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Ингээд захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хууль бус болохыг тогтоосон юм. Эдгээр албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас болж хуулиар олгогдох нөхөн олговрыг авч чадаагүй юм.

Иймд дээрх шийдвэр, магадлал хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ      

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч   Орхон аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “Э” ХХК-с 12.851.097 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа татварын өр гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...үйл ажиллагаа зогссон, ...орлогын эх үүсвэргүй” гэсэн тайлбар гаргажээ.

“Э” ХХК нь татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөр 7.332.800 төгрөг, мөн 2016 оны 4 дүгээр улирлын тайланд дурдсан аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 236.550 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 5.281.747 төгрөг нийт 12.851.097 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.  

Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 43 дугаар зүйлийн 43.1., 45 дугаар зүйлийн 45.1.-д зааснаар холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч дээрх өр төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж барагдуулаагүй байна.

Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд зааснаар татвар төлөгчийн хугацаанд нь төлөөгүй татварын өрийг тус хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрийн дагуу төлүүлэх арга хэмжээ авна.

Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэгч татвар төлөгчид  мэдэгдэх хуудсыг гардуулах, эд хөрөнгийн лавлагаа авах, эд хөрөнгө, банкин дахь дансыг битүүмжлэх зэрэг хуульд заасан арга хэмжээг авсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж,  хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангасан нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 55 дугаар зүйлийн 55.1.1-д нийцжээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00263 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 75 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ш.Чагнаадоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 220.568 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ