Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 935

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: П.У*******

Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилд авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ажилд авах тушаал гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийлгүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.У******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П.У******* би Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт Хөнгөн, хүнд үйлдвэрийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан шинжээчээр 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажилласан.

2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Засгийн газрын 2014 оны “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 382 дугаар тогтоолын дагуу Үйлдвэр,хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байсан "хүнд болон хөнгөн уйлдвэрийн салбар” нь шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн яамны чиг үүрэгт хамаарах болсон тул тухайн салбарыг хариуцан ажиллаж байсан мэргэжилтнүүдийг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар албан бичгээр ажлын байр, цалингийн сантай нь Аж үйлдвэрийн яаманд шилжүүлсэн. Гэтэл Аж үйлдвэрийн яамны удирдлага нь хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг ажилд томилоогүй бөгөөд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд эдгээр мэргэжилтнүүдийг буцаан шилжүүлсэн тухай 03/20 дугаар албан бичгийг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн байдаг.

Уг албан бичгийн хариуд Хүнс, хөдөө аж ахуйн сайд 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/45 дугаар албан бичгээр "Аж үйлдвэрийн яаманд эдгээр ажлын байр шилжсэн тул буцааж авах боломжгүй, Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 63 дугаар тэмдэглэлийн дагуу асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн хариуг өгсөн боловч Аж үйлдвэрийн яам нь өнөөг хүртэл ажлын байраар хангаагүй буюу ажилд аваагүй, авах тушаал гаргаагүй, холбогдох цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй өнөөг хүргэж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар албан бичгээр ажлын байр, цалингийн сантай нь Хүнд, хөнгөн үйлдвэрийн салбар хариуцсан мэргэжилтнүүдийг Аж үйлдвэрийн яаманд шилжүүлсэнийг уг Аж үйлдвэрийн яам хүлээн аваагүй, ажлын байраар хангаагүй эс үйлдэхүйн улмаас Төрийн жинхэнэ албан хаагчийнхаа хувьд хангагдах ёстой баталгаа болох Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д тусгасан төрийн албан хаагчийн цалин хөлс, ... авах”, 27.1.2-т “ажиллах нөхцөлөөр хангуулах”, 27.23, 27.2.4 дэх эрх, харин Монгол Улсын иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4-д тусгасан “хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах”, эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж, нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасарч хохироод байна.

Иймд Аж үйлдвэрийн яаманд П.У******* намайг Ажилд авах тушаал гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг нөхөн хийлгүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч П.У******* нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын хөнгөн үйлдвэрийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар уг албан тушаалд мэргэжилтнээр тус тус томилогдон ажилласан.

Засгийн газрын бүтцийн тухай 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь өөрчлөн байгуулагдаж, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам байгуулагдсан.

Засгийн газрын тухай хуулиар хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарын асуудал Аж үйлдвэрийн сайдын эрхлэх асуудалд хамаарах болсонтой холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарын асуудал хариуцан ажиллаж байсан мэргэжилтнүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Аж үйлдвэрийн яаманд шилжүүлсэн.

Аж үйлдвэрийн яам нь хөнгөн үйлдвэрийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаал батлагдаагүй тул ажилд томилоогүй ба төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгосон байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн П.У*******аас гаргасан “Ажилд авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож , ажилд авах тушаал гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрчлөлт оруулснаар Аж үйлдвэрийн яаманд харьяалагдаж байсан Хөнгөн үйлдвэрийн бодлогын асуудал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжсэн бөгөөд тус шүүхийн шүүгчийн захирамжаар Аж үйлдвэрийн яамны эрх залгамжлагчаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг татан оролцуулсан болно.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар П******* У*******ыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Хөнгөн үйлдвэрийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.-т зааснаар П.У******* нь төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.-т заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах учиртай. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөлт оруулж Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлж, зарим албан хаагчдыг чөлөөлөгдсөн өдрөөс Аж үйлдвэрийн яаманд шилжүүлсний дотор иргэн П.У******* багтжээ. 

Хүнс, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар албан бичгээр шилжин ажиллах албан хаагчдын нэрсийг хүргүүлснийг Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03/20 дугаар албан бичгээр “Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталсан бөгөөд яам бүрт Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар байгуулагдсан...” гэсэн үндэслэлээр нэрсийг буцаан П.У*******ыг ажилд томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1.-д заасан нэмэгдэл баталгааг зөрчсөн байна.

Засгийн газрын “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай“ 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор Аж үйлдвэрийн болон Хүнс, хөдөө аж ахуйн яамны аль алинд нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар байхаар баталсан бөгөөд Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Яамны бүтцийн нэгжийн ажлын байр /албан тушаал/ батлах тухай” Б/01 дүгээр тушаалаар Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт Хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан гүйцэтгэх албан тушаалыг баталжээ.

Дээрх байдлаар нэхэмжлэгч П.У*******ын ажиллаж байсан Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Хөнгөн үйлдвэрийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3.-д зааснаар П.У*******ыг үргэлжлүүлэн ажиллуулах байжээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3.-д зааснаар орон тоо цөөрсөн бол албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгааг сонгон авах бөгөөд орон тоо цөөрсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хариуцагч мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4.-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно;” гэж зааснаар 6 сарын тэтгэлэг олгосон гэж маргаж байгаа боловч энэхүү зохицуулалт нь албан тушаалын орон тоо хасагдсан байхыг шаардсан бөгөөд П.У*******ын орон тоо хасагдаагүй тул энэ тохиолдолд хамаарахгүй байна. 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч П.У*******ыг ажилд авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, П.У*******ыг ажилд авах тушаал гаргаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны буюу 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл тооцож 22 сар 19 хоногийн цалин 19189245 (арван есөн сая нэг зуун наян есөн мянга хоёр зуун дөчин таван)  төгрөгөөс нэхэмжлэгч П.У*******т 2015 оны 09 дүгээр сард олгосон тэтгэмж 4970599 (дөрвөн сая есөн зуун далан мянга таван зуун ерэн есөн) төгрөгийг хасаж 14218646 (арван дөрвөн сая хоёр зуун арван найман мянга зургаан зуун дөчин зургаан) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4.,106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2., 11.6., 27 дугаар зүйлийн 27.2.1., 27.2.3, 27.2.4., Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.У*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “ажилгүй байсан хугацааны цалин 14218646 (арван дөрвөн сая хоёр зуун арван найман мянга зургаан зуун дөчин зургаан) төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргуулан нэхэмжлэгч П.У*******т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийж, нэхэмжлэгч П.У*******ыг ажилд авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ажилд авах тушаал гаргахыг хариуцагч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.У*******т олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.ДАМДИНСҮРЭН