Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0080/З |
Дугаар | 221/МА2018/0363 |
Огноо | 2018-06-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2018/0363
2 |
Э.Т нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Э.Т, түүний өмгөөлөгч О.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 128/ШШ2018/0279 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Э.Т нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Э.Т 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор олгохыг даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 128/ШШ2018/0279 дүгээр шийдвэрээр:
“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.5-д заасныг баримтлан Э.Т нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газрын албанд тус тус холбогдуулан гаргасан Газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч Э.Т дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн талаар:
Миний бие анх нэхэмжлэлдээ “...хувийн өмчид халдан миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэх үндэслэлийг гаргасан байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...өөрийн өмчлөлийн газрын хажуугаар үерийн ус зайлуулах хамгаалалт хийсэн нь хувийн өмчийг үнэгүйдүүлсэн тул анх 2015 онд 97 сая төгрөгийн үнэлгээ хийгдсэний дагуу нөхөн олговор олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус тул нөхөн олговор олгох ёстой” гэж маргааны зүйлийг буруу тодорхойлж, үүнтэй холбоотойгоор буюу “...үерийн ус зайлуулах хамгаалалтын барилга өмчлөлийн газрыг дайран өнгөрөхгүйгээр хийгдсэн болох нь тогтоогдлоо” гэж хавтаст хэргийн 37, 38, 52, 74, 75 дугаар хуудасны баримтуудыг үндэслэн дүгнэсэн байна.
Дээрх нотлох баримтууд нь харин ч манай эзэмшил, өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгө нь тус үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах далангийн барилга угсралтын ажлын трасст өртөж байгааг, мөн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас Нийслэлийн Газрын албанд манай газар чөлөөлөлт, нөхөн олговрын асуудлыг шийдэх талаар албан бичиг байхад шүүх нотлох баримтуудыг буруу үнэлснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй.
Мөн анхан шатны шүүх үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг зөвхөн өмчлөлийн газраар дайрч гараагүй, давхцаагүй гэж дүгнэсэн. Харин би нэхэмжлэлдээ “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн А/38 дугаар захирамжийн дагуу тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Жанжны 11-230А /12 хороо/ тоот 67 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж, ……….. дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан бөгөөд мөн тус газрынхаа баруун талд залгаа 230 тоот хаягт байршилтай 153 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж, тус газартаа ………. м.кв талбай бүхий 2 давхар объекттой” гэдгээ дурдаж, эдгээр эзэмшил, өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгө нь тус ажлын трасст өртсөн гэж маргасан байхад шүүх зөвхөн өмчлөлийн газрыг л дайраагүй гэж дүгнээд байх юм.
Миний эзэмшлийн 67 м.кв газар, түүний баруун талд залгаа байрлах өмчлөлийн газар дээр 2 давхар байшин маань дамнаж байрладаг бөгөөд тухайн байшин нь хууль ёсны өмчлөлийн гэрчилгээтэй, мөн эзэмшлийн газрын гэрээний хугацаа дуусаагүй тул нөхөн олговрыг олгох нь зүйн хэрэг.
Энэхүү газар чөлөөлөх, нөхөн олговрын асуудал анх 2015 онд яригдаж эхлэх үед манайх 2 давхар байшинг дэлгүүр, хувийн сууцны зориулалтаар ашиглаж байсан бөгөөд тухайн үед Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас ирүүлсэн мэдэгдэлд “...таны эзэмшиж, өмчилж байгаа газар ажлын трасст өртөж байгаа тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай болон Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу уг газрыг чөлөөлөх шаардлагатай”, мөн “...мэдэгдэл хүлээн авснаас хойш барьж байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө, газрын үнийг мэдэгдэхүйц өсгөсөн бусад арга хэмжээний зардлыг нөхөн олгохгүй” тухай анхааруулсан байсан.
Тиймээс бид ажлын трасст өртсөн, газар чөлөөлөх нь ойлгомжтой юм байна гээд нөхөн олговроо авахын тул бүрдүүлэх материалыг хүлээлгэн өгч, үнэлгээгээ хийлгэн зөвшөөрч, дэлгүүрийн үйл ажиллагаа зогсоож, тус байшиндаа 2015 оноос хойш ямар нэг засвар, үйлчилгээ хийгээгүй, амьдрахаа ч больсон.
Түүнчлэн шүүх хавтаст хэрэгт авагдсан үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах далангийн барилга угсралтын ажлын зургийг зохих ёсоор үнэлээгүй.
Учир нь ажлын зургаар бол манай эзэмшил, өмчлөлийн газар бүрэн өртөж байгаа гэсэн ба одоо ч энэхүү зураг өөрчлөгдөөгүйг анхан шатны шүүх хуралд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэлдэг.
Мөн ажлын зургийн дагуу сувгийн хамгаалалтын зурваст ч мөн өртөж байгаа. Үерийн далангийн барилга байгууламжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглосон хамгаалалтын зурвастай байх нь ойлгомжтой.
Мөн анхны үнэлгээг манайхыг хүлээн зөвшөөрөөгүй гэж хариу тайлбар болон шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарладаг. Манайх анхны үнэлгээг хүлээн зөвшөөрч, тухайн үед хариуцаж байсан газрын мэргэжилтэн н.Ц бүх материалаа өгсөн ба н.Ц уулзахад нөхөн олговор төсөвт тусгагдаж байгаа гэдэг байсан.
Харин 2017 оны намар энэ асуудлаар газрын албаны мэргэжилтэн н.У удаа дараа биечлэн уулзаж, мөн утсаар ярихад “мэргэжилтэн солигдсон тул танай өмнөх бүрдүүлж өгч байсан бичиг баримт, үнэлгээ бүгд алга болсон, олдохгүй байна” гэдэг хариуг өгч байсан ба шүүхийн шаардсанаар алга болсон гэх анхны үнэлгээг гаргаж өгсөн.
2015 оны үнэлгээг мэргэшсэн үнэлгээчин Д.Э, Б.Э, Д.Б нар нь тухайн үед энэ асуудлыг хариуцаж байсан Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Өмч, газрын харилцааны албатай байгуулсан гэрээний үндсэн дээр үнэлгээг хийсэн бөгөөд хэрэв тус үнэлгээг захиалагчаас хүлээн зөвшөөрөөгүй бол Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу Мэргэжлийн зөвлөлд нь хандах эрх нь нээлттэй байсан.
Мэргэжлийн зөвлөлд нь хандаагүйг үзэхэд үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 128/ШШ2018/0279 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн 8, 10, 12, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хэрэгжүүлж буй Эрдэнэтолгой УС-15 орчмын үерийн хамгаалалтын далангийн трасст нэхэмжлэгч Э.Т Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 11 дүгээр гудамж, 230 тоот хаягт байрлалтай нэгж талбарын …………, өмчлөх эрхийн ………….. дугаартай 153 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газартай, 176.6 м.кв талбайтай улсын бүртгэлийн …………. дугаартай бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө тодорхой хэмжээгээр үерийн хамгаалалтыг далангийн трасст орж ………төгрөгөөр үнэлэгдсэн байна.
Гэвч дээрх үнэлгээг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй, үүний улмаас үерийн хамгаалалтын далангийн трасст өөрчлөлт орж нэхэмжлэгчийн эзэмшлийн хашааны хажуугаар ажил хийгдэж байгаа нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон, бодит байдалд уг ажиллагаа хийгдсэнээр нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлийн газрын болон үл хөдлөх хөрөнгийн орц, гарцыг хаасан, эсхүл нэхэмжлэгч уг газар болон үл хөдлөх хөрөнгөө худалдаа үйлчилгээний зориулалтаар цаашид ашиглах боломжгүй болсон зэрэг нөхцөл байдал үүсгэхээргүй байгаагаас гадна өмчлөх эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Үнэлгээнээс гадна нөхөн олговор олгох шалтгаан нөхцөл нь энэ тохиолдолд үерийн далангийн трасст орсонтой холбогдуулан газрыг чөлөөлөх, барилга байгууламжийг буулгах буюу нэхэмжлэгчийн хувьд тухайн газар, байшингаа цаашид эзэмших, өмчлөх захиран зарцуулах боломжгүй болохыг ойлгох атал бодит байдалд ямар ч газар чөлөөлөх ажиллагаа явагдаагүй, барилга байшинг буулгаагүй байна.
Иймд нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзэн нэхэмжлэгчид нөхөн олговор олгохыг хариуцагчид даалгах эрх зүйн үндэслэлгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 128/ШШ2018/0279 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Т давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН