Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2020/01455

 

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01455

 

Т- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/02254 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Г-, А.Г- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 38 601 338 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.Г- нь 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Т- ХХК-аас 26 000 000 төгрөг, сарын 2,7 хүүтэй, нийт 145 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн хугацаа 2027 онд дуусах ёстой байсан гэвч хариуцагч зээлийн гэрээний графикийн дагуу төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний дагуу үүргээ удаа дараа зөрчсөн. 2018 оноос хойш огт төлөлт хийгээгүй. Үүнээс өмнө 2 сар эсхүл 3 сард нэг удаа төлөлт хийдэг байсан. Зээлийн гэрээний үүрэгт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 8 дугаар гудамж, 288 тоот байршилтай, 443 мкв газар болон 108 мкв талбайтай хувийн орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө тус тус барьцаалсан. Нэгэнт зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн үлдэгдэл 25 379 830, хүү 11 017 924, нэмэгдүүлсэн хүү 2 203 584, нийт 38 601 338 төгрөг болсон. Үүнийг хариуцагч А.Г-ээс гаргуулж өгнө үү, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч А.Г-г хариуцлагаас чөлөөлж зээлийн гэрээний үүргийг хариуцагч А.Г-ээс шаардаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч А.Г-ээс зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 38 601 338 төгрөг гаргуулж Т- ХХК-д олгож, хариуцагч А.Г-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 8 дугаар гудамж 288 тоотод байршилтай 434 м.кв талбайтай Г-2206004992 дугаар бүртгэлтэй, 18633305767312 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 8 дугаар гудамж 288 тоотод байрлах, Y-2206015516 өмчлөх эрхийн дугаартай, 108 м.кв талбайтай хувийн сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Г-ээс 421 200 төгрөгийг гаргуулж Т- ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 421 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би товыг мэдээгүй тул шүүх хуралдаанд тайлбар өгч чадаагүй. Барьцаа хөрөнгийг эрүүгийн хэрэгт битүүмжилсэн талаар мэдэгдэж, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаагаар битүүмжлүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байсан. Шүүх миний хүсэлтийг шийдвэрлээгүй нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүхээс надруу холбогдож яриагүй болохоор миний гаргасан хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн гэж ойлгож явсан.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн зээл хүүний тооцоо гэх баримтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдэж байгаа нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэх тухай зарчим алдагдсан. Надад шүүх хуралдааны тов мэдэгдээгүй тул хэрэгг баримт гаргаж өгч чадаагүй. Уг зээлд 750 000, 2 000 000, 3 000 000, 4 000 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зээл хүүний тооцоо гэх баримт нь өөр ямар баримтаар батлагдаж, нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол нотлогдож байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Зөвхөн нэхэмжлэгч талын гарын үсгийг зурж тамга дарсан нэг талын баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж шударга бус шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг шүүх зөрчсөн гэж үзэж байна. Транс капитал ББСБ ХХК-ын нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад шүүхээс нэхэмжлэлд бичсэн дүнгээр нь бүхэлд нь хангаж шийдсэнд гомдолтой байна. Миний бие 26 00 000 төгрөгийн зээл авсан бөгөөд 10 000 000 төгрөгийг буцааж төлсөн. Гэвч 38 600 000 төгрөг төлөхөөр шүүхээс шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүх зээлээс төлөлт хийсэн эсэх, хэдийг үндсэн зээлд тооцож байгааг тодруулаагүй, дүгнэж бичээгүй байна. Зээл, хүүгийн тооцоолол зөв эсэх, нэмэгдүүлсэн хүүг хэзээнээс хугацаа хэтэрсэн гэж үзэж шаардсан нь тодорхой бус байна, эдгээрийг тодруулах шаардлагатай байсан. 3 жил орчим хугацаанд нэхэмжлэл гаргахгүй явсаар хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг маш өндөр болгосон. 2017 оны 5 сард сүүлийн төлөлтийг хийсэн. Зээлээ төлж чадахгүй байгааг мэдсээр байж, ийм удаан хугацааны туршид хүү хуримтлуулж зээлдэгч намайг маш их өрийн дарамтанд оруулсанд гомдолтой байна. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3 дахь хэсэгт заасныг шүүх анхаарч үзсэнгүй. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн талаар дүгнэлт хийгээгүй. Сүүлийн төлөлт хийснээс хойш холбогдоогүй, мэдэгдэл ирүүлж байгаагүй. Хэрэгт авагдсан шүүхэд шилжүүлэх тухай мэдэгдэх хуудас гэх баримт нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний огноотой байх бөгөөд энэ баримтыг Т.Отгон гэх хүний нэр бичиж хүлээж авсан харагдаж байгаа. Надад нэг ч удаа мэдэгдэл ирж байгаагүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээл 25 379 834 төгрөг, хүү 11 017 920 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 203 584 төгрөг, нийт 38 601 338 төгрөгийг нэхэмжилж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаарджээ.

Хариуцагч А.Г-, А.Г- нар нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Талууд 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 145 сарын хугацаатай, сарын 2,7 хувийн хүүтэй, 26 000 000 төгрөгийг зээлдэгч А.Г-, А.Г- нарт шилжүүлж хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон. /хх6/

Мөн 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 31501160794 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулан зээлдэгч А.Г- өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 8 дугаар гудамж 288 тоотод байршилтай 434 м.кв талбайтай Г-2206004992 дугаар бүртгэлтэй, 18633305767312 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 8 дугаар гудамж 288 тоотод байрлах, Y-2206015516 өмчлөх эрхийн дугаартай, 108 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалсан байна. /хх10/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй байх тул зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч А.Г-гээс татгалзаж, зээлийн гэрээний үүргийг хариуцагч А.Г-ээс шаардсан тул А.Г-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг зөв гэж үзнэ.

Зээл, хүүгийн тооцооллыг шалган үзэж зээл 25 379 834 төгрөг, хүү 11 017 920 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 203 584 төгрөг, нийт 38 601 338 төгрөгийг зээлдэгч А.Г-ээс гаргуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан нь зөв болжээ.

Хариуцагч нар шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх урт хугацаатай гэрээний талууд гэрээнээс татгалзан цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болон цуцлах хүртэл хугацааны үүргийг шаардсан байхад Иргэний хуулийн зохих заалтуудыг баримтлаагүй алдааг залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/02254 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 гэсний дараа 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД