Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01568

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01568

 

 

 

Б:М -гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/01664 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б:М гийн хариуцагч Л.Д-нд холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 49 585 746 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Лхагвабаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Д нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны шөнийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн замд 66-48УНУ улсын дугаартай ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж замын тусгаарлах хэсгийн үргэлжилсэн цагаан шугамыг давж эсрэг урсгалд орсноор шулуун замаар Б:М гийн жолоодож явсан 97-02 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хэлэн доорх ясны хугарал, үүдэн дээд зүүн 1, 2, 3, 4 дүгээр шүдний хугарал, булгарал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 489 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон.

Б:М нь Бүгд найрамдах Солонгос улсын /цаашид БНСУ гэх/ Парк авенью шүдний эмнэлгийн Наслалтын эсрэг имплантын төвд шүдний удаа дараагийн эмчилгээнд хамрагдсан байна. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр эмчилгээнд ясан найлзуур хийсэн 2 700 000 вон, мөн оны 7 дугаар сарын 18-ны өдөр 3 имплант суулгалт тус бүр нь 1 700 000 вон, мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3 гоо сайхны имплант тус бүр нь 500 000 вон, 1 керимак титэм 700 000 вон, мөн сарын 20-ны өдөр 4 цул керамик титэм, гигивектоми хийлгэж тус бүр нь 700 000 вон, нийт 12 700 000 воныг эмчилгээнд зарцуулсан байна.БНСУ руу шүд үзүүлэх, эмчилгээ хийлгэх зэрэг удаа дараагийн нислэг хийгдсэн бөгөөд нислэгийн төлбөр 8 065 000 вон, нийт эмчилгээ, нислэгийн төлбөрт 20 765 000 вон буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцоход 45 098 946 төгрөг болж байна.

Мөн БНСУ-д эмчилгээ хийлгэсэн баримтын орчуулгад 166 800 төгрөг болсон байна. Б:М нь тухайн гэмт хэрэг гарсан үеэс буюу 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй. Тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг учир орлогоо нотлох боломжгүй байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240 000 төгрөгийг гэмт хэрэг гарсан үеэс хойш эмчилгээ хийлгэж дуусах хүртэл хугацаагаар буюу 18 сараар тооцон 4 320 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Б:М нь БНСУ-д эмчилгээ хийлгэх, үзүүлэх хугацаанд байрлах буудлын төлбөр, хоолны төлбөр зэргийг нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Д оос гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд эмчилгээний зардалд 12 700 000 вон, нислэгийн төлбөрт 8 065 000 вон, нийт 20 765 000 вон буюу 45 098 946 төгрөг, орчуулгын зардалд 166 800 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олох байсан орлого 4 320 000 төгрөг, нийт 49 585 746 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Дээрх 49 585 746 төгрөгөөс 2017 онд БНСУ руу явсан замын зардлыг хасч 42 242 278 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Л.Д ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Лхагвабаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан гэм хорын эрх зүйн зохицуулалтаас үзэхэд гэм хор учруулагч зайлшгүй гарсан буюу гарах ёстой зардал, хохирогчийн зүгээс нотлох баримтын хүрээнд хөдөлшгүй нотолж буй холбогдох зардал юм. Эдгээр хоёр шаардлагыг зэрэг хангасан хохирлыг гэм хор учруулагч нь хуульд заасны дагуу төлөх юм.

4 шүдний эмчилгээтэй холбоотой баримтуудыг үзвэл БНСУ-ын эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн гэсэн тодорхойлолт байгаа боловч төлбөр төлсөн нэг ч баримт байхгүй байна. Хэдий гэмтэлтэй холбоотой зураг даруулсан, он сар өдрийн хуваарь бүхий төлбөрийн график байгаа ч хохирогчоос яг бодитой гарсан зардлыг хөдөлшгүй нотлоогүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ослын улмаас хохирогчийн 4 шүд унасан байхад 8 шүдэнд эмчилгээ хийлгэсэн. Өөрөөр хэлбэл 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 11-14 дугаар бүхий шүдэнд 2 800 000 воны зардал гаргажээ. Уг эмчилгээ нь ослоос үүдэж зайлшгүй хийгдсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Түүнээс гадна хариуцагчийн зүгээс шүдний эмчилгээг заавал БНСУ-д эмчлүүлэх шаардлагагүй байсан хэмээн үзэж байна. Монголын нэр бүхий сайн чанарын эмнэлгүүдэд энэхүү эмчилгээг хийлгэхэд хамгийн ихдээ 15 000 000- 20 000 000 төгрөгийн ханштай байна.

Мөн зам тээврийн осол гарах үед нэхэмжлэгч Б:М нь жолоочийн суудлын хамгаалалтын бүсийг бүслээгүй байдаг бөгөөд түүний энэхүү үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.6-д заасныг зөрчсөний улмаас тэрээр осол гарах үед жолооны хүрд мөргөн 4 шүд нь гэмтсэн байдаг. Иймээс Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хор бий болоход нэхэмжлэгчийн тодорхой хэмжээний буруу байсныг харгалзан үзэж 29 845 000 төгрөгийн эмчилгээний төлбөрийг Монгол улсад тус эмчилгээг үзүүлж буй эмнэлгүүдийн ханшид нийцүүлэн багасгаж өгнө үү.

Нэхэмжлэгч 2018 оны 3 дугаар сарын 16, мөн оны 7 дугаар сарын 18, мөн оны 11 дүгээр сарын 05,20, мөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүдний эмчилгээ хийлгэсэн. Гэвч түүний ирүүлсэн бусад баримтууд болох Улаанбаатар болон БНСУ-ын Сөүл рүү ниссэн нислэгийн билетүүд нь цаг хугацааны хувьд зөрүүтэй буюу өмнө дурдсан 5 удаагийн эмчилгээ хийлгэсэн үеийн хугацаатай тохирохгүй байна. Нэхэмжлэгч нь зөвхөн эмчилгээ хийлгэх зорилгоор БНСУ руу явсан нислэгийн билетийн мэдээллийг бус бусад хувийн зорилгоор явсан билетийн мэдээллийг оруулж хариуцагчаас их хэмжээний нислэгийн зардлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн Б:М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед БНСУ-д ажиллаж, амьдардаг гэх тайлбар өгч байсан. Гэвч тэрээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд хандахдаа зөвхөн шүдэндээ эмчилгээ хийлгэх зорилгоор БНСУ руу удаа дараа явсан гэх тайлбарыг өгч, зөвхөн шүдний эмчилгээ хийлгэхээр бус өөр бусад зорилгоор тус улс руу зорчихдоо гаргасан зардлыг хариуцагчаас гаргуулах гэж байгаа нь хуульд болон зүйд нийцэхгүй, шүүхэд худал тайлбар өгсөн нь шүүхэд гарган өгсөн нислэгийн билетийн мэдээллүүд нь эмчилгээ хийлгэсэн огноотой таарахгүй байгаагаас харагдаж байна. Уг бичмэл баримтууд нь хуульд заасан нотолгооны хэрэгсэл биш юм

Нэхэмжлэгч нь өөрийн бодит нөхцөл байдлыг нотлохын тулд өөрийн гадаад паспортын хуулбарыг шүүхэд гарган өгөх шаардлагатай байсан. Учир нь зөвхөн онгоцны билетүүдийг нотлох баримтаар ирүүлсэн нь түүнийг хилээр нэвтэрсэн гэдгийг хангалттай нотлох баримт биш байх тул нэхэмжлэлийн шаардлагын удаа дараагийн нислэгийн зардлыг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна.

Б:М нь зам тээврийн ослоос үүдсэн хөдөлмөрийн чадвар алдалтын байдал нь түүнийг хөдөлмөр эрхлэх боломжгүй байдалд хүргэсэн тухай тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Нэхэмжлэгч нь өөрийн хөдөлмөрийн чадвар алдалт хэдэн хувь байгааг тогтоолгох, дээрх хугацаанд энэхүү ослоос үүдэн хэрхэн хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон эсэх талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин орчуулгын зардал болох 166 800 төгрөг баримтаар тогтоогдож байх тул төлөхийг зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо хэт өндрөөр үнэлэх, өөрөө сайн дураараа гаргасан зайлшгүй шинжтэй бус зардлуудаа шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс 2017 оны 11 дүгээр сард Б:М гийн эмчилгээний зардалд тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг гарган өгч байсныг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 15 000 000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч байх тул энэ хэмжээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Л.Д оос гэм хорын хохиролд 28 390 099 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б:М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 852 179 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б:М гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч Л.Д оос улсын тэмдэгтийн хураамжид 299 900 төгрөг гаргуулан улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Лхагвабаяр давж заалдах гомдолдоо: Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдал, талуудын хүсэл зориг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч Б:М гийн зам тээврийн осолд тодорхой хэмжээний гэм буруутай байж болохуйц нөхцөл байдлыг илэрхийлсэн нотлох баримт хэрэгт авагдсан тул шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгч тал зам тээврийн осолд буруутай болох нь тогтоогдвол Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг багасгах хууль зүйн боломж бий болох байсан. Гэтэл шүүх бүрэлдэхүүн нь осол гарах үед нэхэмжлэгч нэгэнт жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан нь тодорхой байх бөгөөд түүний энэхүү үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 2.2, 2.7, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан гэх хууль тогтоомж, хэм хэмжээний актыг зөрчсөн нь тодорхой байх тул тодорхой нөхцөл байдлыг дахин тогтоолгохоор шинжээч томилуулах шаардлагагүй хэмээн уг хүсэлтийг хангахаас татгалзаж хууль зүйн үндэслэлээ тайлбарласан. Хэрэв шүүх нэхэмжлэгчийн бурууг шүүх хуралдааны үед хүлээн зөвшөөрсөн бол Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасны дагуу Б:М д гэм хор учрах үед түүний жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоо барьсан үйлдэл нөлөөлснийг харгалзан үзэж үнийн дүнг багасгах хууль зүйн боломжтой байсан хэдий ч шүүх ийнхүү шийдвэрлээгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд орчуулгын төлбөр төлсөн 166 800 төгрөгийн санхүүгийн баримтаас өөр ямар ч баримтыг гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас 15 000 000 төгрөг хүртэл хэмжээнд хүлээн зөвшөөрөх боломжтой байх хэдий ч тухайн мөнгөн дүнд эмчилгээ хийлгэсэн зардлын санхүүгийн баримтыг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх бөгөөд энэ үүргээ биелүүлж, өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хангалттай нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй эмчилгээний зардлын төлбөрийг гаргаж өгөх боломжгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг санхүүгийн баримтаар нотлогдсон хэмжээнд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б:М нь хариуцагч Л.Д ид холбогдуулан гэм хорын хохиролд 49 585 746 төгрөг гаргуулах шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 42 242 278 төгрөг болгон багасгажээ. Хариуцагч тал нэхэмжлэлийг 15 000 000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Л.Д тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр хавсралтын 25-д заасныг зөрчин зам тээврийн осол гаргаж, Б:М гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан буруутай үйлдлийг хэрэгт авагдсан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 489 дугаар тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 5-8, 120/

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас хохирлыг хариуцан арилгах үүрэг үүссэнд маргаангүй, харин хохирол бодитой эсэх, мөн гэм хор учрахад нэхэмжлэгчийн болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн эсэх талаар маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б:М гийн биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтэд зам тээврийн ослын улмаас Б:М гийн биед хэлэн доор ясны хугарал, үүдэн дээд зүүн 1, 2, 3, 4 дүгээр шүдний хугарал, булгарал, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдсон, уг гэмтлийг амьд насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. /хх-120/

Шүүх уг нотлох баримт болон нэхэмжлэгч Б:М гийн Солонгос Улсын Парк Авенью эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн эмчилгээний зардлын баримт, эмчилгээ хийлгэсэн тухай эмнэлгийн тодорхойлолт, эмчийн магадлагаа, онгоцны тийз зэрэг баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн 21, 22, 23, 24 / 1,2,3,4/ дүгээр шүдэнд хийсэн эмчилгээний зардал 22 158 000 төгрөг, мөн уг эмчилгээ хийлгэсэн хугацаанд хамаарах онгоцны нислэгийн зардал 6 066 099 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Мөн Солонгос хэлнээс монгол хэл рүү хөрвүүлсэн орчуулгын зардлыг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулсан нь хуулийн үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийг хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо баримтаар нотлоогүй гэж үзэн, уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 505 дугаар үйлийн 505.1, 505.2 дахь хэсгийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь осол гарах үед нэхэмжлэгч жолоодох эрхийн үнэмлэхгүй байхад шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй гэх давж заалдах гомдлын нэг үндэслэлээ болгон тайлбарлаж байна.

Хэргийн баримтаар хариуцагч Л.Д нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр хавсралтын 25-д заасныг зөрчиж, замын тусгаарлах хэсгийн үргэлжилсэн цагаан шугамыг давж эсрэг урсгалд орсноор шулуун замаар явсан нэхэмжлэгч Б:М гийн автомашины баруун хойд дугуйн урд хэсгийг мөргөснөөс түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон. Уг осолд жолооны үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх нэхэмжлэгчийн болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангаж, хохирлын хэмжээг багасгах боломжгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/01664 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 299 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД