Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2020/01664

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Д.Ганболд, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 22 дугаар гудамж, 860 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Тэмүүлэн хотхоны 43а-45 тоот хаягт оршин суух, Б.М /РД:ЕП84040402/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо 5 дугаар гудамж, 87 тоот хаягт оршин суух, Л.Д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 49.585.746 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,

Хариуцагч Л.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч

Иргэдийн төлөөлөгч О.О

Гэрч Т.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Иргэн Л.Д нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны шөнийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлт-ийн замд Dongfeng маркийн 66-48УНУ улсын дугаартай ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр хавсралтын 25-д заасан 7.2 тэмдэглэлийг жолооч зогсоохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1, 7.3, 7.14, 7.16, а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж замын тусгаарлах хэсгийн үргэлжилсэн цагаан шугамыг давж эсрэг урсгалд орсноор шулуун замаар явсан Тоёото марк 2 маркийн 97-02УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.М нь уг авто машины баруун хойд дугуйн урд хэсэг рүү мөргөснөөс иргэн Б.Мгийн эрүүл мэндэд хэлэн доорх ясны хугарал, үүдэн дээд зүүн 1, 2, 3, 4 дүгээр шүдний хугарал, булгарал ... бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 489 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.

Уг шийтгэх тогтоолын 5 дугаар заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Л.Доос 849.500 төгрөгийг гаргуулж хохирогч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэмүүлэн хотхон 43а-45 тоотод оршин суух Б.М /РД:ЕП84040402/-д, 2.905.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 22-860 тоотод оршин суух Б.Мөнх-Эрдэнэ /РД:ЕП88032916/-д тус тус олгуулж, уг хохирлыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Л.Дид үүрэг болгож, хохирогч Б.М цаашид гарах шүдний эмчилгээтэй холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. гэж заасан бөгөөд хохирогч Б.М нь Бүгд найрамдах Солонгос улсын Парк авенью шүдний эмнэлгийн Наслалтын эсрэг имплантын төвд шүдний удаа дараагийн эмчилгээнд хамрагдсан байна.

2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр эмчилгээнд ясан найлзуур хийсэн 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ вон, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 3 имплант суулгалт тус бүр нь 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ вон, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3 гоо сайхны импланттус бүр нь 500.0 /таван зуун мянга/ вон, 1 керимак титэм 700.000 /долоон зуун мянга/ вон, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 4 цул керамик титэм, гигивектоми хийлгэж тус бүр нь 700.000 /долоон зуун мянга/ вон, нийт 12.700.000 /арван хоёр сая долоон зуун мянга/ вон эмчилгээнд зарцуулсан байна.

Мөн Бүгд найрамдах Солонгос улс руу шүд үзүүлэх, эмчилгээ хийлгэх зэрэг удаа дараагийн нислэг хийгдсэн бөгөөд нийт ТИЗ-ны төлбөр 8.065.000 /найман сая жаран таван мянга/ вон, нийт эмчилгээ, тизний төлбөр нийлээд 20.765.000 /хорин сая долоон зуун жаран таван мянга/ воны зардал гарсан байна.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 218.2-т тус тус зааснаар Б.Мгийн Бүгд найрамдах Солонгос улсад эмчилгээ хийлгэсэн, тус улс руу явсан тизний төлбөрийг тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцоход 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 1 вон 2.25 төгрөгийн ханштай байсан ба 2.700.000 вон нь /2.700.000*2.25/= 6.075.000 /зургаан сая далан таван мянга/ төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1 вон 2.17 төгрөгийн ханштай байсан ба 5.100.000 вон нь /5.100.000*2.17/=11.067.000 /арван нэгэн сая жаран долоон мянга/ төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1 вон 2.28 төгрөгийн ханштай байсан ба 2.200.0 вон нь /2.200.000*2.28/=5.016.000 /таван сая арван зургаан мянга/ төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1 вон 2.29 төгрөгийн ханштай байсан ба 2.800.000 вон нь /2 800.000*2 29/=6.412.000 /зургаан сая дөрвөн зуун арван хоёр мянга/ төгрөг, тизний 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдөр 1 вон 2.16 төгрөгийн ханштай байсан ба 667.500 вон нь /667.500*2.16/=1.441.800 /нэг сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга найман зуу/ төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1 вон 2.16 төгрөгийн ханштай байсан ба 687.500 вон нь /687.500*2.16/=1.485.000 /нэг сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1 вон 2.26 төгрөгийн ханштай байсан ба 597.500 вон нь /597.500*2.26/=1.350.350 /нэг сая гурван зуун тавин мянга гурван тавь/ төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1 вон 2.25 төгрөгийн ханштай байсан ба 570.000 вон нь /570.000*2.25/=1.282.500 /нэг сая хоёр зуун наян хоёр таван зуу/ төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1 вон 2.25 төгрөгийн ханштай байсан ба 623.200 вон нь /623.200*2.25/=1.402.200 /нэг сая дөрвөн зуун хоёр мянга хоёр зуу/ төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1 вон 2.25 төгрөгийн ханштай байсан ба 610.000 вон нь /610.000*2.25/=1.372.500 /нэг сая гурван зуун далан хоёр мянга таван зуу/ төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 17- ны өдөр 1 вон 2.22 төгрөгийн ханштай байсан ба 689.200 вон нь /689.200*2.22/=1.530.024 /нэг сая таван зуун гучин мянга хорин дөрөв/ төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 18-ны 1 вон 2.17 төгрөгийн ханштай байсан ба 790.700 вон нь /790.700*2.17/=1.715.819 /нэг сая долоон зуун арван таван мянга найман зуун арван ес/ төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 1 вон 2.19 төгрөгийн ханштай байсан ба 784.100 вон нь /784.100*2.19/=1.717.179 /нэг сая долоон зуун арван долоон мянга нэг зуун далан ес/ төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1 вон нь 2.26 төгрөгийн ханштай байсан ба 789.300 вон нь789.300*2.26/=1.783.818 /нэг сая долоон зуун наян гурван мянга найман зуун арван найм/ төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1 вон 2.27 төгрөгийн ханштай байсан ба 640.600 вон нь /640.600*2.26/=1.447.756 /нэг сая дөрвөн зуун дөчин долоон мянга долоон зуун тавин зургаа/ төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1 вон 2.35 төгрөгийн ханштай байсан ба 615.400 вон нь 615.400*2.35/=1.446.190 /нэг сая дөрвөн зуун дөчин зургаан мянга нэг зуун ер/ төгрөг тус тус болж байгаа бөгөөд нийт 45.098.946 /дөчин таван сая ерэн найман мянга есөн зуун дөчин зургаа/ төгрөг болж байна.

Мөн БНСУ-д эмчилгээ хийлгэсэн баримтын орчуулгад 166.800 /нэг зуун жаран зургаан мянга найман зуу/ төгрөг болсон байна.

Иргэн Б.М нь тухайн гэмт хэрэг гарсан үеэс буюу 2017 оны 06 дугаар сарын 30-аас хойш 2018 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд тодорхой ажил төрөл эрхлээгүй бөгөөд Б.М нь тухайн үед хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан ба орлого нотлох боломжгүй байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гэмт хэрэг гарсан үеэс хойш эмчилгээ хийлгэж дуусах хүртэл хугацаагаар тогтоож байна.

Энэ нь 18 сарын хугацааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240.000 төгрөгөөр тооцон 4.320.000 /дөрвөн сая гурван зуун хорин мянга/ төгрөг болж байна.

Харин Б.М нь БНСУ-д эмчилгээ хийлгэх, үзүүлэх хугацаанд байрлах буудлын төлбөр, хоолны төлбөр зэргийг нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Лхагвасүрэнгийн Дамдиндоржоос гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд эмчилгээний зардалд 12.700.000 вон, тийзийн зардалд 8.065.000 вон, нийт 20.765.000 вон буюу 45.098.946 төгрөг, орчуулгын зардалд 166.800 төгрөг, 2017.06.30-ны өдрөөс 2018.12 сар хүртэлх хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 4.320.000 төгрөг, нийт 49.585.746 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Дээрх 49.585.746 төгрөгөөс 2017 онд Солонгос улс явсан замын зардлыг хасч 42.242.278 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Л.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Лхагвабаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч Ж.Чимэдцэрэнгийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

 

Иргэн Б.М нь нэхэмжлэлдээ Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 49,585,746 төгрөгийг хариуцагч Л.Доос гаргуулах тухай дурдсан байх бөгөөд холбогдох нотлох баримтын хамт шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 зэрэг гэм хорын эрх зүйн зохицуулалтаас үзэхэд гэм хор учруулагч этгээд өөрийн учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байдаг. Харин тус үүрэг ямар хэмжээнд хэрэгжих вэ гэдэг нь нэгдүгээрт зайлшгүй гарсан буюу гарах ёстой зардал, хоёрдугаарт хохирогчийн зүгээс нотлох баримтын хүрээнд хөдөлшгүй нотолж буй холбогдох зардал юм. Эдгээр хоёр шаардлагыг зэрэг хангасан хохирлыг гэм хор учруулагч нь хуульд заасны дагуу төлөх юм.

1.Гэм хорын улмаас учирсан гэмтлийг эмчлүүлсэн эмчилгээний төлбөрийн тухайд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 4 шүдний эмчилгээний зардалд 12.700.000 воны зардал гаргасан хэмээн дурджээ. Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжилж буй үнийн дүнгээс Бүгд найрамдах Солонгос улсын Парк Авенью шүдний эмнэлгийн Наслалтын эсрэг имплантын төвд хийлгэсэн шүдний удаа дараагийн эмчилгээнд гаргасан төлбөрийг гаргуулах шаардлагыг дараах хэд хэдэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Эмчилгээтэй холбоотой баримтуудыг үзвэл Солонгос улсын эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн гэсэн тодорхойлолт байгаа боловч төлбөр төлсөн баримтууд нэг ч байхгүй байгааг анхаарч үзэх нь зүйтэй. Хэдий гэмтэлтэй холбоотой зураг даруулсан, он сар өдрийн хуваарь бүхий төлбөрийн график байгаа ч хохирогчоос яг бодитой гарсан зардлыг хөдөлшгүй нотлоогүй байна хэмээн үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ослын улмаас хохирогчийн 4 шүд унасан байна. Энэ нь ч шинжээчийн дүгнэлт болон Парк Авеньф шүдний эмнэлгийн эмчилгээний зарлагын баримтаас харагдаж байна. Харин эмчилгээ хийлгэхдээ нийт 8 шүдэнд хийлгэсэн байгаа юм. Дэлгэрүүлбэл 2018 оны 11-р сарын 20-ний өдөр шинээр хийлгэсэн шүднээс өөр буюу 11, 12, 13, 14 дугаар бүхий шүднүүдэд 2.800.000 воны зардал гаргажээ. Уг эмчилгээ нь ослоос үүдэж зайлшгүй хийгдсэн гэдэг нь нотлогдохгүй байна.

Түүнээс гадна хариуцагчийн зүгээс шүдний эмчилгээг заавал БНСУ-д эмчлүүлэх шаардлагагүй байсан хэмээн үзэж байна. Энэхүү эмчилгээг эх орондоо хийлгэх бүрэн боломжтой бөгөөд манай улсад энэхүү эмчилгээг мэргэжлийн өндөр төвшинд чадварлаг эмч нар хийж гүйцэтгэж байгаа билээ. Гэвч нэхэмжлэгч нь шүдний эмчилгээг БНСУ-д хийлгэсэн бөгөөд түүний эмчилгээний төлбөр болох 12.700.000 воныг Монгол төгрөгт шилжүүлэн тооцвол /2018 оны 12 сарын 08-ны өдрийн ханшаар/ 29.845.000 төгрөг болж байна. Монголын нэр бүхий сайн чанарын эмнэлгүүдэд энэхүү эмчилгээг хийлгэхэд хамгийн ихдээ 15.000.000-20.000.000 төгрөгийн ханштай байна. Иймээс заавал гадаад улс руу явж эмчилгээ хийлгэх шаардлагагүй байхад гадаад улсад уг эмчилгээг хийлгэн их хэмжээний төлбөрийг нэхэмжилж байгаа нь хариуцагчид хүндээр тусч байна.

Мөн зам тээврийн осол гарах үед нэхэмжлэгч Б.М нь жолоочийн суудлын хамгаалалтын бүсийг бүслээгүй байдаг бөгөөд түүний энэхүү үйлдэл нь Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан (тухайн хэрэг гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан) Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм"-тн 2.3-д Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ", 2.3.6-д хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэх зохицуулалтыг зөрчин жолоо барьж байсны улмаас тэрээр осол гарах үед жолооны хүрд мөргөн 4 шүд нь гэмтсэн байдаг. Иймээс Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно." гэж тус тус заасанчлан гэм хор бий болоход нэхэмжлэгчийн тодорхой хэмжээний буруу байсныг харгалзан үзэж 29.845.000 төгрөгийн эмчилгээний төлбөрийг Монгол улсад тус эмчилгээг үзүүлж буй эмнэлгүүдийн ханшид нийцүүлэн багасгаж өгнө үү.

2.Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй удаа дараагийн нислэгийн зардлын тухайд:

Нэхэмжлэгч ийнхүү нислэгийн зардалд нийт 8.065.000 воныг нэхэмжлэхдээ холбогдох нотлох баримтууд хэмээн Парк Авенью шүдний эмнэлгээс гарган өгсөн эмчилгээний зардлын баримт, мөн БНСУ руу ниссэн нислэгийн билетийг орчуулгын хамт ирүүлсэн байна. Гэвч эдгээр нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй буюу нэхэмжлэгчийн зөвхөн эмчилгээ хийлгэх зорилгоор БНСУ руу явсан гэдгийг нотолж чадахгүй байна. Тодруулбал, хэргийн материалын 9, 10, 11, 12, дэх талуудад Парк Авенью эмнэлгийн зардлын баримтыг орчуулгын хамт ирүүлжээ. Энэхүү баримтад тусгагдсанаар нэхэмжлэгч нь :

a.2018 оны 03 сарын 16-ны өдөр, (Имплантын эмчилгээ хийлгэхэд шаардлагатай хиймэл яс хийлгэсэн)

b.2018 оны 07 сарын 18-ны өдөр, (#22, 23, 24 дугаар шүднүүдэд 3 имплант суулгасан)

c.2018 оны 11 сарын 05-ны өдөр, (Гоо сайхны имлтант хийлгэсэн)

d. 2018 оны 11 сарын 20-ны өдөр, (Буйлны төвшин харилцан адилгүй байдлын улмаас #14, 13, 12, 11 дугаар титмүүдийг буйлны өндөрт тааруулан багасгасан бөгөөд #14, 13, 12, 11, 21, 22, 23, 24 (8 шүд) даралт хийлгэсэн) тус тус эмчилгээг хийлгэн, төлбөрийг төлсөн байна.

е. 2018 дугаар сарын 10-ны өдөр, (4 керамик титэм #14, 13, 12, 11-г бэхжүүлж 4 имплантын титэм суулгасан) зэрэг эмчилгээг хийлгэжээ.

Үүнээс харвал нэхэмжлэгч Б.М эдгээр өдрүүдэд өөрийн шүдний эмчилгээг хийлгэсэн гэж ойлгогдож байна. Гэвч түүний ирүүлсэн бусад баримтууд болох Улаанбаатар болон БНСУ-н Сөүл рүү ниссэн нислэгийн билетүүд нь цаг хугацааны хувьд зөрүүтэй буюу өмнө дурдсан 5 удаагийн эмчилгээ хийлгэсэн үеийн хугацаатай тохирохгүй байна.Тодруулбал, хэргийн материалын 21, 22 дахь талуудад Б.Мгийн нислэгийн билетийн мэдээлэл байх бөгөөд нислэгийн хугацааг харвал 2017 оны 12 сарын 24-ны өдөр Инчоноос Улаанбаатар, 2017 оны 12 сарын 25-ны өдөр Улаанбаатараас Инчон руу чиглэлд нисэхээр байна. Гэвч өмнө хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгч нь 2017 оны 12 сарын 24 болон 25-ны өдөр БНСУ-н Сөүл хотод байрлах Парк Авенью шүдний эмнэлэгт ямар нэг эмчилгээ хийлгээгүй байна.

Мөн хэргийн материалын 23, 24 дэх талуудад авагдсан нислэгийн билетийн мэдээлэлд 2017 оны 12 сарын 02-ны өдөр Инчоноос Улаанбаатар, 2017 оны 12 сарын 04- ны өдөр Улаанбаатараас Инчон чиглэлд, хэргийн материалын 25, 26 дахь талуудад байх онгоцны билетийн мэдээлэлд 2017 оны 08 сарын 24 өдөр Инчоноос Улаанбаатар, 2017 оны 09 сарын 07-ны өдөр Улаанбаатараас Инчон чиглэлд тус тус нисэхээр билет захиалсан болох нь харагдаж байна.

Хэргийн нотлох баримтуудаас үзэхэд хилээр нэвтэрсэн баримт байхгүй бөгөөд нислэгийн тийзийг л орчуулгын хамт хавсаргасан байна. Тийз нь түүнийг Солонгос улсад очсон, Монгол улсад ирсэн гэдгийг бүрэн нотлохгүй бөгөөд захиалгын дараа болон нисэх өдөр хүртэл нислэгээ цуцалж болдог. Тиймээс үнэхээр заасан хугацаануудад хилээр нэвтэрсэн эсэхийг нарийвчлан тодруулах нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой юм

Нэхэмжлэгч нь зөвхөн эмчилгээ хийлгэх зорилгоор БНСУ руу явсан нислэгийн билетийн мэдээллийг бус бусад хувийн зорилгоор явсан билетийн мэдээллийг оруулж хариуцагчаас их хэмжээний нислэгийн зардлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн иргэн Б.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Би БНСУ-д ажиллаж, амьдардаг. Удахгүй Солонгос явна гэх тайлбар өгч байсан бөгөөд тэрээр БНСУ-д амьдардаг гэдэг нь тухайн үед тодорхой болсон байдаг.

Гэвч тэрээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд хандахдаа зөвхөн шүдэндээ эмчилгээ хийлгэх зорилгоор БНСУ руу удаа дараа явсан гэх тайлбарыг өгч, зөвхөн шүдний эмчилгээ хийлгэхээр бус өөр бусад зорилгоор тус улс руу зорчихдоо гаргасан зардлыг хариуцагчаас гаргуулах гэж байгаа нь хуульд болон зүйд нийцэхгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах' мөн зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж тус тус заасны дагуу болсон үйл баримтын талаар үнэн зөв мэдээллийг шүүхэд өгч, хуульд заасан хэргийн оролцогчийн үүргийг шударгаар биелүүлэх үүрэгтэй хэдий ч энэхүү үүргээ биелүүлээгүй буюу шүүхэд худал тайлбар өгсөн нь шүүхэд ирүүлсэн болох нь шүүхэд гаргасан өгсөн нислэгийн билетийн мэдээллүүд нь эмчилгээ хийлгэсэн он, сар, өдөртэй таарахгүй байгаагаас харагдаж байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ." мөн зүйлийн 2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. гэх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь эмчилгээ хийлгэхэд зарцуулагдсан нислэгийн зардлын мөнгийг хариуцагчаас шаардах тохиолдолд тухайн нөхцөл байдлыг бүрэн нотолсон байх ёстой буюу эмчилгээ хийлгэх үед БНСУ руу ниссэн тохиолдолд түүнийг эмчилгээ хийлгэхээр тус улс руу удаа дараа ниссэн гэх тайлбар нотлогдож улмаар хариуцагчаас дээрх зардлыг нэхэмжлэх эрх нь үүсэх юм.

Гэвч нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд болох нислэгийн билетүүд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолж чадахгүй байгаа бөгөөд эдгээр бичмэл баримтууд нь хуульд заасан нотолгооны хэрэгсэл биш юм

Нэхэмжлэгч нь өөрийн бодит нөхцөл байдлыг нотлохын тулд өөрийн гадаад паспортын хуулбарыг шүүхэд гарган өгөх шаардлагатай байсан. Учир нь тухайн хүнийг хилээр гарах бүрт Гадаад паспорт дээр хилээр нэвтэрсэн гэх тамга дарагддаг. Энэхүү баримтыг шүүхэд гарган өгсөн тохиолдолд түүнийг дээрх онгоцны билетийг ашиглан БНСУ руу зорчсон гэдэг нь нотлогдох юм. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс зөвхөн онгоцны билетүүдийг нотлох баримтаар ирүүлсэн нь түүнийг хилээр нэвтэрсэн гэдгийг хангалттай нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт биш байх тул нэхэмжлэлийн шаардлагын удаа дараагийн нислэгийн зардлыг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна.

3.Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухайд :

Б.М нь тухайн гэмт хэрэг гарсан үеэс буюу 2017 оны 06 сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх ажил төрөл эрхлээгүй тул хариуцагчаас тус хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа нь мөн л хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч нь нэхэмжлэгчийг ямар нэг байдлаар уг хугацаанд ажил хөдөлмөр эрхлэхэд нь саад учруулаагүй бөгөөд тухайн зам тээврийн ослоос үүдэн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын байдал нь түүнийг хөдөлмөр эрх боломжгүй байдалд хүргэсэн тухай тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Эрүүл мэнд, Спортын сайд, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2016 оны 06 сарын 30-ны өдрийн А/252/А74 дугаар Иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай ямар тохиолдолд хөдөлмөрийн чадварт алдалт гэж үзэх, хувь хэмжээг нь хэрхэн тодорхойлох, түүний эдгэрэх хугацааг маш нарийн тогтоож өгсөн байдаг. Гэвч нэхэмжлэгч нь уг тушаалд заасанчлан өөрийн хөдөлмөрийн чадвар алдалт нь хэдэн хувь байгааг тогтоолгох, дээрх хугацаанд энэхүү ослоос үүдэн хэрхэн хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон эсэх талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4.Орчуулгын төлбөрийн тухайд:

Орчуулгын төлбөрийн хувьд 166.800 төгрөг баримтаар тогтоогдож байх тул төлөхийг зөвшөөрч байна.

Иргэний хуулийн дагуу гэм хор учруулсан этгээд нь хохирогчид зайлшгүй гарсан зардал, нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй. Эсрэгээрээ хохирогч нь өөрт учирсан хохирлыг үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтын хүрээнд нотлох ч үүрэгтэй. Хариуцагч талын зүгээс уг зөрчилд холбогдсондоо үнэхээр их харамсаж явдаг бөгөөд холбогдох зардлуудыг ч хариуцан арилгана гэсэн байр суурьтай байгаа.

Гэвч нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо хэт өндрөөр үнэлэх, өөрөө сайн дураараа гаргасан зайлшгүй шинжтэй бус зардлуудаа шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. 2017 оны 06 сард гарсан ослоос үүдэн нэхэмжлэгч болох Б.Мгийн 4 шүд гэмтсэн бөгөөд үүнтэй холбоотой эмчилгээний зардлаа жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг Сонгино Хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 24-ны өдрийн 489 дугаар шийтгэх тогтоолд дурдсан байдаг.

Хариуцагчийн зүгээс тухайн үед буюу 2017 оны 11 сард Б.Мгийн эмчилгээний зардалд тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг гарган өгч байсныг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг 15.000.000 төгрөгийн хэмжээнд шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн нь Л.Дид холбогдуулан эмчилгээ болон замын зардалд 20.765.000 вон буюу 45.098.946 төгрөг, орчуулгын зардалд 166.800 төгрөг, 2017.06.30-ны өдрөөс 2018.12 дугаар сар хүртэлх хугацаагаар тооцож нөхөн төлбөрт 4.320.000 төгрөг, нийт 49.585.746 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад 2017 оны замын зардлыг хасч, 42.242.278 төгрөг гаргуулах болгон бууруулж, энэхүү шаардлагаа дэмжсэн болно.

 

Хариуцагч Л.Д нь зам тээврийн ослын улмаас үүдэн дээд 4 шүд гэмтсэнтэй маргахгүй тул уг шүдний эмчилгээний зардлын тал хувь болох 15.000.000 төгрөг, орчуулгын зардал 166.800 төгрөгийн хамт төлөхийг зөвшөөрч, доод үүдэн 4 шүд гэмтээгүй тул замын зардал, нөхөн төлбөр төлөхгүй гэх татгалзлынхаа үндэслэлийг Б.Мгийн жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссантай холбон тайлбарласан.

 

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлт-ийн замд хариуцагч Л.Д нь Dongfeng маркийн 66-48 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр хавсралтын 25-д заасан 7.2 тэмдэглэлийг жолооч зогсоохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1, 7.3, 7.14, 7.16, а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж замын тусгаарлах хэсгийн үргэлжилсэн цагаан шугамыг давж эсрэг урсгалд орсноор шулуун замаар явсан Тоёота Марк-2 маркийн 97-02 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс жолооч Б.Мгийн эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 489 тоот шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

Дээрх 489 тоот шийтгэх тогтоолоор Л.Дийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Л.Дид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ял оногдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Замын цагдаагийн албаны 367 дугаар дүгнэлтэд :... Dongfeng маркийн 66-48 УНУ улсын дугаартай автомашины жолооч Л.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр хавсралтын 25-д заасан 7.2 тэмдэглэлийг жолооч зогсоохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16, а, б, в тэмдэгтүүдийг давахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота Марк-2 маркийн 97-02 УНЧ улсын дугаартай автомашины жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 489 тоот шийтгэх тогтоолд зохигч гомдол гаргаагүй тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, дээрх зам тээврийн осол нь хариуцагч Л.Дийн Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөнтэй холбоотой болох нь тогтоогдож байх тул Б.Мгийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна. /хх-ийн 5-8 тал/

 

Энэ ослын улмаас Б.Мгийн биед хэлэн доорх ясны хугарал, үүдэн дээд зүүн 1, 2, 3, 4 дүгээр шүдний хугарал, булгарал, зүүн шилбэний цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №8621 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. /хх-ийн 120 тал/

489 тоот шийтгэх тогтоолын 5 дах заалтад Б.М нь цаашид гарах шүдний эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримт бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.М нь 2018.03.16-ны өдөр 21,22,23,24 дугаар шүдний эмчилгээнд 6.075.000 төгрөгийн / ясан найлзуур-2.700.000 вон х 2.25 төгрөг/, 2018.07.18-ны өдөр 22,23,24 дугаар шүдний эмчилгээнд 11.067.000 төгрөгийн /имплант-5.100.000 вон х 2.17 төгрөг/, 2018.11.05-ны өдөр 21,22,23,24 дугаар шүдний эмчилгээнд 5.016.000 төгрөгийн /гоо сайхны имплант, керамик титэм-2.400.000 вон х 2.28 төгрөг/, 2018.11.20-ны өдөр 11,12,13,14 дүгээр шүдний эмчилгээнд 6.412.000 төгрөгийн /цул керамик титэм, гигивектоми-2.800.000 вон х 2.29 төгрөг/, нийт 12.800.000 вон буюу 28.570.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой зардлын баримтыг ирүүлжээ.

 

БНСУ-ын Парк Авенью шүдний эмнэлгийн Наслалтын эсрэг имплантын төвийн эмчилгээний зардлын баримт, эрүүл мэндийн гэрчилгээ, эмчийн магадалгаа зэрэг баримтаас үзэхэд Б.Мг дээрх эмнэлэгт 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх эмчилгээ хийлгэсэн, үүнтэй холбоотой зардлыг төлсөн гэж үзэхээр байна.

/хх-ийн 10,12, 14, 92 тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №8621 тоот шинжээчийн дүгнэлт, гэрч Т.Амартүвшингийн мэдүүлэг зэргээс үзэхэд Б.Мгийн үүдэн дээд зүүн 1, 2, 3, 4 дүгээр шүд буюу 21, 22, 23, 24 дүгээр шүд бүрэн булгарсан гэмтэл учирсан болох нь тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй.

Нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас доод үүдэн 11,12,13,14 дүгээр шүдэнд бэхэлгээ болон эмчилгээг Энхийг цацруулагч нүүр ам шүдний цогц эмнэлэгт хийлгэсэн гэж тайлбарласан боловч ийнхүү эмчлүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. /хх-ийн 144 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №8621 тоот шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зам тээврийн ослын улмаас Б.Мгийн доод үүдэн 11,12,13,14 дүгээр шүд гэмтэж, үүний улмаас тэдгээрийг зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай болсон нь баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т:Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь

нөхөн төлбөрт 4.320.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.

 

Нэхэмжлэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан гэх боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр түүний биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 15 хувь нөлөөлнө гэдгийг тогтоосон байх ба тэрээр зам тээврийн осол болсон 2017 оны 06 сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд орлого олох боломжгүй байсныг баримтаар нотолсонгүй.

 

Нэхэмжлэгч нь орчуулгын хөлсөнд 2019.08.26-ны өдөр 22.000 төгрөг, 2019.09.20-ны өдөр 144.000 төгрөг, нийт 166.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх ба Хил хамгаалах ерөнхий газраас Б.Мгийн 2018 оны 03 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны Монгол Улсын хилээр нэвтэрсэнтэй холбоотой баримтыг ирүүлсэн болно. /хх-ийн 15, 48-79, 160 тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зэм тээврийн ослын улмаас Б.Мгийн үүдэн дээд зүүн 4 шүд гэмтсэн, эдгээр шүдийг 2018 оны 03 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд БНСУ-ын Парк Авенью шүдний эмнэлгийн Наслалтын эсрэг имплантын төвд эмчлүүлсэн, тэрээр дээрх хугацаанд Монгол Улсын хилээр нэвтэрсэн болох нь тогтоогдож байх тул энэ хугацааны эмчилгээний зардал, нислэгийн тийзийн үнэ, орчуулгын зардлыг Л.Д хариуцах үндэслэлтэй байна.

 

Иймд баримтаар тогтоогдож буй Б.Мгийн үүдэн дээд зүүн 1, 2, 3, 4 дүгээр шүд буюу 21, 22, 23, 24 дүгээр шүд эмчлүүлэхтэй холбоотой эмчилгээний зардалд 2018.03.16-ны өдрийн 6.075.000 төгрөг, 2018.07.18-ны өдрийн 11.067.000 төгрөг, 2018.11.05-ны өдрийн 5.016.000 төгрөг, нийт 22.158.000 төгрөг,

тийзийн зардалд 2018.03.17-ны өдрийн 1.372.500 төгрөг, 2018.11.16-ны өдрийн 1.447.756 төгрөг, 2018.07.18-ны өдрийн 1.715.819 төгрөг, 2018.05.17-ны өдрийн 1.715.819 төгрөг, нийт 6.066.099 төгрөг, орчуулгын зардал 166.000 төгрөг, нийт 28.390.099 төгрөгийг хариуцагч Л.Доос гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.852.179 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т тус тус зааснаар хариуцагч Л.Доос гэм хорын хохиролд 28.390.099 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.852.179 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Мгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч Л.Доос улсын тэмдэгтийн хураамжид 299.900 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД

 

Т.ЭНХЖАРГАЛ