Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 889

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: Д.Ц*******

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/281 дүгээр тушаалын Д.Ц*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ээлжийн амралт эдлүүлэх, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Цагдаагийн хурандаа Д.Ц******* би 1980 оноос Цагдаагийн байгууллагад ажиллаж, 1986 онд Оросын Холбооны улсад мөрдөн байцаагчийн дээд сургуулийг төгссөнөөс хойш Цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, тасаг, хэлтсийн даргаар 30 жил тасралтгүй ажилласан билээ. 2012 оны сонгуулийн дараа боловсон хүчний нөөцөд гэсэн шалтгаанаар ажлаас хууль бусаар чөлөөлөгдөж, 2 жил гаруй ажилгүй байсны эцэст 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэргэжил арга зүйн хэлтсийн даргаар томилогдсон. 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсээс ирүүлсэн цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул 2016 оны эхний хагас жилд багтаан тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ ирүүлэхийг мэдэгдсэн албан бичигтэй танилцуулсан. 

Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тэтгэвэрт гаргахаар Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал гэнэт гарсныг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр танилцуулсан. Хэрэв би 2016 оны 06 дугаар сардаа багтаж тэтгэвэрт гарах хүсэлтээ өгөөгүй бол захиргааны санаачлагаар дээрх шийдвэрийг гаргах боломжтой гэдгийг ойлгож байна. Миний хувьд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 55 нас хүрээд хуулийн дагуу хүсэлтээ өгөх байсан.

Цагдаагийн удирдлагад амьдралын аргагүй гачигдал гарсныг харгалзан хуулиар олгогдсон жилдээ 1 удаа амралт авах эрхээ эдэлж, хүнд өвчнөөр өвдсөн хүүгээ эмчлүүлэх хүсэлт гаргахад хүлээн аваагүй нь хүнлэг бус, хууль зөрчсөн үйлдэл юм. Миний хувьд олон жил хохирч явахдаа Цагдаагийн байгууллагатайгаа шүүхдэх бодолгүй байсан. Гэвч Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 16 дугаар зүйлийн 16.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь хэсгийг тус тус зөрчсөнөөс гадна Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 зүйлийн 2-т заасан заалтыг зөрчсөн нь Дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоолоор батлагдаж байна.

Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэргэжил арга зүйн хэлтсийн дарга хурандаа Д.Ц*******ыг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлсөн Б/281 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж, мөн Хөдөлмөрийн хуульд заасан ээлжийн амралтыг нь эдлүүлэх, ажилгүй байсан өдрүүдийн цалинг нөхөн олгуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Ц******* Цагдаагийн байгууллагад 1980 оноос хойш Иргэний агаарын тээврийн цагдан сэргийлэх ангид цагдаа, Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга, Улсын мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын гэмт хэрэгтэй тэмцэх албанд хэлтсийн дарга зэрэг албан тушаалд томилогдон цагдаагийн байгууллагад 34 жил ажилласан.

Ийнхүү ажиллах хугацаандаа нэхэмжлэгч Д.Ц******* Цагдаагийн ерөнхий газрын даргын 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 310 дугаар тушаалаар цагдаагийн хурандаа цолоор шагнагдсан бөгөөд уг цол нь Цагдаагийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-д зааснаар “ахлах цол”-ын ангилалд хамаарч байна. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “цагдаа,... байгууллагын генерал, офицер...”/цэргийн тэтгэвэр авах эрхтэй/, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан бөгөөд Д.Ц******* цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн байна.

Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т “ахлах офицер 50 нас хүртэл алба хааж болно” гэж заасан. 

Хууль зүйн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар цагдаагийн алба хаагчийн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрхийг хангах асуудлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасан. 

Д.Ц******* Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан цэргийн алба хаах насны хязгаарт хүрсэн тул 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хүний нөөц, сургалтын хэлтсээс түүнд “Албанаас чөлөөлөх, халах /код-911/ журам”-ын 911.4.1 /Цагдаагийн төв байгууллагын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар алба хаах насны дээд хязгаарт хүрсэн алба хаагчид тэтгэвэр тогтоолгох болсон тухай урьдчилан мэдэгдэнэ/-т заасны дагуу тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөх болсон тухай урьдчилан мэдэгдэж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/281 дүгээр тушаалаар Д.Ц*******ыг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор үүрэгт ажлаас чөлөөлж, Цагдаагийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д зааснаар “цагдаагийн хурандаа” цолыг хадгалуулсан.

Мөн Д.Ц*******т 2016 оны ээлжийн амралтын олговрыг түүний 2015 оны 10 дугаар сард ээлжийн амралт эдэлсэн хугацаанаас хойших ажилласан хугацаанд ногдох олговор болох 1.255.169 /нэг сая хоёр зуун тавин таван мянга нэг зуун жаран ес/ төгрөгийг олгосон.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар Д.Ц*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.Ц*******аас гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/281 дүгээр тушаалын Д.Ц*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах , урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ээлжийн амралт эдлүүлэх, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Б*******гөөс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2016/01 дүгээр мэдэгдэх хуудсаар Гэмт хэрэгтэй тэмцэх албаны Мэргэжил, арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ц*******т 2016 оны эхний хагас жилд багтаан цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ харьяалах нэгж албаар уламжлуулан ирүүлэхийг мэдэгджээ. 

Нэхэмжлэгч Д.Ц******* 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад хандан “...Би цаашид цагдаагийн байгууллагад дахин нэг жил ажиллах хүсэлтэй байгаа тул тэтгэвэрт гарах хугацааг нэг жилээр хойшлуулж өгөхийг Гэмт хэрэгтэй тэмцэх албаны даргаар уламжлуулан таниас хүсье.” гэж гаргасан өргөдөлд 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2б/1959 дүгээр албан бичгээр “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу нэр бүхий алба хаагчийн цаашид үргэлжлүүлэн ажиллуулах хугацааг сунгах, /хойшлуулах/ эрх зүйн зохицуулалт байхгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.” гэсэн хариуг Гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга, туслах комиссар Д.Батсайханд өгч, хувийг цагдаагийн хурандаа Д.Ц*******т явуулсан байна. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/281 дүгээр тушаалын 1 дэх заалтаар Гэмт хэрэгтэй тэмцэх албаны Мэргэжил, арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ц*******ыг тэтгэвэр толгоолгохоор ажлаас 5 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, “цагдаагийн хурандаа” цолыг хадгалуулжээ.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5/-д зааснаар цагдаагийн байгууллагын офицер тэтгэвэр авах эрхтэй бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2.-т зааснаар ахлах цол болох цагдаагийн хурандаа цолтой албан хаагч /тухайн үед мөрдөж байсан нэр томъёогоор бичив/ Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн  13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар ахлах офицерийн албыг 50 нас хүртэл хааж болохоор зохицуулсны дагуу тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл хуулийн дээрх заалтуудыг зөрчөөгүй байна. 

Гэвч Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 2.-т “Энэ зүйлийн 1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цэргийн өндөр мэргэжил, дадлага сайтай зарим офицер, ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 5 хүртэл жил сунгаж болно.“ гэж заасныг буюу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дээрх заалтыг зөрчиж Цагдаагийн ерөнхий газрын дарга нэхэмжлэгч Д.Ц*******аас гаргасан алба хаах хугацаа хойшлуулах буюу сунгуулах тухай өргөдлийг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэлгүй, эрх зүйн зохицуулалт байхгүй гэж хариу өгч тэтгэвэр толгоолгохоор ажлаас 5 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлснийг зөвтгөх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/281 дүгээр тушаалын Д.Ц*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл тооцож 5 сар 6 хоногийн цалин 7931591 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ээлжийн амралт эдлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1., 106.3.12. дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 2., Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6., Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ц*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/281 дүгээр тушаалын Д.Ц*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 5 сар 6 хоногийн цалин 7931591 /долоон сая есөн зуун гучин нэгэн мянга таван зуун ерэн нэгэн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ээлжийн амралт эдлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц*******т олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.ДАМДИНСҮРЭН