Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 154

 

Э.Б-ы нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:  М.Батсуурь

Шүүгчид:                      Г.Банзрагч

                                       Д.Мөнхтуяа

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Э.Б-ыг шилжүүлэн ажиллуулах тухай” Б/47 дугаар захирамж, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/91 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, үүрэгт ажилд хуулийн дагуу зохих ёсоор эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах шийдвэр гаргуулах,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0897 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 109 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, өмгөөлөгч Э.Г, Д.Мөнхтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, өмгөөлөгч М.Б,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0897 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан Э.Б-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан ...Нийслэлийн Засаг даргын Э.Б-ыг шилжүүлэн ажиллуулах тухай 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/47 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хоёр дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус баримтлан Э.Б-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/91 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Э.Б-ыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын даргын үүрэг гүйцэтгэгч албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 6 сар 21 хоногийн цалин болох 9,959,497 төгрөгийг мөн хугацаанд холбогдох татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган тооцож нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 109 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 897 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, өмгөөлөгч Д.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүхээс “Анхан шатны шүүх ...Э.Б-ыг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойших хугацаанд ямар зөрчилд нэхэмжлэгчийг буруутгаж сахилгын арга хэмжээ авсан болон үүрэг даалгавар биелүүлээгүй талаарх баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй гэх дүгнэлтийг хийж хэрэг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзлээ" гэснийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-т “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/91 дүгээр захирамжид ямар зөрчил гаргасныг тодорхой дурьдаагүй, хариуцагч шүүхэд тушаалын үндэслэлд байхгүй зүйлийг нөхөн үндэслэлгүй тайлбар өгсөн байдаг энэхүү тайлбартай холбоотой нотлох баримтыг шаардах нь хуульд нийцэхгүй болно.

4. Давж заалдах шатны шүүхээс “Нэхэмжлэгч Э.Б нь 2016 оны 08 сарын 29-ний өдрөөс уг албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан байх бөгөөд дээр дурьдсан аудитын байгууллагын тайлан гарсан, тухайн гарсан гэх зөрчлүүдтэй холбоотой халсан талаар хариуцагч бичгийн тайлбаруудыг ирүүлсэн байхад шүүхийн шаардсан нотлох баримтыг ирүүлээгүй сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна" гэснийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т "Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй" гэж заасныг зөрчсөн байна.

5. Нийслэл дэх Төрийн аудитын газрын нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг гаргахдаа 2015-2017 оныг дуустал хугацааг хамруулдаг. Нийслэлийн газрын алба. Нийслэлийн засаг дарга хамтран гүйцэтгэдэг үйл ажиллагаанд ямар нэгэн зөрчил байлаа ч тэрхүү зөрчил нь 2018 оныг дуустал хугацаанд илрүүлэх боломжтой хугацаа юм. Түүнчлэн Э.Б нь Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны даргаар 2016 оны 08 дугаар сард томилогдсон үеэс хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хуулийн дагуу хэвийн гүйцэтгэж ирсэн. Үүнийг Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны 2016 оны сүүлийн хагасаас 2019 оны эхний улирлын үйл ажиллагааны үр дүн, түүнийг дүгнэсэн харьяа дээд байгууллага болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өгсөн үнэлгээ нотолно.

6. Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт. Геодези, зураг зүйн газар нь 2017, 2018 онд Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-наас зохион байгуулсан ажлыг үнэлж “Шилдэг ажил”, “Шилдэг менежер"-ийн шагналаар тус тус шагнасан, Нийслэлийн Засаг даргаас зарласан “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил-ийн хүрээнд иргэдийн эрүүл, тав тухтай, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан ‘Тазар чөлөөлөлтийн ажил” нь олон нийтийн талархлыг хүлээж, салбарын 2018 оны “Шилдэг ажил“'-аар шалгарсан, нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20 дугаар хуралдаанаар хэлэлцэж 92.5 хувьтай буюу “'бүрэн хангалттай” гэж үнэлсэн, Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөний биелэлтийн хувьд 2017 онд 30,500.0 сая төгрөг төвлөрүүлэхээс 34,448.0 сая төгрөг төвлөрүүлж 112.9 хувь, 2018 оны газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө 31,500.0 сая төгрөг төвлөрүүлэхээс 41,070.9 сая төгрөг төвлөрүүлж 130.4 хувь, 2019 оны 1-р улирлын газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө 9,500.0 сая төгрөг төвлөрүүлэхээс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 12,183.2 сая төгрөг төвлөрүүлж 128.2 хувиар тус тус нийслэлийн төсвийн газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлж ирсэн байна.

7. Төрийн аудитын тухай хуулийн 28.2.2-т төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг төрийн аудитын байгууллага эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэхээр заажээ. Нийслэл дэх Төрийн аудитын газраас ирүүлсэн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/127 дугаар актын биелэлтийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор, 01/158 дугаар албан шаардлагын биелэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гарган ирүүлэхийг даалгасан байна. Хуулиар заасан хугацаа болоогүй байхад Э.Б-ыг Нийслэл дэх Төрийн аудитын газрын нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангаар холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд илт хууль бус гэж үзэж байна.

8. Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 867 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1,8-д заасныг үндэслэн Э.Б-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан "...Нийслэлийн Засаг даргын Э.Б- шилжүүлэн ажиллуулах тухай 2019 оны 03 сарын 29-ний өдрийн Б/47 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

9. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Газрын алба/хуучин нэрээр/ нь нийслэлийн нутаг дэвсгэрт газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий захиргааны байгууллага юм. Тус агентлагийн хуулиар хүлээсэн чиг үүрэгт өөрчлөлт оруулаагүй байхад нэрийг нь Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоолоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба гэж өөрчилсөн нь уг байгууллагыг өөрчлөн байгуулж буй хэрэг биш бөгөөд гагцхүү хуулийн этгээдийн оноосон нэрийг өөрчилж байгаа хэрэг гэж үзэж байна. Учир нь хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, оноосон нэрийг өөрчлөх зэрэг нь өөр, өөр утга агуулга бүхий хууль зүйн нэр томьёо бөгөөд хууль зүйн хувьд харилцан

10. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 109 тоот магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 867 дугаар шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд: Анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/91 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Э.Б-ыг Нийслэлийн газар зохион байгуулалтын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 6 сар ажлын 21 хоногийн цалин 9.959.497 төгрөгөөс мөн хугацааны холбогдох тавар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган тооцож нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

12. Төрийн албаны тухай хуульд үүрэг гүйцэтгэгч гэх хууль зүйн ойлголт байхгүй бөгөөд Э.Болрчулууныг Нийслэлийн газар зохион байгуулалтын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн боломжгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэхтэй холбоотой зохицуулалтыг хуульчилсан. Э.Б-ы нь даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу түр орлон гүйцэтгэж байсан тул тухайн албан тушаалд эгүүлэн томилох нь дээрх хуульд нийцэхгүй юм. Түүнчлэн Э.Б- нь түр орлон гүйцэтгэгч учир Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдахгүй юм. Шүүхээс гарах шийдвэр нь бодит байдалд биелэгдэх боломжтой байх ёстой ба анхан шатны шүүхийн шийдвэрийг дээрх үндэслэлээр биелүүлэх боломжгүй байгаа болно.

13. Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг тус тус зөрчин хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

14. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тухайд: Давж заалдах шатны шүүхээс хэдийгээр хариуцагчийн гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан боловч хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байгаа ба давж заалдах шатны шүүх хуралдаанд ч энэ талаар тайлбарласан. Нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул үүрэг гүйцэтгэгчээр эгүүлэн томилуулахаар буюу нэхэмжлэлд дурдсан шаардлагыг шүүхэд гаргах эрхгүй этгээд юм.

15. Давж заалдах шатны шүүхээс “... Э.Б- нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа тухайн зөрчлүүдийг гаргасан эсхүл гаргаагүй болох нь хэрхэн нотлогдож байгаа, хэрэв зөрчил гаргасан бол зөрчлийн шинж байдалд тухайн шийтгэл тохирсон үгүй, улмаар актын үндэслэл болон хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийг захиргааны хэргийн шүүх тодруулах, дүгнэлт хийх шаардлагатай..." гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

16. Хариуцагчаас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй учир нь сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй буюу нэхэмжлэгч нь зөрчил гаргасан болох нь Нийслэл дэх Төрийн аудитын газрын “Нийслэл дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангаар бүрэн нотлогдож байгаа болно.

17. Аудитын тайланд “... газрын албаны чиг үүргийн хэрэгжилтийг үр нөлөөтэй гэж дүгнээгүй, газрын батлагдсан төлөвлөгөөг баргштладаггүй, мөрддөггүй, газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр олгодог, газар олголтын үр дүн хангалтгүй, газар зохион байгуулалтад тавих хяналт үндсэндээ байхгүй, мэдээллийн сангийн хөтлөлт үр дүн муутай, газрын төлбөр хураамжийн орлогыг үнэн зөв төлөвлөж чаддаггүй ба нийт 119.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн...” гэсэн маш ноцтой дүгнэлтүүд тусгагдсан ба эдгээр нь нэхэмжлэгчийн Ажлын байрны тодорхойлолтоор заагдсан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг бүрэн нотлох юм. Давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт өгөн шийдвэрлэх боломжтой байсан.

18. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0897 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 109 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

19. Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэлд болон маргааны үйл баримтад холбогдуулж хийвэл зохих дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна.

20. Маргаан бүхий захиргааны актаар “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ...аудитын тайлангаар холбогдох хууль тогтоомж зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан, шүүх уг актын үндэслэл тус бүрт холбогдуулж маргааны үйл баримтыг дүгнэх шаардлагатай байхад “... хариуцагчаас ямар үүрэг даалгаврыг өгч, хэрхэн биелүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, ... аудитын шалгалтанд хамрагдсан хугацаанд гаргасан зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах боломжит хугацаа дууссан” гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзлээ.

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-т “... шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж заасан, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд холбогдуулж, хариуцагчаас ямар баримт шаардсан болох, шүүхийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн, эсхүл биелүүлээгүйтэй холбоотой ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, энэ тохиолдолд “... үүрэг даалгаврыг өгч, хэрхэн биелүүлээгүй талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй, үүнийг дүгнэж, магадлалд тодорхойлсны дагуу хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг бүрдүүлж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

22. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах журмаар “хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх боломжийг хангаагүй, нотлох баримт үнэлж дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн” гэж хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаалгах гомдол гаргасан, давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ... үүрэгтэй” гэсний дагуу тус гомдлын хүрээнд хэргийг хянаж, дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан, иймээс хариуцагчийн өмгөөлөгч М.Бадралын хяналтын журмаар “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй юм.

23. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, хариуцагчийн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 04/1885 дугаартай “Сонсох ажиллагааны мэдэгдэл”-д, нэхэмжлэгчээс 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “... удирдлагаас хэзээ хаана өгөгдсөн ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох талаар тодорхой бичээгүй, ... гүйцэтгэлийн аудитын тайлан эцэслэн гараагүй тул энэхүү мэдэгдлийг хүлээн авах боломжгүй байна” гэх тайлбар бичсэн, үүнээс үзвэл анхан шатны шүүхээс тодруулбал зохих асуудлууд “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдэх, ... сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй эсэх,... хэрэгт цугларсан нотлох баримт, хариуцагчийн тайлбар зэргийг үнэлээгүй талаар” давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан “... захирамжид ямар зөрчил гаргасныг тодорхой дурдаагүй, тушаалын үндэслэлд байхгүй зүйлийг нөхөн үндэслэлгүй тайлбар өгсөн /байхад/, үүнтэй холбоотой нотлох баримт шаардах нь хуульд нийцэхгүй, ... хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтаа гаргаж өгөөгүйд нэхэмжлэгч буруугүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

24. Мөн нэхэмжлэгч нь, нийслэлийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/47 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй учир шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийхгүй.

25. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, өмгөөлөгч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Б нарын хяналтын журмаар тус тус гаргасан гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 109 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахад нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                      Ч.ТУНГАЛАГ