Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 251

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Г.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Улайр Онход Гонгорын Шинэбаярт холбогдох эрүүгийн 1818002600170 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улайр Онход Гонгорын Шинэбаяр, 1984 оны 01 дүгээр сарын 01-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 2 дугаар байрны 8 тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТЛ84010175 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.Шинэбаяр нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, байгаль орчинд 1,122,900 төгрөгийн хохирол,

Мөн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, байгаль орчинд 2.242.367 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Г.Шинэбаяр нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж байгаль орчинд 1 122 900 төгрөгийн хохирол,

2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, байгаль орчинд 2 242 367 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

   Шүүгдэгч Г.Шинэбаярын өгсөн: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цэхэр цөөрөм гэх газарт алт ихээр гарч байгаа талаар би хүмүүсээс сонссон. Ингээд хувиараа алт олборлоё гэж бодоод өөрт байсан мөнгөөр

2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр "ББЭ транс" ХХК-ын захирал Буд гэх хүнтэй уулзаж Doosan 2900 экскаваторыг операторчний хамт түрээслэн авахаар тохиролцож гэрээ хийж бэлнээр 6 000 000 төгрөг өгсөн. 2018 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр "Батжин транс" ХХК-ны захирал Батцэнгэл гэх хүнтэй мөн түрээсийн гэрээ хийн Dооsan 5000 маркийн экскаваторыг операторчний хамт түрээслэхээр болоод бэлнээр 10 000 000 төгрөг өгсөн. Тэгэхдээ мөн манай найз Алтангэрэлээр яриулж найз Ариука гэх залуугийн хашаанд нь байсан экскупер буюу усан бууг 60 000 000 төгрөгөөр авахаар тохирч мөнгийг нь үйл ажиллагаа явуулж байгаад өгөхөөр тохиролцож авсан. Ингээд уг 2 экскаваторыг, усан бууны хамт Улаанбаатар хотоос 2018 оны 4 дүгээр сарын 01-ны өглөө 3 трайлерыг тус бүрийг нь 1 500 000 төгрөгөөр түрээслэн ачуулж Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Бугатын даваа хүртэл тээвэрлүүлсэн. Бугатын даваанд ирэхэд 2018 оны 4 дүгээр сарын 01-ний орой болсон байсан. Үүнээс цааш 2 экскаваторыг хөлөөр нь, усан бууг чирүүлээд 24 цаг явуулж Цэхэр цөөрөм дээр аваачсан. Би Улаанбаатар хот явахын өмнө Цэхэр цөөрөм дээр 2 гэр бариад туслах ажилчнаар 5 хүн ажиллуулахаар авч очсон байсан. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нь ойр зуурын засвар үйлчилгээ хийх, байрлах гэр орноо янзалж өнгөрүүлээд 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шууд алт олборлох ажилдаа орсон. Миний буусан газар өмнө нь хүмүүс хөрсийг нь хуулаад олборлолт явуулсан талбай байсан. Намайг Шарын гол сум руу 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр явсан хойгуур Цагдаагийн байгууллагаас шалгалтын хүмүүс ирээд манай үйл ажиллагааг зогсоосон байсан. Ингээд би үйл ажиллагаагаа явуулахгүй хэд хоносон бөгөөд намайг цагдаагаар явж байх хугацаанд техникүүдийн түрээс болон ажилчдын цалин өгөх хугацаа болж эхэлсэн болохоор мөнгө олохоор ахиад 2018 оны 4 дүгээр сарын 19-ны ажиллуулж эхэлсэн. Ингэхдээ анх ажиллаж байсан яг тэр газартаа ажилласан бөгөөд ямар нэгэн байдлаар байрлал өөрчлөөгүй. Ингээд анх ухаж байсан газраа томруулаад эргэн тойронд нь ус тогтоох зорилгоор 4 газарт нуур үүсгэсэн. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байгаад Цагдаагийн газраас ирсэн шалгалтын хүмүүст баригдсан. Би хохирлоос 3 сая төгрөг төлсөн, үлдэх хохирлоо төлж барагдуулна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

   Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

   Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч, Хонгор сумын засаг дарга Х.Атархишигийн өгсөн: 2018 оны 8 дугаар сараас хойш манай Хонгор сумын 2-р баг Цэхэр цөөрөм гэх газар иргэд том оворын техник төхөөрөмж ашиглаж хууль бусаар газрын  хэвлийд халдаж байгаа асуудлыг мэдэж байгаа. Би өөрийн биеэр 2 удаа шалгалт хийсэн тухайн үед ажиллаж байсан иргэдийг Цагдаагийн байгууллагад мэдэгдэж хамтран ажиллаж байсан. Би Г.Шинэбаяр гэх хүнийг танихгүй Хонгор суманд ямар нэгэн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй. Г.Шинэбаяр гэх хүнээс эрүүгийн 1818002600170 дугаартай хэрэгт байгаль орчинд учруулсан хохирол 1 122 900 төгрөгийн хохирол учруулсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчинд учруулсан хохирлыг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3 290 647 төгрөг болж байгаа бөгөөд үүн дээр нөхөн сэргээлтийн төлбөр 925 841 төгрөгийг нэмж нийт 4 216 489 төгрөгийг, эрүүгийн 1818003320214 дугааратай хэрэгт нийт 2 242 637 төгрөгийн хохирол учруулсан үүнийг Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн тооцох журмын дагуу нэмэгдэн бодогсон 6 182 835 төгрөгөөр тооцож нэхэмжлэх бөгөөд үүн дээр  нөхөн сэргээлтийн зардал болох 1 963 687 төгрөгийг нэмж нийт 12 273 012 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх 23-24/,

   Гэрч М.Мөнхтүвшингийн өгсөн: Дархан-Уул аймагт гэртээ байж байтал телевизийн зараар Шарын голд туслах ажилчин авна гэсэн зар байхаар нь залгаж асуухад Шарын голд сар хүрэхгүй ажиллана тэгээд 500 000 төгрөг өгнө өөр хүмүүс байна уу гэхээр нь найз болох Дорждэрэм, Одгэрэл, Мөнхзаяа, Уртнасан нарыг дуудаад ажиллахаар болсон. 2018  оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум Цэхэр цөөрөм гэх газар ирсэн. Уг газарт ирээд хоёр хоног ажиллаж байтал Мэргэжлийн хяналтын газрын дарга гэсэн хувцастай нэг махлаг ах ирсэн тэгээд усан бууг лацдаад үйл ажиллагааг зогсоогоод явсан. 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр уг амны урд хүмүүс ухчихсан газарт усан буугаа байрлуулаад манай экскаватор нэг хэсэг газар ухаж байгаад орой болохоор 21 цагийн орчим зогссон. 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өглөө уг газарт ажиллаж байхад цагдаа нар ирээд үйл ажиллагааг зогсоосон гэх мэдүүлэг /хх 27/,

                        Гэрч Б.Дорждэрэмийн өгсөн: Дархан-Уул аймагт гэртээ байж байтал манай найз Мөнхтүвшин ажилд хамт явах уу цалин нь сар хүрэхгүй хугацаанд 500 000 төгрөг өгнө гэнэ гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цэхэр цөөрөм гэх газарт найз Мөнхтүвшин, Мөнхзаяа, Уртнасан, Одгэрэл нарын  хамт ирсэн. Уг газарт ирээд эхний нэг хоногт усан бууг нь холбоод ойр зуурын экскаватор ажиллаж байхад хэрэгтэй зүйлүүдийг нь дөхүүлж өгөөд хоёр дахь  хоногт нь усан буу нь ажиллаад 6-7 цаг ажилласан. Тэгээд ажиллаж байтал Мэргэжлийн хяналтын газрын дарга гэсэн хувцастай нэг махлаг ах ирсэн тэгээд усан бууг лацдаад үйл ажиллагааг зогсоогоод явсан. Тэгээд 2018 оны 4 сарын 05-ны өдөр уг амны урд хүмүүс ухчисан газарт усан буугаа байрлуулаад манай экскаватороор хэсэг газар ухаж байгаад орой болохоор 21 цагийн орчим зогссон. 2018  оны 4 дүгээр сарын 06-ны өглөө уг газарт ажиллаж байхад цагдаа нар ирээд үйл ажиллагааг зогсоосон гэх мэдүүлэг /хх 28/,

            Гэрч П.Цэрэнбатын өгсөн: Би "Батжин транс" ХХК-нд ажилладаг. 2018  оны 3 дугаар сарын 26-ны өдөр манай компанийн захирал Батцэнгэл намайг Дархан-уул аймгийн Хонгор суманд Шинэбаяр гэх хүнтэй хамтраад ажиллаж бай гэсэн. Тэгээд уг газарт ирээд ажиллаж байхад Мэргэжлийн хяналтын дарга Бат-Эрдэнэ гэх хүн ирээд үйл ажиллагааг зогсоогоод манай усан бууг лацдаад явсан. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ажиллаж эхлээд өнөөдөр өглөө дахин ажиллаж байхад цагдаа нар ирээд үйл ажиллагааг зогсоосон. Би "Батжин транс" ХХК-д экскаваторын операторчин ажилтай. Шинэбаяр гэх хүнтэй түрээсээр ажиллаж байгаа. Би компаниасаа цалин авдаг. Намайг уг газарт 2 мерт ухаад шороог нь хажууд нь гаргаад тавиад бай гэхээр нь хэлснээр нь ухаад байсан. Шинэбаяр гэх хүн үндсэндээ 2 хоногийн өмнөөс ирж бид нарыг удирдан ажиллаж байгаа гэх мэдүүлэг /хх 29, 133/,

            Гэрч Б.Батцэнгэлийн өгсөн: "Батжин транс" ХХК-ны захирал ажилтай. Манай компани уул уурхайн хөрс хуулалт хийдэг операторын үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Шинэбаяр гэх залуу хувиараа Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р баг, Цэхэр цөөрөм гэх газар хувиараа алт олборлох чиглэлээр уурхай ажиллуулж байгаа Dooson-5000 загварын экскаваторыг нэг сарын 40 сая төгрөгөөр түрээслэж авахаар болсон. Тэгээд би өөрийн компанийн 2 операторчин, 1 туслах операторчинд цалинг нь би өөрөө өгөхөөр болоод явуулсан. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр манай операторчин Цэрэнбат над руу залгаад уг газарт ажиллаж байхад цагдаагаас ирээд үйл ажиллагааг зогсоосон бичиг баримтгүй газар байна гэхээр нь би түрээсийн мөнгөө авах гээд Шинэбаяртай ярилцахад хэд хоног ажиллаад мөнгийг чинь өгнө гээд одоо болтол 25 сая төгрөгөө өгөөгүй байгаа.  гэх мэдүүлэг /хх 30-31, 125-126/,

            Гэрч Т.Будын өгсөн: Би "ББЭ транс" ХХК-ийн захирал ажилтай. Манай байгууллага хүнд машин механизмын худалдаа, түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллагаас иргэн Г.Шинэбаяр нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 2900 LC маркийн 3602 УБ улсын дугаартай экскаваторыг 3 сарын хугацаатай түрээслэхээр түрээсийн гэрээ хийсэн. Ингээд гэрээ ёсоор төлбөрөө хийх ёстой болоход Шинэбаяр цагдаад баригдаад манай экскаваторыг журамлуулсан байсан. Ингээд өөртэй нь уулзахад экскаваторыг чинь авч өгнө, удахгүй гэж хэлээд 2 сар шахам хугацаа өнгөрч байгаа. Ингээд аргаа бараад өөрсдөө экскаватороо авахаар ирсэн юм гэх мэдүүлэг / хх  32/,

            Гэрч Д.Зоригтын мэдүүлэг /хх 127/, С.Ууганбаяр /хх 128/, П.Мэндбаяр /хх 125/, Э.Буяндэлгэр /хх 130/, Г.Гансүх /хх 131/, М.Алтанхүү /хх 132/ нарын мэдүүлэг,

"Монслов" ХХК-ний Байгаль орчинд учруулсан эдийн засгийн үнэлгээний тайлан /хх 49-57, 135-144/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9, 113-120/, шүүгдэгчийн эзэмшлийн усан буу 1 ширхэг, усны насос 1 ширхэг, 380 вт-ын цахилгаан гаргагч мотор 1 ширхэг зэргийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018.6.23-ны өдрийн тогтоол /хх 13/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Шинэбаяр нь хоёр удаагийн үйлдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд хууль бусаар халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан "тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь 2018. 3.26-ны өдрөөс 2018.4.06-ны өдөр хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутгийн “Цэхэр цөөрөм” гэх газарт хууль бусаар олборлолт явуулж байгаль орчин, түүний баялагт 1 122 900 төгрөгийн хохирол,

2018.4.06-25-ны өдөр хүртэл хугацаанд 2 дахь удаагийн үйлдлээр 2 242 367 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр /хх 53, 140/ тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчин түүний баялагт учруулсан хохирлыг 3 365 537 төгрөг гэж үзэх бөгөөд,

Дээрх хохирлыг Байгаль орныг хамгаалах тухай 49-р зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар БОАЖ-ын сайдын 2010.5.27-ны А-156 дугаар тушаалаар баталсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал"-ын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр нь тооцож, хохирлын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1 122 900 төгрөгийг 3 290 647 төгрөг, 3 365 537 төгрөгийг 6 182 835 төгрөгөөр тооцсон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дээрх хохирлоос гадна 684.98 мкв талбайн нөхөн сэргээлтийн ажлын зардал гэх 925 841 төгрөг, 1487.54 мкв талбайн нөхөн сэргээлтийн ажлын зардал 1 963 687 төгрөгийг нэмж, шүүгдэгчээс нийт 12 363 100 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.  

 Шүүгдэгчийн шүүхийн шатанд хохирлоос нөхөн төлсөн 3 000 000 төгрөгийг төлбөл зохих 12 363 100 төгрөгөөс хасаж тооцохыг дурдах нь зүйтэй байна.

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Г.Шинэбаяр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 70-р  хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т "...бусдад учруулсан хохирлын нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна" заасныг журамлан хохирол нөхөн төлүүлэх зорилгоор мөрдөгчийн 2018.6.23-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Г.Шинэбаярын эзэмшлийн 12 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий усан буу /алт угаах төхөөрөмж/ 1 ширхэг,  220 000 төгрөгийн үнэлгээ бүхий усны насос 1 ширхэг, 450 000 төгрөгийн үнэлгээ бүхий 380 вт-ын цахилгаан гаргагч мотор 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж, хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч Г.Шинэбаярт холбогдох эрүүгийн 1818003320214 дугаартай хэргийг эрүүгийн 1818002600170 дугаартай хэрэгт нэгтгэсэн хяналтын прокурорын 2018.6.14-ний өдрийн 23 дугаартай тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Эрүүгийн 1818002600170 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Улайр Онход Гонгорын Шинэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж байгаль орчин түүний баялагт 3 365 537 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Шинэбаярыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.   

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Шинэбаярт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Шинэбаярын эзэмшлийн 12 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий усан буу /алт угаах төхөөрөмж/ 1 ширхэг,  220 000 төгрөгийн үнэлгээ бүхий усны насос 1 ширхэг, 450 000 төгрөгийн үнэлгээ бүхий 380 вт-ын цахилгаан гаргагч мотор 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Шинэбаяраас 9 363 010 /есөн сая гурван зуун жаран гурван мянга арав/ төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

5.Эрүүгийн 1818002600170  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Шинэбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ