Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 207

 

Г.Ш-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар магадлалтай, Г.Ш-т холбогдох 1818002600170 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндагийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй У овогт Г.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ш-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж байгаль орчин түүний баялагт 3,365,537 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-т хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар шүүгдэгч Г.Ш-ыг тэнссэн 3 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Ш-ын эзэмшлийн 12,000,000 төгрөгийн үнэ бүхий усан буу /алт угаах төхөөрөмж/ 1 ширхэг, 220,000 төгрөгийн үнэ бүхий усны насос 1 ширхэг, 450,000 төгрөгийн үнэ бүхий 380 вт-ын цахилгаан гаргагч мотор 1 ширхэг зэргийг хурааж улсын орлогод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Dooson 480LCA маркийн экскаваторын үнэ 150,000,000 төгрөг, Hyundei Robex 2900LC-3 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 18,000,000 төгрөг, нийт 168,000,000 төгрөг гаргуулж улсын орлогод тус тус оруулахаар шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Ш-ын эзэмшлийн 12,000,000 төгрөгийн үнэ бүхий усан буу /алт угаах төхөөрөмж/ 1 ширхэг, 220,000 төгрөгийн үнэ бүхий усны насос 1 ширхэг, 450,000 төгрөгийн үнэ бүхий 380 вт-ын цахилгаан гаргагч мотор 1 ширхэг зэргийг хурааж улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 250 грамм алтны үнэ болох 25,564,282.5 төгрөгийг шүүгдэгч Г.Ш-аас гаргаж улсын орлогод оруулсугай” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Dooson 480LCA маркийн экскаваторын үнэ 150,000,000 төгрөг, Hyundei Robex 2900LC-3 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 18,000,000 төгрөг, нийт 168,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ш-аас гаргаж улсын орлогод оруулсугай” гэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг гаргасан эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг зөвтгүүлэхээр прокурорын эсэргүүцэл гаргаж байна. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалт буюу “...шүүгдэгч Г.Ш-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Doosan 480LCA маркийн экскаваторын үнэ 150,000,000 төгрөг, Hyundai Robex2900LC-3 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 18,000,000 төгрөг, нийт 168,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ш-аас гаргаж улсын орлогод оруулсугай” гэснийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд л түүнийг хураан авахаар хуульчилсан байх ба шүүгдэгч Г.Ш- нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар алт олборлолт, хайгуул явуулахдаа “Батжин транс” ХХК-ийн өмчлөлийн Doosan 480LCA загварын экскаватор, “ББЭ транс” ХХК-ийн өмчлөлийн Hyundai Robex2900LC-3 загварын экскаваторыг тус тус түрээсийн гэрээгээр авч ажиллуулж ашигласан байхад анхан шатны шүүх эдгээр экскаваторуудын үнэ болох 168,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ш-аас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарласан гэж үзнэ” гэсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийн үнийг гаргуулахаар тогтоосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалт хуульд нийцсэн, үндэслэл бүхий байхад дээрх заалтын зарим хэсгийг буюу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох нийт 168,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ш-аас гаргаж улсын орлогод оруулсугай гэснийг хүчингүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Дээр дурдсан экскаваторууд нь шүүгдэгч Г.Ш-ын өмч биш Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “ББЭ Т” ХХК-ийн захирал Б, “Б Т” ХХК-ийн захирал Б нарын өмчлөлд байдаг нь мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдож уг техник хэрэгслүүдийг авч явсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж хуульчилсан. Тухайн эд зүйлс нь шүүгдэгчийнх биш тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалт буюу “...шүүгдэгч Г.Ш-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Doosan 480LCA” загварын экскаваторын үнэ 150,000,000 төгрөг, “Hyundai Robex2900LC-3” загварын тээврийн хэрэгслийн үнэ 18,000,000 төгрөг, нийт 168,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ш-аас гаргаж улсын орлогод оруулсугай” гэснийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх экскаваторуудын үнэ болох 168,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ш-аас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийн үнийг гаргуулахаар тогтоосон тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул магадлалын шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан заалтыг хүчингүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндагийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн Г.Ш-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Ш- нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулсан,

мөн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 25-ны өдөр хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд нийт 3,365,537 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Ш-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа, зөрчил тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хуульд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байгаагүй тул ашигласан техникийн үнэ болох 168,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ш-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан экскаваторуудын хууль ёсны өмчлөгч нар нь өөрийн техникийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглуулж байгааг мэдээгүй нь тогтоогдсон үндэслэлээр уг экскаваторуудыг хурааж улсын орлого болгоогүй нь үндэслэлтэй, харин уг техникийг ашиглан гэмт хэргээ үйлдсэн Г.Ш-аас экскаваторуудын үнийг албадан гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн агуулгад нийцжээ.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Ш-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох алтны үнийг түүнээс гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Иймд Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндагийн гаргасан “Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн эсэргүүцлийг хүлээн авч, энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтын “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Dooson 480LCA маркийн экскаваторын үнэ 150,000,000 төгрөг, Hyundei Robex 2900LC-3 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 18,000,000 төгрөг, нийт 168,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ш-аас гаргаж улсын орлогод оруулсугай” гэснийг хүчингүй болгож...” гэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                  ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН